Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00155

 

          “Д” ХК-ийн нэхэмжлэлтэй

          иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2023/00159 дүгээр шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 201/МА2023/00018 дугаар магадлалтай,

“Д” ХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Гт холбогдох

Дутагдуулсан 74 тооны үхрийн үнэд 81,566,662 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Д” ХК нь Д.Гт холбогдуулан дутагдуулсан 74 тооны үхрийн үнэд 81,566,662 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2023/00159 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Гаас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 74 тооны үхрийн үнэд нийт 81 566 662 /наян нэгэн сая таван зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран хоёр төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616 450 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 565 783 /таван зуун жаран таван мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХК-д олгохоор шийдвэрлэжээ. 

3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 201/МА2023/00018 дугаар магадлалаар хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2023/00159 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565 783 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э хяналтын гомдолдоо: Шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процесс ажиллагааны хэд хэдэн ноцтой алдаа гаргасан нь тухайн шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангаж чадаагүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Тодруулбал, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан малын зах зээлийн үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 138/ШЗ2022/02354 дүгээр шүүгчийн захирамжаар “В” ХХК-ийг шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар тус байгууллагаас 2022.11.29-ний өдөр Р22-353 дугаартай дүгнэлтийг гаргаж шүүхэд хүргүүлсэн ба тухайн шинжээчийн дүгнэлттэй хариуцагч болон түүний өмгөөлөгч би огт танилцаагүй, надад танилцуулаагүй нь агуулгаараа өмгөөлөгч надад хэргийн материалтай танилцаагүйтэй нэгэн адил юм. Мөн шүүхээс хэргийн оролцогч бус этгээд рүү шинжээчийн дүгнэлтийг танилцуулахаар илгээсэн талаар тэмдэглэл үйлдсэн нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа бөгөөд хариуцагч болон өмгөөлөгчид шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан мэйл хаяг ашигладаггүй болно. Түүнчлэн дээрх шинжээчийн дүгнэлт гарсан эсэх талаар хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарт огт мэдэгдэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, тухайн сэргээсэн шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхийг эдлүүлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “...Шүүхийн өмнө эрх тэгш байх...” гэх зарчимтай огт нийцэхгүй болно. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023.02.06-ны өдөр товлон зарлахдаа мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журамд нийцсэн байдлаар явуулаагүй. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлон зарлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76, 77 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу хэргийн оролцогч болох хариуцагч Д.Г болон өмгөөлөгч Ц.Э надад мэдэгдээгүй. 2023 оны 02 дугаар сарын 05,06-ны өдрүүдэд надтай огт холбогдоогүй бөгөөд шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хэргийн оролцогч нарт хуульд заасан арга хэрэгслээр мэдэгдэх үүрэг нь гагцхүү шүүхийн үндсэн үүрэг бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэлгүй, худал тэмдэглэл үйлдэж хариуцагч болон өмгөөлөгч миний эрхийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хариуцагч болон түүний өмгөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсэн мэтээр тайлбарлаж бичсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй мэтээр тайлбарласанд гомдолтой байна. Учир нь дээр дурдсан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд шүүхээс уул эрхээ эдлэх нөхцөл бололцоогоор хангаж өгөх үүрэгтэй. Гэтэл уг хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагч болон түүний өмгөөлөгчийн эрхийг эдлүүлэлгүй хясан боогдуулж, удаа дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан учраас хариуцагч болон өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргах, мэтгэлцэх боломж огт олдоогүй болох нь хэрэгт цугларсан баримтаас тодорхой харагдаж байна. Иймд хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн дээрх хууль бус үйлдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.07.04-ний өдрийн 001/ШХТ2023/00825 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

1. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

2. Нэхэмжлэгч “Д” ХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хариуцагч Д.Гт холбогдуулан дутагдуулсан 74 тооны /үнээ 38, хязаалан эр үхэр 11, эр шүдлэн 8, эм шүдлэн 5, эм бяруу 12/ үхрийн үнэ 91,700,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн үнэлгээг үндэслэн 10,133,338 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, 81,566,662 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ тодорхойлжээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлд “...манай компанид малчнаар ажиллаж байсан хариуцагч Д.Г нь нийт 170 толгой малыг компанид хүлээлгэж өгч, 74 тооны үхэр дутагдуулсан. Д.Г нь дутаасан 74 тооны малаа малаар болон мөнгөөр 2 жилийн хугацаанд төлнө гэж баримт үйлдсэн...” гэсэн үйл баримтыг заажээ.

