Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 133/ШШ2022/00274

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ::::::::::: оршин суух, РД:.............., С овогт С-ын М,

 

Нэхэмжлэгч: ................. оршин суух, РД:......., А овогт С-ын Б нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................ оршин суух, РД:Д........, И овогт Д-ийн Г-т холбогдох,

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ...........байрлах, 85 м.кв орон сууцны зориулалттай, Ү-............ улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хариуцагч Д.Г-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

 

Худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлийн дагуу шилжүүлсэн 15.000.000 төгрөг, хохиролд 24,394,378 төгрөг, нийт 39,394,378 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгч С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ГАА-н Есөнбулаг сумын 10 дугаар баг, Оргил Ган өргөө 21-р байр 7 тоот байрыг 2005 онд Тэгшбүрэнгээс худалдан авч засвар хийж амьдарч байгаад бэр Ныг Японоос бага хүүхдээ төрүүлэхээр ирэхэд нь оруулж байсан. 2015 онд Н гараад түүний ах Гынх орсон. Үүнээс хойш 2, 3 удаа байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч өдий хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа. Иймд С.М, С.Б бидний өмч болох ГАА-н Есөнбулаг сумын ............... хоёр өрөө орон сууцны зориулалттай байрыг Д.Г-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч нар 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрчлөн гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв ........ байрлалтай орон сууцны зориулалттай 85 м.кв хоёр өрөө байрыг 2005 онд Тэгшбүрэнгээс худалдаж авсан. Энэ байранд засвар хийгээд амьдарч байгаад бэр байсан Ныг Японоос бага хүүхдээ төрүүлэхээр ирэхэд нь оруулж байсан. 2015 онд Н гарч түүний ах Д.Г-ынх орсон. Үүнээс хойш 2-3 удаа байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч өдий хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа. Өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлд хажуу байрныхаа гэрчилгээг солиод өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж байна. Одоо уг байранд Д.Г-ынх амьдарч байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эхнэр С.Б бид хоёрын эзэмшилд байдаг. Есөнбулаг сумын  Оргил багийн  Ган-өргөө хороололын 21 дүгээр байрны орон сууцыг хариуцагч Д.Г-ын аавтай ярьж тохирсоны үндсэн дээр  Д.Г-ын 2011 онд гэрлүүлэхээр энэ байранд оруулъя гэж ярьсан юм. Д.Г-ын хурим хойшлогдоод  2015 онд хуримаа хийж гэрлэснээс хойш одоог хүртэл амьдарч байгаа юм. Өмнөх шүүх хурал дээр хүртэл хэлж байсан анхандаа хурим найраа хийчихээд дараа нь өөрийн орон байртай болохоороо энэ байрыг чөлөөлж өгөх юм байна гэсэн ойлголттой яваад 3-4 жил хүлээсэн. Сүүлдээ энэ байрыг чөлөөлж өгөхгүй нь тодорхой болоод энэ байрыг чөлөөлж өгөөч гэсэн хүсэлтээ шүүхэд гаргаснаас хойш энэ асуудал анхан шатны шүүх, давах шатны шүүх, Уулсын дээд шатын шүүхээр гурван удаа хэлэлцэгдээд дахиад анхан шатны шүүх дээр Д.Г-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг байр чөлөөлүүлөх гэсэн хүсэлтэй  хамт авч хэлэлцэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр буцаасан. Анхны гаргасан байр чөлөөлүүлэх асуудал одоо хүртэл өөрчлөгдөөгүй хэвээрээ  байгаа. Харин Д.Г-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ өмнөх шүүх хуралдаан дээр удаа тайлбарлаж байсан нь хавтаст хэргийн материалд авагдсан байгаа гэв.

 

Нэхэмжлэгч С.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Хэргийн материалаас харахад Ү-0518000432 дугаартай  үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нар С.Б, С.М нарын нэр дээр бүртгэлтэй талаарх баримтууд хавтас хэрэгт байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэл гаргаад Д.Г-ын хууль бус эзэмшлээс С.Б, С.М нарын өмчлөлийн орон сууцны өмчлөлийг  чөлөөлүүлэх талаар нэхэмжлэл гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна гэв.

 

3. Хариуцагч Д.Г 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар бидний өмч болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10-р баг Оргил гал өргөө 21-р байр 7 тоот 45 мкв 2 өрөө орон сууцыг миний хууль бус эзэмшилээс чөлөөлж өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.М нь 2011 онд маиайд тухайн байрыг зарах гэсэн юм танайх авах уу гэж 15000000 /арван таван сая / төгрөгөөр өгч авалцаж байсан. Тухайн үед С.М нь байрны гэрчилгээ гэж ер байхгүй дээр үеийн барилга учраас бичиг баримтгүй гэж хэлж манай гэр бүлийнхэн зээл авч тухайн байрыг худалдан авч байсан. Тухайн үед С.М, С.Б нартай худ ургийн холбоотой байсан учир тэр үед тэдний үгэнд итгэн худалдаж авсан. 2011 оноос хойш манайх тухайн байрыг бусдад түрээслэж байгаад 2015 оноос би хурим хийж гэр бүлтэй болон байрандаа амьдрах болсон. Нэхэмжлэлдээ байрыг надаас суллаж өгөхийг шаардсан гэж худал хэлж гүжирдэж байна. Эдгээр хүмүүстэй худ ургийн харилцаа тасарсанаас хойш тухайн байрыг бичиг баримтжуулж өг гэж шаардахад танай дүү Н хүүхдүүдээ авчирч уулзуулж бидний өгч буй тэтгэлэгийг авч байх юм бол бичиг баримтыг чинь шилжүүлж өгнө гэж дарамталсан. Одоо тухайн асуудал буюу намайг болон манай гэр бүлийнхнийг С.М, С.Б нар залилсан байх тул тухайн хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа болно. Өөрчилсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.М, С.Б нар маргааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, .............. байрлалтай орон сууцны зориулалттай байрыг 2012 онд бэлэн 15.000.000 төгрөгөөр худалдсан. Түүнээс хойш тус байрыг манайх засварлаж янзлан 1 өрөөг нэмж барих өргөтгөж уг байрандаа амьдарсаар өдийг хүрсэн. С.М нь надад гэрчилгээ байхгүй, гараагүй гэж зарсан, удахгүй гэрчилгээг гаргуулж өгнө гэж ярьдаг байсан. Гэтэл надад гэрчилгээг гаргаж өгөхгүй худал ярьж хууран мэхэлж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн болохыг 2019-03-04-нд шүүхэд С.М нэхэмжлэл гаргаснаар мэдсэн. 2012 оноос хойш манайхыг тус байранд амьдарч байхад С.М нь байрыг суллаж өг гэсэн шаардлага гаргаж, хөөж тууж байгаагүй. Иймд С.М нь намайг хууран мэхлэж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байх тул тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцэлд өгсөн 15.000.000 төгрөг, хүчин төгөлдөг бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох С.М, С.Б нараас хохиролд 15.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нар хариуцагчийн дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан тайлбартаа: Г бидний хооронд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, ................ тоот байрыг худалдах, худалдан авах талаар ямар нэгэн хэлцэл хэзээ ч хийгдэж байгаагүй учир түүнээс байрны үнэ гэж 15.000.000 төгрөг авч байгаагүй. Харин Г-ын ах Н нь надаас 8 тонны даацтай ачааны машин худалдан авсан. Тэр машины үнэ болох 10.000.000 төгрөгийг Г, Ннарын аав Д манай гэрт авчирж бэлнээр өгч байсан. Одоо Г нь Д гуайн авчирж өгсөн Н-ын худалдан авсан ачааны машины үнэ 10.000.000 төгрөгийг өөрийнхөө одоо амьдарч байгаа байрны үнэнд өгсөн хэмээн мэдүүлээд байна. Гын одоо амьдарч байгаа байрыг 2005 онд Т-ээс худалдан авснаас хойш өнөөг хүртэл С.Б бид хоёрын өмчлөлд байгаа бидний хууль ёсны өмч. Уг байрны талаар маргаан үүсэх болсон шалтгаан нь 2012 онд Гын аав Д гуай надад түүнийг гэрлүүлэх гэж байгаа, манайх саяхан Нямжавыг гэрлүүлсэн, эгч Цэвэлмаа, дүү Н нарыг бас гэрлүүллээ, ойрын 2-3 жилийн хугацаанд хүүхдүүд гэр бүл болоод Гт байр авч өгч чадахгүй байна. Тиймээс танай саарал байранд түүнийг гэрлүүлье гэдэг санал тавьсан. Би Доржсүрэн гуайтай худ ургийн холбоотой байсан, өмнө нь ч сайн таньдаг ойр дотно харьцаатай байсан, манай хүү Төгс-Итгэлт нь Доржсүрэнгийн хүргэн болсон зэрэг шалтгаануудыг бодолцоод Доржсүрэнг гуайн хүсэлтийг зөвшөөрч Гынх 21-р байрны 7 тоот байран хуримаа хийхийг зөвшөөрсөн. Би Гыг боломжтой болсон үедээ манай байрыг чөлөөлж өгөх байх гэж бодож байсан. Гэтэл надаас худалдан авсан мэтээр маргаж байна. Айлын хуучин байранд хуримаа хийж байгаа хэн ч уг байраа засаж өнгө будгийг нь шинэчлээд хурим найраа хийдэг. Г ч энэ ёсны дагуу манай байрыны дотор ханыг будаж бага зэрэг засварласан. Өргөтгөл хийсэн гэх нөгөө байрны ханийг босгохдоо уг байрны зүүн хана, гараашний урд хана хоёрыг холбож босгосон хоёр хана байгаа. Энэ өргөтгөлийг хийхэд Гаас хөрөнгө, мөнгө гараагүй, миний барилга барьж байсан материалын үлдэгдлүүд болон уурын зуухны үнсээр барьсан. Г энэ байранд амьдрахдаа надад ямар ч түрээс төлдөггүй байсан, бидний хооронд ямар ч хэлцэл хийгдээгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүйд тооцож хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч С.М, С.Б нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, ................. байрлалтай орон сууцны зориулалттай байрыг 2011 онд бэлэн 15,000,000 төгрөгөөр надад худалдсан. Түүнээс хойш манайх тус байрыг завсарлаж, янзлан 1 өрөөг нэмж барин өргөтгөж, уг байрандаа амьдарсаар өдийг хүрсэн. С.М, С.Б нар тухайн үед надад байраа зарахдаа үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, одоогоор энэ байранд гэрчилгээ байхгүй, өөрөө гэрчилгээгээ гаргуулаад авна биз гэж тухайн үед худалдсан. С.М, С.Б нар нь байрыг суллаж өг гэсн шаардлага гаргаж байгаагүй. С.М нь намайг хууран мэхэлж, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байх тул, тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцэлд өгсөн 15,000,000 төгрөг, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох С.М, С.Б нараас хохиролд 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ашид билгүүн” ХХК-р 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ҮХХ-822-3370 дугаартай, хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ............... байршилтай, үл хөдлөх хөрөнгийг ҮОЦС-ын дагуу зах зээлийн хандлага хэрэглэн үнэлж, зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 04 дүгээр сарын байдлаар 39,394,378 төгрөгөөр тодорхойлсон байдаг. Миний хувьд анх маргаан бүхий байрыг 1 өрөө байхад нь 15,000,000 төгрөгөөр авч байсан бөгөөд дахин 1 өрөө нэмж барьж өргөтгөсөн ба өнөөгийн зах зээлийн ханшаар тухайн байраа үнэлж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн хохирол болох 15,000,000 төгрөг гэснийг 9,394,378 төгрөгөөр нэмэгдүүлж, хүчин төгөлдөр бус хэлцэлд өгсөн 15,000,000 төгрөг, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох С.М, С.Б нараас үр дагавар, хохиролд 24,394,378 төгрөг, нийт 39,394,378 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Миний бие ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хэрвээ байрнаасаа гарвал очих газар байхгүй, энэ мөнгөө гаргуулж авч байж орон гэр авах хүсэлтэй тул хуулийн дагуу гаргуулж өгнө үү. Энэ байрыг 15,000,000 төгрөгөөр худалдаж авснаасаа хойш өргөтгөл засвар хийж 15,000,000 төгрөг нэмэгдэж нийт 30,000,000 төгрөгийг энэ хүнээр гаргуулж аваад байрыг нь суллаж өгье гэсэн хүсэлтэй байна. Би хохирлоо барагдуулж байж энэ байрыг суллаж өгөх үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн үед энэ хүн зах зээлийн үнэлгээ нь 15,000,000 төгрөг гэж надад зарсан. Тэр үед энэ хүн надад зарахдаа өргөтгөх боломжтой гээд өдөр болгон эхнэртэйгээ ирж гуйж гувшиж байж надад зарсан. Ийм үндэслэлээр би сөрөг нэхэмжлэлээ гаргасан. Гэрчилгээний хувьд 85 метр квадрат  гэж эзэмшигчээр  байгаа. Миний амьдарч байгаа байр 48 метр квадрат  байр, ямар үндэслэлээр энэ гэрчилгээг барьж надаас байр чөлөөлүүлж авах гээд байгааг би ойлгохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлээ шүүхэд бүрдүүлж гаргасан.  Нотлох баримтаа ч хангалттай өгсөн гэв.

