Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2021/01159

 

2021 оны 05 сарын 28 өдөр                    Дугаар 183/ШШ2021/01159                                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ................. тоотод оршин суух Б овогтой О.Э /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .................... давхарт байрлах Н ХХК д холбогдох

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколын 54.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 54 000 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 150.450.897 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Э нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны .......... тоот 169.7мкв 5 өрөө орон сууцын худалдан авахаар Н ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Захиалгын гэрээгээр урьдчилгаа төлбөр 10 хувь буюу 78.290.000 төгрөгийг Н ХХК-д шилжүүлсэн. 2016 оны 04 сард уг орон сууцанд амьдарч эхэлсэн үүний дараа 2018 оны 04 сард ......... тоот орон сууцыг миний бие хүлээн авсан. Уг орон сууцыг хүлээн авсны дараа 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Н ХХК-тай харилцан тохиролцож Орон сууц захиалгыг гэрээг цуцалж дуусгавар болгосон. Орон сууц захиалгыг гэрээг цуцалж дуусгавар болгосон үндэслэл нь 201 тоот орон сууцанд хүүхдийн өрөөний радиатор халдаггүй, ариун цэврийн өрөө шалны халаалтгүй, гал тогооны хэсгийн бохирын сипон дээр суусан, холболт хийгдэхэд хүндрэлтэй, цонх сийгэгчтэй зэрэг эд хөрөнгийн доголдол байсан тул хариуцагч талтай харилцан тохирч 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Харилцан тохиролцсон хэлцлийн протокол үйлдэж уг орон сууц захиалгын гэрээг цуцалж дуусгавар болгосон. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколоор хариуцагч Н ХХК нь урьдчилгаа 78.290.000 төгрөгөөс 25.000.000 төгрөгийг надад өгсөн үлдэх 54.000.000 төгрөгийг хариуцагч нь орон сууцыг түрээсэлж суусанд тооцож түрээсийн төлбөрт суутган авсан. Тухайн үед мөнгөний хэрэгтэй байсан тул 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн орон сууц захиалгыг гэрээг цуцалж дуусгавар болгосон Харилцан тохиролцсон хэлцлийн протоколд гарыг үсэг зурж 25.000.000 төгрөгийг буцаан авсан. Хариуцагчтай орон сууц захиалгыг гэрээ байгуулж, тухайн орон сууц захиалгыг гэрээг цуцалж дуусгавар болгосон, түүнээс тухайн орон сууцыг түрээсэлж суусан зүйл байхгүй, ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколын 54.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчаас 54.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид, О.Э-тай харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ........ нийт 169.7 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг худалдахаар 2016 оны 3 дугаар сард Орон сууц захиалгын RG0000000 дугаар гэрээг байгуулсан. Орон сууц захиалгын гэрээгээр, нэхэмжлэгч О.Э нь орон сууцны төлбөрийг бүрэн төлөх үүргийг Н ХХК-тай өмнө хүлээсэн бөгөөд орон сууцны төлбөрөөс урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 78.290.000  төгрөгийг 2016 оны 3 дугаар сард, харин үлдэх төлбөр болох гэрээний үнийн дүнгийн 90 хувь буюу 704.610.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч О.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд энэхүү орон сууцны төлбөрөөс урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэх төлбөрийг төлнө гэсээр бүтэн 2 жил орон сууцандаа амьдарсан болно. Ийнхүү Бид, нэхэмжлэгч О.Э-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээг цуцлахдаа түүнтэй харилцан тохиролцож, гэрээг цуцлах хүртэлх хугацааны алданги 156.5 сая төгрөг /орон сууц захиалгын гэрээний 6.4-т/ болон тухайн орон сууцанд 2 жил амьдарсан засварын зардал зэргийг тооцохгүйгээр 2018 оны 09 дүгээр сард байгуулсан гэрээг дүгнэж, улмаар тухайн орон сууцанд бүтэн 2 жил үнэ төлбөргүйгээр амьдарсны зардлыг түрээс тооцох хэлбэрээр үр дагаврыг тооцож гэрээг цуцалсан. Манай байрууд зах зээл дээр түрээсийн төлбөр сард 5.000.000 төгрөг байдаг ч 2.250.000 төгрөгөөр тооцож тохирсон, уг протокол дээр талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан, гэрээний чөлөөт байдалд нийцсэн, дүр үзүүлсэн зүйл огт байхгүй, давахаас хоёр талыг байлцуулж нэг уулзуулах гээд буцаасан юм шиг байсан, шийдэгдэх бүрэн боломжтой хэрэг байсан хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Э-ын нэхэмжлэлтэй Н ХХК-нд холбогдох, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Бид О.Э-тай харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............ байр, нийт 169.7мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг худалдахаар 2016 оны 3 дугаар сард Орон сууц захиалгын RG000000000 дугаар гэрээг байгуулсан.

