Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/01193

 

 

 

 

2021 оны 04 сарын 19 өдөр         Дугаар 101/ШШ2021/01193             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48в байр, 6 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Өлзийбаярын Х/регистрийн дугаар:АК85110308/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сөүл бизнес центр 7 давхарт 706 тоот хаягт байрлах “А К” ХХК/регистрийн дугаар: 5630975/-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг, А.Анхбаяр нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “А К” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/013 тоот тушаалаар “нярав”-ын албан тушаалд томилогдон ажилласан. Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан бөгөөд ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажиллаж, зөрчил дутагдалгүй ажиллаж байсан.

Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/060 дугаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, Хөдөлмөрийн гэрээний 1.6, 1.7- д заасныг үндэслэл болгосон.

Миний бие “А К” ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд туршилтын 3 сарын хугацаагаар гэрээ байгуулаагүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 1,7-д “туршилтын хугацаа: энэхүү гэрээнд заасан эхний өдрөөс эхлэн ажилтны эхний гурван сарын хугацаа нь “туршилтын хугацаа” байх бөгөөд энэ хугацаанд ажил олгогч ажилтны гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаагаас хамааран гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв ажилтан туршилтын хугацаанд шаардлага хангаагүй тохиолдолд ажил олгогчийн зүгээс гэрээг дуусгавар болгоно” гэж заасныг үндэслэсэн байна,

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг байгуулах туршилтын хугацааны талаар заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр авсанд тооцно гэж заасан.

Мөн гэрээний 1.6-д зааснаар “хугацаагүй”, “хугацаатай” гэсэн сонголтуудын “хугацаатай” гэсэн хэсгийг зөвлөсөн бөгөөд үүний дараагийн хэсэг болох “туршилтын 3 сарын хугацаатайгаар” гэснийг зөвлөөгүй, түүний дараа “хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн засвар төсөл хөтөлбөр хэрэгжих 10 сарын хугацаанд” гэсэн хэсгийг зөвлөсөн байдлаас үзвэл, “нярав”-ын албан тушаалд туршилтын хугацаагаар бус 10 сарын хугацаагаар ажилд орсон болох нь харагдаж байна.

“А К” ХХК-д өмнө нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “захиргааны туслах ажилтан”-аар ажилд орж байсан бөгөөд хугацааг гэрээнд тусгахдаа 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болгохоор ажил олгогчтой харилцан тохиролцож байсан. Улмаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед буюу 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлж байсан.

Гэтэл өмнөх гэрээтэй адил хугацааг харилцан тохиролцсон атлаа тодорхой бус үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний бие 6 настай хүүхэдтэй, өрх толгойлсон бөгөөд уг ажлын байранд тогтвортой ажиллана гэж бодоод ББСБ-аас зээл авч автомашин худалдан авсан. Гэтэл ажлаас үндэслэлгүйгээр халагдсанаас болж авсан зээлээ буцаан төлж чадахгүйд хүрч, автомашинаа маш хямд зарсан.

