Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 878

 

 

 

 

 

 

 

 2020            7              7                                            2020/ДШМ/878

 

 

Д.А, Г.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эсэн,

шүүгдэгч Д.А, Г.Г, тэдний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1148 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан давж заалдах гомдлоор Д.А, Г.Г нарт холбогдох эрүүгийн 2010006670472 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.А,

Г.Г,

Шүүгдэгч Д.А, Г.Г нар нь бүлэглэж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж хохирогч Г.Маналжавын ХААН банкны 5556277270 тоот данснаас 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр интернет банкнаар дамжуулан 15.000.000 төгрөг, 4.000.000 төгрөг, Голомт банкны 1905109578 тоот данснаас 1.720.000 төгрөг, 620 ам.доллар зэргийг 3 удаагийн үйлдлээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч түүний фейсбүүк орчинд байх зураг, иргэний үнэмлэх зэргийг хуурамчаар үйлдэн trade.mn гэх сайтад [email protected] гэх хуурамч хаяг нээж дээрх мөнгөөр 0.835 Биткойн худалдан авч Мөнхдорж гэх хүнд 18.018.000 төгрөгөөр зарж түүнд төлөх байсан 350.000 мянган төгрөгийг өгч үлдэгдэл 17.668.000 төгрөгийг Г.Ган-Эрдэнийн ХААН банкны 5003889056 тоот дансаар шилжүүлэн авч хохирогч Г.Маналжавт 26.506.840 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн хохирогч Г.Маналжавын хувийн байдлыг тодруулсан эдийн болон эдийн бус баялагийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.А, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Д.А, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байх ба тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татах нь зүйтэй байсан байх ба энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Прокуророос Д.А, Г.Г нарыг хуурамч баримт бичиг үйлдэж ашигласан, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Г.Г, Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хүлээлгэх ял эдлүүлэхээр тохирсон талаар дүгнэлтээ шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн /хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх/ 2 дахь хэсэгт ...энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй байхаар хуульчилсан буюу яллагдагч нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 санаатай гэмт хэрэг үйлдсэн байхад хуулийн энэхүү заалтыг зөрчин прокурор шүүгдэгч нартай оногдуулах ялын талаар тохиролцсон байгаа нь хууль зөрчжээ.

Иймд шүүгдэгч Д.А, Г.Г нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалтын 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй байхаар хуульчилсан буюу яллагдагч нар эрүүгийн хуулийн 2 зүйл заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн байхад ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна.

Учир нь шүүгдэгч Д.А, Г.Г нар прокурор дээр ял тохирохдоо прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагч тус бүрийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая төгрөг/-өөр торгох ял оногдуулсан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагч тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг оногдуулсан ялыг тус хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хүлээлгэх ял эдлүүлэхээр прокурорын шатанд тохиролцсон, өөрөөр хэлбэл яллагдагч нарт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулсан байсан.

Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай гэмт хэрэг бөгөөд торгуулийн болон хорих ялтай гэмт хэрэг бөгөөд хорих ялын хугацаа 1 жилээс 5 жил буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа. Прокурорын зүгээс тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлээр журамласан нь хууль зөрчөөгүй бөгөөд шүүгдэгч нарын хувийн байдал үйлдсэн хэрэгтээ хандах хандлага болон хохирол төлбөрөө төлж хохирогчийг хохиролгүй болгосон зэрэг нөхцөл байдлууд нь тус зүйлийг хэрэглэж болохоор заасан хуулийн шаардлагыг бүрэн хангасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэхээр заасан.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа тохиолдолд хэрэглэх заалт бөгөөд хэрэв шүүгдэгч нарт үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа тохиолдолд тус зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй байна гэж үзэж байна.

Иймээс анхан шатны шүүхээс гаргасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...26.000.000 төгрөг гэх үнийн дүн нь 4.000.000 төгрөгийн зөрүүтэй буюу 22.400.000 гаруй төгрөг болох ёстой. Анхан шатны шүүхээс буруу бичсэн байсан. ...” гэв.

Шүүгдэгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.А, Г.Г нар нь хохирогч Маналжавын “ХААН” банкны данснаас 19.000.000 төгрөг, 4.000.000 төгрөг, Голомт банкны данснаас 1.720.000 төгрөг, 620 ам.доллар зэргийг цахим мэдээллийн хэрэгсэлд хууль бусаар халдаж авсан. Нийтдээ хохирогч Маналжавд 26.506.840 төгрөгийг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогчийн дансны мэдээллээр тогтоогдсон. Уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан тусгай журмын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.  Прокуророос шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан 1000 нэгжээр торгож, 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авахаар ял тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “2 буюу түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, гэм буруугийн санаа, сэдлийн тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд хуульчилсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад аль гэмт хэрэг дээр санаатай байсан, аль гэмт хэргийг хүсэж үйлдсэн боловч учрах нөхцөл байдлыг тооцоолоогүй юм гэдгийг тогтоолгох хүсэлтэй байгаа. Хэрэв хэлэлцүүлгийн явцад 2 гэмт хэргийг санаатай үйлдсэн байна гэж үзвэл шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжтой...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.А, Г.Г нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийг хялбаршуулан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.А, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн зорилгыг “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” хэмээн 1.1 дүгээр зүйлд заасан байна. Уг хуулийн бүхий л зохицуулалт энэхүү үндсэн зорилгыг хангахад чиглэн үйлчлэх учиртай.

