Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 90

 

Б.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00585/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 644 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Б-д холбогдох

“3.750.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

           Нэхэмжлэгч Б.Б-ы давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Нэхэмжлэгч Б.Б-аас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           Миний бие Э.Б-той ээжийнх нь гуйлгаар мөнгө зээлж зээлийн гэрээ бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт гэрээгээр 1.000.000 төгрөг нийт 2.500.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар ямар ч барьцаа хөрөнгөгүй зээлдүүлсэн. Зээл авахдаа Истима хабрид маркийн машин харуулж Орос руу наймаанд хүмүүс авч явж их боломжийн орлоготой, хугацаандаа бүрэн барагдуулна гэж хэлээд авсан. Зээлийн хугацаа дуусаад 10 сар өнгөрч байна. Хугацаа дуусаад мөнгөө авъя гэхээр тун удахгүй өгчихнө гээд 7, 8 сарын зээлийн хүүгээ өгөөд 9 дүгээр сараас утсаа авахаа больж таг чиг болсон. 9 сараас үндсэн зээл байтугай хүүгээ ч өгөхөө больсон. 12 дугаар сарын 20-оор ээжтэйгээ уулзаж байхад дайралдаж мөнгөө нэхэхэд хот явж машинаа зарчхаад өрөө дарчихна гээд бас таг чиг, утсаа авахгүй алга болсон. 3 дугаар сарын 11-ний өдөр уулзаж зээл, хүү төлөх график хийсэн боловч хэлсэн ярьсандаа хүрэхгүй сүүлдээ бүр шүүхдээ өг гэж тавлаж, тохуурхсан байдалтай харьцаж байгаа тул зээлдэгч Э.Б-оос 3.750.000 төгрөг гаргуулж өгнө үү. Үүнд: Үндсэн зээл 2.500.000 2017 оны 9 дүгээр сараас хойш хүү төлөөгүй, хүү сарын 5 хувиар бодож сард 125.000 төгрөг төлөх ёстой гэж үзээд 8 сараар үржүүлбэл 1.000.000 төгрөг болж байгаа. Э.Б-ын хүүнд 100.000 төгрөг төлсөн учир хүүгийн үлдсэн төлбөр 900.000 төгрөг, алданги 0,3 хувь 350.000 төгрөг болж байгаа гэжээ.

Хариуцагч Э.Б-оос:

...Би Б.Б- гэдэг хүнээс 2.500.000 төгрөг зээлж авсан нь үнэн бөгөөд Б.Б- нь одоо надаас 3.750.000 төгрөг нэхэмжилж байна. Би Б.Б-ы Хаан банк, Голомт банкны дансанд хүүг нь тогтмол хийж байсан. Б.Б- нь мөнгө зээлдүүлсэн гэж биднийг хэл амаар удаа дараа доромжилж архи уучхаад шөнө үүрээр тогтмол залгаж бидний амгалан байдлыг байнга алдагдуулдаг. Мөн бид хоорондын гэрээгээр хүүгээ аль 1 сард зогсоогоод график гаргаад төлөөд явж байгаа ба хугацаа нь 2018 оны 08 сарын сүүлээр дуусахаар хугацаа тохироод хүүгээ авч байж хүнээс ингэж мөнгө нэхэж байгаад би эсэргүүцэж байна. Бид хоёр тухайн асуудал дээр ярьсан. Би хүүнд төлсөн 100.000 төгрөг хасаад 850.000 төгрөг өгөх юм байна. Алданги бол анхнаасаа тооцохгүй гэж ярьсан. Үндсэн төлбөр болон хүүг төлж болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 644 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 2.550.000 төгрөгийг хариуцагч Э.Б-оос гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд төлсөн 74.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-оос нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 55.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би Э.Б-д  2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт гэрээгээр 1.000.000 төгрөг нийт 2.500.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоногт 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ дуусаад 1 жил болж байна. 7,8 сарын зээлийн хүү төлөөд 9 сараас таг алга болсон. Сум дундын анхан шатны шүүхээс зээл сунгасан баримт харагдахгүй байна гэсэн үндэслэлээр хүү, алданги 1.250.000 төгрөгийг хасч зөвхөн үндсэн зээл төлөх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх нь

  1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хангалттай байхад ач холбогдол өгөөгүй.
  2. Шүүхэд зээлдэгч зээлийн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөөд байхад санаатай хассан.
  3. Зээлдэгчээс зээл яагаад төлөхгүй байгааг асуугаагүй.
  4. Шүүгч нэхэмжлэгч хариуцагчтай ялгавартай харьцсан.
  5. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч алданги тооцох эрхтэй гэсэн боловч нэхэмжилсэн 350.000 төгрөгийг хасч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийг нөгөө талд ашигтайгаар шийдвэрлэсэн.