Иймд урьд эрхэлж байсан “нярав”-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 10 сар 18 хоногийн хугацааны цалин 35,963,279 төгрөгийг хариуцагчаас гаргуулна, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “А К” ХХК-д даалгаж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-иас ажлаас дуусгаад ирсний дараа 2020 оны 05 сарын 25-ны өдөр хариуцагч байгууллагын хүний нөөц Ариунгоо дуудаад захирлын тушаал гарсан, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох дээр та  гарын үсгээ зурна уу гэхэд нь яагаад вэ гэхэд хүний нөөцийн ажилтан сайн мэдэхгүй байна ямар ч байсан зурчих гэсэн. Өөр өрөөнд намайг оруулаад гарцаагүй байдалд оруулсан. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай гэсний гардаж авсан гэдэг дээр гарын үсэг зуруулсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар тайлбар өгсөнгүй. 2 зөрүүтэй тайлбар өгч байна. Нэхэмжлэгч нь хариуцагч компанид 2020 оны 02 сарын15-ны өдрөөс 2020-щ оны 12 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн  гэрээний 1-7 д заааснаар ажил олгогч ажилтны ажиллах хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байгаа. 3 сарын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн туршилтын хугацаа гэж заасан бөгөөд хөдөлмөрийн  гэрээг 10 сарын хугацаатайгаар байгуулсан гэж үзэж байна. Ажлаас халсан үндэслэл нь зөрчлийн хувьд цагийн бүртгэл хоцроосон. Түвшин тогтоох комисс шийдвэр гарсан байхыг ойлгож байгаа, энэ баримтыг үндэслээд гэрчийн мэдүүлэг дээр тухайн ажлыг дүгнэж байгаа аргачлал болон журам байгуу юу гэхэд байхгүй гэж хэлсэн. Гэрээг цуцалж болох ноцтой зөрчлийн талаар  тохиролцсон. Тухайн баримт дээр бодит байдал дээр үндэслэн хавсаргасан болно гэж байгаа, тухайн баримтынхаа 7-р тал дээр гарын үсэг зурагдсан дээр Ө.Хын гарын үсэг байхгүй байна. Баримтыг нөхөж гүйцэтгэсэн гэж үзэж байна. 2020 оны 05 сарын 25-ны өдрийн удирдлагын хурлын баримт хавсаргагдсан байна. Нэхэмжлэгчийн зөрчил гаргасан талаарх баримт байхгүй, тухайн ирүүлсэн баримтад алдаа гаргаад алдаанаас шалтгаалж байгууллагад ямар нөлөөтэй талаарх баримт байхгүй. Замын зөрчил үйлдсэн гэж байгаа нь цахим мэйлээс харахад замын зөрчлийг тогтоох эрх бүхий этгээд биш учраас үндэслэлгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн  2006 оны  33 дугаартай тогтоол байна. Уг тогтоолын 2 дугаар хэсэгт ажил олгогч гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондын маргааныг хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх бөгөөд харин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруугаас болсон нь тогтоогдвол маргааныг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Хэрэгт авагдсан баримт дээр Ө.Х нь хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад гарын үсэг зурсан байгаа учраас ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурагдаагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй боловч тушаал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийсэн байгаа зүйлүүдээс харахад хөдөлмөрийн харилцаа үүссэн учраас хүчин төгөлдөр бус хэлцэл биш, хэрвээ хариуцагч тал хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа бол энэ талаараа сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах байсан байх. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа талаараа тодорхой тайлбар хэлсэнгүй гэв.

 