            Тус хуулийн 7.1 дүгээр зүйлд “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” асуудлыг зохицуулсан бөгөөд уг зохицуулалтын ач холбогдол нь шүүхээс хуульд заасан шинжийг хангасан хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авахаар хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, энэхүү зохицуулалт нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн, тухайн зорилгод хүрэхэд тодорхой нөлөө үзүүлж, болохуйц заалт юм.

            Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ авах талаар тус тус ялгамжтай байдлаар зохицуулсан.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Энэ нь шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх тохиолдолд тухайн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ойлголтыг хамааруулан ойлгох ёстой.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.А “...тогтоол дээр хохирлыг зөрүүтэй бичсэн. ...” /хх 95/, давж заалдах шатны хуралдаанд хохирол төлбөр зөрүүтэй талаар маргаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлага журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй.

Гэмт хэрэгт хамтран оролцогч тус бүрийн үйлдэл нь бие биенийхээ үйлдлийг дэмжсэн, харилцан уялдсан байх бөгөөд тэдний тус бүрийн үйлдэл нийгэмд аюултай, тухайлбал гэмт хэргийн үр дагаврыг бий болгоход зохих хувь нэмэр оруулсан нөхцөлд гэмт хэрэгт хамтран оролцогч болно.

Хамтран оролцогчид гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамрласан байдаг бөгөөд оролцсон оролцооны хэлбэр нь тухайн этгээдийн гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж идэвхтэй, зарим нь идэвхгүй буюу эс үйлдэхүйгээр илэрдэг юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох нөхцөл байдал, оролцооны хэлбэрийг нэг бүрчлэн хуульчилж, гэмт хэрэгт оролцсон байдлаас шалтгаалан оногдуулах ял шийтгэл ялгамжтай байдаг.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж ерөнхий байдлаар бичигдээгүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянахад чиглэгдсэн тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянадаг эрх хэмжээтэйгээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргадаг.

Шүүгдэгч Д.А, Г.Г нарт холбогдох хэргийг хянахад анхан шатны шүүгчийн захирамжид заасан үндэслэлээс гадна шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг энэ магадлалд зааснаар нэмж хийх шаардлагатай гэж үзэв. Үүнд:

хохирогч Г.Маналжавын “...миний ХААН банкны 5556277270 дугаартай данснаас ...нийт 19.000.000 төгрөг, Голомт банкны 1905109578 дугаартай данснаас 1.720.000 төгрөг, 3015115404 дугаартай данснаас 620 ам.доллар интернэт банкны гүйлгээгээр гарсан байсан. ...нийт 20.720.000 төгрөг, 620 ам.долларын хохирол учирсан байсан. ...” /хх 81/,

шүүгдэгч Д.Агийн “...Маналжавын ХААН банкны данснаас 15.000.000 төгрөг, дараа нь тухайн данснаасаа 4.000.000 төгрөг авсан, Голомт банкных нь төгрөгийн данснаас 1.720.000 төгрөг, валютын данснаас нь 620 ам.долларыг 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Ган-Эрдэнийн хамтаар авсан. ...” /хх 95/,

шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн “...миний ХААН банкны 5003889056 дансанд 17.668.000 төгрөг орж ирсэн. Уг мөнгөнөөс би Д.Агийн өгсөн өөрийнх нь данс руу 8.817.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Үлдэгдлийг нь өөртөө үлдээсэн. ...” /хх 108/ гэж тус тус мэдүүлжээ.   

Дээрх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч Д.А, Г.Г нар гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог бүрэн шалгаж тогтоогоогүй, шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, эргэлзээтэй байна.

Түүнчлэн прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолуудад дурьдсан гэмт хэргүүдээс гадна, шүүгдэгч Д.А, Г.Г нар хохирогч Г.Маналжавын ХААН, Голомт банкны данснаас тус бүр тодорхой хэмжээний мөнгийг авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинж байгаа эсэх, хэрэв гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тохиолдолд хэрхэн хамтран оролцсоныг нарийвчлан шалгах шаардлагатай.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “Монголбанкны албан ханш гэж банк хооронд болон банкнаас байгууллага, иргэнтэй хийсэн гадаад валютын бэлэн бус арилжааны дүн, ханшид үндэслэн тооцоолж Монголбанкнаас зарласан ханшийг” ойлгоно гэж заажээ.

Хохирогч Г.Маналжавын хохирол 620 ам.долларыг гэмт хэрэг гарсан үеийн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг хэрхэн, ямар баримтыг үндэслэж тогтоосон болох нь тодорхойгүй байх тул  холбогдох байгууллагаас лавлагаа авах замаар хохирлын хэмжээг тогтоох.

              Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, энэ магадлалд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн зарчим, зорилтод нийцэх юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1148 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