Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 182/2021/02730/И |
Дугаар | 001/ХТ2023/00148 |
Огноо | 2023-09-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2023/00148
“Э ”
ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00664 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00974 дүгээр магадлалтай,
“Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“М ” ХХК-д холбогдох
1,867,104,351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагч “М ” ХХК-д холбогдуулан 1,867,104,351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00664 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг баримтлан хариуцагч “М ” ХХК-аас 1,092,202,700.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 774,901,650.50 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,865,489 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М ” ХХК-иас 5,619,963 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00974 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00664 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “М ” ХХК-аас 1,867,104,351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.10-ны өдрийн 210/МА2023/00974 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.
Нэг. Нэхэмжлэгчийн шаардах эрх буюу Концессын зүйл шилжүүлэх гэрээний төлбөрийн ерөнхий гүйцэтгэгч "М " ХХК, туслан гүйцэтгэгч "А " ХХК, "Э " ХХК-иудын гүйцэтгэсэн ажлын үнэлгээ хэмээн тодорхойлсон хэсгийг "Э " ХХК нь "М " ХХК-аас шаардах эрхтэй эсэх талаар анхан ба давж заалдах шатны шүүх зөрүүтэй дүгнэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх заалт болон бусад зүйл заалтыг зөрүүтэй хэрэглэснээс үүдсэн алдаа байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр магадлалыг хянах үндэслэл болох тухайд:
1. Анхан шатны шүүх "...нэхэмжлэгч "Э " ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу "М " ХХК, "А " ХХК, “Э " ХХК-иудын концессын гэрээний дагуу урьд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг шаардах эрхтэй" гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин давж заалдах шатны шүүх "...нэхэмжлэгч "Э " ХХК болон "М " ХХК-иудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас концессын зүйлтэй холбоотой бусдад (ерөнхий гүйцэтгэгч "М ", туслан гүйцэтгэгч "А " ХХК, "Э " ХХК) төлөх төлбөр шаардах эрхгүй..." гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар болон "Э " ХХК-ийн хооронд 2015 байгуулсан "Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам төслийн барих шилжүүлэх концессын гэрээ"-ний дагуу замын концессын эрхийг эзэмшиж байсан. Улмаар 2019.04.22-ны өдөр байгуулсан "Концессын зүйл шилжүүлэх гэрээ"-ний дагуу концессын гэрээг хэрэгжүүлэх бүх эрх, үүргийг “М " ХХК-д шилжүүлсэн. Ингэхдээ зам барьж байгуулах хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үнэлгээг уг харилцаанд оролцогч талууд болон хяналтын байгууллага, төрийн захиргааны төв болон захиргааны байгууллагын оролцоотойгоор гаргасан бөгөөд үүнд үндэслэн концессын эрх шилжүүлэх гэрээний үнийг 8 тэрбум гаруй төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэд ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын гүйцэтгэсэн ажил хэмээн тодорхойлсон ажлын үнэлгээ мөн багтсан. Ингэснээр "Э " ХХК концессын зүйл шилжүүлсний төлбөрт нийт 8 тэрбум гаруй төгрөгийг, тэр дундаа гүйцэтгэгч компаниудын хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг гэрээгээр тохирсон нөхцөл журмын дагуу "М " ХХК-аас шаардах, улмаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан “М " ХХК, "А " ХХК, "Э " ХХК-д тус тус төлөх замаар төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх болсон. Тодруулбал, Концессын зүйл шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т "гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг нөгөө талаас шаардах", 5.3-т "концесс шилжүүлэн авагч нь концесс эзэмшигчид төлөх төлбөрийг Хавсралтад заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алданги төлнө" хэмээснээс үзэхэд үндсэн үүрэг буюу төлбөрийн үүргийг нэмэлт буюу анзын хамтаар шаардах эрх “Э " ХХК-д байх ажээ. Анхан шатны шүүх гэрээний дээрх заалтуудыг дээр дурдсан агуулгаар мөн дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх эдгээрийг Концессын зүйл шилжүүлэх гэрээний Хавсралтын 1 дэх заалт хэсэгт хамааралтай хэмээн өрөөсгөлөөр дүгнэсэн. Угтаа Концессын зүйл шилжүүлэх гэрээгээр "М " ХХК нь замын барилгын ажлыг гүйцэтгэхэд урьд гарсан зардал төлбөрийг хариуцаж, төлөх баталгааг гарган, улмаар Хавсралтад дурдсан 8 тэрбум гаруй төгрөгийг "Э " ХХК-д төлөх үүрэг хүлээсэн. Ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасанчлан үүрэг үүссэн. Үүнийг Хавсралтаар тогтоосон журмын дагуу буюу Худалдаа хөгжлийн банкнаас зээлийн эхний ээлжийн санхүүжилт хийгдсэн даруйд ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниудын хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр хэмээн тодорхойлсон төлбөрийн эхний 50% буюу 2,277,671,769 төгрөгийг "Э " ХХК-д төлөх үүрэгтэй. Концессын зүйл шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т "концессын эрхтэй холбоотой энэ гэрээний хавсралтад заасан бусдын өмнө хүлээсэн үүрэг болон холбогдох байгууллагуудад төлөх төлбөрийг тогтоосон хугацаанд төлж, барагдуулах" үүргийг эрх шилжүүлэн авагч хүлээхээр мөн тодорхойлсон. Энэ тухайд Давж заалдах шатны шүүх магадлалдаа "...эрх шилжүүлэн авагч "М " ХХК нь 2019.04.22-ны өдөр байгуулагдсан концессын эрх шилжүүлэх гэрээний 3.2.3-т ... заасны дагуу гэрээний хавсралтаар баталсан жагсаалтын 2-т "М ” ХХК-д, 3-т "А " ХХК-д, 4-т “Э " ХХК-д тус тус концессын зүйлтэй холбоотой холбогдох төлбөрүүдийг төлөх үүрэг хүлээсэн байна...” хэмээн үндэслэсэн нь алдаатай болжээ. Угтаа "Э " ХХК нь ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниудынхаа өмнө төлбөр төлөх үүрэгтэй, концессын эрх шилжүүлснээр тэрхүү үүрэг дуусгавар болоогүй буюу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д заасан үүрэг дуусгавар болох үндэслэлүүдийн аль нэг Концессын зүйл шилжүүлэх гэрээ байгуулснаар бий болоогүй. Харин ч эсрэгээр төлбөрийг төлөх нөхцөлийг гэрээний Хавсралтаар тохирч, уг төлбөрийг "Э " ХХК-д төлөхөөр тусгажээ. Өөрөөр хэлбэл, гэрээний Хавсралтаар "Э " ХХК, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр хэмээн тодорхойлсон нь нийт гүйцэтгэсэн ажлын үнэлгээг гаргахад хэрэглэсэн аргачлалын үр дүнд тодорхойлсон үнийн дүнг Хавсралтад шууд тусгасан хэрэг болохоос бус уг төлбөрийг тухайн этгээдүүдэд тус тусад нь төлбөрийг төлөх талаарх зохицуулалт биш юм. Түүнчлэн Концессын зүйл шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4-т "Энэхүү гэрээний хавсралтад заасан ЭХБУТ-ийн хүлээн авах төлбөрийг ЭХБУТ-ийн бичгээр өгсөн албан тоотод заасан дансанд бүрэн хэмжээгээр тухай бүр хийж байна" гэсэн нь гэрээний Хавсралтад заасан бүх төлбөрийг хэрхэн төлөхөд хамааралтай зохицуулалт болохыг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Энэ ч ойлголтын дагуу "Э " ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийн зохих хувийг төлөөгүй тул төлбөр төлөх шаардлагыг нөгөө талдаа хүргүүлж ирсэн. Тухайлбал, 2019.11.22-ны өдрийн албан бичгээрээ ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийн эхний ээлжид төлбөл зохих 2,277,671,769 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 1415046456 дугаартай дансанд хийх талаар шаардаж, 2021.03.24-ний өдрийн албан бичгээрээ дээрх төлбөрийг нэн даруй төлөх талаар шаардлагыг "М " ХХК-д хүргүүлж байсан. Гэвч энэ талаар давж заалдах шүүх "уг гэрээний 3.2.4-т... гэж зааснаас үзвэл "Э " ХХК нь гэрээний хавсралтаар баталсан жагсаалтын 1-д заасан төлбөрийг төлөх үүргийг тодорхойлсон тул бусад компанийн өмнөөс төлбөр нэхэмжлэх эрхгүй" хэмээн алдаатай дүгнэсэн. Хэрвээ давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлт зөв гэх аваас "бусад компанид холбогдох төлбөр"-ийг төлөх арга зам тодорхой бус орхигдож байгаа төдийгүй, хэзээ ч хамаагүй төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ямарваа нэг хариуцлага огт хүлээхгүй. Тиймээс иргэд, аж ахуй, бизнесийн харилцааны үндсэн зарчим болох шударга ёсны зарчим алдагдахад хүрнэ.
Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн Концессын зүйл шилжүүлэх гэрээ байгуулснаар "Э " ХХК нь өөрийн гэрээлсэн ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниудын төлбөрийг шаардах эрхгүй болсон гэж үзэх аваас уг гэрээг "өр шилжүүлэх" харилцааг зохицуулсан гэрээ гэж үзэх учиртай. Гэтэл Концессын зүйл шилжүүлэх гэрээ байгуулах явцад ч тэр, хожим нь ч тэр уг гэрээний дагуу ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарт төлөх төлбөрийн үүргийг "М " ХХК-д шилжүүлж буй талаар тэдэнд мэдэгдэж, зөвшөөрөл авсан зүйлгүй, тиймээс Иргэний 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан харилцаа бий болоогүй. Иймд "Э " ХХК нь бусдын авбал зохих төлбөрийг шаардсан бус харин концессын зүйл шилжүүлсний төлөөх төлбөрийг шаардсан гэж үзнэ.