Хариуцагч “А К” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Скотт Мккован Андрев нь А К ХХК-ийн гүйцэтгэх захирал. Нэхэмжлэгч Ө.Хыг манай компани 2018 онд туслах ажилтнаар авч, удаа дараа дэмжин Оюутолгой компанитай хамтран хэрэгжүүлдэг НМЕ төслийн захиргааны ажилтан албан тушаал хүртэл ажиллуулж байсан нь үнэн. Бид энэхүү төсөлд хамтран ажиллахын тулд маш өндөр шалгуураар өрсөлдөж шалгардаг бөгөөд энэ төсөл тодорхой хугацаатай үргэлжилдэг, бидний хувьд маш чухал ажил юм. Мөн бид төсөл дуусаад ахин эхэлсэн бол ажилтан бүртэй дахин шинээр хөдөлмөрийн гэрээ хийдэг. Иймд 2020 онд дахин эхэлсэн энэхүү төсөлд нэхэмжлэгч Ө.Хыг Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 2.2 дахь заалтаар 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/013 тоот тушаалаар багажны нярав албан тушаалтай томилсон нь үнэн. Гэвч нэхэмжлэгч Ө.Х удаа дараа зөрчил үүсгэн ажлын байрны шаардлагад нийцээгүй, ажлын байрны гүйцэтгэлийн үнэлгээгээр хангалтгүй байсан. Манай компани ажлын байрны үнэлгээг төсөл эхэлсэн хугацаанаас эхлээд эхний 1 сард, дараагийн үнэлгээг З сарын дотор гэсэн давтамжтай үнэлдэг бөгөөд энэхүү үнэлгээ нь 80 хувиас дээш байх шаардлага тавьдаг. Гэвч нэхэмжлэгч Ө.Хын хувьд дээрх үнэлгээнд эхний удаа 65 хувьтай буюу хангалтгүй байсан. Мөн 2020 оны 5 дугаар сарын 04-ний байдлаар авсан жолооны шалгалтанд /ажлын байрны шаардлагад жолоо барьдаг/ тэнцээгүй үнэлгээтэй үнэлэгдсэн. Иймд бид тушаалын дагуу туршилтын хугацаанд ажлын байрны шаардлагад нийцээгүй тул ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөх үед миний бие Тайландын вант улсад Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсад ирж чадалгүй карантинд орсон тул и-мэйлээр болон утсаар удирдлагын багт чиг үүрэг өгч удирдлагын багийн хурлын шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Хыг ажлаас чөлөөлсөн. Мөн миний бие Тайланд улс руу богино хугацаагаар яваад ирэх байсан бөгөөд энэ хугацаанд ажлын явцыг тасралтгүй үргэлжлүүлэхийг гарын үсгээ зурж үлдээсэн нь үнэн болно. Мөн дээрхи шалтгаанаар хуульчид олгосон итгэмжлэхэд уг гарын үсгийг ашигласан нь үнэн болно. Түүнчлэн гарын үсэг ашиглах зөвшөөрөл олгосны үндсэн дээр ажлаас чөлөөлөх тушаал дээр гарын үсгийн маягтаа ашиглуулсан нь ч үнэн болно. Иймд бид, өөрийн биеэр байхгүй байсан боловч гарын үсгээ ашигласан нь хуулийн зөрчилд орохоор бол, бид зөвхөн үүн дээр хариуцлага хүлээхээ хүлээнэ гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар гарын үсэг зурагдаагүй тул Хөдөлмөрийн гэрээ хүчингүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгууллагын хувьд цахимаар сануулгыг явуулдаг байсан. Төслийн менежир Кэрри хэлэхдээ Ө.Хын сануулгыг явуулах гэхэд тухайн үеийн хүний нөөцийн ажилтанд сануулгыг явуулах шаардлагагүй, илүү дээд хэмжээний удирдлага буюу компанийн захирал нь дундаас нь өөрчлөлт оруулсныг манай талаас нэмэлтээр шаарлагатай гэж үзвэл ноштлох баримтаар гаргаж өгч болно. Халагдах тушаал дээр хүчээр гарын үсэг зуруулсан гэж байгаа дээр Ариунгоог гэрчийн мэдүүлэг өгөхөд нь хэлэх ёстой байсан. Ажлаас чөлөөлөгдөх асуудал дээр эсэргүүцсэн зүйл байгаагүй гэдгийн хүний нөөц, ерөнхий нягтлан бодогч хоёр мэдэж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Х нь хариуцагч “А К” ХХК-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

“А К” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ө.Хтай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн Хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн засвар төсөлд няравын ажилд томилон ажиллуулж байсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгсэн Хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгч Ө.Хын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигч талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Дурьдагдаж буй хөдөлмөрийн гэрээ нь нотариатаар гэрчлүүлээгүй боловч зохигч талууд уг нотлох баримтын хэлбэрийн шаардлагын талаар маргаагүй буюу тухайн албан тушаалд Ө.Хыг ажиллуулж байсан үйл баримтыг зохигч талууд хэн аль нь тайлбарласан тул уг гэрээний нотолгооны ач холбогдлыг үгүйсгэх, нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч тал гарын үсэг зураагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7.-д “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ хэмээн маргаж байх боловч дээр дурьдсан няравын ажил, албан тушаалд Ө.Хаар ажил үүрэг гүйцэтгүүлж байсан үйл баримт тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээг хуульд нийцүүлэн байгуулж чадаагүйд ажилтныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгч Ө.Х 2020 оны 05 сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдлийг хүлээн авч, мэдэгдэлд гарын үсэг зурсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд ажил олгогчийн уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд гаргасан болох нь шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан тэмдгээр /хх-2 дугаар хуудасны ар тал/ тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах талаар тухайлан заасан Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг нэхэмжлэгч баримтлаагүй буюу гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн нь дээр дурдсанаар тогтоогдож байх бөгөөд энэхүү хугацааг сэргээн тогтоох хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-д заасныг баримтлан, хариуцагч “А К” ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан “нярав”-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 10 сар 18 хоногийн хугацааны цалин 35,963,279 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ө.Хын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАА