Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01122

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01122

 

 

 

 

 

 

Ч.М, Г.А П.Н нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01169 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.М, Г.А П.Н нарын хариуцагч Бнд холбогдуулан гаргасан ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.М, Г.А П.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Аптанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бнд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 18 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай буюу А, В үнэлгээ авч, дүүргийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана гэж сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хууль бус шалгалт зохион байгуулж шалгалтад унасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүнг хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бнд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 15 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч байсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын Ажпын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана гэж сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Саналыг нь хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудан хууль бус шалгалтыг зохион байгуулсан ба шалгалтад унасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүнг хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр ажлаас халсан. Иймд ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бнд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 дугаар хороо, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч байсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудан хууль бус шалгалт зохион байгуулж, тухайн шалгалтад унасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжпэгчийн өмгөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бны дарга н.Даваажаргалд ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг шинэчилсэн дүрэмд зааснаар мэргэжил, ур чадварын шалгалт авах, комисс байгуулах талаар эрх олгоогүй байдаг. Мөн Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор тогтоосон тусгайлсан чиг үүрэг бүхий комисс байгуулах эрх олгогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт заасан буюу мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй эсэхийг тогтоох шалгалтыг зохион байгуулах эрхтэй гэж үзвэл хорооны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичиг нь иргэний танхимыг зохион байгуулах талаар ажлын байрны тодорхойлолт дээр ажлын байранд тавигдах шаардлагыг тодорхойлж өгсөн. Гэтэл шалгалтын материалиас харахад төрийн жинхэнэ албан хаагч нараас авдаг эрх зүйн шалгалтын хэмжээнд шалгалтыг зохион байгуулж, энэ үнэлгээгээр мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж дүгнэсэн нь буруу. Үнэлгээний баг байгуулсан байдаг. Хурлын ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/15 тоот тушаал нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 38 дугаар тушаалаар батлагдсан ...төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлах, ажлын гүйцэтгэл үр дүнг мэргэжлийн түвшинд үнэлэх журмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулна гэсэн тогтоолыг үндэслэсэн. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 216 дугаар төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлах, ажлын гүйцэтгэлийн үр дүнг мэргэжлийн түвшинд үнэлэх журмыг батлах тухай тогтоол гарсантай холбогдуулан 38 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай гэсэн. Гэтэл үнэлгээний баг байгуулахдаа 2019 оны 38 дугаар Засгийн газрын журмыг баримтлаад үйл ажиллагаа явуулсан. Хүчингүй болсон эрх зүйн актыг үндэслэн тухайн байгууллагын ажилчдын ажил үүргийн ур чадварыг дүгнэсэн нь хууль бус. Гэтэл хариуцагч тал нь нэхэмжлэгч нарт ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас өгөлгүй халсан. Сонсох ажиллагаа явуулсан ч энэ нь ...шалгалтынхаа дүнг хүлээн зөвшөөрч байгаа эсэх тайлбараа бичиж өг..." гэсэн байдаг. Нэхэмжлэгч нарын хэн аль нь гарын үсэг зураагүй байхад хууль зөрчиж ажлаас халсан. Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны А138 дугаар захирамжаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 3.5-д төрийн үйлчилгээний албан хаагчийг хурлын дарга нь захирамжаараа томилж, чөлөөлнө гэсэн эрх хэмжээ заагаад өгсөн байтал хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөд ажилтныг ажилд томилох, чөлөөлөх эрхийг ажлын албаны даргад олгосон нь хууль зөрчсөн. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг ажил олгогч буюу хэлтсийн дарга, бусад эрх бүхий албан хаагчид үнэлнэ. Тухайн хүнийг бодит байдал дээр хэрхэн, яаж үнэлсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан талаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын урамшуулал олгож байсан захирамжууд байдаг. Гэтэл 2020 оны 11 дүгээр сард ажлаа авсан албан тушаалтнууд нь өөрсдөө шалгалт зохион байгуулж, өмнө ажиллаж байсан хүмүүсийг ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. 2020 оны 11 сараас ковидтой холбоотойгоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулахүй байж байгаад 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн хууль болон бусад дүрэм, журмаа зөрчиж нэхэмжлэгч нарыг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны дүрэм батлагдсан. Энэхүү шинэтгэлийн дагуу албан хаагчдын ур чадварын түвшинг тогтоохоор ажлын албаны даргын 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаар тушаалаар ажлын албаны албан хаагчдыг нэг бүрчлэн түвшин тогтоох журам гарсан. Нэхэмжлэгч нарын ажил үүрэг нь төрийн үйлчилгээний алба тул төрийн албаны шалгалт хамаарахгүй. Мөн ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан. Уг комиссын бүрэлдэхүүн нь дээрх журамд заасны дагуу шалгалтыг зохион байгуулсан. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 12.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт зааснаар тухайн байгууллагын мэргэжил түвшин тогтоох комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй. Шалгалтанд Алтанчимэг 40 хувь, Нямцэцэг 30 хувь, Мөнхдэлхий 20 хувиар үнэлэгдэж, тэнцээгүй үнэлгээ авч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дах хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Шалгалт 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд шалгалт дуусахад танхимдаа шалгалтын материалыг засч дүнг танилцуулсан байдаг. Энэ талаар тухайн албан хаагчидтай биечлэн уулзаж, хуульд заасны дагуу бичгээр мэдэгдэж, нэг сарын дараа буюу 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан өөр үндэслэл нь 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй холбоотой. Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу төрийн байгууллагын албан хаагчийн 2020 онд хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хөрвүүлсэн, гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталсан бөгөөд тус журмын 6.3, 6.5 дахь хэсэгт төрийн үйлчилгээний албан хаагчдын ажил мэргэжлийн түвшинг үнэлэх, дүгнэх, тухайн үнэлгээнээс хамаарч, хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтад хамруулах, ажил албан тушаал бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан. Нэхэмжлэгч нарт тухайн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн үнэлгээг үнэлгээний багаас ирүүлсэн. Үүнээс харахад нэхэмжлэгч нар ажлыг зохих чанар, стандартын дагуу гүйцэтгэдэггүй маш хангалтгүй байсан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлөх нэг үндэслэл болсон. Хөдөлмөрийн гэрээний 2.2 дах хэсэгт заасны дагуу ажил олгогч нь ажлын албаны дүрэм, дотоод журам, ажил албаны тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилтийн явц, үр дүн, чанарын талаар тохирох дүн өгч, урамшуулах арга хэмжээ авдаг бөгөөд гэрээний 7.2.4 дэх хэсэгг заасан ажил үүргээ чанар, стандарт, шаардлагын дагуу хийж чадаагүй зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заэсныг баримтлан хариуцагч Бнаас 3 736 822 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мянган овогт Чулууннарангийн Мөнхдэлхийд, 3 797 502 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бэрсүүд овогт Ганбаатарын Алтанчимэгт, 3,565,934 төгрөг гаргуулж Оорцог овогт Пидагийн Нямцэцэгт тус тус олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Ч.М, Г.А П.Н нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сар бүрээр тооцон нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Бнд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажпын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 222 454 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу ажил олгогч ажилтанд гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Энэ дагуу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад хангалтгүй үнэлгээ авч, мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул үүрэгт ажлаас чөлөөлөх гэж мэдэгдсэн. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа хөдөлмөрийн гэрээ байгуулагдснаар эхэлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсноор дуусгавар болно. Иймд үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдэл нь тухайн албан хаагч уг ажилдаа ажиллах боломжгүй буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох агуулгыг илэрхийлж байхад шүүхээс мэдэгдэл гэж үзэхгүй гэж тайлбарласан нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчээс уг баримттай танилцсаны үндсэн дээр мэдэгдэлд гарын үсэг зурахгүй тухай тайлбар бичсэн нь хэрэгт авагдсан тул бичгийн баримтаар тогтоогдоогүй гэж үзэх боломжгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т зааснаар Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох бөгөөд үүнийг захиргааны актад хамаарахаар заасан. Иймд эс үйлдэхүйгээр илэрсэн захиргааны актад гомдол гаргах эрх зүйн баталгаа нь хуулиар олгогдсон боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Мөн уг асуудал нь нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох эрх зүйн үндэслэлтэй эсэхийг тодорхойлох шууд шалтгаант нөхцөл болохгүй бөгөөд мэдэгдлийн дагуу гаргасан хариу тайлбар. Шүүхийн шийдвэрт ажил олгогч нь ямар стандарт, шаардлага, зааврын дагуу ажилтны ажилд үнэлэлт, дүгнэлт гаргах нь тодорхойгүй, энэ талаар ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч нарын 2020 оны 4 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийг хангалтгүй гэж үзсэн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 2020 оны эхэнд хэлтсийн даргаараа батлуулсан Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшинг тодорхойлсон. Үүний дагуу ажлын хэсгээс нэхэмжлэгч нарын 2020 оны 4 дүгээр улирлын тайланг шалгуур үзүүлэлтийн дагуу хүрэх түвшиндээ хүрсэн эсэхийг шалгуур болгож үнэлсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2020 оны эхэнд хэрэгжүүлэх ажлын стандарт, шаардлагыг харилцан зөвшилцөж, төлөвлөгөө батлуулсан бөгөөд үүний дагуу үнэлсэн тайлан мэдээг хэрэгт хавсаргасан байх тул энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй гэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Мөн Хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчийн ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны үндсэн зорилт болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг зүйл, заалт бүрээр тодорхойлсон. Албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө нь ажлын байрны тодорхойлолтонд хэрэгжүүлэх арга хэмжээнээс 2020 оны тухайд хэрхэн яаж хзрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө тул ямар ажлыг, хэрхэн яаж хэрэгжүүлснээр дүгнэх шаардлагыг тодорхойлсон тул яаж үнэлэлт, дүгнэлт гаргасан нь тодорхойгүй гэж үзэх боломжгүй. Албан хаагчдын тайланг хүлээн авах үеэр ковидын нөхцөл байдлын улмаас тайланг цахимаар хүлээн авсан бөгөөд энэ талаар талууд маргаагүй. П.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчлийн талаар тохирсон гэж үзэхгүй гэсэн дүгнэсэн. Ажлаас чөлөөлөх тушаалд хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлээс гадна Хөдөлмөрийн дотоод журмын 6.3-т заасныг үндэслэсэн. Иймд Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу албан хаагчийн үнэлгээтэй холбоотойгоор ажлаас чөлеөлөх үндэслэл бүрдэж байна. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эгүүлэн тогтоолгох гэж нэмэгдүүлсэн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой ажиллагаа хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Гэвч ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоолгох шаардлага нь бусад шаардлагынхаа үндэслэл болж байгаа тул бие даасан шаардлага гэж үзэхгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ хууль бусаар халагдсаныг тогтоолгохоор зааснаас эргэн томилуулах шаардлагыг гаргаагүй. Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дэлгэрүүлж бусад шаардлагын үндэслэл болж байгаа гэдэг үндэслэлээр зөвтгөж байгаа нь үндэслэлгүй. Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Ч.М, Г.А П.Н нарын хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал хууль бус гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, олох ёстой байсан орлого буюу хохирол гэдэг агуулгаар ажилгүй байсан хугацааны олговрыг шаардаж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх агуулга бүхий шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч талаас ажилд эргүүлж томилуулах тухай тусдаа шаардлага гаргаагүй бөгөөд шүүх энэ асуудлаар шийдвэр гаргаагүй тул хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.М, Г.А П.Н нарыг хариуцагч байгууллага нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/15, Б/16, Б/25 тоот тушаалаар үүрэгт ажлаас тус тус чөлөөлөгджээ. Хариуцагч байгууллага нь дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 130 дугаар зүйлийн 130.2, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дүрмийн 2.2, 2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.7.10, 6 дугаар зүйлийн 6.3, хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.4-т зааснаар нэхэмжлэгч нарыг ... мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт шаардлагын дагуу гүйцэтгээгүй гэх үндэслэлийг заасан байна. /хх 4, 146, 2хх-40 /

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч байгууллагын даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/09 тоот тушаалаар Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс байгуулсан байх ба тус комисс мөн даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 тоот тушаалаар баталсан Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ыг үндэслэн нэхэмжлэгч нарыг тэнцээгүй гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нараас ажил мэргэжилдээ тэнцэх эсэх талаар шалгалт авах үндэслэл, шалтгаанаа хариуцагч талаас тодруулаагүй. Өөрөөр хэлбэл, ямар үндэслэлээр нэхэмжлэгч нараас ажил, мэргэжилдээ тэнцэх талаар шалгалт авсан. Мөн шалгалтыг ямар журмаар авах, шалгалтын үр дүнг хэрхэн тодруулсан талаар бүрэн нотлоогүй байна. /2хх-106-108/

 

Хэрэгт авагдсан баримтаар 20 асуулттай бичгэн тестээр шалгалт авч, үүнд тэнцээгүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд үүнийг хууль ёсны дагуу шалгалт авсан гэдгийг нотолсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шалгалт авах талаар ажилтнуудад өмнө нь мэдэгдсэн баримт байхгүй байна. /хх-90-91, 221-222, 2хх-123-124/

 

Нөгөө талаар, Сонсох ажиллагаа гэсэн мэдэгдэлд талуудыг шалгалтандаа тэнцээгүй гэдгийг зөвшөөрч байгаа эсэхтэй холбогдуулан тайлбар авсан агуулгатай шалгалтын үр дүнг танилцуулсан мэдэгдэл хэрэгт баримтаар авагдсан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. /хх-14, 248, 2хх-51/

 

Хэрэгт авагдсан баримтаар Бны дарга нь нэхэмжлэгч Ч.М, Г.А П.Н нарыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/15, Б/16, Б/25 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол анх нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд томилсон Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын тушаал, эрх хэмжээ шилжсэн гэх баримт хэрэгт авагдаагүй. Иймд эрх бүхий этгээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар ажилд томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин учирсан хохирлоо арилгуулах шаардлага гаргасан учраас анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд заасан олговрыг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэний дагуу олгож байсан цалин олговрыг хувь тэнцүүлж олгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01169 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