2. “Э "ХХК нь “концессын гэрээ”-ний дагуу ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг шаардах эрхтэй болохыг гуравдагч этгээд дэмжиж оролцсон тухайд шүүхүүд зөрүүтэй дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн тайлбарт огт дүгнэлт хийгээгүй төдийгүй түүний төлөөлөгч өмгөөлөгч Г.Мөнхболдод тайлбар хэлж, байр сууриа илэрхийлэх боломжийг ч давж заалдах шатны шүүх олгоогүй. Мөн магадлалын хувийг ч зохих ёсоор гардуулаагүй буюу нэхэмжлэгчийн төлөөлөгч ба гуравдагч этгээдийн өмгөөлөгч нэг этгээд байгаа явдлыг үндэслэн магадлалын хувийг гардуулах боломжгүйг тайлбарласан. Концессын зүйл шилжүүлэх гэрээний агуулгыг гуравдагч этгээдийн тайлбараар ч нотлох боломжтой. “М ” ХХК нь “Э ” ХХК-аас хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг шаардсаар ирсэн бөгөөд концессын зүйл шилжүүлэх гэрээний оролцогч мөн төлбөр төлөх нөхцөлийг тохирсон этгээдийн хувьд “Э " ХХК-ийг төлбөр мөнгө шаардах эрх бүхий этгээд хэмээн үзэж, нэхэмжлэлийг дэмжиж оролцож байгаагаа тайлбарласан. Туслан гүйцэтгэгч “Э ” ХХК нь “Э ” ХХК нь төлбөрийг төлөхгүй удааширсантай холбоотойгоор түүнчлэн концессыг шилжүүлж авч замын ажлыг үргэлжлүүлэх хүрээнд болон Дарханы автозамын ажлын тодорхой хэсгийн гүйцэтгэгчээр ажиллах хүрээнд “Э ” ХХК болон “А ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд орж, тэр хүрээнд хоорондын тооцоо үүссэнийг шийдвэрлэх хүрээнд маргаж буй төлбөрийн тодорхой хувийг төлж барагдуулсан ба энэ бүх харилцаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болж өрнөсөн. Энэ тухайд давж шатны шүүх бодитой дүгнэлт хийсэнгүй. “Э ” ХХК нь шүүхэд хандахдаа “М ” ХХК төлбөр төлөөгүйн улмаас хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр төлөгдөхгүй байгааг ойлгосны үндсэн дээр, аргагүйн эрхэнд шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. Харин “А ” ХХК-ийн тухайд санхүүгийн хүндрэлтэй байдлаа шийдвэрлэж, өр авлагаа цэгцлэх үүднээс хувьцаагаа концессын эрхийг шилжүүлэн авсан “М ” ХХК-д шилжүүлсэн буюу өртэй, авлагатай этгээдүүд нэг болсон үйл явдал болсон үйл явдал болсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн. Энэхүү үнэн нөхцөл байдлыг хариуцагч “М ” ХХК нь өөрт ашигтайгаар тайлбарлах гэж оролддог.
Хоёр. Давж заалдах шатны шүүх "Э " ХХК-ийг шаардах эрхгүй хэмээн үзсэн тул алдангийн талаар зохих дүгнэлтийг өгөөгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр магадлалыг хянах үндэслэл болох тухайд: Концессын зүйл шилжүүлэх гэрээний хавсралтад заасан төлбөрийг хугацаанд төлөөгүй бол “Э " ХХК алданги шаардах эрхтэй. Уг эрхийн дагуу гэрээний хавсралтад заасан төлбөрийг тэр дундаа ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийн эхний ээлжид төлбөл зохих 50% буюу 2,277,671,769 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 728,268,467 төгрөгийг зохих алдангийн хамтаар шаардаж буй нь зүй ёсны хэрэг билээ. Хэрвээ тиймгүйсэн бол эрх шилжүүлэн авсан “М ” ХХК нь Хавсралтад заасанчлан Худалдаа хөгжлийн банкны эхний ээлжийн санхүүжилт хийгдсэн 2019.10.18-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 3 жил хагасын хугацаа өнгөрсөн байхад дээрх төлбөрийг төлөөгүй санаатай үйл ажиллагаа зөвдөх нөхцөл бүрдэнэ. Концессын зүйл шилжүүлсний төлбөрийг бүхэлд нь шаардах эрхийг гэрээгээр "Э ” ХХК эдэлнэ. Ерөнхий болон туслан гүйцэтгэгчид алданги шаардах эрхийг олгодог бие даасан гэрээ байгуулаагүй байдлыг ашиглан, төлбөрийн үүргийг хугацаа хэтрүүлж, өөрийн хүссэн нөхцөлөөр төлөх, тулгах гэсэн "М " ХХК-ийн шударга бус хүсэл зоригийг хууль ёсны болгож, хамгаалж, дэвэргэж огтоос болохгүй. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.06-ны өдрийн 182/ШШ2023/00664 дүгээр шийдвэрт "Хариуцагч "М " ХХК нь банкны эхний санхүүжилт хийгдсэнээс хойш гэрээнд заасан үүргээ хавсралтад заасан хугацаанд биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч "Э " ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.3-т заасны дагуу алданги шаардах эрхтэй" хэмээн дүгнэсэн нь хууль ёсны болжээ.
Хяналтын гомдлын хүрээнд гаргаж буй шаардлага: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.10-ны өдрийн 210/МА2023/00974 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.06-ны өдрийн 182/ШШ2023/00664 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023.02.06-ны өдөр 182/ШШ2023/00664 дугаар шийдвэр гарган Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан “М ” ХХК-аас 1,092,202,700.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Гэвч Нийслэлийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор уг хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож энэ тухай 2023.05.10-ны өдрийн 210/МА2023/00974 дугаар магадлалыг гаргасан. Ингэхдээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр “Э ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг гуравдагч этгээд “М ” ХХК эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Монгол Улсын Засгийн Газар болон “Э ” ХХК-ийн хооронд 2015.03.25-ны өдөр байгуулсан “Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замын төслийн барих-шилжүүлэх концессын гэрээ”-ний дагуу концессын эрхийг “Э ” ХХК эзэмшдэг байсан. “М ” ХХК нь уг концессын хүрээнд барьж байгуулах замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, туслан гүйцэтгэгчээр “А ” ХХК, “Э ” ХХК-ийг авч ажиллуулсан. Улмаар “Э ” ХХК нь концессын эрхээ “М ” ХХК-д шилжүүлэхээр болж энэ тухай “Концессын зүйл шилжүүлэх гэрээ”-г 2019 оны 4 дүгээр сард байгуулсан. Ингэхдээ ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниудын хийж гүйцэтгэсэн ажлын үнэ төлбөрийг Концессын зүйлийг шилжүүлэх гэрээний үнэд оруулан тооцож, уг төлбөрийг “М ” ХХК нь “Э ” ХХК-д төлөх, улмаар уг төлбөрөөс “Э ” ХХК нь ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын ажлын үнийг төлөхөөр тохиролцож гэрээг байгуулсан гэж ерөнхий гүйцэтгэгч “М ” ХХК ойлгосон. Гэвч Концессын зүйл шилжүүлэх гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ “М ” ХХК биелүүлээгүй тул “Э ” ХХК нь 2021.08.30-ны өдөр шүүхэд хандаж “Концессын зүйл шилжүүлэх гэрээ”-ний төлбөрийг шаардаж, тэр дундаа ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниудын урьд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр хэмээн тодорхойлсон хэсгийг шаардаж нэхэмжлэл гаргасан. “М ” ХХК нь ажил гүйцэтгэсэн төлбөрийн дийлэнх хэсгийг өнөөг хүртэл аваагүй тул эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргаснаар хэргийн оролцогч болсон. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо “М ” ХХК нь Концессын гэрээ”-ний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөө зохих алдангийн хамтаар “Э ” ХХК-аар дамжуулан '‘М ” ХХК-аас гаргуулах хүсэл зоригийг илэрхийлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын тухайд “... нэхэмжлэгч “Э ” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу “М ” ХХК, “А ” ХХК, “Э " ХХК-уудын концессын гэрээний дагуу урьд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг шаардах эрхтэй”, мөн “... “Э ” ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй” хэмээн ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүссэн үүргийн харилцааны тухайд үндэслэлтэй дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх заалт болон холбогдох бусад зүйл, заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх "...эрх шилжүүлэн авагч “М ” ХХК нь 2019.04.22-ны өдөр байгуулагдсан концессын эрх шилжүүлэх гэрээний 3.2.3-т “концессын эрхтэй холбоотой энэ гэрээний хавсралтад заасан бусдын өмнө хүлээсэн үүрэг болон холбогдох байгууллагуудад төлөх төлбөрийг тогтоосон хугацаанд төлж, барагдуулах”-аар заасны дагуу гэрээний хавсралтаар баталсан жагсаалтын 2-т “М ” ХХК-д, 3-т "А ” ХХК-д, 4-т “Э ” ХХК-д тус тус концессын зүйлтэй холбоотой холбогдох төлбөрүүдийг төлөх үүрэг хүлээсэн байна..." хэмээн алдаатай дүгнэлтийг хийж, улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ. Учир нь концессын хүрээнд ажил хийж гүйцэтгэсэн “М ” ХХК-ийн тухайд тэрхүү гүйцэтгэсэн ажлын үнэ, түүний төлбөрийг төлөх үүргийг “Э ” ХХК-д шилжүүлэх талаар ямар нэг зөвшөөрлийг хэнд ч өгөөгүй ба энэ талаар гэрээ хэлцлийг тус компани болон “М ” ХХК-ийн хэн алинтай байгуулаагүй. Хэрэв, Концессын зүйл шилжүүлэх гэрээний хүрээнд ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын урьд хийж гүйцэтгэсэн ажлын үнийг төлөх үүргийг “М ” ХХК-д шилжүүлсэн бол тэрхүү гэрээний нэг талын оролцогч нь ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниуд болж, үүний үндсэн уг төлбөрийг эрх болон өр төлбөрийг шилжүүлэн авч буй этгээд