Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00185

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00185

 

О.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02625 дугаар шийдвэртэй

О.Эын нэхэмжлэлтэй хариуцагч Н ХХК-д холбогдох

2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн харилцан тохиролцсон хэлцлийн протоколын 54 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

орон сууц захиалгын гэрээний үүрэгт 150 450 897 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.Давгажанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Э нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны РИВЕР ГАРДЕН 308 дугаар байрны 201 тоот 169.7мкв 5 өрөө орон сууцыг худалдан авахаар Н ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Захиалгын гэрээгээр урьдчилгаа төлбөр 10 хувь буюу 78 290 000 төгрөгийг Н ХХК-д шилжүүлсэн. 2016 оны 4 дүгээр сард уг орон сууцанд амьдарч эхэлсэн. Үүний дараа 2018 оны 4 дүгээр сард РИВЕР ГАРДЕН 1 хотхоны 308 дугаар байрны 201 тоот орон сууцыг хүлээн авсан. Уг орон сууцыг хүлээн авсны дараа 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Н ХХК-тай харилцан тохиролцож орон сууц захиалгыг гэрээг цуцалж дуусгавар болгосон. Орон сууц захиалгыг гэрээг цуцалж дуусгавар болгосон үндэслэл нь 201 тоот орон сууцанд хүүхдийн өрөөний радиатор халдаггүй, ариун цэврийн өрөө шалны халаалтгүй, гал тогооны хэсгийн бохирын сипон дээр суусан, холболт хийгдэхэд хүндрэлтэй, цонх сийгэгчтэй зэрэг эд хөрөнгийн доголдол байсан тул хариуцагч талтай харилцан тохирч 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Харилцан тохиролцсон хэлцлийн протокол үйлдэж, орон сууц захиалгын гэрээг цуцалж дуусгавар болгосон. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколоор хариуцагч Н ХХК нь урьдчилгаа 78 290 000 төгрөгөөс 25 000 000 төгрөгийг надад өгсөн. Үлдэх 54 000 000 төгрөгийг хариуцагч нь орон сууцыг түрээсэлж суусанд тооцож түрээсийн төлбөрт суутган авсан. Түүнээс тухайн орон сууцыг түрээсэлж суусан зүйл байхгүй, ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй. Иймд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколын 54 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат, Б.Мандуул нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид О.Этай харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол улсын гудамжинд байрлах Ривер гарден хотхоны бэлэн ашиглалтад орсон 308 дугаар байр, нийт 169.7 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг худалдахаар 2016 оны 3 дугаар сард Орон сууц захиалгын RG442308201 дугаар гэрээг байгуулсан. Орон сууц захиалгын гэрээгээр нэхэмжлэгч О.Э нь орон сууцны төлбөрийг бүрэн төлөх үүргийг Н ХХК-ийн өмнө хүлээсэн бөгөөд орон сууцны төлбөрөөс урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 78 290 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сард, харин үлдэх төлбөр болох гэрээний үнийн дүнгийн 90 хувь буюу 704 610 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлөхөөр тохирсон. Гэвч нэхэмжлэгч О.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд энэхүү орон сууцны төлбөрөөс урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэх төлбөрийг төлнө гэсээр бүтэн 2 жил орон сууцандаа амьдарсан болно. Ийнхүү бид нэхэмжлэгч О.Этай байгуулсан Орон сууц захиалгын гэрээг цуцлахдаа гэрээг цуцлах хүртэлх хугацааны алданги 156 5 сая төгрөг /орон сууц захиалгын гэрээний 6.4-т/ болон тухайн орон сууцанд 2 жил амьдарсан засварын зардал зэргийг тооцохгүйгээр 2018 оны 9 дүгээр сард байгуулсан гэрээг дүгнэж, улмаар тухайн орон сууцанд бүтэн 2 жил үнэ төлбөргүйгээр амьдарсны зардлыг түрээс тооцох хэлбэрээр харилцан тохиролцож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид О.Этай харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол Улсын гудамжинд байрлах Ривер гарден хотхоны бэлэн ашиглалтад орсон 308 дугаар байр, нийт 169.7мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг худалдахаар 2016 оны 3 дугаар сард Орон сууц захиалгын RG442308201 дугаар гэрээг байгуулсан. Орон сууц захиалгын гэрээгээр нэхэмжлэгч О.Э нь орон сууцны төлбөрийг бүрэн төлөх үүргийг Н ХХК-ийн өмнө хүлээсэн бөгөөд орон сууцны төлбөрөөс урьдчилгаа төлбөрт, гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 78 290 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сард, харин үлдэх төлбөрт гэрээний үнийн дүнгийн 90 хувь буюу 704 610 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлөхөөр тохирсон. Гэвч нэхэмжлэгч О.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд энэхүү орон сууцны төлбөрөөс урьдчилгаа төлбөрөөс урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэх төлбөрийг төлнө гэсээр бүтэн 2 жил орон сууцандаа амьдарсан болно. Иймд талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээг цуцлах хүртэлх хугацаа /2016.07.01-2018.09.28/-ны алданги 140 922 000 орон сууц захиалгын гэрээний 6.4-т болон тухайн орон сууцанд 2 жил амьдарсан засварын зардал 9 528 897 төгрөг, нийт 150 450 897 төгрөгийг нэхэмжлэгч О.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, засвар хийсэн баримтыг нь харахаар нэхэмжлэгчийг амьдарч байх үед хийгдсэн байна. Ийм засвар хийгдэж байгаагүй тул үндэслэлгүй, бас гэрээ нэгэнт цуцлагдчихсан байхад гэрээний үүрэг алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн О.Эын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколын 54 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, Н ХХК-ийн орон сууц захиалгын гэрээний үүрэгт 150 450 897 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 427 950 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 910 205 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давгажанцан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Харилцан тохиролцсон хэлцлийн протокол гэх нэртэй бичиг баримтын агуулгаас дүгнэхэд талууд үр дагавар, үүрэг хариуцлагаа нэг бүрчлэн тохирч, хүсэл зоригоо илэрхийлжээ... гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч О.Э нь Хан-Уул дүүргийн 11 хорооны РИВЕР ГАРДЕН 308 дугаар байрны 201 тоот 169.7 м.кв 5 өрөө орон сууцыг худалдан авахаар Н ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр урьдчилгаа төлбөр 10 хувь буюу 78 290 000 төгрөгийг Номин Консракшн ХХК-д О.Э шилжүүлсэн 2016 оны 4 дүгээр сард уг орон сууцанд амьдарч эхэлсэн. Үүний дараа 2018 оны 4 дүгээр сард РИВЕР ГАРДЕН 1 хотхоны 308 дугаар байрны 201 тоот орон сууцыг нэхэмжлэгч хүлээн авсан. Уг орон сууцыг хүлээн авсны дараа 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Н ХХК-тай харилцан тохиролцож Худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж дуусгавар болгосон. Худалдах, худалдан авах гэрээг цуцалж дуусгавар болгосон үндэслэл нь 201 тоот орон сууцанд хүүхдийн өрөөний радиатор халдаггүй, ариун цэврийн өрөө шалны халаалтгүй, гал тогооны хэсгийн бохирын сипон дээр суусан холболт хийгдэхэд хүндрэлтэй, цонх сийгэлттэй зэрэг эд хөрөнгийн доголдол байсан тул хариуцагч талууд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Харилцан тохиролцсон хэлцлийн протокол үйлдэж, уг худалдах, худалдан авах гэрээг цуцалж дуусгавар болгосон. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протокол-оор хариуцагч Н ХХК нь урьдчилгаа 78 290 000 төгрөгөөс 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн үлдэх 54 000 000 төгрөгийг хариуцагч нь орон сууцыг түрээсэлж суусанд тооцож түрээсийн төлбөрт суутган авсан. Тухайн үед нэхэмжлэгч О.Э мөнгөний хэрэгтэй байсан тул 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг цуцалж дуусгавар болгосон Харилцан тохиролцсон хэлцлийн протоколд гарыг үсэг зурж 25 000 000 төгрөгийг буцаан авсан. Угтаа бол О.Э нь хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн орон сууц нь чанарын шаардлага хангахгүй биет байдлын доголдолтой байсан учир хариуцагчтай тохиролцож худалдах, худалдан авах гэрээг цуцалж дуусгавар болгосон. Түүнээс О.Э тухайн орон сууцыг түрээсэлж суусан зүйл байхгүй, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг худалдах, худалдан авах гэрээг цуцалсан болохоос ямар нэгэн түрээсийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээний зохицуулалтаар талууд хэн алинаасаа үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй. Түрээсийн төлбөрт 54 000 000 төгрөгийг суутган өгөх хүсэл зориг, эрмэлзэлгүй уг үр дүнд хүрэх зорилгоор бус худалдах, худалдан авах гэрээг цуцлах, 25 000 000 төгрөгийг буцаан авах зорилгоор протоколд гарын үсэг зурсан байдаг. Гэтэл шүүх 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн харилцан тохиролцсон хэлцлийн протоколыг талууд үр дагавар, үүрэг хариуцлагаа нэг бүрчлэн тохирч, хүсэл зоригоо илэрхийлжээ гэж дүгнэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим хэсгийг хүчингүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч О.Э нь Н ХХК-д холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон протокол-ийн ...54 000 000 төгрөгийг түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч Орон сууц захиалгын гэрээ-ний үүрэгт 150 450 897 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг тусгасан байхыг хуулиар шаарддаг.

