Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 644

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 16 дугаар байр 21 тоотод оршин суух Боржигин овгийн Баатарын Баярсайхан /РД:ТЕ59102411, утас: 70373501, 99379800/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар байр, Мангирт 10 дугаар хэсэг 5-13 тоотод оршин суух Баяд овгийн Эрдэнэдалайн Бат-Оргил /РД:ТЕ85070176, Утас: 9985-3487/-д холбогдох

 

“3,750,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баярсайхан, хариуцагч Э.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Баярсайхан нь Э.Бат-Оргилтой ээжийнх нь гуйлгаар мөнгө зээлж зээлийн гэрээ бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн 2017 оны 03-р сарын 20-нд 1,500,000 төгрөг, 2017 оны 04-р сарын 24-нд нэмэлт гэрээгээр 1,000,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэйгээр 2017 оны 6-р сарын 24-ний өдрийг хүртэл 3-н сарын хугацаатайгаар ямар ч барьцаа хөрөнгөгүй зээлдүүлсэн. Зээл авахдаа “Истима хабрид” маркийн машин харуулж Орос руу наймаанд хүмүүс авч явж их боломжийн орлоготой, хугацаандаа бүрэн барагдуулна гэж хэлээд авсан. Зээлийн хугацаа дуусаад 10 сар өнгөрч байна. Хугацаа дуусаад мөнгөө авъя гэхээр тун удахгүй өгчихнө гээд 7, 8 сарын зээлийн хүүгээ өгөөд 9-р сараас утсаа авахаа больж таг чиг болсон. 9 сараас үндсэн зээл байтугай хүүгээ ч өгөхөө больсон. 12-р сарын 20-оор ээжтэйгээ уулзаж байхад дайралдаж мөнгөө нэхэхэд хот явж машинаа зарчихаад өрөө дарчихна гээд бас таг чиг, утсаа авахгүй алга болсон. 3-р сарын 11-нд уулзаж зээл, хүү төлөх график хийсэн боловч хэлсэн ярьсандаа хүрэхгүй сүүлдэээ бүр шүүхдээ өг  гэж тавлаж, тохуурхсан байдалтай харьцаж байгаа тул зээлдэгч Э.Бат-Оргилоос 3,750,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Э.Бат-Оргил нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би Б.Баярсайхан гэдэг хүнээс 2,500,000 төгрөг зээлж авсан нь үнэн бөгөөд Б.Баярсайхан нь одоо надаас 3,750,000 төгрөг нэхэмжилж байна. Би Б.Баярсайханы Хаан банк, Голомт банк руу тогтмол хүүг нь тогтмол хийж байсан ба Б.Баярсайхан нь мөнгө зээлдүүлсэн гэж биднийг хэл амаар удаа дараа доромжилж архи уучихаад шөнө үүрээр тогтмол залгаж бидний амгалан байдлыг байнга алдагдуулдаг хүн. Мөн бид хоорондын гэрээгээр хүүгээ аль 1 сард зогсоод график гаргаад төлөөд явж байгаа ба хугацаа нь 2018 оны 08 сарын сүүлээр дуусахаар хугацаа тохироод хүүгээ авч байж хүнээс ингэж мөнгө нэхэж байгаад би эсэргүүцэж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баярсайхан хариуцагч Э.Бат-Оргилд холбогдуулан зээл 2,500,000 төгрөг, хүү 900,000 төгрөг, алданги 350,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчдын хооронд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ныг хүртэл 1,500,000 төгрөгийг  сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 24-нийг хүртэл сарын 5 хувийн хүүтэйгээр 1,000,000 төгрөг зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулагдсан  байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар болон гэрээний 1.1-д зааснаар зээлдэгч Э.Бат-Оргилын өмчлөлд 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй, харин зээлдэгч Э.Бат-Оргил гэрээний 1.1, 1.2, Иргэний хуулийн  206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар  гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байна.

            Нэхэмжлэгч Б.Баярсайхан хүү 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүү тооцсон хугацааг 8 сар, төлбөл зохих хүү 125 000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгөөс төлөгдсөн 100,000 төгрөгийг хасаж тооцсон гэж тайлбарлаж байна.

Талууд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээнд 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэж, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээнд 2017 оны 06 дугаар сарын 24 гэж тохиролцсон бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрйин зээлийн гэрээний арын хуудаст 3 дугаар сарын 20-нд 15 000 төгрөг урьдчилж авлаа үлдэгдэл 60 000 гэсэн, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний арын хуудаст  2017 оны 05 дугаар сарын 20-нд 2.5 сая төгрөгийн хүүнд а/ 125 000 төгрөг авлаа. б/ 5 дугаар сарын 25-ны дотор 500 000 төгрөгийг буцааж авахаар тохиролцов гэсэн, мөн 2018 оны 03 дугаар сарын 11 гэсэн огноотой хэлцэлд зээлийн хүүгээ 6 х 125 000  = 750 000 төг. барагдуулах хугацаа 3 дугаар сарын 20-нд 250 000, 04 дүгээр сарын 05-н 100 000 төгрөг, 04 дүгээр сарын 20–н 250 000 төгрөг, 05 дугаар сарын 05–н 150 000 төгрөг, үндсэн зээл 2 500 000 төгрөг, 05 дугаар сарын 20-ноос 07 дугаар сарын 20-нд төлж дуусгах гэсэн бичвэр байгаагаас үзвэл үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээний 3.3-т зааснаар зээлийн гэрээний хугацааг сунгах тухай бичгээр баримт үйлдэнэ гэснээр зээлийн гэрээг гэрээ байгуулсан хэлбэрээр сунгасан тухай баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэснээр гэрээний үүрэг биелүүлэх хугацаа өнгөрснөөс хойш хүү шаардах эрхгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэснээр талууд 2017 оны 03 дугаар  сарын 20-ны өдрийн, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээний 2.7-д алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохирсон тул алданги шаардах эрхтэй, нэхэмжлэгч шаардаж буй алдангийн дүнг 350,000 төгрөг гэж тооцсон болно.

Иймд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээгээр үндсэн зээл 1,500,000 төгрөг, хүү 150,000 төгрөг, нийт үүрэг 1,650,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээгээр үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 100,000 төгрөг, нийт үүрэг 1,100,000 төгрөг, нийт 2,750,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

Хариуцагч Э.Бат-Оргилийн төлсөн хүү 500,000 төгрөгийг хасаж төлбөл зохих 2,250,000 төгрөг, нэхэмжлэгчийн тооцсон алданги 350,000 төгрөг, нийт 2,550,000 төгрөгийг хариуцагч Э.Бат-Оргилоос гаргуулан нэхэмжлэгч Б.Баярсайханд олгож 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 2,550,000 төгрөгийг хариуцагч Э.Бат-Оргилоос гаргуулан нэхэмжлэгч Б.Баярсайханд олгож, 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100 190 000 958 тоот дансанд төлсөн 74 950 төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бат-Оргилоос нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Баярсайханд олгосугай.

 

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