Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00149

 

 

Ц гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                         

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/00687 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/00925 дугаар магадлалтай,                                                                                                                                   

Ц гийн нэхэмжлэлтэй,

О ад холбогдох

30,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц  нь хариуцагч О ад холбогдуулан 30,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/00687 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч О аас 30,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О аас 311,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШЗ2022/13936 дугаар захирамжид заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/00925 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/00687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О аас 30,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.03-ны өдрийн 210/МА2023/00925 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Ц  нь О ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй, хариуцагчийг айлган сүрдүүлж баримт үйлдүүлж авсан гэж маргадаг. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь утга агуулга, найруулгын хувьд ойлгомжгүйгээс гадна, анхан шатны шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг няцаагаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар О аас 30,800,000 төгрөг гаргуулан Ц д олгож шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, мөн 172 дугаар зүйлийн 172.2.2 дах хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдэлд нөлөөлсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг: Хэргийн үйл баримт: Ц  нь 2018.06.04-ний өдөр н.А аас 40,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай зээлсэн, мөн н.С аас 60,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр тус тус зээлж, нийт 100,000,000 төгрөгийг зээлж, уг нөхцөлөөр О тай тохиролцож, 100,000,000 төгрөгийг Ц  нь О ад зээлсэн. О  нь уг гэрээний нөхцөлийг зөвшөөрч байсан 100,000,000 төгрөгийг Ц гаас зээлж авсан бөгөөд О ын бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж, уг зээлийг төлөх боломжгүй болсон. Энэ бүх хугацаанд Ц  нь О ын зээлсэн үндсэн зээл болон хүүгийн төлбөрт нийт 130,800,000 төгрөгийг төлсөн. Уг үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогддог. О  нь “Зээл төлөх тухай" баримт үйлдэж, уг баримтад үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 30,800,000 төгрөг төлөхийг зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Уг баримтад Ц  өөрийнх нь өмнөөс бусдад зээл болон хүүгийн үүргийг төлж байсныг зөвшөөрч бичсэн байдаг. О  нь Ц д 2022.02.14-ний өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг мөнгө нь үндсэн зээл болон хүүгийн төлбөрт шилжүүлсэн эсэх нь тодорхой бус байдлаар шилжүүлсэн.

Хоёр: Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн. Магадлалын хянавал хэсгийн 3-т “..2021.07.01-ний өдөр “Зээл төлөх тухай” баримтыг Ц  болон О  нар үйлдэж, уг баримтад О ын бусдад төлөх зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 30,800,000 төгрөг, нийт 130,800,000 төгрөгийг Ц  төлсөн, уг мөнгийг О  нь 2021.08.31-ний дотор Ц д төлөхөөр талууд тохиролцжээ” гэж маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа уг үйл баримтыг гуйвуулан тайлбарлаж дүгнэжээ. Ц  нь анх н.А , н.С  нараас зээлж, уг мөнгийг н.А , н.С  нараас зээлсэн нөхцөлөөр О ад 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад н.А  болон н.С , О  нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж буруу тайлбарласан. О  нь н.А , н.С  нартай зээлийн гэрээний харилцаанд ороогүй, харин Ц тай зээлийн гэрээний харилцаанд орсон бөгөөд Ц д зээлийн гэрээний үүргийг төлөхийг зөвшөөрсөн хэлцэл /тохиролцоог/ үйлдэж, уг тохиролцооны дагуу Ц д өөрийн гараар үйлдэж өгсөн байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү шаардах эрх алдах зохицуулалтыг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн энэхүү зохицуулалт нь зээлийн гэрээг анх байгуулахдаа заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага тавиагүй бөгөөд хожим хүү төлөхийг зөвшөөрч, гэрээ байгуулж, баримт үйлдсэнийг хүү тооцох хэлцлийг бичгээр байгуулсантай адилтган үздэг.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон бөгөөд бусдын үүргийг гүйцэтгэсэн тул үүрэг үүссэн гэж шударга ёсонд нийцсэн шийдвэр гаргасан. Ц  нь О аас болж бусдад 30,800,000 төгрөг төлж хохирсон байхад зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй гэж хуулийг илт буруу тайлбарлан хохирол учруулж байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу О гэж зальт этгээдийн хариуцлагагүй зээлийн улмаас хохирсон Ц гийн хохирлыг хэн төлөх вэ. Иргэний эрхийг ийнхүү зөрчсөн, өмчлөх эрхэд халдсан энэ мэт магадлалыг Улсын дээд шүүх өмгөөлөхгүй гэдэгт итгэж байна. О нь өөрөө хүү төлөхийг зөвшөөрч баримт үйлдсэн байхад бичгээр байгуулаагүй гэж дүгнэсэн атлаа хүү төлөхийг зөвшөөрсөн баримтыг хэрхэн, яагаад нотлох баримт гэж үзээгүй нь ойлгомжгүй, нотлох баримтаар яагаад үнэлээгүй, нотолгооны ач холбогдолгүй талаар дүгнэлт хийгээгүй нь тодорхойгүй. Энэ процессын алдааг Улсын дээд шүүх залруулж өгнө үү. Иймд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.03-ны өдрийн 925 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.07.04-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00823 тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золзаяагийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр  шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Ц  нь хариуцагч О ад холбогдуулан “...өөрийн эгч дүү нараас хариуцагчид зээл авч өгсөн учраас өөрөөсөө мөнгө гарган зээлийн хүү 30,800,000 төгрөгийг төлсөн, хариуцагч төлнө гэж баталгаа бичиж өгсөн тул нэхэмжлэх эрхтэй, энэ мөнгийг гаргуулна” гэжээ.

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...зээлийн харилцаа нь хэн хэний хооронд үүссэн, нэхэмжлэх эрхтэй этгээд эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрөө мөнгө зээлсэн бөгөөд бусдад төлөх зээлийн төлбөрийг төлсөн буюу бусдын үүргийг өмнөөс нь гүйцэтгэсэн гэдгээ нотлоогүй...” гэж маргасан.

8. Анхан шатны шүүх хариуцагч О аас 30,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч О аас 30,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9. О  нь 2018 онд нэхэмжлэгч Ц гаар дамжуулж түүний садан төрлийн хүмүүс болох Г.А , н.С  нараас нийт 100,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд улмаар Ц  нь зээлийн төлбөрийг О ын өмнөөс төлж үүргийг дуусгавар болгосон, О  нь 100,000,000 төгрөгийг Ц д төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

10. Хариуцагч О  нь нэхэмжлэгч Ц д 100,000,000 төгрөг төлсөн тухайд талууд маргаагүй бөгөөд харин хүүд төлсөн гэх 30,800,000 төгрөгийг шаардах эрхийн хувьд маргажээ.

11. Нэхэмжлэгчийн “...О  нь өөрөө хүү төлөхийг зөвшөөрч баримт үйлдсэн байхад бичгээр байгуулаагүй гэж дүгнэсэн атлаа хүү төлөхийг зөвшөөрсөн баримтыг хэрхэн, яагаад нотлох баримт гэж үзээгүй нь ойлгомжгүй, нотлох баримтаар яагаад үнэлээгүй, нотолгооны ач холбогдолгүй талаар дүгнэлт хийгээгүй нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

12. Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ц нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар бусдын үүргийг биелүүлэх замаар шаардах эрхийг өөртөө шилжүүлж авсан гэсэн үндэслэлээр хариуцагчид холбогдуулан шаардлага гаргасан гэж дүгнэх нь хууль зүйн хувьд зөв бөгөөд тэрээр н.А , н.С  нарт зээлийн хүүгийн төлбөрт хариуцагчийн өмнөөс 30,800,000 төгрөг төлсөн болохоо нотолсон байх учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц нь бусдад 30,800,000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдоогүй байхад зөвхөн Ц болон О нарын хооронд үйлдэгдсэн 2021.07.01-ний өдрийн “Зээл төлөх тухай” баримтад үндэслэж зээлийн хүү 30,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй юм. Энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

13. Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд хэлцлийг хийсэн хэлбэрээр шаардах эрхийг шилжүүлэх нь Иргэний хуулийн шаардлага юм. Энэ маргааны тухайд нэхэмжлэгч нь шаардах эрхээ баримтаар нотлож чадаагүй, тэрээр н.А, н.С нарт зээлийн хүү төлж байсан үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийн бусдад төлөх ёстой зээлийн хүүгийн төлбөр 30,800,000 төгрөгийг өмнөөс нь төлсөн гэсэн үндэслэлээр шаардсан 30,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/00925 дугаар  магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Ц гийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 311,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                 Х.ЭРДЭНЭСУВД