шаардах, ингэхдээ үндсэн үүрэг болон нэмэлт үүрэг (анз зэрэг)-ийн хамтаар шаардах эрхээ баталгаажуулах учиртай. Гэтэл “Концессын зүйл шилжүүлэх гэрээ”-ний оролцогч нь эрх шилжүүлэгч “Э ” ХХК болон эрх шилжүүлэн авагч “М ” ХХК гэх хоёр тал л байгаа. Иймд тэдний хоорондын тохиролцооны үр дүнд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхолд хамааралтай асуудал тэрхүү гуравдагч этгээдийн оролцоогүйгээр шийдвэрлэгдсэн байх хууль зүйн боломжгүй буюу үндэслэлгүй юм. Ийм байхад хариуцагч тал ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын төлбөрийг шууд төлөхөөр тохиролцсон мэтээр гэрээний агуулгыг өөрт ашигтайгаар мушгиж тайлбарлаж буй нь тэрхүү ерөнхий гүйцэтгэгч буюу" М ” ХХК болон туслан гүйцэтгэгч нартай үндсэн үүргийг нэмэлт үүрэг (анз)-ийн хамтаар шаардах эрхийн үндэслэл болох өр төлбөр шилжүүлэн авах талаарх гэрээ хэлцлийг байгуулаагүйг далимдуулж, үүргийг гүйцэтгэхгүй байх, тийнхүү үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсний төлөөх хариуцлага анзын үүргээс чөлөөлөгдөхийг оролдож буй шударга бус үйл ажиллагаа юм. Концессын зүйл шилжүүлэх гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ “М ” ХХК нь “Э ” ХХК-ийн өмнө гүйцэтгэхгүй хугацаа хэтрүүлж буйн улмаас бидний гүйцэтгэсэн ажлын үнэ, түүний төлбөрийг “Э ” ХХК бидэнд төлж чадахгүй аргагүй байдлыг ойлгож байсан. Гэсэн хэдий ч санхүүгийн хүндрэлтэй байдалд орж, тал талаас өр төлбөр нэхэгдэж буй аргагүй байдлын улмаас “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд толгой компанийнх нь захирал н.Ганбаатарыг таньж мэдэхийн хувиар хувийн хүсэлт гарган хандаж төлбөр мөнгө авах нөхцөл журмыг тодорхойлох оролдлого хийснийг бидний эсрэг ашиглаж, өр төлбөрийг “М ” ХХК-д шилжүүлэхээр тохирсон мэтээр хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлаж буй давж заалдах шатны шүүхийн дүгнэлт алдаатай юм. Түүнчлэн н.Ганбаатартай байгуулсан тохиролцоо хэрэгжээгүй, түүнд заасан бүхий л өнгөрсөн, тэрхүү тохиролцоонд заасан хугацааны дотор өр төлбөр төлөгдөөгүй юм. Эл нөхцөл байдлын талаар давж заалдах шүүх огтоос үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь магадлал үндэслэлтэй гарсан гэж үзэх боломжгүйг нотолж буй өөр нэгэн үндэслэл юм. Туслан гүйцэтгэгч “Э ” ХХК нь “Э " ХХК нь төлбөрийг төлөхгүй удааширсантай холбоотойгоор, түүнчлэн концессыг шилжүүлж авч замын ажлыг үргэлжлүүлэх хүрээнд болон Дарханы автозамын ажлын тодорхой хэсгийн гүйцэтгэгчээр ажиллах хүрээнд “Э ” ХХК болон “А ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд орж, тэр хүрээнд хоорондын тооцоо үүссэнийг шийдвэрлэх хүрээнд маргаж буй төлбөрийн тодорхой хувийг төлж барагдуулсан ба энэ бүх харилцаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болж өрнөсөн. Энэ тухайд давж шатны шүүх бодитой дүгнэлт хийсэнгүй. “Э ” ХХК нь шүүхэд хандахдаа “М ” ХХК төлбөр төлөөгүйн улмаас хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр төлөгдөхгүй байгааг ойлгосны үндсэн дээр, аргагүйн эрхэнд шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. Харин “А ” ХХК-ийн тухайд санхүүгийн хүндрэлтэй байдлаа шийдвэрлэж, өр авлагаа цэгцлэх үүднээс хувьцаагаа концессын эрхийг шилжүүлэн авсан “М ” ХХК-д шилжүүлсэн буюу өртэй, авлагатай этгээдүүд нэг болсон үйл явдал болсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн. Энэхүү үнэн нөхцөл байдлыг хариуцагч “М ” ХХК нь өөрт ашигтайгаар тайлбарлах гэж оролддог. Концессын зүйл шилжүүлэх гэрээний хавсралтад заасан төлбөрийг хугацаанд төлөөгүй бол “Э ” ХХК алданги шаардах эрхтэй. Уг эрхийн дагуу гэрээний хавсралтад заасан төлбөрийг тэр дундаа ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийн эхний ээлжид төлбөл зохих 50% буюу 2,277,671,769 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 728,268,467 төгрөгийг зохих алдангийн хамтаар шаардаж буй нь зүй ёсны хэрэг билээ. Хэрвээ тиймгүйсэн бол эрх шилжүүлэн авсан “М ” ХХК нь Хавсралтад заасанчлан Худалдаа хөгжлийн банкны эхний ээлжийн санхүүжилт хийгдсэн 2019.10.18-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 3 жил хагасын хугацаа өнгөрсөн байхад дээрх төлбөрийг төлөөгүй санаатай үйл ажиллагаа зөвдөх нөхцөл бүрдэнэ. Концессын зүйл шилжүүлсний төлбөрийг бүхэлд нь шаардах эрхийг гэрээгээр “Э ” ХХК эдэлнэ. Ерөнхий болон туслан гүйцэтгэгчид алданги шаардах эрхийг олгодог бие даасан гэрээ байгуулаагүй байдлыг ашиглан, төлбөрийн үүргийг хугацаа хэтрүүлж, өөрийн хүссэн нөхцөлөөр төлөх, тулгах гэсэн “М ” ХХК-ийн шударга бус хүсэл зоригийг хууль ёсны болгож, хамгаалж, дэвэргэж огтоос болохгүй. Эцэст нь, Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн тайлбарт огт дүгнэлт хийгээгүй төдийгүй түүний төлөөлөгч, өмгөөлөгч Г.