Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 0485

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч Д.Т, өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ц овогт Дгийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц овогт Дгийн Т, 1968 оны  08 дугаар сарын 04-нд Хөвсгөл аймгийн Чандмань өндөр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний орой 22 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны замд “Донфен” маркийн ... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан “ 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.”

- мөн дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас “Тoyota Harrier” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Б.Бий эрүүл мэндэд хүндэвтэр, С.Гансүхийн эд хөрөнгөд 3.303.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т: Мэдүүлэг гаргахгүй гэв.  

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

1.Тээврийн Цагдаагийн алба, Замын Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн “...Зам тээврийн осол, хүн гэмтсэн, эд материалын хохиролтой гэсэн дуудлагыг 2019 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 22 цаг 8 минут 56 секундэд хүлээн авсан тухай...” лавлагаа (хавтаст хэргийн 16 дугаар тал),  

-зам тээврийн ослоос хоёр хүн гэмтсэн гэх дуудлагыг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 22 цаг 07 минут 54 секундэд хүлээн авсан тухай түргэн тусламжийн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 17 дугаар тал),

2. 2019 оны 8 дугаар сарын 21-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-11 дүгээр тал),

3. ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон жолооч Б.Баатарсүрэнгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /0.00 хувь/ (хавтаст хэргийн 12 дугаар тал), Dongfeng маркийн 9517 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон жолооч Д.Тын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /0.00 хувь/ (хавтаст хэргийн 13 дугаар тал),

 

4.Хохирогч Б.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баатарсүрэнгийн хамт Тахилт гэх газар аав дээр нь очоод буцаад хотын төв рүү явж байтал үргэлжилсэн цагаан шугам даваад нэг том машин зүүн гар тийш эргээд хөндөлдөөд ороод ирсэн. Би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Хамгаалах бүсээ зүүсэн байсан. Баатарсүрэн ах машин жолоодож явсан, зогсоох арга хэмжээ авч зогссон боловч гулгаж очоод зүүн хойд дугуйг мөргөсөн. Миний баруун хөлний шагай яс хугарсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Хүндэвтэр гэмтэл гарсныг танилцсан. Зам орчны нөхцөл байдал үзэгдэх орчин чөлөөтэй, замын хөдөлгөөн чөлөөтэй байсан. Хальтиргаа гулгаа байхгүй, тоостой байсан. Эмчилгээ 2.674.000 төгрөг, ахуйн зардал 1.000.000 төгрөг болсон. Одоогоор 1.200.000 төгрөг  төлсөн. Тийз 3.822.000 төгрөг, утас “I phone Х” 2.950.000 төгрөг, хөл бэртснээс 2 сар ажилдаа яваагүй. Ажилд яваагүй цалин, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

 

5.Иргэний нэхэмжлэгч Б.Баатарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2019 оны 8 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, товчооны замд “Toyota Harrier” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байтал урдуур том цементний автомашин цагаан шугам даваад орж ирээд зам хааж зогссоны улмаас би тэр машиныг мөргөж зам тээврийн осол гарсан. Би тухайн үед “22-ын товчоо”-ноос хотын төв рүү буюу баруунаас зүүн чиглэлтэй явж байсан. Тэр том машин зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан. Миний жолоодон явсан “Toyota Harrier”маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хуурай ах Гансүхийн эзэмшлийн машин юм. Тухайн осол гарах үед үзэгдэх орчин нилээн муу, шороо их боссон, хуурайшилттай байсан. Тухайн зам тээврийн ослын улмаас “Toyota Harrier"  маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын хэсэг ер нь тэр чигтээ эвдэрсэн. Би 50-55 км цагийн хурдтай явсан. Би тоормослоод зогсоож амжилгүй урдаа байсан том машины дугуйг очиж мөргөсөн. Мөн осол болох үед машиндаа Бэ гэдэг хуурай дүүтэйгээ явж байсан. Бийн зүүн хөлийн савхан яс хугарсан. Миний толгой баруун духны хэсэгт хагарсан. Хохирол төлөөгүй. Тухайн үед эмчилгээний зардал журмын хашааны мөнгө зэрэг 600.000 орчим төгрөг гарсан байх.Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 162  дугаар тал),

