Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01169

 

 

 

 

 

 

2021оны 05 сарын 12 өдөр

          Дугаар 102/ШШ2021/01169

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж,тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг Ч М /РД: /

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо тоотод оршин суух Бэрсүүд овогт Г А / РД: /

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 10 дугаар хороо тоотод оршин суух П Н /РД: ПВ87020908/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Б  д  И  т  х  А  а

 

Ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Ч.М, Г.А, П.Н

      нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М

                              хариуцагчийн төлөөлөгч С.У , А.У,    

                                                                       Г.Н

      нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А миний бие Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 18 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай буюу А, В, дүүргийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулж байсан болно. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан а а шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хууль бус шалгалт зохион байгуулж шалгалтад унасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүнг хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд миний ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.М миний бие Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 15 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч байсан болно. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан А  а  шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн юм. Тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудан хууль бус шалгалтыг зохион байгуулсан ба шалгалтад унасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүнг хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр ажлаас халсан. Иймд миний ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Н миний бие Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 дугаар хороо, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч байсан болно. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан  Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн юм. Тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэтхэн дуудан хууль бус шалгалт зохион байгуулж, тухайн шалгалтад унасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд миний ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга н.Даваажаргал нь хууль бусаар шалгалт зохион байгуулсан гэдгийг юугаар тайлбарлаж байна вэ гэхээр ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг шинэчилсэн дүрэмд зааснаар мэргэжил, ур чадварын шалгалт авах, комисс байгуулах талаар эрх олгоогүй байдаг. Мөн Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор тогтоосон тусгайлсан чиг үүрэг бүхий комисс байгуулах эрх олгогдоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт заасан буюу мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй эсэхийг тогтоох шалгалтыг зохион байгуулах эрхтэй гэж үзвэл хорооны иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичиг нь иргэний танхимыг зохион байгуулах талаар ажлын байрны тодорхойлолт дээр ажлын байранд тавигдах шаардлагыг тодорхойлж өгсөн байна. Үүнд нь мэргэжлээрээ ажиллах, хүнд санаагаа ойлгуулах, санаачилгатай байх, иргэдэд зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх болон илтгэл тавих чадвартай байх, бусдын эрх ашгийг хувийн эрхийг хангаж дэмждэг байх, багаар ажиллаж иргэдээ сонсох зөвлөгөө өгөх чадвартай байх, харьцааны өндөр соёлтой байх гэх шаардлагууд байгаа юм. Гэтэл шалгалтын материал хавтаст хэрэгт авагдсан байгаагаас харахад төрийн жинхэнэ албан хаагч нараас авдаг эрх зүйн шалгалтын хэмжээнэд шалгалтыг зохион байгуулаад, энэ үнэлгээгээр мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байна гэж дүгнэж байгаа нь буруу юм. Ингэж дүгнэхдээ үнэлгээний баг байгуулсан байдаг. Хурлын ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/15 тоот тушаал нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “...төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлах, ажлын гүйцэтгэл үр дүнг мэргэжлийн түвшинд үнэлэх журмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулна” гэсэн тогтоолыг үндэслэсэн. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 216 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлах, ажлын гүйцэтгэлийн үр дүнг мэргэжлийн түвшинд үнэлэх журмыг батлах тухай” тогтоол гарсантай холбогдуулан “38 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн байгаа юм. Гэтэл үнэлгээний баг байгуулахдаа 2019 оны 38 дугаар Засгийн газрын журмыг баримтлаад үйл ажиллагаа явуулсан. Үүнийгээ засаагүй буюу нэг ёсондоо хүчингүй болсон эрх зүйн актыг үндэслэн, тухайн байгууллагын ажилчдын ажил үүргийн ур чадварыг дүгнэсэн нь хууль бус юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д ажлаас чөлөөлөх талаар зааж өгсөн байгаа. Гэтэл хариуцагч тал нь нэхэмжлэгч нарт ямар нэгэн байдлаар ажлаас чөлөөлөх талаараа мэдэгдэх хуудас өгөлгүйгээр халсан. Сонсгох ажиллагаа явуулсан гэж байгаа хэдий ч энэ нь “...шалгалтынхаа дүнг хүлээн зөвшөөрч байгаа эсэх тайлбараа бичиж өг...” гэсэн байдаг. Нэхэмжлэгч нарын хэн нь ч гарын үсэг зураагүй байхад хууль зөрчиж ажлаас халсан байна. Хөдөлмөрийн харилцаанд орж байгаа төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тус, тусын хуулиудаар зохицуулж явдаг. Гэтэл Баянгол дүүргийн ** даргын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны А138 дугаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай захирамж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 3.5-д зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчийг хурлын дарга нь захирамжаараа томилж, чөлөөлнө гэсэн эрх хэмжээ заагаад өгсөн байтал хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөд ажилтныг ажлаас томилох, чөлөөлөх эрхийг ажлын албаны даргад олгосон байгаа нь хууль зөрчсөн байна. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг ажил олгогч буюу хэлтсийн дарга, бусад эрх бүхий албан хаагчид үнэлнэ. Тухайн хүнийг бодит байдал дээр яг яаж үнэлсэн талаар мэдэхгүй, ойлгомжгүй байгаа. Гэтэл энэ хүмүүс нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан гэдэг нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын урамшуулал олгож байсан захирамжууд байгаа юм. Эндээс харахад тухайн алба хаагчид нь А, В үнэлгээтэй ажлаа сайн гүйцэтгэж байсан гэдэг нь харагдаж байна. Гэтэл 2020 оны 11 дүгээр сард ажлаа авсан албан тушаалтнууд нь хэдхэн хоногийн дараа өөрсдөө шалгалт зохион байгуулаад, өмнө ажиллаж байсан хүмүүсийг ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргаад байгааг хууль бус гэж үзэж байна. Гэтэл 2020 оны 11 сараас ковидтой холбоотойгоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн хууль болон бусад дүрэм, журмаа зөрчиж нэхэмжлэгч нарыг ажлаас халсан нь үндэслэлгүй, буруу шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл дэх “хууль бус шалгалт зохион байгуулсан” гэсэн үндэслэлийн тухайд: Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоо батлагдсан. Уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоохоор ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/ .... дугаар тушаалаар “Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам” батлагдсан. Мөн Ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай” А/09 дүгээр тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд уг комиссын бүрэлдэхүүн дээрх журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажпыг хангаж, шалгалт зохион байгуулж, дүгнэлтийг ирүүлсэн. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно" гэж тайлбарласны дагуу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Ийнхүү уг шалгалтаар нэхэмжлэгч нар нь “Тэнцээгүй” гэсэн үнэлгээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Тус шалгалт нь 2020 оны 12 сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд шалгалт дуусахад уг танхимдаа шалгалтын материалыг засаж, дүнг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар тухайн албан хаагчтай биечлэн уулзаж, мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг хангасан. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тухай, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны А/138 дугаар захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу төрийн байгууллагын албан хаагчид 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 6.3, 6.5-д зааснаар Төрийн үйлчилгээний албан хаагчдын Гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшинг улирал бүр үнэлж, дүгнэх, үнэлгээнээс хамаарч хангалтгүй” үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан. Нэхэмжлэгч нарын тухайд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тухай Ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан байгууллагын үнэлгээний багийн үнэлэлт ирүүлсэн бөгөөд уг үнэлгээгээр маш хангалтгүй байсан тул ажпаас чөлөөлөх үндэслэл болсон. Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бүрдсэн тухай: Хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т зааснаар ажил олгогч нь Албан хаагчийн Хууль, Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлийн хэрэгжилт явц, үр дүн, чанарын талаар зохих үнэлэлт дүгнэлт өгч, урамшуулах, арга хэмжээ тооцох эрхтэй бөгөөд 7.2.4-т заасан ажилтан өөрийн хариуцан хийж буй ажил үүргээ мэргэжил, ур чадвар, зохих чанар, стандарт, шаардлагын дагуу хийж чадаагүй тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл бүрдсэн. Иймд дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль бус шалгалт зохион байгуулсан гэсэн үндэслэлийн тухайд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны дүрэм батлагдсан. Энэхүү шинэтгэлийн дагуу албан хаагчдын ур чадварын түвшинг тогтоохоор ажлын албаны даргын 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаар тушаалаар ажлын албаны албан хаагчдыг нэг бүрчлэн түвшин тогтоох журам гарсан. Нэхэмжлэгч нарын ажил үүрэг нь төрийн үйлчилгээний алба тул төрийн албаны шалгалт хамаарахгүй. Мөн ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан байдаг. Уг комиссын бүрэлдэхүүн нь дээрх журамд заасны дагуу шалгалтыг зохион байгуулсан. Мөн Улсын дээд шүүхийн тогтоолоор ч тайлбарлаж өгсөн байдаг. Энэ нь 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай, 33 дугаар тогтоолын 12.2 дахь хэсэгт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт зааснаар тухайн байгууллагын мэргэжил түвшин тогтоох комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Ийнхүү шалгалтаар А 40 хувь, Н 30 хувь, М 20 хувьтай үнэлэгдэж тус тус тэнцээгүй үнэлгээ авч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дах хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Тус шалгалт нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд шалгалт дуусахад уг танхимдаа шалгалтын материалыг засаж дүнг танилцуулсан байдаг. Үүнтэй холбогдуулан тухайн албан хаагчидтай биечлэн уулзаж, хуульд заасны дагуу бичгээр мэдэгдэж, үүнээс хойш нэг сарын дараа буюу 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хуулийн шаардлагыг хангаж байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцалсан өөр үндэслэл нь 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй холбоотой байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2019 оны А/138 дугаар захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу төрийн байгууллагын албан хаагч 2020 онд хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хөрвүүлсэн, гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталсан бөгөөд хөдөлмөрийн дотоод журмын 6.3, 6.5 дахь хэсгүүдэд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчдын ажил мэргэжлийн түвшинг үнэлэх, дүгнэх, тухайн үнэлгээнээс хамаарч, хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтад хамруулах, ажил албан тушаал бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан байдаг. Дээрх нэхэмжлэгчид нь тухайн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн үнэлгээг үнэлгээний багаас ирүүлсэн. Үүнээс харахад нэхэмжлэгч нар ажлыг зохих чанар, стандартын дагуу гүйцэтгэдэггүй маш хангалтгүй байсан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлөх бас нэгэн үндэслэл болсон. Хөдөлмөрийн гэрээний 2.2 дах хэсэгт заасны дагуу ажил олгогч нь ажлын албаны дүрэм, дотоод журам, ажлын албаны тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилтийн явц, үр дүн, чанарын талаар тохирох дүн өгч, урамшуулах арга хэмжээ авдаг бөгөөд нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээний 7.2.4 дэх хэсэгт заасан ажил үүргээ чанар, стандарт, шаардлагын дагуу хийж чадаагүй зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч Ч.М, Г.А, П.Н нар нь хариуцагч  Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын Ажлын албанд холбогдуулан ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Мг Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/48 тоот тушаалаар Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 15 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарын бичгийн даргаар, нэхэмжлэгч Г.Аийг мөн даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/96 тоот тушаалаар Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 18 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарын бичгийн даргаар томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлж байжээ.

 

Харин П.Нтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч уг гэрээг олоогүй үндэслэлээр нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж заасан. Иймд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүйд ажилтныг буруутгах үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ. Иймд  дээрх тохиролцоо зохигчийн хооронд хийгдсэн, энэ талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн  196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан цуцлаж, нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Энэхүү тушаалын үндэслэлээ “хуулийн дагуу шалгалт зохион байгуулж, уг шалгалтад тэнцээгүй нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, мөн 2020 оны 4 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй гэж үнэлэгдсэн нь үнэлгээний багийн дүгнэлтээр тогтоогдсон, энэ нь хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болсон” гэж тайлбарлаж байх ба харин нэхэмжлэгч нар “шалгалтыг эрхэлж буй ажилд нь хамааралгүй асуудлаар авсан, зохион байгуулах эрхгүй этгээд шалгалтыг зохион байгуулж хууль бусаар шалгалт авч ажлаас чөлөөлсөн, ажлаас халах тухай бичгээр мэдэгдээгүй, ажлын үнэлгээний талаар танилцуулаагүй” гэж маргав.  

 

Баянгол дүүргийн ** даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/09 тоот тушаалаар Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс байгуулсан байх ба тус комисс мөн даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 тоот тушаалаар баталсан “Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ыг үндэслэн нэхэмжлэгч нарыг “тэнцээгүй” гэсэн дүгнэлт гаргажээ.   

 

Мөн ** даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/15 тоот тушаалаар албан хаагчдын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, ажлын үр дүнг үнэлэх зорилго бүхий Үнэлгээний баг байгуулж, уг баг нэхэмжлэгч нарын 2020 оны 4 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийн биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэсэн үйл баримт тогтоогдсон байна.  

 

Дээрх дүгнэлтүүдийг үндэслэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлжээ. Энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажил олгогч нь энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан байна. Энэхүү үүргийг биелүүлэхдээ “нэг сарын өмнө ажилтанд бичгээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан” байх нь хуульд нийцнэ. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгосон байх боловч хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нар нь “хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан үндэслэлд хамаарч байгаа гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “сонсох ажиллагааны мэдэгдэл” гэсэн баримтаар нэхэмжлэгч нарт мэдэгдэж, үүнээс хойш нэг сарын дараа буюу 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж тайлбарлаж байна. Дээрх баримтад “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын ажлын албаны даргын 2020 оны А/09 дугаар тушаалаар байгуулагдсан Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссоос 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад хангалтгүй үнэлгээ авч мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх ажиллагаа хийгдэж байна. Иймд сонсох ажиллагааны мэдэгдэлтэй холбоотой санал, тайлбарыг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор гаргаж өгнө үү гэжээ. Тухайн мэдэгдлүүдэд ажилтны гарын үсэг зурагдаагүй байх ба Г.Ат өгсөн гэх мэдэгдэлд “...шалгалтын дүнг мөн 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөө биелэлт хангалтгүй үнэлэгдсэн болохыг танилцуулсан боловч гарын үсэг зураагүй болно” гэсэн тайлбарыг бичжээ. Мөн Ч.М, П.Н нар нь “эрхэлж буй ажилтай нь уялдаа холбоогүй, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэдэггүй асуудлаар шалгалт авсан” үндэслэлээр шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн байна. Дээрх баримтуудаас дүгнэвэл “сонсох ажиллагааны мэдэгдэл” нь зөвхөн шалгалттай холбоотой санал, хүсэлт авах бүхий агуулгатай баримт байх ба  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд хуульд заасан хугацааны өмнө, хуульд заасан арга хэлбэрээр мэдэгдээгүй гэж үзэв.  /I-ХХ-ийн 14-15, 248 дугаар тал, II-ХХ-ийн 51-52 дугаар тал/

 

Үүнээс гадна Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 4.1-д “Албан хаагч мэргэжлийн түвшин тогтоох шалгалтын агуулга, комиссын үйл ажиллагаа, үнэлгээний талаарх гомдлоо шалгалтын үнэлгээг танилцуулсанаас хойш 30 хоногийн дотор Ажлын албаны даргад гаргана”, 4.2-т “Ажлын албаны дарга гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, хариу өгнө” гэж заасан атлаа Ч.М, П.Н нарын “шалгалтын агуулга”-ын талаар гаргасан гомдолд хариу өгөлгүй хөдөлмөрийн гэрээг цуцласныг хууль зөрчсөн гэж үзнэ.     /I-ХХ-ийн 74-75 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдлыг зохицуулжээ. Ноцтой зөрчилд ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг хамааруулна. Дээрх зөрчилд ямар зөрчлийг тооцохыг ажилтны албан тушаал, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ажилтан, ажил олгогч харилцан тохиролцон тогтоож, тухайн зөрчил бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх нь хуульд нийцнэ. Талууд хөдөлмөрийн гэрээндээ “ноцтой зөрчил”-д ямар зөрчлийг тооцохыг тодорхойлсон байх бөгөөд Ч.М, Г.А нартай байгуулсан гэрээний 7.2.4-т “өөрийн хариуцан хийж буй ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу хийж чадахгүй, чадахгүй болох нь тогтоогдсон” гэж заасныг ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ. Тухайн зөрчлийг ажилтан гаргасан болох нь тогтоогдсон нөхцөлд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно.