Мөнхболдод шүүх хуралдаанд тайлбар хэлж, байр сууриа илэрхийлэх боломжийг ч давж заалдах шатны шүүх олгоогүй. Мөн магадлалын хувийг ч зохих ёсоор гардуулаагүй буюу нэхэмжлэгчийн төлөөлөгч ба гуравдагч этгээдийн өмгөөлөгч нэг этгээд байгаа явдлыг үндэслэн магадлалын хувийг гардуулах боломжгүйг тайлбарласан. Энэ давж заалдах шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж буй хэрэг юм. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.06-ны өдрийн 182/ШШ2023/00664 дугаар шийдвэрт “Хариуцагч “М ” ХХК нь банкны эхний санхүүжилт хийгдсэнээс хойш гэрээнд заасан үүргээ хавсралтад заасан хугацаанд биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч “Э ” ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.3-т заасны дагуу алданги шаардах эрхтэй” хэмээн дүгнэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хэвээр үлдээх үндэслэлтэй.
Хяналтын гомдлын хүрээнд гаргаж буй шаардлага: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.10-ны өдрийн 210/МА2023/00974 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.06-ны өдрийн 182/ШШ2023/00664 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.06.29-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00784 тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баттулга, гуравдагч этгээд “М ” ХХК-ийн өмгөөлөгч Г.Мөнхболд нарын гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагч “М ” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний эхний ээлжинд төлбөл зохих 2,227,671,770 төгрөг, алданги 1,113,835,885 төгрөг, нийт 3,341,507,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эхний ээлжинд төлөх төлбөрөөс 728,268,467 төгрөг, алданги 1,138,835,884 төгрөг, нийт 1,867,104,351 төгрөг болгож багасгасан.
Шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “... нэхэмжлэгч нь “Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барих-шилжүүлэх концессын эрх эзэмшигч байсан ба концессын эрх шилжүүлэх гэрээг “М ” ХХК-тай 2019.04.22-ны өдөр байгуулсан. Эрх бүхий этгээдийн шийдвэр гаргах хүртэл буюу концессын эрхийг шилжүүлэх хүртэлх хугацаанд тухайн концесс эзэмшигч болон түүний ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын хийж гүйцэтгэсэн ажлууд болон концессын эрхийн үнэлгээг нийтэд нь тогтоож, гэрээг хавсралтын хамт хийсэн. Худалдаа хөгжлийн банкны санхүүжилт 2019.10.17-ны өдөр “М ” ХХК-ийн дансанд шилжиж орсон боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Концессын эрх шилжүүлэх гэрээний 3.2.3, 3.2.4 дэх заалт, гэрээний хавсралтын 2, 3, 4 дэх хэсэгт заасан ажлын хөлсний эхний ээлжинд төлөх төлбөр, алдангийг гаргуулна” гэжээ.
8. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... концессын эрх шилжүүлэх гэрээ байгуулж, төлбөр тооцоог хэрхэн шийдвэрлэх талаар тохиролцсон, ...концессын ажил хүлээлцэх, төлбөрийг баталгаажуулах талаар оролцогч бүх аж ахуйн нэгж байгууллагуудтай нийлж акт үйлдэж, “М ” ХХК, “Э ” ХХК, “А ” ХХК-уудад төлөх төлбөрийг тус тусад нь баталгаажуулж өгсөн, ...эрх шилжүүлэх гэрээний 2.3.2-т заасны дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, төлөх төлбөрийг төлж барагдуулах үүргийг эрх шилжүүлэн авагчдад оногдуулсан, ...3.2.4 дэх зохицуулалтаар “нэхэмжлэгчийн хүлээн авах төлбөрийг” гэж тодотгож өгсөн бөгөөд концесс эзэмшигчид төлөх төлбөрийг төлөөгүй бол алданги төлнө гэдгийг тусгайлан заасан, бусад компаниудад төлбөрөө төлж байгаа “Э ” ХХК-д төлбөр бүрэн хийгдсэн, нэхэмжлэгч энэ нэхэмжлэлийг гаргах үндэслэлгүй” гэж маргажээ.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “М ” ХХК нэхэмжлэлийг дэмжиж “...”М ” ХХК 3,241,778,737 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн талаар талууд шийдвэрлэсэн. Уг үнийг концессын эрх шилжүүлэн авч буй “М ” ХХК нь гэрээгээр тохирсны дагуу “ЭХБУТ” ХХК-д төлөх, уг төлбөрөөс “ЭХБУТ” ХХК нь туслан болон ерөнхий гүйцэтгэгч нарын төлбөрийг төлөх зарчмыг талууд тохиролцож тогтоосон гэж ойлгосон. “М ” ХХК нь төлбөрийг тогтоосон хугацаанд төлөлгүй өдийг хүрсэн. “М ” ХХК-ийн тухайд гүйцэтгэсэн ажлын төлбөрөө “ЭХБУТ” ХХК-аас авах учиртай хэдий ч аргагүйн эрхэнд “М ” ХХК-ийн удирдлагад хандаж удаа дараа хүсэлт гаргаснаар нийт 350,000,000 төгрөгийг авсан. ... концессын гэрээний ерөнхий гүйцэтгэгчийн хувиар гуравдагч этгээдээр оролцох, ингэхдээ нэхэмжлэгчийг дэмжиж оролцож байна” гэжээ.
10. Хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсын Засгийн газар болон “Э ” ХХК-ийн хооронд 2015.03.25-ны өдөр Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төслийн барих шилжүүлэх /ВТ/ концессын гэрээ байгуулагдсан, гэрээнд 2018.02.05, 2019.04.09-нд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
“Э ” ХХК нь 2018.03.22-ны өдөр “М ” ХХК -тай Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км хучилттай авто замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ерөнхий гүйцэтгэгч нь батлагдсан зураг төслийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь гэрээний 5-д заасны дагуу төлбөр төлөхөөр харилцан тохиролцож, замын ажил хийгдэж эхэлсэн байна.
Концесс эзэмшигч буюу нэхэмжлэгч нь хариуцагч “М ” ХХК-тай 2019.04.22-ны өдөр байгуулсан концессын зүйл шилжүүлэх гэрээгээр концесс эзэмшигч нь Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам төслийн барих шилжүүлэх эрхийг эрх шилжүүлэн авагчид шилжүүлэн өгөх, эрх шилжүүлэн авагч нь концессын гэрээний хүрээнд баригдах авто зам барихад шаардагдах зардал, тус барилгын ажлыг гүйцэтгэхэд урьд нь гарсан зардал, төлбөрийг хариуцаж, төлөх баталгааг гарган өгөх, концессын эрхтэй холбоотой хавсралтад заасан бусдын өмнө хүлээсэн үүрэг болон холбогдох байгууллагуудад төлөх төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээний дагуу 2019.07.26-ны өдөр гаргасан хавсралтаар концессын зүйлтэй холбоотой бусдад төлөх төлбөрийн жагсаалтад “Э ” ХХК, “М ” ХХК, “А ” ХХК, “Э ” ХХК-д төлбөрийн зориулалт, хэмжээ, хугацааг тодорхой заасан.
Концессын зүйл шилжүүлэхтэй холбоотойгоор 2019.10.01-ний өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХХК болон “М ” ХХК, “Э ” ХХК хооронд төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гурван талт гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр концесс шилжүүлсний төлбөрийг төлбөр төлөгчийн төлбөрийн даалгаврын дагуу банк төлбөр хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, концесс шилжүүлсний төлбөр нь төлбөр хүлээн авагчийн дансанд шилжсэн даруйд тухайн мөнгөн хөрөнгөөс түүний “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хуримтлагдсан өр төлбөрийг банк төлүүлэхээр харилцан тохиролцсон байх ба 2019.10.11-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ.
11. Зохигч болон гуравдагч этгээд нь дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин концесс шилжүүлэх гэрээний 5.3-т заасан алдангийн хэмжээ 0.1, 0.2 гэж хоёр өөрөөр тохиролцсон гэрээг шүүхэд ирүүлсэн байна.
12. Нэхэмжлэгч “Э ” ХХК болон хариуцагч “М ” ХХК хооронд байгуулагдсан гэрээгээр концесс эзэмшигч нь концессын эрхээ шилжүүлэх, эрх хүлээн авагч нь концессын гэрээний хүрээнд урьд хийгдсэн зардал төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байх ба энэ хэлцлийн үндсэн дээр үүссэн үүрэг нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д нийцсэн байна.
13. Талуудын 2019.07.26-ны өдөр гаргасан “Концессын зүйл”-тэй холбоотой бусдад төлөх төлбөрийн жагсаалт”-аас үзэхэд эрх шилжүүлэн авагч нь “Э ” ХХК-д хяналтын зөвлөх компанид төлсөн зардал 1,517,572.50 ам.доллар, концессын гэрээг хэрэгжүүлэхэд гаргасан зардал 4,000,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр хавсралтын 1 дэх хэсэгт, ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг “Аварга зам” ХХК-ийн баталсан хэмжээгээр тохиролцон 2 дахь хэсэгт “М ” ХХК 3,241,778,737.96 төгрөг, 3 дахь хэсэгт “А ” ХХК 757,670,997.60 төгрөг, 4 дэх хэсэгт “Э ” ХХК 555,893,804.40 төгрөг гэж төлбөрийн хэмжээ болон төлөх хугацааг тогтоосон байна.
14. Нэхэмжлэгч “Э ” ХХК нь гэрээний хавсралтын 1 дэх хэсэгт заасан төлбөрийг хариуцагчаас шаардаагүй буюу энэ хэсэгт заасан төлбөрийн талаар талууд маргаагүй, энэ маргаанд хамааралгүй байна.
15. Эрх шилжүүлэх гэрээ болон хавсралтын 2, 3, 4 дэх хэсэгт заасны дагуу “М ” ХХК, “А ” ХХК, “Э ” ХХК-д төлөх төлбөр болон алдангийг “М ” ХХК-аас “Э ” ХХК шаардах эрхтэй эсэх тухайд талууд маргажээ.
16. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “М ” ХХК нь “М ” ХХК-д 350,000,000 төгрөг, “А ” ХХК 643,509,499 төгрөг, “Э ” ХХК-д 555,893,804 төгрөгийг тус тус төлсөн, зохигчид энэ талаар маргаагүй.
17. Дээрх үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,867,104,351 төгрөг болгож багасгасан байх бөгөөд хавсралтад зааснаар банкны эхний санхүүжилт хийгдэхэд төлөх төлбөрийн 50 хувь буюу 2,227,671,770 төгрөг төлөхөөс 1,549,403,303 төгрөг төлөгдсөн, үүнээс үлдсэн 728,268,467 төгрөгийг эхний ээлжийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул гэрээний 5.3-т зааснаар алданги 1,138,835,884 төгрөгийн хамт гаргуулна гэжээ.
18. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь “М ” ХХК, “А ” ХХК, “Э ” ХХК-уудын хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнээд, хариуцагч “М ” ХХК-аас концессын эрх шилжүүлэх гэрээний хавсралтад заагдсан 50 хувийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 728,268,467 төгрөг болон 728,268,467 төгрөгийн 50 хувь болох 364,134,233.5 төгрөгийн алдангийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэргийн баримт, талуудын тайлбарыг хуульд зааснаар үнэлсэн, Иргэний хуулийн гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтыг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэсэн байна.
19. Давж заалдах шатны шүүх “... хариуцагч нь концессын эрх шилжүүлэн авахтай холбоотойгоор нэхэмжлэгчийн бусдад төлөх төлбөрийг тухайн этгээдүүдэд шууд төлөх үүрэг үүсээгүй байна. Учир нь, талуудын хооронд байгуулагдсан концессын эрх шилжүүлэх гэрээний хавсралт 1-д “Э ” ХХК-ийн төлбөр төлөх үүрэг хэвээр байхад гэрээний хавсралт 2, 3, 4-т заасан эрх нэхэмжлэгчид шилжээгүй гэж үзэх үндэслэлтэй. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралтын 2, 3, 4-т заасан эрх хүлээн авагчийн үүрэг нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон этгээд буюу “М ” ХХК-тай үүргийн харилцаа үүсээгүй байх тул хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах эрхгүй” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм.
20. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй, маргааны үйл баримтад Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 198 дугаар зүйлийг үндэслэлтэй тайлбарлаж хэрэглээгүй, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг анхаараагүй байх тул магадлалыг хүчингүй болгоно. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.
21. Нэхэмжлэгч нь концессын эрх шилжүүлэх гэрээг “М ” ХХК-тай 2019.04.22-ны өдөр байгуулсан, энэ гэрээний дагуу 2019.07.26-ны өдөр гаргасан “Концессын зүйл”-тэй холбоотой бусдад төлөх төлбөрийн жагсаалт” гаргасан ба “...хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байх хавсралтгүйгээр гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцогдоно” гэж тохиролцсон. Энэхүү гэрээ болон хавсралтыг зөвшөөрч нэг талаас нэхэмжлэгч “Э ” ХХК, нөгөө талаас хариуцагч “М ” ХХК-ийн төлөөллүүд гарын үсэг зурсан, гуравдагч этгээд болон өөр бусад этгээд эдгээр хэлцэлд оролцсон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
22. Гуравдагч этгээд "М " ХХК болон нэхэмжлэгч “Э ” ХХК нарын хооронд үүссэн харилцааны тухайд нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч, "М " ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч байх бөгөөд нэхэмжлэгчийн "М " ХХК-ийн өмнө гүйцэтгэх үүргийг өөр компани гүйцэтгэхээр болсон тохиолдолд “М " ХХК-аас энэ зөвшөөрлийг авсан үйл баримт нь тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар шаардах эрх шилжсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон "М " ХХК нь “...гэрээний үүргийн төлбөрийг хариуцагчаас бус нэхэмжлэгчээс авах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон байх тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзнэ.
23. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч тогтоох хэсэгт Иргэний хуулийн зохих заалтыг баримтлаагүй байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00974 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00664 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 124 дүгээр зүйлийн 124.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “М ” ХХК-аас 1,092,202,700.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 774,901,650.50 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 5,618,964 төгрөг, гуравдагч этгээд "М " ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД
|