6. Иргэний нэхэмжлэгч А.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Хуурай дүү Баатарсүрэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонсголон руу айлд очоод ирье гээд миний машиныг гуйгаад авсан. Тэгсэн тэр шөнөө миний машинтай явж байгаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт машинтай мөргөлдлөө гэж над руу ярьсан. Надад хэлэхдээ том ачааны машин цагаан шугам давж орж ирээд урдуур ороод тэрэнтэй мөргөлдчихлөө гэсэн. Баатарсүрэнгийн тухайн үед жолоодож явсан “Toyota Harrier"  маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин юм. “Toyota Harrier"  маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 1998 онд үйлдвэрлэгдээд 2013 онд орж ирсэн. Би орж ирэхэд нь шинээр 16.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн зам тээврийн осол гарах үед Баатарсүрэнтэй хамт Бэ гэх залуу цуг явж байсан гэсэн. Машины үнэлгээг 3.303.000 төгрөг гэж үнэлсэн байсан. Би тэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Үнэлгээтэй холбоотой санал байхгүй. Надад хохирол төлөөгүй. Би харин өөрийнхөө машиныг журмын хашаанаас авч ачуулж оношилгоонд оруулсан. Үнэлгээ хийлгэсэн. Ойр зуурын зардал 655.000 төгрөг болсныг  тухайн үед баримтаар гаргаж өгсөн. Гомдолтой байна. Машинаа засуулмаар байна. Завсарын мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 157 дугаар тал),

7. “Toyota Harrier" маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч С.Гансүх бүртгэлтэй лавлагаа (хавтаст хэргийн 29 дүгээр тал), “Хас үнэлгээ” ХХК-ний “...”Toyota Harrier” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг шууд зардлын дүн 3.183.000 төгрөг, шууд бус зардал 120.000 төгрөг, нийт 3.303.000 төгрөгөөр тогтоосон” тайлан, гэрэл зураг (хавтаст хэргийн 68-70 дугаар тал),

-иргэний нэхэмжлэгч А.Гансүхийн хэрэгт ирүүлсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 114-117 дугаар тал),

 

8. Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Dongfeng маркийн 95-17 УНХ улсын  дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх юм. Машиндаа үнэлгээ хийлгээгүй. Миний машинд ямар нэгэн хохирол учраагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 159 дугаар тал),

иргэний хариуцагчаар өгсөн “... Энэ ослын талаар нарийн сайн мэдэхгүй. Ослыг 2019 оны 08 дугаар сарын 28-нд шилжих шөнө манай ах руу утасдаж хэлсэн. Dongfeng маркийн 95-17 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. …Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал), 

- Dongfeng del 5250 маркийн 95-17 УНХ  улсын  дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.Д бүртгэгдсэн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 93 дугаар тал),

-“Монгол даатгал”-ын жолоочийн хариуцлагын даатгал буюу Dongfeng del 5250 маркийн 95-17 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалыг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний маягт, уг гэрээнд дурсан жолооч нь А.Батболд, Д.Т, А.Баярсайхан, даатгуулагч нь А.Баярсайхан гэж тэмдэглэгдсэн хэсэг (хавтаст хэргийн 101 дүгээр тал),

9. Шүүгдэгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд:

-гэрчээр 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:

“...Би  Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны замд 2019 оны 08 дугаар сарын 21-ний шөнө 22 цаг 40 минутын үед Dongfeng маркийн 95-17 УНХ  улсын дугаартай автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд яваад зүүн эргэж “Мон цемент” ХХК үйлдвэр рүү орох гээд үргэлжилсэн цагаан шугам даваад ортол баруун хойд дугуй руу машин ирж мөргөсөн. Тухайн автомашин баруун талаас ирсэн байх, намайг эргэх үед баруун талаас ирж байгаа машин байхгүй гэрэл нь цаана хол харагдсан болохоор эргэсэн юм. Миний хувьд тэр машин хурдтай явж байсан гэж бодож байгаа. Яагаад гэхээр үйлдлээ дуусгаж байсан. Би машинаас буугаад мөргөсөн машин дээр очиход нэг зорчигч, жолооч хоёр харагдсан. Өөрийн эзэмшлийн 80455154 дугаарын гар утсаар дуудлага өгсөн. 102,103 удаагүй түргэний машин ирээд тухайн автомашин дотор явсан жолооч зорчигч нарыг аваад явсан. Дараа нь замын бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийгээд явсан. Хохирогч нарт эмчилгээний зардалд  1.620.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар тал),

 яллагдагчаар өгсөн “...Надад энэ хэрэгт ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. Шинжээчийн томилсон тогтоол болон дүгнэлтүүдтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Мөн “Toyota Harrier” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 3.303.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн зам тээврийн осол миний буруугаас болж үйлдэгдсэн гэдгийг би мэдэж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 161 дүгээр тал),

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10417 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зулай хэсэгт 3,5х0,3 см тав тогтсон шархтай.