 

7. Нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар:

-000553366 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Монгол Улсын иргэн С овогт С.М /РД:......../, А овогт С.Б /РД:......./ хоёр хүний өмч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Харзат баг, ............... байршилтай орон сууцны зориулалттай /85 м2 2 өрөө, 1 давхар барилгын баруун хэсэгт/ үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-...........дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 70 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол,

-7463 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2009 оны 07 сарын 06-аас 2013.02.26-ны хооронд “Эч Эм БиТи” ХХК нэр дээр бүртгэлтэй байгаад 2013.02.26-ны өдөр Ч овогтой Т нэр дээр шилжсэн байна гэх авто тээврийн лавлагаа, маргаан бүхий байрны гэрэл зураг,

-Монголын татварын албаны 2012 онд автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар төлсөн талаар тайлан,

-Эс Эм Би Ти ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 2001 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 692 дугаартай мэдүүлгийн Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн товчоонд 2001.02.07, ...Залуу техникчдийн станц /хуучин нэрээр/-ын 2 өрөө байр нь аймгийн ЗДТГ-ын 1991 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 120 тоот тогтоолоор Б овогтой Т-д хувьчлагдсан үнэн болно гэх тодорхойлолтын Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Говь-Алтай аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 120 дугаартай тогтоолын Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Говь-Алтай аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн 40 жилийн ойд “Илч гэрлийн бурхад” Алтай хот 2006 он гэх ном зэргийг ирүүлжээ. 

 

8. Хариуцагч талаас шүүхийн журмаар нотлох баримтаар 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухайн мөрдөгчийн тогтоолын Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдлийн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

- Говь-Алтай аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 70 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолын Говь-Алтай аймгийн Прокурорын газрын тэмдэг хуулбар,

-И овогт Д-ийн Г-аас 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын тэмдэг хуулбар,

-И овогт Н-ын Д-гээс 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын тэмдэг хуулбар,

- И овогт Д-ийн Ц-аас 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын тэмдэг хуулбар,

-Д-ийн Г-ын 2010.01.01-2019.03.12-ны өдрийг хүртэлх хугацааны АУЭХС ТӨХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангийн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын тэмдэг хуулбар,

И овогт Д-ийн Н-аас 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын тэмдэг хуулбар  зэргийг,

