Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 730

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 11-р баг, 6-р хороолол, 11—р байрны 1-15 тоотод оршин суух, Зэлмэ овогт Дондовын Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах Монгол Алтан тос ХХК-д холбогдох, 

 

1 028 550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “Алтан тос” ХХК-д 2011 оноос 2015 он хүртэл цахилгааны инженерээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд буюу 2012 оны 11 сард тухайн моторыг ерөнхий инженерээс зөвшөөрөл аваад харуулд бүртгүүлээд ажилд дээрээ тавьсан. Би тэр хөдөлгүүрийг хувиараа ажил хийж ажлын хөлсөндөө авсан. Би 2015 онд ажлаас халагдсан. Тухайн хөдөлгүүр овор хэмжээтэй тул би тухайн үед авч яваагүй. Тэгээд намайг ажлаас гарсны дараа 2016 оны 10 сард миний хөдөлгүүрийг өөрсдөө суурилуулаад Монгол алтан тос ХХК нь ашиглаж байсан. Би учир байдлыг асуутал одоо ашиглаж байгаа учир 1 сая төгрөгөөр худалдаж авъя гэж тохиролцсон. Тэрнээс хойш уулзаж болон утсаар ярьдаг байсан боловч хүлээж бай болно бүтнэ гэдэг байсан. Тэгээд өгөхгүй болохоор нягтлан бодогч Сарантуяатай утсаар ярьтал юу ч мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд  эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч эвлэрээгүй. Тэгээд шүүхэд хандсан. Иймд “ Монгол алтан тос” ХХК-иас хөдөлгүүрийн мөнгө 1 000 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлахад хандахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөг нийт 1 028 550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Монгол –Алтан тос ХХК-ны гүйцэтгэх захирал Ц.Сарантуяа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Очир нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Бат-Өлзий 2012 онд харуулын бүртгэлд бүртгүүлж байгууллагад оруулж ирсэн гэж байгаа боловч 2013.01.09-ний өдөр бүртгэлд моторыг авчирсан байсан. Дараа нь дахин мотор авчирсан боловч ямар мотор гэдэг нь тодорхойгүй моторыг оруулж ирсэн байсан. Яах гэж байгууллагаруу оруулж ирсэн бэ гэхээр хуучин байсан учир засаж сайжруулах гээд оруулж ирсэн гэсэн. Моторыг 1 сая төгрөгөөр тохирсон гэж байна. Гэтэл манай байгуулага материалыг хүлээж авахдаа заавал орлогын баримтаар хүлээж авдаг. Үнэхээр тэгж тохирсон бол санхүүтэй уулзах ёстой. Надтай Хонгор суманд таараад энэ талаар хэлэхээр нь  таных мөн юм бол баримтаа авчирч өг нярав хүлээж аваад санхүүд бүртгэгдээд танд мөнгө гарна гэж хэлсэн. Тэгсэн би тэр авгайтай уулзахгүй би шүүхэд хандана гэж хэлсэн. Д.Бат-Өлзий ногоон өнгийг мотор оруулж ирсэн гэдэг гэтэл одоо манайд байгаа мотор нь цэнхэр өнгийн мотор байгаа. Тэр мотор манай байгууллагын хашаанд хэнийх нь мэдэгдэхгүй яваад байсан. Одоо тэр мотор нь манай байгууллагад байгаа. Санхүүгийн бичиг баримтаа бүрдүүлж байж нярав хүлээж аваад захиалгын хуудсаар гардаг. Д.Бат-Өлзий нь 2015 ажлаас гарахдаа ямар ч тооцоогүй гээд гарын үсгээ зураад ажлаа хүлээлгэж өгөөд гарсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий нь Монгол-Алтан тос ХХК-д холбогдуулан хөдөлгүүрийн мөнгө 1 000 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлахад хандахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөг нийт 1 028 550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь манай байгууллагад мотор нь байгаа өөрийнх гэдгээ нотлоод авах боломжтой, 1 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий нь Монгол –Алтан тос ХХК-д ерөнхий цахилгаанчнаар ажиллаж байгаад 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Монгол –Алтан тос ХХК –ны захирлын тушаал, тойрох хуудас, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий нь Монгол –Алтан тос ХХК-д ажиллаж байх хугацаандаа 2012 онд 11 квт болон, 1,4 квт-ын 2 ширхэг цахилгаан хөдөлгүүрийг тус компанид нэвтрүүлж оруулсан болох нь Д.Бат-Өлзийгийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргаж байсан хүсэлт, буцаан гаргахыг зөвшөөрсөн цохолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 сард ерөнхий инженер Гомботой 1 сая төгрөгөөр тохирч худалдахаар тохирсон, 1 сая төгрөгийн санхүүгийн баримт бүрдүүл гэсэн тул 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн санхүүгийн баримтыг бүрдүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч Монгол-Алтан тос ХХК-тай худалдахаар 1 сая төгрөгөөр тохирсон нотлогдохгүй, маргааны зүйл болох нь хөдөлгүүр нь 1 сая төгрөгийн үнэтэй эсэх талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, эвлэрүүлэн зуучлалын зардал 28 550 төгрөг нэхэмжилсэн боловч эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан талаар болон төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй байна.

           

Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Монгол-Алтан тос ХХК-д 11 квт-ын хөдөлгүүрийг  1 сая төгрөгөөр худалдсан эсэх талаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Д.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй Монгол –Алтан тос ХХК-д холбогдох 1 028 550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29235 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн                119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА