Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00925

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 03 210/МА2023/00925

 

 

Ц.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/00687 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.М-гийн

Хариуцагч О.Э-ад холбогдох

30,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би танил ах О.Э-ын мөнгө зээлэх хүн байна уу, олоод өгөөч гэсэн хүсэлтээр хамаатны дүү н.А-, эгч н.С- нартай түүнийг холбож өгсөн. О.Э- нь н.А-аас 2018 оны 06 сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөгийг 4 хувийн хүү, 3 жилийн хугацаатай, н.С-аас 2018 оны 12 сард 60,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай тус тус зээлж авсан. О.Э- нь 2020 оны 01 сарыг дуустал хүүгээ хугацаанд төлж байсан. Үүнээс хойш бизнес нь доголдож, зээлээ төлж чадахгүйд хүрсэн.

Би эхлээд зээлийн хүүг нь төлж байсан боловч О.Э- зээлээ хэзээ төлөх нь тодорхойгүй байсан. Улмаар би 2 зээлийн гэрээг нь төлж дуусгавар болгосон ба үндсэн зээл 100,000,000 төгрөг, тэдгээрийн хүүнд 30,800,000 төгрөг төлсөн. О.Э- надад 2021 оны 07 сарын 01-ний өдөр түүний өмнөөс төлсөн үндсэн зээлд 100,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 30,800,000 төгрөгийг 2021 оны 08 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар баталгаа бичиж өгсөн ч хугацаандаа төлөөгүй. 2022 оны 02 сарын 14-ний өдөр 100,000,000 төгрөг өгсөн. Одоо зээлийн хүүнд төлсөн 30,800,000 төгрөгийг төлөөгүй учир Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар О.Э-аас зээлийн хүүгийн төлбөрт 30,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Би Г.А-аас 2018 оны 06 сард 40,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр, 2018 оны 12 сарын 13-ны өдөр Ц.У-ас 60,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, хугацаа тохиролцолгүй зээлсэн. Зээлийн хүүг 2 жил орчим төлж одоо өр төлбөргүй болсон. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасны дагуу хүү авах эрхгүйгээр Г.А-, Ц.У- нар нь хүүгийн төлбөр авсан ба энэ талаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээл төлөх тухай тайлбар бичүүлж авсан нь Ц.М- нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ажилладаг ба эрх мэдлээ ашиглан айлган сүрдүүлэх замаар нотлох баримтыг бүрдүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь бусдын өмнөөс үүргийг гүйцэтгэсэн гэдэг асуудал ярьж байгаа ч бодит байдалд үүргээ гүйцэтгээгүй бол тухайн үүргийг шаардах эрхгүй. Мөн тухайн гэрээний хүүг шаардах эрх нь гуравдагч этгээдэд биш зөвхөн зээлдүүлэгчид байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч О.Э-аас 30,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Э-аас 311,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх хэрэгт авагдсан Х б- ХХК-ийн дансны хуулгаар зээлдүүлсэн гэх 100,000,000 төгрөгийн 60,000,000 төгрөгийг н.С- бус Ц.У- зээлдүүлсэн байх тул н.С-аас зээлсэн гэх шүүхийн дүгнэлт нотлох баримтуудтай зөрчилдөж байна.

4.2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар О.Э- нь Ц.М-д мөнгө төлөх үүрэг үүссэн гэж шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Ц.М- нь бусдын төлөх төлбөрийг гүйцэтгэж О.Э- үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр төлбөрийг шаардсан. Ц.М- нь зээлдүүлэгч биш харин зээлийн үүргийг бусдын өмнөөс хариуцан төлсөн этгээд юм.

4.3. О.Э- болон Г.А-, Ц.У- нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Г.А-, Ц.У- нар хүү шаардах эрхгүй. Ц.М- нь үндсэн зээл, хүүгийн төлбөрийг Г.А- болон н.С- нарт төлсөн гэж бусдын өмнөөс төлсөн зээл, хүүгийн төлбөрийг О.Э-аас шаардсан. Ингэж бусдын өмнөөс төлсөн төлбөр нь хууль ёсоор төлбөл зохих төлбөр мөн эсэхийг шалган тогтоох шаардлагатай. Иргэн Г.А-, н.С- нар нь бусдын төлөх төлбөрийг Ц.М-гаас шилжүүлэн авч бичгээр байгуулаагүй зээлийн гэрээний хүүнд 30,800,000 төгрөг хүлээн авснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн.