Нотлох баримтаар: Д-ийн Г-ын 2011.01.28-2019.08.14-ний өдрийг хүртэлх хугацааны Хаан банкны ............ дугаартай зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 482 дугаартай ...Д-ийн Г ам бүл дөрвүүлээ, эхнэр, хүүхдүүдийн хамт тус багийн ............. оршин сууж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,

-Хаан банкны Говь-Алтай салбарын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 113 дугаартай ...До-ийн Ц/ нь Хаан банкны Говь-Алтай салбараас 2011 оны 01-р сарын 26-ны өдөр авсан 7,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 2011 оны 05-р сарын 11-ний өдөр хааж дууссан нь үнэн болно гэх тодорхойлолт,

-Хаан банкны Говь-Алтай салбарын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 112 дугаартай ...Н овогтой Д нь Хаан банкны Говь-Алтай салбарын Есөнбулаг тооцооны төвөөс 2011 оны 01-р сарын 26-ны өдөр авсан 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 2011 оны 07-р сарын 29-ний өдөр хааж дууссан нь үнэн болно гэх тодорхойлолт,

-Хаан банкны Говь-Алтай салбарын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 111 дугаартай ...Д-ийн Г  нь Хаан банкны Говь-Алтай салбарын Есөнбулаг тооцооны төвөөс 2011 оны 01-р сарын 28-ны өдөр авсан 4,500,000 төгрөгийн, 2018 оны 08-р сарын 19-ний өдөр нэмэлтээр авсан 1,187,000 төгрөгийн цалингийн зээлүүдийг 2012 оны 08-р сарын 19-ний өдөр хааж дууссан нь үнэн болно гэх тодорхойлолт,

-Мандал голомт ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 134 дугаартай ...Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Оргил баг Анагаахын чиглэлд байрладаг иргэн Н.Д-гийн 34.5 м2 байр нь 2011 оны 09 дүгээр сараас 2014 оны 05 дугаар сарын дуустал хугацаанд халаалтын төлбөр тооцоог хийж байсан. 2015 оноос Д.Г-ын нэр дээр шилжиж халаалтын төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь тогтмол хийж байгаа нь үнэн болно гэх тодорхойлолт,

2015.08.13-ны өдөр гэх огноотой Аз ивээх ХХК гэссэн тамга дарагдсан зарлагын баримт, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэх огноотой худалдан авагчийн нэр Д.Г гэж бичигдсэн Босоо Шарга ХХК гэсэн тамга дарагдсан зарлагын баримт, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгууллагын нэр Галбадрах, худалдан авагчийн нэр Г гэж бичигдсэн Галбадрах гэсэн тэмдэг дарсан зарлагын баримт,

-Хаан банкны 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой зээлдэгч Б.П, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Нямжав гэх барьцаат зээлийн гэрээ, Хаан банкны цалингийн зээлийн өргөдлийн маягт, 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, хүсэлт гаргагч Б-ын П гэж бичигдсэн, Хаан банкны Говь-Алтай салбарын Есөнбулаг тооцооны төвийн удирдлагын тодорхойлолт, Б-ын П-ын .......... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

Бя-ын Э-ийн 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2011 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Б-ын П-ын 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

9. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад, үйл баримтад дүн шинжилгээ хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

10. Нэхэмжлэгч С.М, С.Б нар анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөр байрны гэрчилгээг сольж өгсөн байна гээд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, .............. байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв талбай бүхий 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсэгт байрлах улсын бүртгэлийн Ү-............ дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Г-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж маргаан бүхий орон сууцны хаяг байршил, хамаарах хэсгийг тодруулан өөрчилж нэхэмжилжээ.

 

11. Хариуцагч нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, ............ байрлалтай, орон сууцыг 2012 онд бэлэн 15.000.000 төгрөгөөр худалдаж авсан, тухайн үед хуучны байр учраас гэрчилгээ гаргаагүй гэж итгүүлсэн, гэрчилгээг гаргаж өгөхгүй худал ярьж хууран мэхэлсэн байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулан, хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 15.000.000 төгрөг, хохиролд 24,394,378 төгрөг, нийт 39,394,378 төгрөгийг С.М, С.Б нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

12. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, .............. байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв талбай бүхий 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсэгт байрлах улсын бүртгэлийн Ү-.............. дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Г-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нар болон хариуцагч нарын нэхэмжлэлд дурдагдсан маргаан бүхий орон сууцны хэсгийг хэлэлцүүлгийн явцад тодруулахад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .............. байршилтай, 45 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-........ дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх С-ын М, С-ийн Б нарын нэр дээр 2018 оны 03 дугаар сарын 26-нд бүртгэгдэн ............ дугаартай гэрчилгээ олгосон,

 

Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, ....... байршилтай орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсэг, улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх С.М, С.Б нарын нэр дээр 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдэн ....... дугаартай гэрчилгээ тус тус олгосон байна.

 

Нэхэмжлэгч уг орон сууц болон хэрэгт авагдсан дээрх хоёр гэрчилгээний талаар ...Д.Г-ын эзэмшиж байгаа 85 м.кв гэдэг нь дотроо хоёр хэсэгтэй гэрчилгээ нь өнөөдрийг хүртэл Хаан банкны барьцаанд байгаа учраас хаягаа солиулж чадахгүй явж байна. 85 м.кв-ын хойд хэсэг нь гуанзны үйл ажиллагаа явуулж байгаад зогссон. 36 м.кв нь Д.Г амьдарч байгаа нь юм. Сүүлд өргөтгөл хийж 45 м.кв гэж явж байгаа. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ......... байршилтай, 45 м.кв талбай бүхий орон сууц бол тусдаа би Ганбат гэдэг хүнээс худалдаж авч байсан гэж тайлбарлаж байна.