           Иймд алданги тооцох эрхтэй гэсэн шүүхийн шийдвэрийг үндэслээд:

  1. Хүү төлөөгүй 7 сар Ч 30 хоног =  210 хоног
  2. 2.500.000 Ч 1 хоногт 0,5 % = 12.500 төгрөг
  3. 210 хоног Ч 12.500 төгрөг = 2.625.000 төгрөг үндсэн зээлийн 50 хувийа хэтэрч болохгүй учир

Үндсэн зээл 2.500.000 төгрөг

Алданги 1.250.000 төгрөг

Нийт 3.750.000 төгрөг тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож намайг хохиролгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч Э.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг  үндсэн зээл 2.500.000 төгрөг, 8 сарын хүү 900.000 төгрөг, алданги 350.000 төгрөг нийт 3.750.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Э.Б- “...2.500.000 төгрөг зээлсэн нь үнэн ..., ...хүүгээ тогтмол хийж байсан..., ...алданги анхнаасаа тооцохгүй гэж ярьсан..., ...850.000 төгрөг өгөх юм байна... гэж шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг татгалзжээ.

            Нэхэмжлэгч, хариуцагч нар  2.500.000 төгрөг  зээлсэн  талаар  маргаагүй  байна.

            Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч Э.Б- 2017 оны 9 сараас хойш хүү төлөөгүй, зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй  гэж  нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан.

            Зохигчид нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 1.500.000 төгрөг, 2017 оны  04 дүгээр сарын 24-ны өдрөөс  2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй 1.000.000 төгрөг зээлэх зээлийн гэрээ  байгуулсан байна.

            Гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 20 болон 06 дугаар сарын 24-ний  өдөр тус тус дуусгавар болсон ба зээлдэгч Э.Б- дээрх хоёр гэрээний дагуу  1.100.000, 1.650.000 төгрөг \нийт 2.750.000\ тус тус төлөх  үүрэгтэй байжээ, 2018 оны  03 дугаар сарын 11-ний өдөр  гэрээний талууд хэлцэл хийсэн ба зээлийн хүү 750.000 төгрөгийг 3 дугаар сарын 20-оос 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлийг 5 дугаар сарын 20-оос 07 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тохиролцож байжээ.

            Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь хэлцлээр тохирсон хүү биш 2017 оны 9 дүгээр сараас хойшхи 8 сарын хүүд 900.000 төгрөг гаргуулахаар шаардсан  байна.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа 2017 оны 06 дугаар сарын 24-нд  дуусгавар болсон бөгөөд  үүнээс хойшхи хугацааны хүүг шаарджээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааг  сунгасан гэж үзэх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул гэрээ  сунгагдаагүй  хугацааны  хүүг хариуцагчаас  гаргуулах хууль болон гэрээнд заасан үндэслэл байхгүй байна.

            Үндсэн хүү 750.000 төгрөгийг зээлдэгч Э.Б-оос төлсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэсэн тайлбарыг гаргаагүй байна.

Иймд  шүүх  хариуцагчийг зээлийн гэрээний хугацаанд  500.000 төгрөг өгсөнөөр тооцож шийдвэрлэсэн шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх  зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, алданги гаргуулах шаардлагын хүрээнд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг  тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул  нэхэмжлэгч Б.Б-ы  нэхэмжлэлийн  шаардлагыг бүрэн хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлыг хангах  хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд эмнэлэгт хэвтэж байгаа учраас хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан бөгөөд энэ талаар нотлох баримтыг ирүүлээгүй,  шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 644 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-ы  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  33.350 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                                    

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                   С.ЭНХЖАРГАЛ