Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2015/0600/з |
Дугаар | 221/МА2017/0045/з |
Огноо | 2017-01-11 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2017/0045/з
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 733 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Г.*******ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 733 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжийн Д.*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 700 м.кв газрыг иргэн Г.*******ын нэр дээр эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 733 дугаар шийдвэрээр Г.*******ын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн дээрх шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гардан авч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа болно.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 733 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжийн дагуу иргэн Д.*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 700 м.кв газрыг иргэн Г.*******ын нэр дээр эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь холбогдох хуулийн үндэслэлтэй бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжаар Д.*******эд газрын гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчсөн.
Хэргийн 40 дүгээр талд авагдсан Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудаст Д.*******ийн газар эзэмших талбайн хэмжээг 437 м.кв эзэмшихээр хүссэн газрын нэрийг Хадат зуслан гэж тэмдэглэсэн байхад газрын албанаас 700 м.кв газрыг Бэлх зусланд эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-ыг зөрчсөнөөс гадна тодорхой ашиг сонирхлын зөрчил байсан гэж үзэхэд хүргэж байна.
Газар эзэмших хүсэлт, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Газрын албатай Д.*******э өөрөө байгуулаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан "...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн дүүргийн Газрын алба тухайн иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ..." гэж заасныг хариуцагч зөрчсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.*******э нь тухайн маргаж буй газрын эзэмших эрх олгох хүсэлтийг Газрын албанд гаргаагүй, гэрээг байгуулаагүй гэдгээ тайлбарлаж мэдэгдсэн. Энэ нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Мөн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогддог болно.
Түүнчлэн хэрэгт авагдсан "Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас" гэх баримтад гуравдагч этгээд Д.*******э нь Хадат зусланд 437 м.кв талбайг иргэний ахуйн зориулалтаар хүссэн байдаг. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон байгаа нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй газрыг эзэмших хүсэлт, шаардлагаа удаа дараа Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүргүүлж байсан. Тус баримт мөн адил хуулийн шаардлага хангагдсан байдлаар авагдсан.
Түүнчлэн маргаж буй газарт хэн аль нь Газрын албанд хүсэлт гаргасан эсэх дээр талууд маргадаг бөгөөд бүртгэлийн дэвтэрт гуравдагч этгээд Д.*******ийн нэрийг бичихдээ бусдын бичигдсэн нэрийг дарж бичсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус бүртгэлийн дэвтэр нь засвартай, бусдын бичигдсэн нэрийг дарж, баллаж гуравдагч этгээд Д.*******ийн нэрийг бичсэн болох нь тогтоогдсон.
Шүүх маргааныг шийдвэрлэхдээ маргаж буй газрын бүртгэлд Д.*******ийн нэрийг шохойгоор дарж бичсэн нь үндэслэлтэй, түүний нэрийг урагшлуулан бүртгэснийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн. Тус дүгнэлт үндэслэлгүй юм.
Учир нь маргаж буй газартай холбоотойгоор бүртгэлийн дэвтэрт засвар хийж гуравдагч этгээд Д.*******ийн нэрийг нэхэмжлэгч Г.*******ын нэрийн өмнө нөхөж оруулсан, үүнийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргасан болох нь баримтаар нотлогдсон байхад шүүх "...иргэн Д.Энхтайваны хашааны газрыг баталгаажуулахаар хүсэлт өгснийг зуслангийн газрын бүртгэх дэвтэрт бүртгэснээ залруулан "Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 172 дугаарт 05 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагчийг гуравдагч этгээдийг урагшлуулан бүртгэсэн гэж буруутгах боломжгүй..." гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл шүүхийн дүгнэсэн хашааны дэвтрийн бүртгэл нь хавтаст хэрэгт баримтаар авагдаагүй, мөн нэхэмжлэгч талд энэхүү баримтыг танилцуулаагүй тул уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Гуравдагч этгээд Д.*******э нь газар олгох хүсэлт гаргаагүй, газар эзэмшүүлэх гэрээнд гарын үсэг зураагүй, газрын кадастрын зургийн огноог урагшлуулан "Шинэ кадастр" ХХК-иар гаргуулсан, хариуцагч Газрын алба нь газар хүссэн бүртгэлийн дэвтэрт бусдын нэрийг дарж, гуравдагч этгээдийн нэрийг давхар бичсэн зэрэг нь нотлогдсон, эдгээр үйл баримт тодорхой байхад шүүх тус үйлдлийг зөвтгөн дүгнэсэнд гомдолтой байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус маргаж буй газарт хэн анх амьдарч, ашиглаж, эзэмшиж байсан гэдэг нь хангалттай бүрэн тогтоогдоогүй. Гэрчийн мэдүүлэг нь үндэслэлгүй байсан.