Орон сууц захиалгын гэрээгээр, нэхэмжлэгч О.Э нь орон сууцны төлбөрийг бүрэн төлөх үүргийг Н ХХК-ийн өмнө хүлээсэн бөгөөд орон сууцны төлбөрөөс урьдчилгаа төлбөрт, гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 78.290.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сард, харин үлдэх төлбөрт, гэрээний үнийн дүнгийн 90 хувь буюу 704.610.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч, нэхэмжлэгч О.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд энэхүү орон сууцны төлбөрөөс урьдчилгаа төлбөрөөс урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэх төлбөрийг төлнө гэсээр бүтэн 2 жил орон сууцандаа амьдарсан болно.

Иймд, Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээг цуцлах хүртэлх хугацаа / 2016.07.01-2018.09.28/-ны алданги 140.922.000 төгрөг, орон сууц захиалгын гэрээний 6.4-т болон тухайн орон сууцанд 2 жил амьдарсан засварын зардал 9.528.897 төгрөг, нийт 150.450.897 төгрөгийг нэхэмжлэгч О.Э-аас гаргуулж өгнө үү, Өөрөөр хэлбэл протоколоосоо буцаж байгаа бол бид гэрээний үүргээ шаардана гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүхэлд нь зөвшөөрөхгүй, засвар хийсэн баримтыг нь харахаар нэхэмжлэгчийг амьдарч байх үед хийгдсэн байна, ийм засвар хийгдэж байгаагүй тул үндэслэлгүй бас гэрээ нэгэнт цуцлагдчихсан байхад гэрээний үүрэг алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

         ҮНДЭСЛЭХ нь: 

 

О.Э нь Н ХХК д холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколын 54.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож 54 000 000 төгрөг гаргуулах тухай, мөн Н ХХК нь гэрээний үүрэгт 150,450,897 төгрөгийг О.Э-аас гаргуулахаар шаардлага гаргасныг дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд: О.Э нь Н ХХК-д холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколын 54.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 54.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, түүнийхээ үндэслэлийг хариуцагчтай орон сууц захиалгын гэрээ байгуулж, тухайн орон сууц захиалгыг гэрээг цуцалж дуусгавар болгосон, түүнээс тухайн орон сууцыг түрээсэлж суусан зүйл байхгүй, ямар нэгэн түрээсийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй, мөнгөний хэрэгцээ байсан тул энэ протоколд гарын үсэг дүр үзүүлж зурсан гэж тайлбарлан дэмждэг. Хариуцагчийн тухайд нэхэмжлэгч О.Э-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээг цуцлахдаа түүнтэй харилцан тохиролцож, гэрээг цуцлах хүртэлх хугацааны алданги 156.5 сая төгрөг болон тухайн орон сууцанд 2 жил амьдарсан засварын зардал зэргийг тооцохгүйгээр 2018 оны 09 дүгээр сард байгуулсан гэрээг дүгнэж, улмаар тухайн орон сууцанд бүтэн 2 жил үнэ төлбөргүйгээр амьдарсны зардлыг түрээс тооцох хэлбэрээр харилцан тохиролцож шийдвэрлэсэн гэсэн агуулгаар мэтгэлцэж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцдог.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч О.Э нь Н ХХК -тай 2016 оны 03 дугаар сарын 27-ний өдөр RG0000000 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээнд зааснаар гүйцэтгэгч Хан Уул дүүргийн 11 хороонд байрлах ........ тоот 169.7 кв метр квадрат талбай бүхий орон сууцыг 2016 оны 02 дугаар улиралд багтаан барьж дуусгахаар, захиалагч тал ажлын хөлсөнд 782 900 000 төгрөг төлөхөөр тохиролцжээТалууд гэрээгээ орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч уг гэрээ худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан буюу нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо байна.Иймд зохигчид худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан энэхүү гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ буюу орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ 2014 оны 04 дүгээр сард гүйцэтгэсэн, нэхэмжлэгч орон сууцны үнэд урьдчилгаа 78.290.000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь тус орон сууцанд 2018 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэл хугацаанд амьдарч байгаад талууд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг цуцалсан байх бөгөөд тийнхүү цуцлахдаа Харилцан тохиролцсон хэлцлийн протокол гэх нэртэй бичиг баримтыг үйлдсэн байна. Энэхүү протоколын агуулга нь талууд тухайн орон сууцны хүүхдийн өрөөний радиатор халдаггүй, ариун цэврийн өрөө шалны халаалтгүй, гал тогооны хэсгийн бохирын сипон дээр суусан, холболт хийгдэхэд хүндрэлтэй, цонх сийгэгчтэй, түүнчлэн захиалагч талын хувьд цаашид төлбөр төлөх боломжгүй болсон гэх шалтгаануудаар гэрээг цуцалжээ. Ийнхүү гэрээг цуцалж дуусгавар болгож байгаатай холбогдуулан 2016 оны 04 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл амьдарсан тул түүнийг түрээсэлсэн хугацаанд тооцон/ нэг сарын 2 250 000 төгрөг/ нийт 54.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн, халаалт муу байснаас цахилгааны хэрэглээ өндөр гарсан 710.000 төгрөгийг гүйцэтгэгч тал хариуцахаар тохиролцжээ. Хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэдэг бөгөөд гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болгох хүсэл зориг агуулагддаг. Энэ утгаараа гэрээг цуцлах тохиолдолд Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалт үйлчлэх буюу аль нэг тал нь гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д зааснаар талууд энэ журмыг баримталж гэрээг цуцлахдаа 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Харилцан тохиролцсон хэлцлийн протокол гэх нэртэй бичиг баримтыг үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл гэрээг цуцлах саналыг хоёр талаасаа харилцан гаргасан гэж үзэх бөгөөд гэрээг ийнхүү цуцалж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гүйцэтгэгч нь захиалагчаас шилжүүлэн авсан 78.920.000 төгрөгийг бүхэлд нь буцааж өгөх, захиалагч нь орон сууцыг буцаан хэвийн байдлаар шилжүүлэн өгөх үүрэгтэй байна. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 03 дугаар сарын 27-ний өдөр RG0000000 тоот Орон сууц захиалгын гэрээнд ямар нэг байдлаар гэрээ цуцлагдсан тохиолдолд түрээсийн төлбөр тооцох талаар харилцан тохиролцоо байхгүй, талуудын хооронд орон сууц хөлслөх, хөлслүүлэх хүсэл зориггүй байхад 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Харилцан тохиролцсон хэлцлийн протокол гэх нэртэй бичиг баримтаар 54.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн гээд уг мөнгийг түрээсийн төлбөрт тооцон авсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 -т заасантай нийцэхгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 т заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Н ХХК нь О.Э-д 54 000 000 төгрөгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй байх боловч талуудын хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 27-ний өдөр RG0000000 тоот Орон сууц захиалгын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 т Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс эсхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон эсхүл захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны урьдчилгаанд төлөгдсөн төлбөрийг буцаан олгогдохгүй бөгөөд орон сууцны төлөгдсөн төлбөрийн 10 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгчид төлнө гэж зааснаар 7 892 000 төгрөгийн торгуулийг 54 000 000 төгрөгөөс хасаж тооцоод 46 108 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Учир нь талууд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг цуцлах саналыг зэрэг гаргасан , хэн аль нь гэрээ цуцлахад хэн аль нь буруутай байх тул гүйцэтгэгч төлөгдсөн төлбөрийг олгох үүрэгтэй боловч торгуулиа суутган авах эрх байгаа гэж шүүх үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