 

Ажил олгогч нь ямар стандарт, шаардлага, зааврын дагуу ажилтны ажилд үнэлэлт, дүгнэлт гаргах нь тодорхойгүй, энэ талаар ямар нэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч нарын 2020 оны 4 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийг “хангалтгүй” гэж үзсэн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл ажилтны хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг ямар журам, зааврыг үндэслэн үнэлсэн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч нарыг хариуцсан ажлаа зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй болно. Мөн Г.Аийн гаргасан тайлан гэх баримтад ажилтны гарын үсэг зурж баталгаажаагүйгээс түүний ажлын тайлан гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч П.Нтэй бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй тул түүнтэй хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчлийн талаар тохирсон гэж үзэхгүй. Иймд П.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч нь “хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр цуцлах эрхгүй.  /I-ХХ-ийн 117-128, 249-250, II-ХХ-ийн 1-13, 150-160 дугаар тал/

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцласан байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч Ч.Мн ажилгүй байсан хугацааны цалинд /2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /2,939,317 : 3 сар = 979,772.3 төгрөг, 979,772.3 төгрөг : 21.5 ажлын өдөр= 45,571 төгрөг /нэг өдрийн цалин/, 45,571 төгрөг х 82 өдөр /ажилгүй байсан хугацаа/ = 3,736,822 төгрөг, нэхэмжлэгч Г.Аийн ажилгүй байсан хугацааны цалинд /2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /2,987,071 : 3 сар = 995,690.3 төгрөг, 995,690.3 төгрөг : 21.5 ажлын өдөр= 46,311 төгрөг /нэг өдрийн цалин/, 46,311 төгрөг х 82 өдөр /ажилгүй байсан хугацаа/ = 3,797,502 төгрөг, нэхэмжлэгч П.Нийн ажилгүй байсан хугацааны цалинд /2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /2,804,917 : 3 сар = 934,972.3 төгрөг, 934,972.3 төгрөг : 21.5 ажлын өдөр= 43,487 төгрөг /нэг өдрийн цалин/, 43,487 төгрөг х 82 өдөр /ажилгүй байсан хугацаа/ = 3,565,934 төгрөг хариуцагчаас гаргуулан олгохоор байна. Сүүлийн 3 сарын цалин хөлсийг тодорхойлохдоо ажлаас халагдсан 1 сарыг оруулахгүй 2020 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн дундажаар тогтоох нь хуульд нийцнэ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр төлж, бичилт хийх үүрэгтэй.

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх, уг албаны орон тоо, цалингийн санг тэргүүлэгчид өөрөө тогтооно гэж зохицуулсан. Энэ хүрээнд хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, орон тоонд хамаарах төрийн захиргаа болон үйлчилгээний ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг ажлын албаны дарга хэрэгжүүлэх дүрмийг хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор зохицуулсан байна. Иймд хариуцагчийг төрийн үйлчилгээний ажилтны  мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам баталж мөрдүүлэх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.  

 

Ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоолгох шаардлага нь бусад шаардлагынхаа үндэслэл болж байх тул бие даасан шаардлага гэж үзээгүйг дурдав. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч тус бүрд олгохоор шийдвэрлэсэн цалингийн хэмжээнээс тооцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн **с 3,736,822 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч Мд, 3,797,502 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г Ат, 3,565,934 төгрөг гаргуулж П Нт тус тус олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Ч.М, Г.А, П.Н нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сар бүрээр тооцон нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 222,454 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА