Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 88

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00558/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 643 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Г-т холбогдох

“Гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Г-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Н.Б-аас:

Н.Б- миний бие нь 1990 онд Г.Г-тэй гэр бүл болж эдүгээ хүртэл хамтран амьдарч байна. Эхнэрийн маань зан ааш хувирч уур уцаар ихтэй болсон. Би хүүхдүүдээ, амьдралаа бодоод энэ хүний өмнө байнга буулт хийж ирсэн. Цаашид Г.Г-тэй эвлэрч хамт амьдрах боломжгүй би өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд байна гэж үзэж байгаа тул гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдүүд бүгд насанд хүрсэн, эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж нэхэмжилжээ.

Хариуцагч Г.Г-ээс:

1990 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. Амьдралын төлөө л хоёулаа хөдөлмөрлөж байсан. Нэхэмжлэгч Н.Б- 2017 онд Зулзагын голд ногоо тарьснаас хойш ааш зан нь эвдрээд нөгөө хүүхэн нь чи нохой шиг амьдруулж байхаас над руу явуулчих гэж хэлдэг. Манай нөхөр чи хотод амьдар би А-тай Дарханд амьдаръя гэж хэлдэг. Н.Б- намайг үсдэж дараад нэг гараараа цохиж байхад нь би биеэ хамгаалах үүднээс төмсөг рүү нь цохисон. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зах амраад миний утасны эрх хаагдсан байсан учраас нөхрийн утсаар ярих гэхэд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ байна. Хайраа зохицуулж амьдрах хэцүү байна шүү гэсэн мессеж ирсэн байсан. Би тэр хүүхэн рүү нь залгатал юундаа ичдэг юм бэ гээд байсан. 3 сард болсон зодоон бол хүүхнээс болж хэрүүл хийсэн гэж тайлбар гаргажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 643 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Х- овгийн Н-н Б-, Н- овгийн Г-ын Г- нарын гэрлэлтийг цуцалж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлэхийг дурдаж,

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Г- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг эдлүүлээгүй, хэргийн материалтай танилцуулаагүй байж танилцуулсан гэж гарын үсэг зуруулсан байсан. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх тухай бүх шатны арга хэмжээ авах гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасныг шүүх зөрчсөн. Гэрлэлт цуцлахыг хариуцагч тал зөвшөөрөөгүй байхад хэт нэг талыг барьж шүүх шийдвэрлэсэн нь буруу юм. Гэрлэгсэд тус тусдаа амьдарч байгаа тэд тусдаа амьдрах хугацаанд хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх идэвх санаачилга гаргаагүй гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүгч хэргийн материалтай танилцуулах эрхийг эдлүүлээгүй хийсвэр дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг шүүх шийдвэртээ дурдаагүй нь хууль зөрчжээ. Эд хөрөнгийн маргаангүй боловч бидний амьдралын туршид үүссэн бусдад төлөх өрийн асуудлыг хэрхэн хариуцах талаар шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Үүнд:

  1. Хүүхдийн сургалтын төлбөр 1.300.000 төгрөг
  2. Эрдэнэчимэг 11.000.000 төгрөг
  3. Энхцэцэг 4.600.000 төгрөг
  4. Пүрэвцогт 5.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй
  5. Байрны түрээсийн мөнгө 1.600.000 төгрөг өөр бусад өр байгаа.

Хоёр хүү хүнтэй сууж гараагүй. Иймд миний бие нь 2 хүүтэйгээ нөхрийн хамт түрээсийн байранд амьдарч байгаа энэ хүн надаас салаад утсаа хаагаад алга болоход энэ хүмүүс бүгд надаас өрөө төлөхийг шаардаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

1. Хариуцагч Г.Г- нь нэхэмжлэлийг хүлээн авч хариу тайлбар гарган хавтаст хэрэгт гаргасан хэрэгт авагдсан хэргийн материалтай танилцан гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчөөгүй байгаа.

2. Миний бие зүрхний шигдээс өвчтэй энэ нь миний амь насанд аюултай би тайван байхгүй бол үхэх магадлалтай гэдгийг шүүхэд нотлох баримтаар эмнэлгийн магадалгаа өгсөн. Хариуцагч Г.Г- намайг байнга дарамтдаа байлгадгаас  амиа хорлох үйлдэл хийхийг бодож байсан. Харин А-тэй танилцаад амиа хорлож үхэхээс татгалзах болсон. Одоо би А-тэй амьдарлаа холбосон хамт амьдарч байгаа. Г.Г-ээс гэрлэлтээ цуцлуулаад А-тэй бүртгүүлэх болно.

3. Шүүх үндэслэх хэсэгтээ ... гэрлэлтийн баталгааны хуулбар, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. мөн тус тусдаа амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн бусадтай гэр бүлийн харилцаа тогтоосноос гэр бүлийн маргаан үүссэн хариуцагч Г.Г- нь нэхэмжлэгч Н.Б-ыг зодож гэмтээсэн гэрэл зургийг үгүйсгээгүй болно гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасныг зөрчөөгүй.

4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар уг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэж хууль зөрчөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Б- хариуцагч Г.Г-т холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг шаардаж нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.Г- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Г.Г- давж заалдсан гомдолдоо шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хүүхдийн сурГ-ын төлбөр, байрны түрээсийн төлбөр, бусад өр төлбөрийн асуудлыг шүүх шийдвэрлээгүй гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б- нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрлэлтийг цуцлуулах гэж тодорхойлсон бөгөөд хүүхдүүд насанд хүрсэн, эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Харин анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан, өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг хэрэглэсэн нь хэргийн нөхцөл байдалд тохироогүй байна.

Хариуцагч Г.Г- нь нэхэмжлэгч Н.Б-ыг дарамталдаг зүй бус харьцдаг, түүнчлэн бие мах бодид нь гэмтэл учруулсан баримт хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч энэхүү баримтыг үгүйсгээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан зохигчдод эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр  шийдвэрлэх нь зөв байна.                                                                                                                                   

Анхан шатны шүүх хариуцагч Г.Г-т хуульд заасны дагуу хэргийн материалыг  2018  оны 04 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан түүнийг эдлэх эрх, үүргийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т гэж баримталсныг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг болон өөрчилж, хууль хэрэглээний алдааг залруулж зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 643 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын,

“Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3” гэснийг  “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                   С.ОЮУНЦЭЦЭГ