О.Э нь Н ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 27-ний өдөр RG0000000 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулсан байх бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг цуцалсан байна. Энэхүү цуцалсан үйл баримт дээр талууд маргадаггүй болно.

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно. Иймээс 2016 оны 03 дугаар сарын 27-ний өдөр RG000000000 тоот Орон сууц захиалгын гэрээний 6.4-т заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх алданги 140.922.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Харин тухайн орон сууцанд 2 жил амьдарсан буюу 2016 оны 04 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд амьдарсан тул засвар хийж, дараагийн худалдан авагчтай гэрээ хийх шаардлагатай байсан тул 9.528.897 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна. Учир нь талууд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг цуцлах саналыг зэрэг гаргасан, гэрээ цуцлахад хэн аль нь буруутай байх тул захиалагч өөрийн амьдарч байсан орон сууцыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-т зааснаар үүргийн зүйлийг элэгдүүлсэн үндэслэлээр мөнгөөр нөгөө талдаа нөхөн төлөх үүрэгтэй. Тодруулбал О.Э 2016 оны 04 дүгээр сард шинэ орон сууц хүлээн авсан тул түүнийгээ яг тэр байдлаар нь Н ХХК-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс захиалагч тал тухайн орон сууцанд засвар хийсэн зардлаа шаардах эрхтэй байна.

Дээрхийг нэгтгээд үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, талуудын урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар хуваарилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколын 54.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Н ХХК-аас 46.108.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Э-д олгосугай.

2.  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3 дах хэсэгт заасныг үндэслэн Н ХХК-д орон сууцны засварын зардалд 9 528 897 төгрөгийг О.Э-аас гаргуулж, үлдэх 140 922 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-аас 388.490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Э-д, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 910.205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Э-аас 167.462 төгрөгийг гаргуулан хариуцагч Н ХХК-д олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.ЧУЛУУНЧИМЭГ