Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 85

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00661/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 730 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М А Т” ХХК-д холбогдох

          “1.028.550 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

           Нэхэмжлэгч Д.Б-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б-, хариуцагчийн төлөөлөгч Э.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б-гөөс:

Би “М А Т” ХХК-д 2011 оноос 2015 он хүртэл цахилгааны инженерээр ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа буюу 2012 оны 11 дүгээр сард тухайн моторыг ерөнхий инженерээс зөвшөөрөл авч харуулд бүртгүүлж ажил дээр тавьсан. Хөдөлгүүр овор хэмжээтэй тул би тухайн үед авч яваагүй. Намайг ажлаас халагдсаны дараа 2016 оны 10 дугаар сард уг хөдөлгүүрийг өөрсдөө суурилуулаад “М А Т” ХХК ашиглаж байсан. Шалтгааныг асуухад одоо ашиглаж байгаа учир 1.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Түүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй тул эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрлийн гэрээ байгуулаагүй. Иймд “М А Т” ХХК-аас хөдөлгүүрийн мөнгө 1.000.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлахад хандахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөг нийт 1.028.550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-оос:

Нэхэмжлэгч Д.Б- 2012 онд харуулын бүртгэлд бүртгүүлж байгууллагад оруулж ирсэн гэж байгаа боловч 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэлд моторыг авчирсан. Дараа дахин мотор авчирсан боловч ямар мотор гэдэг нь тодорхойгүй байсан. Моторыг 1.000.000 төгрөгөөр тохирсон гэж байна. Гэтэл манай байгууллага хүлээж авсан орлогын баримт байхгүй байна. Нэхэмжлэгч Д.Б- ногоон өнгийн мотор оруулж ирсэн байдаг, одоо манайд байгаа нь цэнхэр өнгийн мотор байна. Тэр мотор нь одоо байгууллагын хашаанд байгаа. Санхүүгийн бичиг баримтаа бүрдүүлж байж нярав хүлээж авч захиалгын хуудсаар гардаг. Нэхэмжлэгч Д.Б- 2015 онд ажлаас гарахдаа ямар ч тооцоогүй гэж гарын үсгээ зураад ажлаа хүлээлгэж өгөөд гарсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 730 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Д.Б-гийн нэхэмжлэлтэй “М А Т” ХХК-д холбогдох 1.028.550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.235 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б- давж заалдсан гомдолдоо:

            Би “М А Т” ХХК-д 2011 оноос 2015 оны хооронд ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа өөрийн өмчлөлийн 11 к.вт-ийн  моторыг будаж янзлахын тулд ерөнхий инженерийн зөвшөөрөлтэйгөөр ажилд оруулж тавьсан. 2015 онд ажлаас халагдахдаа овор хэмжээ ихтэй тул дараа ирж авна гэж хэлээд авалгүй явсан. Гэтэл дараа нь мотороо авах гээд очиход миний өмчлөлийн моторыг тус байгууллага өөрийн хэрэгцээнд ашигласан байсан. Би моторын мөнгө нэхэмжлэхэд 1.000.000 өгнө гэж хэлсэн боловч мөнгөө одоог хүртэл өгөөгүй байна. Уг моторыг өөрийн өмчлөлийнх мөн гэдгээ нотолж баримтыг хэргийн материалд хавсаргаж өгсөн ба тус компанид 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн буцаан гаргуулахыг хүссэн хүсэлт болон ерөнхий инженерийн цохолт зэргээр тогтоогдож байна. Гэтэл шүүхээс худалдах худалдан авах гэрээ хийсэн нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Би тус компанитай худалдах худалдан авах гэрээ хийгээгүй бөгөөд миний өмчлөлийн эд зүйлийг компани дур мэдэн авч хэрэглэсэн нь бусдын эд хөрөнгийг шамшигдуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Д.Б- “М А Т” ХХК-д холбогдуулж, цахилгаан хөдөлгүүрийн мөнгө 1.000.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд хандсан 28.550 төгрөг нийт 1.028.550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч “М А Т” ХХК манай байгууллагад байгаа тус цахилгаан хөдөлгүүрийг өөрийнх гэдгээ нотолсны дараа авах боломжтой, 1.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл хийсэн нь баримтаар нотлогдоогүй нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, болсон үйл баримтыг үнэлээд дараах дүгнэлтийг хийлээ.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд тус цахилгаан хөдөлгүүрийг худалдаж, худалдан авсан тухай ямар нэгэн бичгийн баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч өөрөө энэ талаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

            Хариуцагч "М А Т” ХХК нэхэмжлэгч Д.Б-г тус компанид цахилгаанчнаар ажиллаж байхдаа тус цахилгаан хөдөлгүүрийг нэвтрүүлж оруулсныг үгүйсгээгүй, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Д.Б-гийн гаргаж байсан хүсэлт, буцаан гаргахыг зөвшөөрсөн цохолт, тухайн өдрийн харуулын бүртгэлийн тэмдэглэлээр тэрхүү цахилгаан хөдөлгүүр хариуцагчийн эзэмшилд байгаа нь нотлогдож байгаа боловч нэхэмжлэгч тухайн хөдөлгүүр 1.000.000 төгрөгийн үнэтэй болон худалдсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

           Хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үнэ 1.000.000 төгрөг нэхэмжилсэн үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн нь нотлогдоогүй тул шүүхээс нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байна.

           Иймд нэхэмжлэгч Д.Б-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.235 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                             

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                        Л.АМАРСАНАА