Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00764

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00764

 

 

Э.Э-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/00720 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Э-гийн хариуцагч Л.У-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 23 436 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, хариуцагч Л.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2002 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Л.У-тай 4314 тоот зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй, өдөр бүр 480 000 төгрөгийн эргэн төлөлт хийх нөхцөлтэй зээлсэн. Гэрээ байгуулсан өдрөө мөнгөө тоолж хүлээлгэн өгч энэ талаар акт үйлдэж баталгаажуулсан. Гэтэл Л.У- нь зээлийн төлбөрийг тохирсон хуваарийн дагуу төлөөгүй. Л.У- нь Шар хадны эцэст 8 нэрийн барааны дэлгүүрийг ээжийн хамт ажиллуулдаг байсан ба дэлгүүртээ хангалттай их бараатай байсан учир төлнө гэж итгэсэн. Гэвч гэрээний хугацаа дуусаад 17 хоног өнгөрч төлбөрөө төлөхгүй байна. Гэрээний хугацаа нэгэнт дууссан учир зээлийн гэрээний төлбөрт төлөгдөөгүй үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 1 600 000 төгрөг, нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 17 хоногийн алданги 1 836 000 төгрөг, нийт 23 436 000 төгрөгийг Л.У-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байхдаа Э.Э-гээс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд нийт 11 удаагийн зээл авч байсан бөгөөд өдөр бүр 960 000-1 920 000 төгрөгийг тасралтгүй төлж байсан. Энэ хугацаанд нийт 419 430 000 төгрөгийг төлсөн. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлсэн 20 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлж графикийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл өдөр бүр 480 000 төгрөгийг бэлнээр төлж байсан. 21 600 000 төгрөгөөс 16 800 000 төгрөг төлсөн бөгөөд төлөөгүй 4 800 000 төгрөгийг 10 сарын хугацаанд тэнцүү төлөлттэй төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Нэхэмжлэгч нь өмнөх зээлээ төлөөгүй байхад дараагийн зээлийг өгдөггүй тул мөнгөө баримт үйлдэлгүй бэлнээр авчхаад аваагүй гээд байгааг зөвшөөрөхгүй. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээл төлөгдөхгүйгээр 10 дугаар сарын 30-ны өдрийн зээл олгогдохгүй байсан. Мөнгөө бэлнээр төлсөн баримт үйлдээгүй боловч мөнгөө өөрөө ирж авч байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Л.У-аас 23 436 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 130 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.У-аас улсын тэмдэгтийн хураамж 275 130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Л.У- давж заалдах гомдолдоо:

... Миний зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай зээлсэн бөгөөд дээрх 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь надад бэлнээр хүлээлгэн өгсөн бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс бэлнээр 35 хоногийн хугацаанд нийт 16 800 000 төгрөгийг хүлээн авсан талаар шүүхэд худал мэдүүлэг өгч шүүхээс энэ талаар зөв дүгнэлт хийгээгүй. Миний бие нь нэхэмжлэгч Э.Э-гээс 2019 оны 12 сараас хойш нийт 12 удаа зээлийн гэрээ хийж зээл авч байсан бөгөөд энэ хугацаанд өдөр бүр тасралтгүй төлж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4773 тоот зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Миний бие Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 87 тоот Эх дэлхий зах-д архи, пиво, ундааны бөөний лангуу эрхэлж байсан бөгөөд Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсантай холбогдуулан улс орон даяар хатуу хөл хорио тогтоож энэ хугацаанд архи согтууруулах ундаа худалдаалахыг Нийслэлийн Засаг Даргын захирамжаар хориглож, үйл ажиллагаа бүрэн зогсонги байдалд орсон болно. Гэвч энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 23 436 000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг бэлнээр төлсөн 16 800 000 төгрөгийг хасч, үлдэх 6 636 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Э- нь хариуцагч Л.У-аас 23 436 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүй гэж үндэслэлээ тайлбарласан.

 

Э.Э-, Л.У- нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 20 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь өдөр бүр 480 000 төгрөг төлж, хугацааны эцэст зээлийг хүүгийн хамт төлж дуусгах, хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцож төлөх үүрэг хүлээсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байна.

 

Хариуцагч Л.У- нь 20 000 000 төгрөгийг зээлж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл өдөр бүр 480 000 төгрөгөөр, нийт 16 800 000 төгрөг төлсөн, 4 800 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг төлнө гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-20/

 

Хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэхэд хариуцагч Л.У- шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж, мөнгө төлсөн баримт үйлдээгүй боловч зээлдүүлэгч нь өөрөө ирж мөнгийг авдаг байсан, дэлгүүрийн камерын бичлэгт байх ёстой, бичлэгийг сэргээж амжаагүй, дэлгүүрийн 2 худалдагч энэ талаар гэрчилнэ, мөн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийн өөр бас нэг гэрээ байгуулсан, 2 гэрээний төлбөрийг төлж байсан гэж тайлбарласан байна.

 

Энэ өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Э- оролцоогүй байх бөгөөд талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус бүртээ 20 000 000 төгрөгийн дүн бүхий хоёр гэрээ байгуулагдсан бол гэрээ тус бүрийн эргэн төлөлт хэрхэн хийгдсэн, хариуцагчийн 16 800 000 төгрөгийн төлбөр төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч няцааж байгаа нөхцөлд 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлбөр төлөгдсөн бол шинээр байгуулагдсан, эсхүл өмнөх хугацаа нь дуусаагүй гэрээний алиных нь төлбөрт тооцогдсон, удаа дараагийн зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулдаг тогтсон практик ямар байсан зэрэг үйл баримтыг тодруулж зөв тогтоох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулж, талуудыг маргаантай асуудлаар мэтгэлцүүлэх шаардлагатай гэж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тэдний тайлбарт дурдагдсан 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн болон 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ, мөн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, гэрээ тус бүртэй холбоотой зээлийн төлөлтийн баримт хэрэгт авагдаагүй, тодруулах шаардлагатайн дээр дурдсан байдлууд 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэний дараа тодорхой болоогүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/00720 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