 Нэхэмжлэлийн зүйл нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, ........ байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв /бодит хэмжээ 45 м.кв гэх/, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлийн Ү-.......... дугаарт 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдэж, өмчлөгчөөр нь нэхэмжлэгч С.М, С.Б нар бүртгэгдсэн байгаа орон сууц болох нь хэрэгт авагдсан ............. дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар болон зохигчдын маргаангүй тайлбараар тогтоогдож байна.

 

13. Үйл баримтын хувьд нэхэмжлэгч С.М, С.Б нар өөрсдийн өмчлөлийн орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгөд бэр байсан Ныг Японоос бага хүүхдээ төрүүлэхээр ирэхэд нь оруулж, Н уг байрнаас гарсны дараа хожим С.М, Н.Д, Д.Г нар нь хэлэлцэн тохиролцсоноор хариуцагч Д.Г 2015 оноос хойш эзэмшиж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд үүнийг талууд үгүйсгээгүй байна.

 

Харин тухайн харилцааг нэхэмжлэгч тайлбарлахдаа ...худалдах, худалдан авах талаар ямар нэгэн хэлцэл хэзээ ч хийгдэж байгаагүй. Тийм учраас бид Д.Г-аас байрны мөнгө гэж 15,000,000 төгрөг аваагүй. ...Н.Д гуай танай саарал байранд Д.Г-ыг гэрлүүлье гэдэг санал тавьсан. Би Д-тэй худ ургийн холбоотой, урьд нь ч сайн таньдаг ойр дотно харилцаатай байсан зэрэг шалтгаануудыг бодолцоод Д гуайн хүсэлтийг зөвшөөрч Г-ыг 27-р байрны 7 тоотод хуримаа хийхийг зөвшөөрсөн. Би Г-ыг гэрлэчихээд боломжтой болсон хойноо өөр байр худалдан авч манай байрыг чөлөөлж өгнө гэж бодож байсан, одоо чөлөөлж өгөхгүй байгаа... гэж тайлбарлаж,  хариуцагч тайлбарлахдаа ...15,000,000 төгрөгөөр худалдаж авч, өргөтгөл нэмж барьсан гэж тайлбарлан маргажээ.

 

Дээрх тайлбаруудаас үзэхэд уг орон сууцыг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн эсэх нь маргааны зүйл болж байна.

 

Шүүх талуудын хооронд үүссэн харилцаанд хууль зүйн дүгнэлтийг үйл баримт, тэдгээрийн нотлох баримтад үндэслэн хийнэ.

 

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл, нотолгоог авч үзэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд болон зохигчдын тайлбарт уг орон сууцны өмчлөгчөөр С.М, С.Б нар бүртгэгдсэн байгаа нь нотлогдож байна.

 

Хариуцагчийн татгалзлын үндэслэл, нотолгоог авч үзвэл худалдах, худалдан авах гэрээг амаар хийж, 15,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлан өмнөх шүүх хуралдаанд гэрч оролцуулсан, эрүүгийн хэрэгт гэрч асуусан тэмдэглэл, мөн цалингийн авсан талаарх банкны тодорхойлолт зэргийг гаргаж маргажээ.

 

14. Нөгөө талаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж,

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ” гэж, хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж,

 

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ” гэж, хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Хуулийн энэ шаардлагын дагуу авч үзвэл хууль зүйн хувьд тухайн орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хууль нь хоёр үе шат, чиглэлтэй ба иргэд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо Иргэний хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх, нөгөө талаар хуульчийн түвшинд хэрэглэгдэх юм.

 

Хэдийгээр хууль зүйн хувьд гэрээ байгуулсан гэж үзэхээргүй байгаа боловч орон сууц худалдах худалдан авах талаар хэлцэл хийгдсэн эсэхийг авч үзэхэд хариуцагч тал банкнаас зээл авч орон сууцны үнэд М-д өгсөн гэж, нэхэмжлэгч тал уг мөнгийг Д.Г-ын ах Д.Н-д зарсан машины үнэд авсан гэж зөрүүтэй тайлбарлажээ.

 

Энэ хэсгийн нотолгооны хувьд нэхэмжлэгч өмнөх шүүх хуралдаанд гэрчээр машин худалдаж авсан гэх Н-ыг оролцуулсан, хариуцагч талаас өмнөх шүүх хуралдаанд гэрчүүд оролцуулсан болон орон сууцны үнэд өгөхөөр 2011 оны 1 сарын 26-ны өдөр Д-ийн Ц Хаан банкнаас 7000.000 төгрөгийн, мөн өдөр Н-ын Д 5000.000 төгрөгийн зээл авсан, Д-ийн Г 2011 оны 1 сарын 28-ны өдөр зээл авсан талаарх тодорхойлолтуудыг ирүүлжээ.

 

Нотолгооны хуваарийн дагуу нэхэмжлэгч шаардлага, үндэслэлээ тэргүүн ээлжинд нотлох боловч энэ нь хариуцагч татгалзлаа нотлох үүрэг хүлээхгүй гэсэн ойлголт биш юм.

 

Уг нотлох баримтуудаас үзэхэд Н нь М-аас автомашин худалдан авсан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд харин банкнаас зээлсэн дээрх мөнгийг орон сууцны үнэд өгсөн гэх үйл баримт нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзлээ. Энэ талаарх гэрчүүд нь хариуцагчтай төрөл садангийн холбоотой буюу субектив сонирхолтой гэрчүүд гэж үзэхээр байх ба өөр бусад нотолгооны хэрэгслээр давхар дэмжигдэн нотлогдохгүй байна.

 

15. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан CD бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-д заасан хуульд заасан арга хэрэгслээр олж авсан байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа боловч өмнөх шүүх хуралдаанд уг бичлэгийг агуулгыг сонссон байдлыг судлаад энэхүү бичлэг нь хэдэн онд хийгдсэн талаар талуудаас тодруулахад 2018 оны 4 дүгээр сард хийгдсэн байна. Энэ цаг хугацаанд орон сууцыг шилжүүлэн өгөх талаар яригдсан байх ба 2011 онд зээл авч төлбөрийг төлсөн гэх байдалтай нийцэхгүй байна. Энэ хугацаанд гэрчилгээ буюу өмчлөлийг яагаад шилжүүлж аваагүй вэ гэхэд гэрчилгээ байхгүй байна гэх зэргээр яваад байсан гэж тайлбарладаг боловч энэ талаар холбогдох байгууллагаас тодруулж өөрт нь болон шүүхэд нэхэмжлэх бүрэн боломжтой байсан байгаа байдал нь тайлбарыг үгүйсгэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх юм.

 

Энэ нөхцөл байдлаас үзэхэд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үйл баримт нь эргэлзээгүй нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэрхэн тодорхойлох нь тухайн зохигчийн асуудал боловч хүсэл зориг нь тухайн байрыг эзэмшилдээ авах зорилготой байна.

 

16. Иргэний хуулийн 89.1 дүгээр зүйлд хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, 90.1 дүгээр зүйлд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус заажээ. Гын хувьд өмчлөгтэй байгуулсан хэлцлийн үндсэн дээр уг орон сууцыг эзэмшиж байжээ гэж үзэх үндэслэлтэй буюу хууль бус эзэмшил гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тухайн харилцааг шүүх хууль зүйн хувьд тодорхойлоход нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө буюу орон сууцыг үнэ төлбөргүй /талууд төлбөрийн нөхцөл дурдаагүй, энэ талаар маргаагүй/ ашиглуулахаар шилжүүлжээ гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэхүү байдал нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний шинжийг агуулж байна.

 

Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.1-д эд хөрөнгийг тодорхой зорилгоор тодорхой бус хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон бол тухайн зорилгоор ашиглахад зайлшгүй шаардагдах хугацаа өнгөрсний дараа, хэрэв зорилгыг нь тодорхойлоогүй бол хэдийд ч эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээд гэрээг цуцлах эрхтэй гэж заажээ.

 

Энэ төрлийн гэрээ нь хугацаатай гэрээ бөгөөд Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно гэж заасан. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Г-ыг уг орон сууцанд хуримаа хийх гэрээний зорилго, хугацааны нөхцлийг тодорхойлсон байна гэж үзэхээр байна.

 

Тиймээс маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нар хариуцагч Д.Г болон Н.Д нарт худалдсан хэлцэл хийгдсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь С.М, С.Б нарын өмчлөлд бүртгэлтэй болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.1-д зааснаар ...эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээг цуцлах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нар хариуцагч Д.Г-аас маргааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, ............... байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрхтэй байна.

 

17. Хариуцагч Д.Г нь аав Д, эгч Ц бид нар банкнаас цалингийн зээл авч бэлэн 15.000.000 төгрөгөөр худалдан авсан, үнийг бүрэн төлсөн боловч гэрчилгээг гаргаж өгөөгүй, өгнө гэж хууран мэхэлж явсаар өдийг хүрсэн гэж тайлбарласан боловч Д.Г-ын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, эхлэх огноо нь 2011-01-28-ны огноотой, Доржсүрэнгийн Ц-гийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2011-01-27-ны эхлэх огноотой, Н-ын Д-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2011-01-26-ны эхлэх огноотой баримтуудыг гаргасан боловч эдгээр баримтаар дээрх хүмүүс цалингийн зээл авсан болох нь нотлогдож байх боловч Д.Г-т олгосон зээл 4.500.000 төгрөгийг, Д.Ц-д олгосон зээл 7.000.000 төгрөгийг, Н.Д-д олгосон зээл 5.000.000 төгрөгийг тухайн зээлдэгч нар дээрх зээлийн данснаасаа зарлагдаж орон сууцны төлбөрт шилжүүлсэн эсхүл бэлнээр авч өгсөн эсэх нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч С.М нь өөрийн эрхлэн үйл ажиллагаа явуулдаг Эс Эм Би Ти ХХК-ний өмчлөлийн 74-63 ГАА улсын дугаартай автомашиныг хариуцагчийн ах Нямжавт 10,000,000 төгрөгөөр худалдсан болохыг үгүйсгээгүй бөгөөд

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

18. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, .......... байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн үл хөдлөх эд хөрөнгө буюу хавтаст хэргийн 175, 176 дугаар хуудсанд фото зургаар авагдсан өргөтгөл бүхий орон сууцыг хариуцагчийн аав Н.Д 2011 оноос бусдад түрээслүүлэн ашиглаж, түүний хүү Д.Г 2015 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа нь гэрчүүд болон талуудын тайлбараар тогтоогдсон хэдий ч эдгээр нөхцөл нь маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар С.М, С.Б, Д.Г нар хэлэлцэн тохиролцсныг нотлохгүй бөгөөд хариуцагч маргааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, .......... байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 15.000.000 төгрөгөөр 2011 онд эсхүл 2012 онд худалдан авсан гэж маргаж байгаа боловч энэ үл хөдлөх эд хөрөнгийн талаар, гэрчилгээг шилжүүлэх болон шинээр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулахаар хүсэлт, шаардлага гаргасан гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагчийн 15.000.000 төгрөгөөр 2011 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, .............. байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, худалдан авахаар нэхэмжлэгч нартай тохиролцсон болох нь нотлогдон тогтоогдохгүй, харин дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч С.М, С.Б нар болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, ................ байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн, улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч И овогт Д-ийн Г-аас гаргуулан нэхэмжлэгч С овогт С-ийн Мөнхжаргал, А овогт С-ийн Б нарт олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

19. Нэхэмжлэгч С.М, С.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, ..............байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв талбай бүхий 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсэгт байрлах улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Г-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заажээ. Хууль бус эзэмшил гэдэг нь хэн нэгэн этгээдийн өмч хөрөнгөнд хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр эзэмшиж ашиглахыг хэлэх ба хэргийн үйл баримтаас үзэхэд С.М нь анх Д.Г-ыг тухай орон сууцанд орохыг үнэ төлбөргүй ашиглахыг зөвшөөрсөн байна. Тухайн үнэ төлбөргүй ашиглахыг зөвшөөрсөн хэлцлийн нөхцлийг хуримаа хийж Д.Г-ыг хуримаа хийхөөр байр худалдан авах хүртэл буюу үйл явдлаар тодорхойлогдохтодорхойгүй хугацаагаар хэлцэл хийсэн гэж үзэж шийдвэрлэсэн болно.

 

20. Худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлийн дагуу шилжүүлсэн 15.000.000 төгрөг, хохиролд 24,394,378 төгрөг, нийт 39,394,378 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч С.М, С.Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлийн дагуу шилжүүлсэн 15.000.000 төгрөг, хохиролд 24,394,378 төгрөг, нийт 39,394,378 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох хамаарал бүхий бүхий шинжтэй байх тул шүүх хэлэлцлээ.

 

   Нэхэмжлэгч  С.М нь  ...хариуцагч Д.Г болон бидний хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10-р баг, Оргил Ган Өргөө 21-р байрны 7 тоот байрыг худалдах, худалдан авах талаар ямар нэгэн хэлцэл хэзээ ч хийгдэж байгаагүй. Тийм учраас бид Д.Г-аас байрны мөнгө гэж 15,000,000 төгрөг аваагүй. ...Н.Д гуай танай саарал байранд Д.Г-ыг гэрлүүлье гэдэг санал тавьсан. Би Д-тэй худ ургийн холбоотой, урьд нь ч сайн таньдагч ойр дотно харилцаатай байсан зэрэг шалтгаануудыг бодолцоод Д гуайн хүсэлтийг зөвшөөрч Г-ыг 27-р байрны 7 тоотод хуримаа хийхийг зөвшөөрсөн. Би Г-ыг гэрлэчихээд боломжтой болсон хойноо өөр байр худалдан авч манай байрыг чөлөөлж өгнө гэж бодож байсан... гэж тайлбарлаж маргажээ.

 

Хариуцагчийн 15.000.000 төгрөгөөр 2011 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, ............. байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв-ийн 45 м.кв хэсгийн, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, худалдан авахаар нэхэмжлэгч нартай тохиролцсон болох нь нотлогдон тогтоогдохгүй, харин дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч С.М, С.Б нар болох нь нотлогдон тогтоогдож байх уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нар нь хариуцагч Д.Г-т худалдсан гэх байдал баримтаар болох хэргийн нөхцөл байдал, үйл баримтаар худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэх байдал тогтоогдоогүй бөгөөд хэлцлийн дагуу үнэ төлбөргүй ашиглуулсан болох нь нэхэмжлэлийг хэлэлцэх явцад тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иймд Худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлийн дагуу шилжүүлсэн 15.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч Д.Г нь 1 өрөө нэмж барьж өргөтгөсөн болох үйл баримт зохигчдын тайлбар болон Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 133/ШЗ2022/00916 дугаартай захирамжийн дагуу үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

21. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бБусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч С.М, С.Б нараас 1 өрөө нэмж барьж өргөтгөсөн зардлыг шаардах эрхтэй байна.

 

Ашид билгүүн ХХК-ийн ҮХХ-822/3370 дугаартай үнэлгээний тайлангаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ............. байршилтай үл хөдлөх хөрөнгийг ҮОУС-ын дагуу зах зээлийн хандлагыг хэрэглэн үнэлж зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 04 дүгээр сарын байдлаар 39,394,378 төгрөгөөр тодорхойлсон байна.

 

Шүүх Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн болно.

 

Учир нь дүгнэлтэд дурдагдсан шинж чанар байдал нь орон сууцанд шүүхээс үзлэг хийхэд илэрсэн хийцлэл, ашигласан материалын шинж, чанар байдалтай нийцэхгүй зөрүүтэй бичигдэн үнэлэгдсэн байна. Мөн уг орон сууцны өргөтгөл хэсэгт үзлэг хийхэд тухайн барилгын болон хажуугийн барилын Г хэлбэрийн ханыг ашиглан нэмж Г хэлбэрийн хоёр ханыг ашиглаж барьсан буюу хагаслаж барьсан байдал тогтоогдсон болно.

 

Гэхдээ зохигчдын барьсан гэж тайлбарлаж байгаа хугацаа болох 2011, 20121 оноос хойш үнийн өсөлт бий болсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тухайн үеийн зах зээлийн ханш тодорхойлогдож гараагүй тул шүүх хувь тэнцүүлж үнэлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон 39,394,378 төгрөг,  хариуцагчийн тухайн үед барихад гарсан зардал гэж үнэлэн хэлцэл хийж тохирсон гэж тайлбарлаж байгаа 15,000,000 төгрөгийн дунджаар үнийг тогтооход байрны үнэлгээний дундаж 27,197,189 төгрөг байна.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 133/ШЗ2022/00916 дугаартай захирамжийн дагуу хийсэн үзлэгээр тухайн 1 өрөө нэмж барьсан өргөтгөлийн хэмжээ нь 11.7 м2  буюу үзлэгээр тогтоосон тухайн байрны нийт хэмжээ болох 46.47 м2 талбайн 25 хувийг эзэлж байна.  Уг байрны дундаж үнээр  тогтоосон болох 27,197,189 төгрөгийн 25 хувь буюу өргөтгөлийн үнэлгээ 6,799,297 төгрөг байна.

 

Харин уг шаардлагаас үлдэх хэсэг болох 17,595,081 төгрөг гаргуулах тухай шаардлага нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

22. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С овогт С-ийн М, А овогт С-ийн Б нараас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс өргөтгөл барихад зарцуулсан хөрөнгө буюу 6,799,297 төгрөгийг гаргуулж хариуцагч И овогт Д-ийн Г-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 32,595,081 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2015.08.13-ны өдөр гэх огноотой Аз ивээх ХХК гэссэн тамга дарагдсан зарлагын баримт, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэх огноотой худалдан авагчийн нэр Д.Г гэж бичигдсэн Босоо Шарга ХХК гэсэн тамга дарагдсан зарлагын баримт, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгууллагын нэр Г, худалдан авагчийн нэр Г гэж бичигдсэн Г гэсэн тэмдэг дарсан зарлагын баримтууд хэрэгт авагдсан боловч тухайн шүүх тухайн нотлох баримыг эргэлзээгүй талаас нь үнэлэхэд эргэлзээ бий болж байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

23. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” тул хариуцагч тал маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т заасны дагуу ...шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүрэгтэй болно.

 

24. Хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид сөрөг нэхэмжлэлээ нэмэгдүүлж тухай бүрд уг нэмэгдүүлсэн дүнгээс тооцон тэмдэгтийн хураамж төлсөн байх бөгөөд уг дүн нь 699,850  төгрөг төлөгджээ. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэг нэхэмжлэлийн зүйл дээр үнийн дүн өөрчлөгдсөн байдалтай байх тул шүүх ихэсгэсэн дүн тус бүрээр бус нийт дүнгээс тэмдэгтийн хураамжийг тооцох нь зүйтэй юм. Ингэж тооцоход 39,394,378 төгрөгт 354,922 төгрөгийн хураамж төлөхөөр байх тул  699,850 төгрөгөөс 354,922 төгрөгийг улсын орлогод үлдээж, 344,928 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгох нь үндэслэлтэй юм.

 

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг,, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 699,850 төгрөгөөс 354,922 төгрөгийгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч Д.Г-аас гаргуулан нэхэмжлэгч С.М, С.Б нарт олгож, нэхэмжлэгч С.М, С.Б нараас сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 6,799,297 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 123,739 төгрөгийг, улсын орлогоос 344,928 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Г-т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1-д заасныг үндэслэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, ......... байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв гэж бүртгэгдсэн, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн 46.47 м.кв орон сууцны, улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч И овогт Д-ийн Г-аас буцаан гаргуулан нэхэмжлэгч С-ийн С овогт С-ийн М, А овогт С-ийн Б нарт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С-ийн С овогт С-ийн М, А овогт С-ийн Б нараас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс өргөтгөл барихад зарцуулсан хөрөнгө буюу 6,799,297 төгрөгийг гаргуулж хариуцагч И овогт Д-ийн Г -т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 32,595,081 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг,, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 699,850 төгрөгөөс 354,922 төгрөгийгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч Д.Г-аас гаргуулан нэхэмжлэгч С.М, С.Б нарт олгож, нэхэмжлэгч С.М, С.Б нараас сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 6,799,297 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 123,739 төгрөгийг, улсын орлогоос 344,928 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Г-т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Ц.ҮЙТҮМЭН