Дүгнэлт: Б.Баатарсүрэнгийн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Б.Даваасүрэн / ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48 дугаар тал),

11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10308 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун шилбэний дунд 1/3-ээс хурууны үзүүр давсан гөлтгөнө аравч боолттой.

“Мед траума” эмнэлгийн гэмтлийн тасгийн өвчний №352 тоот түүхээс “...2019.8.21-нд эмчид үзүүлсэн. Толгой цээж, баруун шагайн үеэр өвдөнө. Хэсэг газрын үзлэгт: баруун шагайн үеэр өвчин эмзэглэлтэй, хаван хавдартай, хөдөлгөөн хязгаарлагдмал, гөлтөгнөн аравч бэхэлгээ тавигдсан. Хэвтэх үеийн болон клиникийн урьдчилсан онош: биеийн ерөнхий доргилт, зүүн шагайн үений гадна хавчаарын бага зэргийн зөрөөтэй далд хугарал.

Дүгнэлт: Б.Бийн биед зүүн шагайн үений гадна хавчаарын бага зэргийн зөрөөтэй далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ц.Бадрал/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 52 дугаар тал),

 

12.“Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн  №065780 дүгнэлтэд:

1.Toyota маркийн Harrier загварын ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангахгүй байна.

2. Уг тээврийн хэрэгслийн урд копут урдаас хойшоо чигт нугларч эвдэрсэн, урд буфер хагарч салж унасан, урд буферын дотор талын төмөр дотогшоо нугларч чихэгдсэн, моторын, кропны радитор нь дотогшоо чихэгдэж шингэн нь гоожсон, урд лонж дотогшоо чихэгдсэн, копутны түгжээ гажиж эвдэрсэн, баруун гар талын их гэрэл хагарсан, зүүн гар талын их гэрлийн түгжээнүүд нь эвдэрсэн, зүүн болон баруун талын крыло нь урдаас хойшоо чигт бага зэрэг нугларсан, жолоочийн болон зорчигчийн хамгаалалтын дэр задарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. 

3. Уг тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтлүүд байна. Осолд нөлөөлөх хуучин эвдрэл, гэмтэл байхгүй болно.

4.Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат, ABS тоормосны системтэй. Тоормос стандартын шаардлага хангаж байна.

5. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат, ABS тоормосны системтэй, тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр тасалдах байдлаар үүснэ.

6. Уг тээврийн хэрэгслийн спидометр ажиллаж байна. Хэрэв ажиллахгүй тохиолдолд жолооч хурдаа хянах боломжгүй болно...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 63-66 дугаар тал),

13.Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 492 дугаартай дүгнэлтэд:

1.”Dongfeng” маркийн ... УНХ улсын дугаартай автомашины жолооч Дгийн Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

2 дугаар хавсралтын 1.4-т заасан “ 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.” /1.3 (үргэлжилсэн шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана/ гэсэн заалтыг,

-мөн дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс  чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.“Т. Harrier” маркийн ... УНС улсын дугаартай автомашины жолооч Батпүрэвийн Баатарсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/  тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Осол болох үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байдал тогтоогдож байна./

- Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /Шинжээч Б.Батзориг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 73-74 дүгээр тал),

14. Б.Баатарсүрэнгийн В, С ангилалын жолоочийн лавлагаа, уг лавлагаанд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 дэх заалтад зааснаар 2018.11.01-2019.11.01 хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хассан тухай (хавтаст хэргийн 35 дугаар тал),

15. Шүүгдэгч Д.Таас гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг хохирогч, иргэний нэхэмжлэгчид нөхөн төлсөн баримтууд (хавтаст хэргийн 107-109) болон шүүх хуралдаанд шинээр гаргасан “Хаан” банкны 2020 оны 3 дугаар сарын 06, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тус тус шилжүүлгийн баримт.