Хэдийгээр О.Э-ын хувьд зээл, хүүг төлөх агуулгатай бичиг үйлдсэн гэх боловч хэргийн нотлох баримтуудтай нийцээгүй, найз нөхдийн итгэлд үндэслэн тус бичгийг хийж өгсөн. Нэхэмжлэгч төлбөр төлсөн баримтаа гаргаж өгөөгүй учраас тус бичгийг дангаар үндэслэн шийдвэр гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: О.Э- нь зээлдүүлэх бичгийн дагуу 2022 оны 02 сарын 14-ний өдөр 100,000,000 төгрөг төлсөн ба маргаагүй. Үлдэгдэл 30,800,000 төгрөгийг төлөөгүй учраас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч хүү төлөх үүрэггүй, зээлийн гэрээгээр хүчин төгөлдөр бус байсан гэж маргаж байвал Г.А-, н.С- нартай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Уг эрхийг хэрэгжүүлэхэд анхан шатны шүүх саад болохгүй. Мөн Г.А-, н.С- нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн тухай шаардах эрхээ хэрэгжүүлж болно. Ц.М- нь хариуцагч О.Э-аас мөнгө зээлсэнтэй холбоотой анхан шатны шүүхэд маргаж байсан. Гэхдээ Ц.М-тай холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч О.Э-ад холбогдуулан мөнгөн төлбөрийн үүрэгт 30,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. 2021 оны 07 сарын 01-ний өдөр Зээл төлөх тухай баримтыг Ц.М- болон О.Э- нар үйлдэж, уг баримтад О.Э-ын бусдад төлөх зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 30,800,000 төгрөг, нийт 130,800,000 төгрөгийг Ц.М- төлсөн, уг мөнгийг О.Э- нь 2021 оны 08 сарын 31-ны өдрийн дотор Ц.М-д төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

4. О.Э- нь Ц.М-д 100,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

5. Талуудын хооронд үүрэг үүсэх үндэслэл нь О.Э- нь Ц.М-гийн танил н.А-аас 2018 оны 06 сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөг, н.С-аас 2018 оны 12 сард 60,000,000 төгрөгийг тус тус зээлсэнтэй холбоотой байна.

5.1. Хариуцагч О.Э- нь иргэн н.С-аас бус Ц.У-ас мөнгө зээлсэн гэж тайлбарлах боловч үүнийгээ хангалттай баримтаар нотлохгүй байгаагаас гадна зээлдэгч гэх н.С- нь гуравдагч этгээд Ц.У-ар мөнгөн хөрөнгийг шилжүүлэх боломжтой.

5.2. О.Э- нь иргэн н.А- болон н.С- нараас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нийт 100,000,000 төгрөгийг зээлэхдээ гэрээг бичгээр байгуулаагүй байна.

Ц.М- нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар н.А-, н.С- нарын шаардах эрхийг шилжүүлэн авсан бол мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч болох О.Э- нь гэрээний үүрэгтэй холбоотой татгалзал, хариу шаардлагыг Ц.М-д гаргах эрхтэй.

Энэ эрхийн хүрээнд О.Э- нь зээлийн хүүгийн талаар бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү төлөхгүй гэх татгалзлыг гаргах эрхтэй.

5.3. Ц.М- болон О.Э- нарын хоорон үйлдэгдсэн 2021 оны 07 сарын 01-ны өдөр Зээл төлөх тухай баримтад зээлийн хүү 30,800,000 төгрөг гэж тусгасан байх ба зээлдэгч О.Э- нь уг зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлөөгүй тохиолдолд татгалзах эрхийг эдлэнэ гэж дүгнэх юм.

5.4 Талуудын хооронд зээлийн хүү төлөх талаар бичгээр байгуулсан гэрээ байхгүй тул нэхэмжлэгч Ц.М- нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү шаардах эрхийг алджээ.

6. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү 30,800,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч О.Э-аас 30,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/00687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Э-аас 30,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