Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 811

 

                                                                                   

Б.Оад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Даваадорж,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/398 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Оын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1909033920251 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/,  

Ардын армийн Улиастай дахь гарнизоны тусгай шүүхийн 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200-ын “а”, 199-ийн “а”-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1981 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 389 дугаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 7 cap 16 хоногийн ялыг өршөөсөн,

Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 280 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 65 дугаар зүйлийн Б, 64 дүгээр зүйлийн Б, 88 дугаар зүйлийн Б, 109 дүгээр зүйлийн Б, 168 дугаар зүйлийн В, 1741 дүгээр зүйлд зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 593 дугаар тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн 65 дугаар зүйлийн А, 168 дугаар зүйлийн Б, 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 11 жилийн хорих ял болгон өөрчилсөн,

Барилгын цэргийн тусгай шүүхийн 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 177 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн Б, 109 дүгээр зүйлийн В-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 280 дугаар магадлалаар оногдуулсан хорих ялын заримыг буюу 8 жилийн хорих ялыг нэмж нийт 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн,

Улаанбаатар хотын Сүхбаатарын районы Ардын шүүхийн 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 189 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3, 123 дугаар  зүйлийн 2-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Барилгын цэргийн тусгай шүүхийн 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 177 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хорих ялд багтааж шийдвэрлэсэн,

Төв аймгийн хэсгийн Ардын 3 дугаар шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211-1-р зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 7 жил 2 cap 7 хоногийн ялын зарим болох 7 жилийг нэмж, нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн шүүхийн 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 189 дугаар захирамжаар хорих ялыг хугацааны өмнө тэнсэж сулласан,

Нийслэлийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 14/а дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоос эдлээгүй үлдсэн зарим ялыг нэмж 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 76 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх ялын эдлээгүй үлдсэн 2 жил 23 хоногийг нэмж, бүгд 4 жил 23 хоногийн хорих ялаар шийтгэх, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахв хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт xэрэгтнээр тооцож, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ялыг биечлэн эдэлж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 213 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 8 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

 

Б.О нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дүүргийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн коридорт цэнэглэж байсан О.Амаржаргалын эзэмшлийн “айфоне 6 эс” маркийн гар утсыг нууцаар хууль бусаар авч 328.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас нийт 228.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Амаржаргалд олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдолдоо: “...Хохирогч О.Амаржаргал нь хуучирч муудсан гар утсыг хүнээс утсаар сольж аваад өөрөө 3, 4 сар барьсан утсыг хохирогчийн хэлсэн үнээр “Дамно” хөрөнгийн үнэлгээний компани 328,000 төгрөгөөр үнэлсэн нь буруу болсон тул дахин үнэлгээ хийлгэж өгнө үү. Хохирогч О.Амаржаргалд 100,000 төгрөг төлж барагдуулсан. Намайг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, 228,000 төгрөгийн хохирол гаргуулж, 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хүнд байна. Иймд хэргийг дахин шалгаж, үнэлгээг үнэн зөв, шударгаар тогтоож өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүгдэгч Д.Оюунбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Оад холбогдох эрүүгийн 1909033920251 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүүргийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн коридорт цэнэглэж байсан О.Амаржаргалын эзэмшлийн “айфоне 6 эс” маркийн гар утсыг нууцаар хууль бусаар авч 328,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч О.Амаржаргалын мэдүүлэг /хх 22-23/, О.Амаржаргал, Г.Өлзийжаргал нарын итгэмжлэл /хх 20/, хохирогч Г.Өлзийжаргалын мэдүүлэг /хх 26-28/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 39-40/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 17-18/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн анхан шатны шүүх “...шүүгдэгч Б.Оын эмнэлгийн коридорт цэнэглэж байсан О.Амаржаргалын 328,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн шийдвэрлэж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэх ялуудаас хорих ялыг сонгон авч, шүүгдэгч Б.Оад 7 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь түүний удаа дараа ял шийтгүүлсэн атлаа засарч хүмүүжээгүй гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.  

 

Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор ...шинжилгээ хийлгэнэ.” гэж зааснаар шинжилгээ хийлгэхээр хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий шинжээчийг томилсон /хх41/ байна. Томилогдсон шинжээч нь “...ижил төрлийн хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дундаж мэдээлэл, 2006 оны хөрөнгийн үнэлгээний мэдээллийн санд үндэслэн зах зээлийн жиших хандлагын шууд харьцуулалтын аргаар ...” хохирол болох Iphone 6-S загварын гар утасны үнэлгээг 328,000 төгрөг гэж тогтоосон болох нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 39-40/ -аар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Оын “...хохирлын үнэлгээг буруу тогтоосон...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/398 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