16.Шүүгдэгч Д.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 89 дүгээр тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 99 дүгээр тал), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 96 дугаар тал), үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хавтаст хэргийн 98 дугаар тал), хөдлөх хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 100 дугаар тал),  Д.Тын 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дугаар тал), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Тт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.Т нь хөдөлгөөний аюулгүй байдлын болон захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирлын хувьд хохирогч Бэд 980.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Баатарсүрэнд 280.000 төгрөг төлсөн, Гансүхэд 2.500.000 төгрөг даатгалаас, шүүгдэгч өөрөө 500.000 төгрөг төлсөн учраас бусдад төлөх төлбөргүй байна...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “...хэргийн хувьд маргаангүй, шүүгдэгч нь хохирлыг төлж ирсэн, зарим хохирол дутуу байгаа, түүнийгээ нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Шүүхийн шатанд прокурорын яллах дүгнэлт засагдаагүй гэж шүүх үзэж байгаа юм байна. Прокурорын яллах дүгнэлт алдаатай байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл бий болж байна гэж ойлгож байгаа учир хэргийг буцаасан тохиолдолд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг гаргав.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Тын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний орой 22 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны замд иргэн Б.Дгийн эзэмшлийн “Dongfeng” маркийн ... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

 2 дугаар хавсралтын 1.4-т заасан “ 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.” /1.3 ( үргэлжилсэн шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана/ гэсэн заалтыг,

- мөн дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас Б.Баатарсүрэнгийн жолоодон явсан иргэн А.Гансүхийн эзэмшлийн “Тoyota Harrier” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, иргэн Б.Баатарсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн С.Гансүхийн “Тoyota Harrier” маркийн ... УНС улсын дугаартай автомашинд 3.303.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-Тээврийн Цагдаагийн алба, Замын Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 22 цаг 8 минут 56 секундэд хүлээн авсан дуудлагын лавлагаа” (хавтаст хэргийн 16 дугаар тал),  2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 22 цаг 07 минут 54 секундэд хүлээн авсан тухай түргэн тусламжийн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-2019 оны 8 дугаар сарын 21-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-11 дүгээр тал),

-Хохирогч Б.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баатарсүрэнгийн хамт Тахилт гэх газар аав дээр нь очоод буцаад хотын төв рүү явж байхад үргэлжилсэн цагаан шугам даваад том машин зүүн гар тийш эргээд хөндөлдөөд ороод ирсэн. Би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Баатарсүрэн ах машин жолоодож явсан, зогсоох арга хэмжээ авч зогссон боловч гулгаж очоод зүүн хойд дугуйг мөргөсөн. ...миний хөлний шагай яс хугарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

-Иргэний нэхэмжлэгч Б.Баатарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 8 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, товчооны замд “Toyota Harrier” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байтал урдуур том цементний автомашин цагаан шугам даваад орж ирээд зам хааж зогссоны улмаас би тэр машиныг мөргөж зам тээврийн осол гарсан. ...зам тээврийн ослын улмаас “Toyota Harrier" маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын хэсэг эвдэрсэн. ...Би тоормослоод зогсоож амжилгүй урдаа байсан том машины дугуйг очиж мөргөсөн. ...Бийн зүүн хөлийн савхан яс хугарсан. Миний толгой баруун духны хэсэгт хагарсан....” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 162  дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч А.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баатарсүрэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонсголон руу айлд очоод ирье гээд миний машиныг гуйгаад авсан. ...тэр шөнөө миний машинтай явж байгаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт машинтай мөргөлдлөө гэж над руу ярьсан. Надад хэлэхдээ том ачааны машин цагаан шугам давж орж ирээд урдуур ороод тэрэнтэй мөргөлдчихлөө гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 157 дугаар тал), “Toyota Harrier" маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хавтаст хэргийн 29 дүгээр тал), “Хас үнэлгээ” ХХК-ний үнэлгээний тайлан, гэрэл зураг (хавтаст хэргийн 68-70 дугаар тал),

-Шүүгдэгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:

“...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны замд 2019 оны 08 дугаар сарын 21-ний шөнө 22 цаг 40 минутын үед Dongfeng маркийн 95-17 УНХ  улсын дугаартай автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд яваад зүүн эргэж “Мон цемент” ХХК үйлдвэр рүү орох гээд үргэлжилсэн цагаан шугам даваад ортол баруун хойд дугуй руу машин ирээд мөргөсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар тал),

