Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 83

 

Г.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00419/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 807 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.М-д холбогдох

          “Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Б.М-ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Нэхэмжлэгч Г.У-ас:

Би 2012 онд хариуцагч Б.М-тай танилцаж хамтран амьдарч эхэлсэн. 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бидний дундаас хүү төрсөн. Тухайн үед бид оюутан байсан болохоор би сургуулиасаа чөлөө авч Дархан хотод аав ээжийндээ байсан. Б.М-аас тусдаа байсан учир бид гэрлэлтээ батлуулаагүй. Хүүгээ төрөөд 7 сар болоход бид хоёрыг эргэж ирэх нь багассан. Би өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Иймд Б.М-ыг хүүхдийн эцэг мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М-аас:

Би Г.У-тай 2010 онд танилцаж хамт амьдарсан. 2015 оноос хойш үзэл бодол, зөрчилдсөний улмаас салж тусдаа амьдарч байна. Би хүүдээ тэтгэмж тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 807 дугаар шийдвэрээр:

            Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар нэхэмжлэгч Г.У-ын гаргасан эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү М.Т-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр, төрсөн эцэг Б.М-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.У-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.У-д, нэг жилд төлөгдөх тэтгэлгийн үнийн дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамж 24.294 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.  

Хариуцагч Б.М- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй эргэлзээтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд эцэг тогтоолгох шинжилгээг Улаанбаатар хотын Шүүхийн шинжилгээний албаар тогтоолгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Г.У- хариуцагч Б.М-д холбогдуулан түүнийг хүү Т-ий төрсөн эцэг болохыг нь тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Анхан шатны шүүх хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу тогтоож шийдвэрлэсэн байна.

            Шүүхийн энэхүү шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрөхдөө хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлттэй байгаа талаар дурджээ.

            Хэрэгт авагдсан баримтуудыг судалбал нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүү Т-ий 4501000172 бүртгэлийн дугаартай 2014 оны 02 дугаар  сарын 24-ны өдөр олгосон гэрчилгээг нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн байх бөгөөд уг гэрчилгээнд хүүгийн эцгийг Х- овгийн Б-ын М- гэж  бүртгэсэн байна.

            Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон бөгөөд захиргааны энэ ажиллагаа, шийдвэрийн талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй захиргааны шийдвэр хүчин төгөлдөр байх тул шүүхийн журмаар эцэг тогтоолгох талаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуульд нийцэж байна.

            Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 807 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.М-ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ОЮУНЦЭЦЭГ

                                                         ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА

                                                                                                           О.НАРАНГЭРЭЛ