Хариуцагч Д.Г нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан байна. (хх 18 тал)

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.Гаас 81,566,662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХК-д олгож шийдвэрлэхдээ “...талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, хариуцагч нь маллаж буй малыг дутагдал гаргахгүй байх үүргээ зөрчиж, 74 тооны мал дутагдуулсан нь мал тооллогын баримт, өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн бичгийн баримтаар тогтоогдсон, “Д” ХК нь 2022.04.01-ний өдөр хариуцагчаас малаа хүлээж авсан байгаа нь гэрээнээс татгалзах саналаа мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээний нөгөө талдаа мэдэгдэж, гэрээнээс татгалзсан гэж үзнэ..., хуулийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, хариуцагч нь татгалзлаа нотлоогүй ...,” гэж дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээсэн байна.

4. Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцээд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэхийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх дараах баримтыг бичгийн нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрийн үндэслэл болгожээ.

5.1. Нэхэмжлэгч “Д” ХК нь 2010 оноос хариуцагч Д.Гтай гэрээ байгуулан, түүнийг компанийн малчнаар сарын 600,000 төгрөгийн цалинтай авч ажиллуулж эхэлсэн байх ба түүнтэй байгуулсан гэрээгээ жил бүр дүгнэж, мөн жил бүр гэрээгээ шинэчлэн байгуулж байсан баримт хэрэгт авагдсан байна.

5.2. Нэхэмжлэгч “Д” ХК болон хариуцагч Д.Г нарын хооронд 2010 оноос 2020 оны хооронд маллуулж буй үхэр малтай холбоотой ямар нэгэн зөрчил, маргаан гараагүй байх ба талууд 2021.03.22-ны өдөр өмнөх оны гэрээг дүгнэж, “Малчинтай байгуулах гэрээ”-г 1 жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулсан байна. Тус гэрээг байгуулах үед 265 тооны үхэр, уналганы 4 тооны морь, нийт 269 тооны мал байсан. (хх 5-7 тал)

2021.11.12-ны өдөр “Д” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ш хариуцагч Д.Гынд очиж үхрээ тоолсон байх ба ийнхүү тоолоход бух 2 байхаас бэлэн тоологдсон 2, үнээ 87 байхаас бэлэн тоологдсон 79, дутсан 8, эр үхэр 4 байхаас бэлэн тоологдсон 4, шүдлэн эр үхэр 32 байхаас бэлэн тоологдсон 20, дутсан 12, шүдлэн эм үхэр 26 байхаас дутсан 26, эр бяруу 28 байхаас бэлэн тоологдсон 18, дутсан 10, эм бяруу 26 байхаас бэлэн тоологдсон 16, дутсан 10, тугал эр, эм нийт 60 байхаас бэлэн тоологдсон 59, дутсан 1 /эм тугал/, нийт 265 үхэр байхаас бэлэн тоологдсон нь 198, дутагдуулсан нь 67 үхэр байсан талаар “Мал тооллогын акт” үйлджээ. (хх 7 тал)

2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч “Д” ХК-ийн нягтлан бодогч И.Б, малын даамал Б.Х нар хариуцагч Д.Гынд очиж түүний хариуцан маллаж буй мал /2021 онд байсан малыг 2022 он гарсан учраас бүх үхрийг нас ахисан байдлаар тооцсон/-ыг дахин тоолоход бух 2 байхаас бэлэн тоологдсон 2, үнээ 113 байхаас зарлага 2 /үхсэн/, бэлэн тоологдсон 73, дутсан 38, эр үхэр 4 байхаас бэлэн тоологдсон 4, хязаалан эр үхэр 32 байхаас зарлага 20 /бойлсон/, дутсан 12, шүдлэн эр үхэр 28 байхаас зарлага 1 /идшинд/, бэлэн тоологдсон 17, дутсан 10, шүдлэн эм үхэр 26 байхаас бэлэн тоологдсон 16, дутсан 10, эр бяруу 30 байхаас зарлага 2 /үхсэн/, бэлэн тоологдсон 26, дутсан 2, эм бяруу 30 байхаас бэлэн тоологдсон 16, дутсан 14, уналганы морь 4 байхаас бэлэн тоологдсон 4 тус тус байж, нийт 25 тооны үхрийн зарлага гарч, бэлэн тоологдсон нь 159, дутагдуулсан нь 86 тооны үхэр байсан талаар бүртгэл тооцоог бичгээр гаргаж, уг бүртгэл тооцоонд малчин Д.Г, нягтлан бодогч И.Б, малын даамал Б.Х нар гарын үсгээ зурж, санхүүгийн тамга тэмдэг дарагджээ. (хх 60 тал)

