Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 877

 

 

 

 

 

 

  

 2020           7             7                                               2020/ДШМ/877         

 

 

                                            Д.Тт холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/485 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Д.Тт холбогдох эрүүгийн 1903009810500 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Т,

Д.Т нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний орой 22 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны замд “Донфен” маркийн 95-15 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас “Toyota Harrier” маркийн 48-21 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Б.Болд-Эрдэний эрүүл мэндэд хүндэвтэр, С.Гансүхийн эд хөрөнгөд 3.303.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цахар овгийн Дашдаваагийн Д.Тыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 136 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Д.Тын биечлэн эдлэх ялыг 584 /таван зуун наян дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Тын иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Болд-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Б.Баатарсүрэн, Б.Дашдаваа нарт төлөх төлбөргүйг болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Таас 883.660 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч А.Гансүхэд олгож, иргэний хариуцагч Б.Дашдавааг иргэний хариуцагчаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Болд-Эрдэнэ нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, бусад зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ерөнхий прокурор Ц.Арвинбуудай тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр уг хэргийг хянан хэлэлцээд гаргасан 485 дугаартай шийдвэрийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт буюу 11, 12, 13 дугаартай хуудаст улсын яллагч Э.Намууны прокурорын хяналтын ажилд гаргасан зөрчил, цаашид анхаарвал зохих асуудлын талаар дурдан тусгасан байна.

Дээрх шийтгэх тогтоолын шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт улсын яллагчийн үйл ажиллагааны талаар тусгасан заалтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй зөрчилдөж байна.

Тодруулбал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн буюу уг хуулийн 36.7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний 485 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан улсын яллагчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн заалтуудад өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Э.Намууны тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд прокурорын хяналтын ажлын талаар гаргасан зөрчил болон цаашид анхаарах асуудлын талаар дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын улсын яллагчид үнэлэлт, дүгнэлт өгсөн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Тын тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой. Анхан шатны шүүхээс Д.Тт 720 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулсан. Д.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Т нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний орой 22 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны замд “Донфен” маркийн 95-15 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас “Toyota Harrier” маркийн 48-21 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Б.Болд-Эрдэний эрүүл мэндэд хүндэвтэр, С.Гансүхийн эд хөрөнгөд 3.303.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Болд-Эрдэнийн “...Баатарсүрэн ах машин жолоодож явсан. Зогсоох арга хэмжээ авч зогссон боловч гулгаж очоод зүүн хойд дугуйг мөргөсөн. Миний баруун хөл өвдөөд байсан. Удаагүй 103 эмч ирээд гэмтлийн эмнэлэг аваад явсан. ...” /1 хх 20/,

иргэний нэхэмжлэгч С.Гансүхийн “...миний нэр дээр бүртгэлтэй байгаа. ...Тухайн машиныг 2013 онд 16.000.000 төгрөгөөр худалдаж авсан. ...урд хэсгээрээ нилээдгүй эвдэрсэн харагдсан, үнэлгээ хийлгэнэ. ...” /1 хх 27/,

иргэний нэхэмжлэгч Б.Баатарсүрэнгийн “...том машин огцом дараад шууд зүүн гар тийш эргээд ороод ирсэн. Шууд зогсоох арга хэмжээ авч тоормос гишгээд гулгаад зүүн хойд дугуйг нь мөргөсөн. ...” /1 хх 33/,

иргэний хариуцагч Б.Дашдаваагийн “...ослыг 2019 оны 8 дугаар сарын 28-ны шөнө манай ах над руу утасдаж хэлсэн. ...” /1 хх 40/,

шүүгдэгч Д.Тын “...тухайн зам тээврийн осол миний буруугаас болж үйлдэгдсэн гэдгийг би мэдэж байгаа. ...” /1 хх 161/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Болд-Эрдэнийн биед зүүн шагайн үений гадна хавчаарын бага зэргийн зөрөөтэй далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1 хх 52/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 3/, зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх 4/, дуудлагын лавлагааны хуудас /1 хх 16/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 хх 17/, Хас үнэлгээ ХХК-ийн автомашин даатгалын хохирлын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ХУД №1643 дугаартай үнэлгээ /1 хх 68-69/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /1 хх 73-74/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч Д.Тыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Дээд шатны прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан улсын яллагчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн заалтуудад өөрчлөлт оруулах тухай ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон гэх мэт хэргийн бүх ажиллагааг хянах үүрэгтэй.

Эдгээрийг хянаж, хэргийн оролцогчийн байр суурийг тодорхойлох, тэдний дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, холбогдох хуультай харьцуулан судалсны үндсэн дээр бодит байдлыг тогтоодог.

Өөрөөр хэлбэл шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог онцлогтой бөгөөд энэ нь шүүхээс ямар шийдвэр гаргах дотоод итгэлийг бий болгох гол хүчин зүйл юм.

Мэтгэлцээний үндсэн дээр үйл баримтын бодит байдлыг шүүхээс нэгэнт тогтоосон тохиолдолд түүнд хүрсэн арга замыг ойлгомжтой байдлаар бичих бөгөөд  хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийх ёстой.

 

Энэ нь хэргийн хүрээнд шүүхийг чухамхүү төвийг сахисан байр сууринаас буюу яллах эсхүл өмгөөлөх шинж чанартай бус, хараат бус бие даасан шийдвэр гаргасны илэрхийлэл болдог.

Шийтгэх тогтоолд дурьдсан “...117 дугаар яллах дүгнэлтэд яллагдагч Д.Тын овгийг буруу бичсэн...”, “...10417 дугаартай дүгнэлтийг яллагдагч Д.Тт танилцуулаагүй”, “...шинжээч томилсон тогтоолыг хохирогч Б.Болд-Эрдэнэд танилцуулаагүй”, “...авто тээврийн үндэсний төвөөр шинжилгээ хийлгэх тухай шинжээч томилсон тогтоолыг ...иргэний нэхэмжлэгч Б.Баатарсүрэн, А.Гансүх нарт танилцуулаагүй”, “...Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийг томилсон мөрдөгчийн тогтоолыг иргэний нэхэмжлэгч Б.Баатарсүрэнд танилцуулаагүй”, “...тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 492 дугаар дүгнэлтийг хохирогч Б.Болд-Эрдэнэд танилцуулаагүй” зэрэг зөрчлүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан, мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг хянаагүй боловч анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт прокурорын хяналтын ажилд гаргасан зөрчлийг эрх зүйн хэм хэмжээнд үндэслэж дүгнэн дурдсан, үүнтэй холбогдуулан давж заалдах шатны шүүх түүнийг буруутгах боломжгүй.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх байхаар бичигдсэн байна.” гэж заасанчлан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд улсын яллагч хуулиар хүлээлгэсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх, түүнчлэн цаашид анхаарах асуудлын талаар дурдсан нь шууд эрх зүйн үр дагавар үүсгээгүй, харин эрх гаргах бүхий этгээдэд хандсан хүсэлт, саналын шинжтэй байх бөгөөд үүрэг болгосон заалт биш юм.  

Тус шийдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх, прокурор, мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэнтэй нийцнэ.

Дээд шатны прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй зөрчилдөж, ...хуулийн шаардлага хангахгүй байна” гэж ерөнхий байдлаар эсэргүүцэл бичсэн нь ойлгомжгүй байна.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэрэгт шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд нотлох баримтын хувьд хүрэлцээтэй, оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэдэг.

 

 Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар юм.

 

            Шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж эхлэх бөгөөд нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн шүүгдэгчийн гэм бурууг тогтоож ял шийтгэл оногдуулдаг. Шүүх нотлогдсон байдлын эдгээр хэмжээ хязгаараас давуулан баримт шаардах эрхгүй.

 

Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх боловч шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт нэгэнт цугласан бол шүүх хэргийн талаар эцсийн шийдвэр гаргах бөгөөд хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдал бүрийг нарийвчлан тогтоох нь цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх чадваргүй.

 

            Шүүгдэгч Д.Тт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаж, гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, түүнд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/485 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