 яллагдагчаар өгсөн “...Тухайн зам тээврийн осол миний буруугаас болж үйлдэгдсэн гэдгийг би мэдэж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 161 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10308 дугаартай дүгнэлтийн “...Б.Бийн биед зүүн шагайн үений гадна хавчаарын бага зэргийн зөрөөтэй далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 52 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10417 дугаартай дүгнэлтийн “...Б.Баатарсүрэнгийн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48 дугаар тал),

-“Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн  №065780 дүгнэлт. ...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 63-66 дугаар тал),

-Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 492 дугаартай дүгнэлтийн ”...Dongfeng” маркийн ... УНХ улсын дугаартай автомашины жолооч Дгийн Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан “ 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.” /1.3 ( үргэлжилсэн шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана,/ гэсэн заалтыг, мөн дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс  чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...”гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 73-74 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Тыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн осол гарах үед “Toyota Harrier” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодон явсан Б.Баатарсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 дэх заалтад зааснаар 2018.11.01-2019.11.01 хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан (хавтаст хэргийн 35 дугаар тал)  байхад тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил байх бөгөөд Б.Баатарсүрэнгийн буруутай үйлдлээс зам тээврийн осол гараагүй байх тул түүний дээрх зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан байна. (хавтаст хэргийн 36 дугаар тал) байгааг дурдав.

Харин тус хэрэгт прокурорын гаргасан дараах зөрчил байсан ба, цаашид анхаарвал зохино.Үүнд:

 1.Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намууны үйлдсэн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаар яллах дүгнэлтэд яллагдагч Д.Тын овгийг буруу бичсэн, улмаар шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг товлон, уг асуудлыг болон яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан өөрөөр хэлбэл яллагдагчийг буруутгасан Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг бүхэлд нь өөрчилж, өөр заалтаар буруутгаж, өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолыг яллагдагчид танилцуулаагүй зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил зэргийг хэлэлцүүлсэн. Уг хэлэлцүүлгээр прокурор Э.Намуун нь өөрчлөлт оруулсан тогтоолыг өөрөө яллагдагчид шүүхийн шатанд танилцуулах, яллах дүгнэлтийн техникийн алдааг засая гэх хүсэлтийг гаргаж, шүүх түүний хүсэлтийг хүлээн авч, алдааг засах зөвшөөрөл олгосон боловч 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр товлогдсон шүүх хуралд прокурор Э.Намуун яллагдагч Д.Тт шинээр яллах дүгнэлт дахин үйлдэж ирүүлсэн ба, нэг хэрэгт хоёр өөр яллах дүгнэлт үйлдэгдэх үндэслэлгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, яллах дүгнэлтийг техникийн алдааг засахыг дахин прокурорт даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Мөн дахин товлогдсон 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд прокурор Э.Намуун яллах дүгнэлтийг алдаагаа засварлаагүй, улмаар шүүхэд шилжсэн хэрэгт прокурор яллах дүгнэлтийг засах эрх хуулиар олгогдоогүй, шүүх өөрөө яллах дүгнэлтийг засах боломжтой гэсэн тайлбарыг хэлж, яллах дүгнэлтийн техникийн алдааг засаагүй. Прокурорын байгууллагын тухай хуулийн 32.1 дүгээр зүйлдПрокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэхээр тогтоол гаргана.” гэж заасан байх ба, прокурор Э.Намуун өөрийн үйлдсэн яллах дүгнэлтийн техникийн алдааг засварлаж тогтоол гаргах бүрэн эрхээсээ татгалзсан болохыг анхаарвал зохино.

Прокурорт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тэрээр яллах дүгнэлт үйлддэг ба, уг дүгнэлтийн техникийн алдааг шүүх засварлах, прокурорын баталгаажуулсан яллах дүгнэлтийг шүүх өөрчлөх эрх байхгүй, харин шаардлагатай бол хуульд зааснаар яллах дүгнэлтийг үйлдлүүлэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.

2. Мөн тус эрүүгийн хэрэгт оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн, хязгаарласан дараах зөрчил байв. Үүнд:

-хэргийн 49 дүгээр талд авагдсан шинжээчийн 10417 дугаартай дүгнэлтийг яллагдагч Д.Тт танилцуулаагүй,

-хэргийн 50 дугаар талд авагдсан Б.Бийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох шинжээч томилсон тогтоолыг хохирогч Б.Бэд танилцуулаагүй,

-хэргийн 60 дугаар талд авагдсан “Toyota Harrier” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд авто тээврийн үндэсний төвөөр шинжилгээ хийлгэх тухай шинжээч томилсон тогтоолыг тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг гарах үед жолоодон явсан иргэний нэхэмжлэгч Б.Баатарсүрэнд болон дээрх тээврийн хэрэгслийн эзэмшигч, иргэний нэхэмжлэгч А.Гансүх нарт танилцуулаагүй,

-хэргийн 72 дугаар талд авагдсан зам тээврийн ослын хэрэгт “Toyota Harrier” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Баатарсүрэн, “Dongfen” маркийн ... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Т нарыг Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэхийг тогтоолгохоор “Тээврийн цагдаагийн албаны техникийг шинжээч”-ийг томилсон мөрдөгчийн тогтоолыг иргэний нэхэмжлэгч Б.Баатарсүрэнд танилцуулаагүй,

-хэргийн 73 дугаар талд авагдсан тээврийн цагдаагийн албаны техникийн  шинжээчийн 492 дугаар дүгнэлтийг хохирогч Б.Бэд танилцуулаагүй зэрэг зөрчилтэй байх ба, энэхүү зөрчлийг хянаагүй талаар, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй талаар улсын яллагчаас тодруулахад шүүх хуралдаанд “хэлэх тайлбар байхгүй, анхааралгүй хандсан” байна гэх бөгөөд прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан бүрэн эрх, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй ноцтой алдаатайг анхаарвал зохино.

Тус эрүүгийн хэрэг нь урьд прокурор Э.Намууны үйлдсэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаар “яллах дүгнэлт”-д яллагдагчийг буруутгасан Замын хөдөлгөөний дүрмийн заалт нь “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол”-оос эрс зөрүүтэй буюу Замын хөдөлгөөний дүрмийн өөр заалтаар буруутгасан прокурорын ноцтой алдаа байсан учраас хэргийг прокурорт буцаасан, уг зөрчлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан байх ба, хэргийг дахин прокурорт буцаахад хэргийн оролцогчдийн хуулиар олгогдсон эрх зөрчигдөх, чирэгдэхээр байна. Нөгөө талаас хохирогч Б.Бэ нь Монгол Улсын хилээр гарсан, иргэний нэхэмжлэгч А.Гансүх нь хөдөө орон нутагт удаан хугацаагаар ажиллахаар явсан гэж шүүхэд мэдэгдсэн зэргээр зөрчил нь нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэл бий болсон тул хэрэг маргааныг түргэн, шуурхай хянан шийдвэрлэх хуулийн зорилтод нийцүүлэн, мөн яллагдагчийн овог нэрийг түүний хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаатай тулган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Харин тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуун нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй зөрчлийг тогтоолд тэмдэглэж, цаашид анхаарвал зохино.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг энэ гэмт хэргийн хор уршигт тооцно.

Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Баатарсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч А.Гансүхийн эзэмшлийн “Toyota Harrier” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролдд 3.303.000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Үүнээс:

1.Зам тээврийн осол хэрэг болсоны дараа шүүгдэгч Д.Т нь хохирогч Б.Бийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардалд “Мед травма” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд 40.000 төгрөг, 120.000 төгрөг, 600.000 төгрөг,  мөн “Лазер мед” оношилгооны газарт компьютер томографикийн шинжилгээ хийлгэхэд 220.000 төгрөг, нийт 980.000 төгрөг нөхөн төлсөн байна. Харин хохирогч Б.Бэ нь хохирогчоор мэдүүлэхдээ эмчилгээнд 2.674.000 төгрөг, ахуйн зардалд 1.000.000 төгрөг болсноос 1.200.000 төгрөгийг  төлсөн. Тийз 3.822.000 төгрөг, утас I phone Х 2.950.000 төгрөг, хөл бэртснээс 2 сар ажилдаа яваагүй. Ажилд яваагүй цалин, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно гэж мэдүүлсэн байх боловч холбогдох нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул энэ тогтоолоор уг хохирлыг шийдвэрлэх боломжгүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

2.Иргэний нэхэмжлэгч Б.Баатарсүрэн өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй боловч шүүгдэгч Д.Т нь “Мед травма” эмнэлэгт түүний хэвтэн эмчлүүлсэн 180.000 төгрөг, “Лазер мед” оношилгооны газарт компьютер томографикийн шинжилгээ хийлгэхэд 100.000 төгрөг, нийт 280.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул энэ тогтоолоор Б.Баатарсүрэнд шүүгдэгч нь төлөх төлбөргүй байна.