5.3. Нэхэмжлэгч “Д” ХК нь хариуцагч Д.Гыг хариуцан маллаж буй үхрээс удаа дараа дутагдал гаргасан байдлыг нь үндэслэж, гэрээг цуцалж, 2022.04.01-ний өдөр бух 2, үнээ 73, эр үхэр 4, хязаалан эр үхэр 1, шүдлэн эр үхэр 20, шүдлэн эм үхэр 20, эр бяруу 28, эм бяруу 18, уналганы морь 4, нийт 170 тооны малыг хүлээн авсан актад талууд гарын үсгээ зурсан (хх 8, 10 тал), хариуцагч Д.Г нь “...2022.04.02-ны өдөр хариуцан маллаж байсан үхрээс үнээ 38, хязаалан үхэр 11, шүдлэн 8 эр, э/ш 5, бяруу 12 дутсан, нийт 74, эдгээр дутсан малаа малаар болон мөнгөөр нь 2 жилийн хугацаанд төлөх болно...” гэж баримт бичиж өгчээ. (хх 9 тал)

Зохигч нь гэрээг цуцалсанд маргаагүй, харин дутагдуулсан малын үнийг төлөх эсэх тухайд маргасан байна.

6. Шийдвэрийн үндэслэл болж буй “Д” ХК болон Д.Г нарын байгуулсан 2021.03.22-ны өдрийн гэрээ нь хэлэлцэн тохиролцсон ажил буюу мал маллах, ажиллуулагч нь тохирсон хөлс төлөх талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн, хэлцлийн гол нөхцөл /компани болон малчны эрх, үүрэг, хариуцлага, ажлын хөлс, малын тооцоо /-ийн талаар хоёр шатны шүүх анхаарч,  гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын байгуулсан гэрээний 1.4-т “Малчныг гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар хяналт тавих, ...маллагааны зөрчил, дутагдал гаргахгүй байхыг шаардах, хэрэв зөрчил гаргавал, зөрчлөөс үүдэн гарсан хохирлыг нэхэмжлэх” гэж, 3.8-д “Компанийн малыг дутагдуулбал малаар нь өгөх буюу тухайн үеийн зах зээлийн үнээр төлж байгууллагыг хохиролгүй болгоно” гэж талуудын эрх үүргийг тус тус тусгажээ.

Хариуцагч Д.Г нь малын дутагдал гаргахгүй байх гэрээний үүргээ биелүүлээгүй, 74 тооны мал дутаасан гэх үйл баримтыг няцааж, баримтаар нотлоогүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд шийдвэр гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар талууд шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа нотлоогүй байна.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” зохицуулалтад нийцжээ.

7. Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлийг заасан байна.

Талууд шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан /хх-16/, шинжээчийн үнэлгээ гарсан талаар хариуцагч, түүний өмгөөлөгчид 2022.02.02-ны өдөр утсаар мэдэгдсэн /хх-56-57/, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /хх-56-59/ баримтууд хэрэгт авагдсан, давж заалдах шатны шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийжээ. Шүүх нэхэмжлэлийг 2022.05.27-ны өдөр хүлээн авч, 2022.06.10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан, хэргийг 2023.02.06-ны өдөр шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2023/00159 дүгээр шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 201/МА2023/00018 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 565,783 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                          ШҮҮГЧ                                                                 Н.БАЯРМАА

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Д.ЦОЛМОН