Нэхэмжлэгч О.Эын Харилцан тохиролцсон протокол-ийн ...54 000 000 төгрөгийг түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна. Өөрөөр хэлбэл гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол хүчин төгөлдөр бус үр дагаварт юу шаардаж байгаа вэ гэдэг нь тодорхой бус байна.

Нэхэмжлэгч шүүхээс юу хүссэн, ямар үндэслэлээр хүсэх болсон талаар эрх зүйн хувьд зөв илэрхийлж чадаагүй, ойлгомжгүй нөхцөлд шүүх тодруулж, тодорхой болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасан шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх агуулгад нийцэхээс гадна талуудын мэтгэлцэх хүрээ хязгаарыг зөв тогтооход ач холбогдолтой байна.

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үр дагаврын асуудал хөндөгдсөн байхад талуудад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний эрх чөлөөний зарчмаас гадна гэрээний стандарт нөхцөл, уг нөхцөлтэй холбоотой хэрэглэгчийн гэрээ байгуулагдсан эсэх, хэрэглэгчийн гэрээнд тавигдах шаардлагыг гэрээний зүйл хангаж байгаа эсэхийг тодруулах ёстой. Энэ талаар үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай эсэх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хамаарах юм. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж зохигчдыг уг асуудлаар мэтгэлцүүлснээр талуудын маргааны асуудлаар дүгнэлт өгөх боломжтой.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд тодорхой бус агуулгаар хүлээн авсан нэхэмжлэлийг тодруулах нөхөж гүйцээх мэтгэлцүүлэх ажиллагаа хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02625 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Эын 428 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.ИЧИНХОРЛОО