3. Б.Баатарсүрэнгийн жолоодон явсан “Toyota Harrier” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь А.Гансүх болох нь тогтоогдсон ба, иргэний нэхэмжлэгч А.Гансүх өөрийн автомашины эвдэрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 3.303.000 төгрөгийг нэхэмжилжээ. Үүнээс шүүгдэгч Д.Тын жолоогдон явсан “Dongfen” маркийн ... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалаас буюу “Монгол даатгал”-с иргэний нэхэмжлэгч А.Гансүхэд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 2.576.340 төгрөг шилжүүлсэн байна, мөн шүүгдэгч Д.Т нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 500.000 төгрөг иргэний нэхэмжлэгч А.Гансүхэд шилжүүлж, түүний автомашины хохиролд 3.076.340 төгрөг нөхөн төлөгдөж, 226.660 төгрөг төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч А.Гансүх нь эрүүгийн хэрэгт автомашиныг авто сервисэд хүргэхэд ачилтын 150.000 төгрөг, “Хас үнэлгээ” ХХК-иар автомашины эвдрэлийг хохирлын үнийг тогтоолгох ажлын хөлс 162.000 төгрөг, хашааны ачилт 160.000 төгрөг, оношилгоо хийлгэхэд ачилтын 150.000 төгрөг, оношилгооны 35.000 төгрөг, нийт 675.000 төгрөг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлсэн, энэхүү нэхэмжилсэн төлбөрийг шүүгдэгч нь төлөөгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Таас 883.660 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Гансүхэд олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Таас иргэний нэхэмжлэгч А.Гансүх нь үлдэх хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн гэж мэдүүлэх боловч иргэний нэхэмжлэгч А.Гансүх нь нэхэмжлэхгүй гэх, нэхэмжлэлээсээ татгалзсан хууль ёсны баримтыг шүүхэд ирүүлээгүй тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирлыг баримтын хүрээнд шүүх хангаж шийдвэрлэсэн болно.

4. Иргэний нэхэжлэгч Б.Д нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Харин тус хэрэгт “Dongfeng del” 5250 маркийн 95-17 УНХ  улсын  дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Дг иргэний хариуцагчаар тогтоосон байх боловч шүүгдэгч Д.Т нь дээрх тээврийн хэрэгслийг Б.Дгаас хүлээж аваагүй, иргэн А.Баярсайханаас хүлээж авч жолоодон явсан талаар мэдүүлэх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих нөхцөл байдлыг мөрдөн байцаалтад бүрэн тогтоох ажиллагааг хийгээгүй байх тул иргэний хариуцагчаас хохирлыг гаргах боломжгүй гэж үзэж, шүүх түүнийг иргэний хариуцагчаас чөлөөлж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Тыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч нийт 18 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт эдлэх ялыг 96 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж байна. Хэрэгт хураагдсан эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах зардалгүй гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “Д.Т нь хэрэгтээ гэмшиж, хохирлыг өөрийн хэмжээнд төлж ирсэн, цаашид хохирлыг нөхөн төлнө, улсын яллагчийн саналын тухайд хэлэх зүйлгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг хасч тооцож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргав. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй тул хөнгөрүүлэх үндэслэл болохгүй.

Шүүгдэгч Д.Т нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

4.Бусад асуудлаар:

1.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялаас 136 цагийн ажлын ялыг эдэлсэнд тооцож, үлдэх ялыг 584 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Дгийн Тыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 17 (арван долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас  136 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Д.Тын биечлэн эдлэх ялыг 584 (таван зуун наян дөрөв) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Тын  иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Бэ, иргэний нэхэмжлэгч Б.Баатарсүрэн, Б.Д нарт төлөх төлбөргүйг болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар  зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Таас 883.660 / найман зуун наян гурван мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч А.Гансүхэд олгож, иргэний хариуцагч Б.Дг иргэний хариуцагчаас чөлөөлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Бэ нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, бусад зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл  гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА