Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2023/00139

 

С.М, С.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 133/ШШ2023/00032 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 215/МА2023/00012 дугаар магадлалтай,

С.М, С.Б нарын нэхэмжлэлтэй

Д.Г-т холбогдох

Хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Д.Г-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгч С.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. С.М, С.Б нар нь Д.Г холбогдуулан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч, нэхэмжлэгч нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 133/ШШ2023/00032 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.М, С.Б нарын хариуцагч Д.Г-т холбогдох “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, ... аймгийн ... сумын ... багийн ... дүгээр байрны ... тоот хаягт байршилтай, ... мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.Г-г “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, ... аймгийн ... сумын ... багийн ... дүгээр байрны ... тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.М, С.Б нарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Д.Г-н сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.М, С.Б нараас 232,950 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Г олгож, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 162,750 төгрөгийг нэхэмжлэгч С.М, С.Б нараас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 215/МА2023/00012 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 133/ШШ2023/00032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг нэхэмжлэгч С.М, С.Б нарын хариуцагч Д.Г-т холбогдох “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, ... аймгийн ... сумын ... багийн ... дүгээр байрны ...тоот хаягт байршилтай, ... мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, ... аймгийн ... сумын ... багийн ... дүгээр байрны ...тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийн өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.Г-н сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар С.М, С.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, Д.Гаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Д.Гаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М, С.Б нарт олгосугай гэж өөрчилж, Нэхэмжлэгч С.М, С.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Д.Г хяналтын гомдолдоо: ...Магадлалыг хянуулахаар гомдол гаргаж байна. 1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: Нэхэмжлэгч С.М С.Б нар нь 2011.01 дүгээр сард өөрийн өмчлөлийн гэх З6 м.кв талбай бүхий орон сууцыг миний эцэг Н.Д болон надад 15,000,000 төгрөгөөр худалдаж, мөнгийг бэлнээр авсан боловч “хуучин барилга учир үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй” байгаа гэх шалтгаанаар тухайн үед улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Миний эцэг Н.Д нь “хүүгээ гэрлэхэд орон байртай болгохоор” орон сууцыг худалдан авч байгаа гэрээний зүйл нь хариуцагч миний хуримын бэлтгэлд зориулагдсан болохыг хэлсэн байдаг. Гэвч үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан нэхэмжлэгч нар орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа 2011 оны 01 дүгээр сараас одоо хүртэл бодитоор эзэмшиж амьдарч байгаа байрыг чөлөөлүүлэхээр шаардаж шүүхэд хандсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг цаг хугацааны дарааллын дагуу, түүнд холбогдох нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн дүгнэж, зохигчдын нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулснаар эд хөрөнгийн өмчлөх эрхийн маргааныг шийдвэрлэхэд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Мөн анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 9.1 дэх хэсэгт заасан “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд мөн хуулийн 9.4.1 дэх хэсэгт заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг хангаж хуулийг зөв тайлбарлаж, үндэслэл бүхий шийдсэн. Тухайлбал: Миний эцэг Н.Д нь маргааны зүйл болж байгаа орон сууцыг худалдан авч, үнийг төлсөн нь хүү болох Д.Г надад ашигтай гэрээ буюу Иргэний хуулийн 203 дугаар зүйлд заасан гэрээ байна гэж тайлбарлан тухайн нэхэмжлэлийг гаргах эрхтэй этгээд байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн юм. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэсэн хуулийн заалтыг үндэслэлгүй гэж дүгнэхдээ нэхэмжлэгч С.М С.Б нар болон миний эцэг Н.Д нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлагын талаар тайлбарлан, Иргэний хуулийн 56.1.8-д заасан “хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн. Гэрээ байгуулан, орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авах үед худалдагч талд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг нотолсон гэрчилгээ байгаагүй учир Иргэний хуулийн 109.2, 110.1-д заасан хэлбэрийн шаардлага хангасан гэрээ байгуулах боломжгүй байсан. Анх ... м.кв талбайтай байсан барилгын өмчлөгчөөр бүртгүүлсэн бүртгэлээ нэхэмжлэгч нар 2020.04.17-ны өдөр ... м.кв, ... м.кв болгон тус тусад нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан үйл баримт хэргийн нотлох баримт, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар хангалттай нотлогдсон байхад 2011 оны 01 дүгээр сард гэрээ байгуулахдаа гэрээг бичгээр байгуулан, нотриатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй юм. Давж заалдах шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн дүгнэлтдээ хөтлөгдөн Иргэний хуулийн 56.5-д зааснаар гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаахаар магадлалд заасан нь нэхэмжлэгч, хариуцагч нар үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлээрээ шаардаагүй зүйлийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрсөн. Анхан шатны шүүх нь хариуцагч миний биеийг Иргэний хуулийн 203 дугаар зүйлд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх нь намайг “нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж дүгнэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхэд мэдүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг минь хязгаарласанд гомдолтой байна. Гэрээг байгуулах болсон шалтгаан нөхцөл, зорилго, худалдан авагчийн хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний зүйлийг бусдын эзэмшил ашиглалтад шилжүүлэх, өөрөө бодитойгоор эзэмшсэн хугацаа, үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотлох баримтыг үнэлж дүгнэн шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн нөр их хөдөлмөрийг давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгийн 28-д байгаа “хэт ерөнхий, жижүүрийн дүгнэлтээр үгүйсгэж байгаад харамсаж, гомдож байна. Зүй нь давж заалдах шатны шүүх нь маргааны зүйл, зохигчдын шүүхэд гаргасан нотлох баримт, талууд нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагын талаар нотлох баримтад тулгуурлан мэтгэлцсэнээр тогтоогдсон бодит нөхцөл байдал, түүнд анхан шатны шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлтүүдийн аль нь яагаад үндэслэлгүй болсон талаар нэг бүрчлэн тодорхой дүгнэж шийдвэр гаргах байсан гэж үзэж байна. 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар: Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ гэж магадлалд бичсэн боловч магадлалын агуулга, түүнийг илэрхийлсэн бичиглэл зэргээс үзэхэд хуулийн энэ заалтад нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлээгүй байна. Тухайлбал: Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээрээ нэхэмжлэгчээс хохирол гаргуулахыг шаардаагүй байхад” Д.Г нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор нэхэмжлэгч нарт хэдэн төгрөг шилжүүлсэн, уг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас түүнд ямар хэмжээний хохирол учирсныг нотлоогүй” гэж дүгнэлт хийжээ. Дээрх дүгнэлтээс нь үзвэл хэдийд хэн, хэний хооронд гэрээ байгуулагдсан, гэрээний зүйлийн үнийг хэн төлсөн, худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйгээ нотлоогүй, холбогдох гэрчилгээгүй орон сууцыг хариуцагчийн эцэг Н.Д-д худалдан 15,000,000 төгрөгийг бэлнээр авсан орон сууцыг 2011 оны 1 сараас хойш хариуцагч бодитойгоор эзэмшиж амьдарч байгаа, худ ургийн холбоогүй болсноосоо хойш тодорхой болзол тулган, түүнийг нь биелүүлбэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлнэ гэснээ нэхэмжлэгч өөрөө мэдүүлсэн, маргааныг эрүүгийн журмаар шалгах явцад нэхэмжлэгчийн гаргасан тайлбар мэдүүлэг...зэрэг энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, тогтоогдсон үйл баримтын талаар давж заалдах шатны шүүх огт судлаагүй, хэргийг бүхэлд нь хянан үзээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон магадлал гаргасан гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

5. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Г-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.06.07-ны өдрийн 001/ШХТ2023/00700 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

8. Нэхэмжлэгч С.М, С.Б нар нь хариуцагч Д.Г-н хууль бус эзэмшлээс ... аймгийн ... сумын ... багийн ... дүгээр байрны ... тоот, ... мкв талбайтай, орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг  гаргажээ. С.М, С.Б нар ... аймгийн ... сумын ... багийн ... коллежийн дотуур байрны чанх ард байршилтай, ... мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөр 2005.12.28-ны өдөр бүртгэгдсэн, 2020.04.21-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг ... мкв болон ... мкв болгон хувааж, тус бүрт нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан,  хариуцагч Д.Г-н эзэмшиж буй орон сууц нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, ... аймгийн ... сумын ... багийн ... дүгээр байрны ... тоот, талбай нь ... мкв талбайтай нэхэмжлэгч нарын өмчлөлд бүртгэгдсэн хөрөнгө болох нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогджээ. /3 хавтаст хэргийн 235 хуудас/

Хариуцагч Д.Г нь уг хөрөнгийг С.М-с худалдан авч, үнэ 15,000,000 төгрөгийг аав Н.Д нь өгснөөр 2011 оноос хойш орон сууцыг эзэмшиж байгаа гэх үндэслэлээр маргаж, улмаар маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нар хариуцагчаас орон сууцны мөнгө огт авч байгаагүй, харин 2011 онд 8 тонны даацтай ачааны Hyundai Truck маркийн автомашиныг хариуцагчийн аав Н.Д-д худалдаж, үнэ 10,000,000 төгрөгийг  авч байсан, үүнийг орон сууцны үнэ гэж худал тайлбар гаргаж байна, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан байна.

9. Анхан шатны шүүх гэрч Н.Д, Д.Ц, Д.Н нар нь хариуцагч Д.Г-н гэр бүлийн гишүүд, гэрч Н.Д-н охин Д.Н нь нэхэмжлэгч нарын хүү М.Т-н эхнэр байсан хамааралтай хэдий ч тэдгээрийн мэдүүлэг өгөхийг зөвшөөрснөөр, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хууль сануулсан тул мэдүүлгийг үнэлнэ гэж дүгнээд гэрч нарын дансны хуулга, зээлийн лавлагаа, нэхэмжлэгч болон хариуцагч нарын 2011.01.28-ны өдрийн дансны гүйлгээ, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2019.04.24-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай хяналтын прокурорын тогтоолд “Д.Г нь 2011.02 дугаар сарын .. аймгийн ... сумын ... багийн ... байрны ... тоот ... м.кв орон сууцны зориулалттай байрыг С.М-с 15,000,000 төгрөгөөр худалдан авсан боловч С.М нь байрны өмчлөх эрхийг шилжүүлээгүй нь ...нотлох баримтаар тогтоогдож байна...” гэж тусгагдсан байдал, уг тогтоолд С.М, С.Б нар гомдол гаргаагүй, уг баримтыг үгүйсгэх өөр баримт хэрэгт байхгүй, шүүхийн үзлэгээр зохигчийн маргаж буй эд хөрөнгө нь хариуцагч Д.Г-н эзэмшиж, ашиглаж байгаа 2 өрөөтэй, ... м.кв талбайтай орон сууц нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай бүртгэлтэй, одоогийн хаяг нь ... аймгийн ... сумын ... багийн ... дүгээр байрны ... тоот эд хөрөнгө мөн болох нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байдалд тулгуурлан гэрч Н.Д болон нэхэмжлэгч С.М, С.Б нар амаар худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч үнэ 15,000,000 төгрөгийг төлсөн хэдий ч Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Д.Г нь өөрт ашигтай худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой, гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбогдох баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх нь худалдагчийн үүрэг байдаг, үүргийн хэлцэл, өмчийн хэлцэл нь тусдаа бие даасан хэлцэл тул хариуцагч нь өмчлөх эрх шилжүүлэх үүргийг шаардах эрхтэй, харин нэхэмжлэгч нь өмчлөгч биш учраас үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэл хангагдахгүй...” гэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

10. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж үндсэн нэхэмжлэлийг хангаж, харин Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг баримтлан өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...гэрээний талууд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг харилцан шилжүүлэхдээ гэрээг хуульд тусгайлан зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх учиртай, талуудын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд талууд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, тиймээс нэхэмжлэгч С.М, С.Б нар нь хариуцагч Д.Г-н эзэмшил, ашиглалтаас өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй, хариуцагч уг газрыг эзэмшиж байгаа нь хууль бус болох нь тогтоогдсон, хариуцагч Д.Г нь уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор нэхэмжлэгч нарт хэдэн төгрөг шилжүүлсэн, уг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас түүнд ямар хэмжээний хохирол учирсныг нотлоогүй сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй...” гэж үзжээ.

11. Давж заалдах шатны шүүх үүргийн ба өмчийн хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлагыг ялгамжтай авч үзээгүйн зэрэгцээ агуулгын хувьд гэрээ байгуулагдсан хийгээд хэрэгжсэн эсэх, 2015 оноос хойш хариуцагч маргаж буй орон сууцыг бодитой эзэмшиж байгаа, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх өөр баримт байхгүй үйл баримтад дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

12. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцны эзэмших эрхийг олж авсан хариуцагч Д.Г-н эзэмшил хууль ёсных, улмаар өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх мөнгө шилжүүлсэн банкны баримтуудыг мэдүүлгийн эх сурвалж гэж үзсэн, гэрээний талуудыг Н.Д болон нэхэмжлэгч С.М, С.Б нар гэж, тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээг гуравдагч этгээдэд ашигтай гэрээ, хариуцагч Д.Г нь өөрт ашигтай худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой гэж тус тус дүгнэсэн нь буруу боловч энэ алдаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй, залруулах боломжтой байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.” гэж заасан. Н.Д нь хүү Д.Г-н өмнөөс орон сууцны мөнгийг өгсөн, гэрээний зүйлийг эзэмшиж үр шимийг хүртэж буй этгээд нь хариуцагч Д.Г, эцэг, хүү хоёр нь ашиг сонирхол нэг бүхий этгээдүүд байхаас гадна талууд гуравдагч этгээдэд ашигтай гэрээний нөхцөлийг тохирсон талаар тайлбар гаргаагүй юм. Иймд худалдах-худалдан авах гэрээний худалдан авагч талыг Д.Г гэж үзнэ. Маргаж буй орон сууцыг хариуцагч нь 2015 оноос хойш эзэмшиж байгаа үйл баримтыг хууль бус эсвэл гэрээгээр эзэмшүүлж байсан болохыг нэхэмжлэгч нар баримт гаргаж нотлоогүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ болон шинэ өмчлөгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 109 дүгээр зүйлийн 109.1., 110 дугаар зүйлийн 110.1.-д заасан журмын дагуу биелүүлээгүй явдал нь хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч Д.Г холбогдох орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх хариуцагч Д.Г нь орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэхийг даалгах шаардлага гаргаагүй гэж дүгнэхдээ өмчлөгчөөр тогтоосон бол бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үр дагавар үүсэхийг анхаараагүй нь буруу байх тул залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 215/МА2023/00012 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 133/ШШ2023/00032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...тогтоосугай...” гэснийг “тогтоож, өмчлөх эрхийг нь бүртгэхийг Говь-Алтай аймгийн Эрхийн бүртгэлийн хэлтэст даалгасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

                    ШҮҮГЧИД                                                                     Н.БАЯРМАА

                                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                                               Д.ЦОЛМОН