Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/00720

 

 

 

 

 

 

 

 

      2021          03           05                                         101/ШШ2021/00720

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.У холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 23,436,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, хариуцагч Л.У нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2002 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Л.Утай 4314 тоот зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй, өдөр бүр 480,000 төгрөгийн эргэн төлөлт хийх нөхцөлтэй зээлсэн юм. Гэрээ байгуулсан өдрөө мөнгөө тоолж хүлээлгэн өгч энэ талаар акт үйлдэж баталгаажуулсан. Гэтэл Л.У нь зээлийн төлбөрийг тохирсон хуваарийн дагуу төлөөгүй. Ийнхүү төлдөггүй байсан хэдий ч Л.У нь Шар хадны эцэст 8 нэрийн барааны дэлгүүрийг ээжийн хамт ажиллуулдаг байсан ба дэлгүүртээ хангалттай их бараатай байсан учир төлнө гэж итгэж байсан юм. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ дуусаад 17 хоног өнгөрөөд байна. Гэрээний хугацаа нэгэнт дууссан учир зээлийн гэрээний төлбөрт төлөгдөөгүй үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 1,600,000 төгрөг, нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 17 хоногийн алданги 1,836,000 төгрөг, нийт 23,436,000 төгрөгийг Л.Уаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Зохигчдын хооронд өмнө нь нийт хэдэн зээлийн гэрээ байгуулагдаж байсан талаар болон зээл төлөгддөг тогтсон заншлын талаар мэдэхгүй гэв.

 

Хариуцагч Л.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байхдаа Э.Э гээс өдрийн зээлийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд дараах графикаар авч төлж байсан.

1. 2019.12.12-2020.01.26  40 сая төгрөгийг 10% хүүтэй 45 хоногоор

2. 2020.01.26-2020.03.11  40 сая төгрөгийг 10% хүүтэй 45 хоногоор

3. 2020.03.31-2020.04.14  40 сая төгрөгийг 10% хүүтэй 45 хоногоор

4. 2020.04.01-2020.04.15  14 сая төгрөгийг 10% хүүтэй 45 хоногоор

5. 2020.04.25-2020.06.09  40 сая төгрөгийг 10% хүүтэй 45 хоногоор

6. 2020.05.01-2020.06.15  7 сая төгрөгийг 8% хүүтэй 45 хоногоор

7. 2020.06.30-2020.08.14  40 сая төгрөгийг 8% хүүтэй 45 хоногоор

8. 2020.07.31-2020.09.14  40 сая төгрөгийг 8% хүүтэй 45 хоногоор

9. 2020.08.30-2020.10.14  40 сая төгрөгийг 8% хүүтэй 45 хоногоор

10. 2020.09.30-2020.11.14  40 сая төгрөгийг 8% хүүтэй 45 хоногоор

11. 2020.10.30-2020.12.15  40 сая төгрөгийг 8% хүүтэй 45 хоногоор тус тус зээлж өдөр бүр 960,000-1920,000 төгрөгийг тасралтгүй төлж байсан. Энэ хугцааанд нийт 419,430,000 төгрөгийг төлсөн.

9 дүгээр сарын 30-ны өдөр зээлсэн 20,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлж графикийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл өдөр бүр 480,000 төгрөгийг бэлнээр төлж байсан. 21,600,000 төгрөгөөс 16,800,000 төгрөг төлсөн бөгөөд төлөөгүй 4,800,000 төгрөгийг 10 сарын хугацаанд тэнцүү төлөлттэй төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд энэхүү асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.

Нэхэмжлэгч нь өмнөх зээлээ төлөөгүй байхад дараагийн зээлийг өгдөггүй тул мөнгөө баримт үйлдэлгүй бэлнээр авчихаад аваагүй гээд байгааг зөвшөөрөхгүй. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны зээл төлөгдөхгүйгээр 10 дугаар сарын 30-ны өдрийн зээл олгогдохгүй байсан.

Мөнгөө бэлнээр төлсөн баримт үйлдээгүй боловч мөнгөө өөрөө ирж авч байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э  нь хариуцагч Л.Уд холбогдуулан, 2020 оны оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 23,436,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн төлбөрийг бэлэн мөнгөөр буцаан төлсөн ч баримт үйлдээгүй, одоо зээлийн үлдэгдэл 4,800,000 төгрөгийг төлнө, энэхүү зээлийг төлөөгүй байхад 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 40 сая төгрөгийн зээл надад дахин олгохгүй байсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээнээс үзэхэд, зээлдүүлэгч Э.Э  нь зээлдэгч Л.Уд 20,000,000 төгрөгийг мөн өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.

Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”,

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, 282.2.-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.”, 282.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.”

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус гэж заасантай нийцжээ.  

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эс зөвшөөрч байх боловч үндсэн зээлийн үлдэгдлийн талаар буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхээ, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийн график зөрчсөний улмаас үүссэн алданги 1,836,000 төгрөгийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс гадна, талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх болон дахин зээл олгох тогтсон заншил байсан эсэх, төлбөр төлөгдсөнөөр зээл дахин олгогддог байсан эсэх талаар тодруулахаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2021/01333 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, зохигч талуудыг шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлцүүлснийг дурьдах нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Л.Уаас 23,436,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,130 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Уаас улсын тэмдэгтийн хураамж 275,130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.УНДРАА