Гуравдагч этгээд хэдий би тус маргаж буй газрыг анх эзэмшиж, ашиглан өөрийн хашааг байрлуулсан гэх боловч энэ үйл баримт нь ч мөн адил тогтоогдоогүй. Гуравдагч этгээд нь хэдэн онд, ямар улиралд газарт хашаа байршуулсан болохоо мөн адил тайлбарлаж чадаагүй байдаг.
Нэхэмжлэгчийн хувьд тус газарт холбогдох баримт бичиг, газар эзэмших хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд өгсөн боловч газар эзэмших хүсэлтийг авахгүй байгаа гэдэг үндэслэлээр буцааж байсан атлаа өргөдлийг хүлээн авсны дараа бусдад газрыг хууль бусаар эзэмшүүлсэнд гомдолтой байна. Мөн анх маргаж буй газарт очин үзлэг хийлгэхэд хариуцагчийн төлөөлөгч Дамдин нь тус газар давхцалгүй гэж тайлбарлаж байсан боловч өнөөдрийн байдлаар өөр бусад этгээдэд газар эзэмших эрхийг олгосон байгаа нь үндэслэлгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хангалттай баримт авагдсан байхад шүүх түүнийг үнэлэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжаар иргэн Д.*******эд тус дүүргийн 20 дугаар хороо, Бэлхэд байрлах 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...маргаан бүхий газарт хэн анх амьдарч, эзэмшиж байсан гэдэг нь хангалттай тогтоогдоогүй, ...гуравдагч этгээд өргөдлөө түрүүлж өгсөн гэх боловч бүртгэлийн дэвтэр засвартай, ашиг сонирхлын зөрчилтэй байна, ...Д.*******э Хадат зусланд 430 м.кв газар хүссэн байхад Бэлх зусланд 700 м.кв газар эзэмшүүлсэн, газар эзэмших гэрээг газрын албатай өөрөө байгуулаагүй...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь гуравдагч этгээд Д.*******ийн газар эзэмших эрх Газрын тухай хуульд заасан журмын дагуу үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал, гуравдагч этгээд Д.*******э нь Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар эзэмших хүсэлтээ 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, нэхэмжлэгч Г.******* нь мөн газар эзэмших хүсэлтээ 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус гаргасан болох нь хэрэгт авагдсан Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрээс гадна хүсэлт хүлээн авсан Бүртгэл хяналтын картаар давхар нотлогдож байх тул Д.*******ийн нэрийг урагшлуулан бүртгэсэн гэж хариуцагчийг буруутгах боломжгүй бөгөөд газар эзэмших хүсэлт гаргасан дарааллын дагуу маргаан бүхий газрыг Д.*******эд эзэмшүүлсэн нь үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгчээс “хариуцагч газар эзэмших хүсэлт гаргасан иргэн үнэхээр тухайн газраа эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг шалгаж тогтоолгүй газрыг олгосон нь уг газрыг шударгаар эзэмшиж байсан иргэн миний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, би 2012 оноос эхлэн газар эзэмших хүсэлтээ өгөхөд өргөдөл авахгүй байгаа гэсэн хариу өгч байсан” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч Г.******* өмнө нь тухайн газрыг бодитоор эзэмшиж, Газрын албанд тус газрыг эзэмших хүсэлт өгч, хариу авч байсан гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудаст гуравдагч этгээд Д.*******ийн эзэмших газрын хэмжээг 437 м.кв гэж, гудамжны нэрийг Хадат зуслан гэж тус тус тэмдэглэсэн байх боловч Д.*******ийн Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж гаргасан газар эзэмших хүсэлт, хүсэлтэд хавсаргасан эзэмших газрын тойм зураг зэргээс үзэхэд тэрээр Бэлх зусланд, 700 м.кв газар эзэмшихээр хүсэлт гаргаж байжээ. Өмч, газрын харилцааны алба Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу энэхүү хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэг хэмжээгээр давхацсан эсэхийг тодруулсны үндсэн дээр хүсэлтийг шийдвэрлэх бөгөөд гуравдагч этгээд Д.*******ийг хүсэлт гаргах үед маргаан бүхий газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй, өөрөөр хэлбэл, бусдад хуулийн дагуу эзэмшүүлээгүй байсан тул түүнд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхэд байрлах 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамж Газрын тухай хуульд нийцжээ.
Харин гуравдагч этгээд Д.*******э газар эзэмших хүсэлт гаргахдаа өөрөө гарын үсэг зураагүй байх боловч хүсэлтдээ өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, өөрийн нэрээр үйлдүүлсэн кадастрын зургийг хавсаргах зэргээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаж, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул энэ нь түүнд газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Ийнхүү маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 733 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН