Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01037

 

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01037

 

 

Ө.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 101Ш2021/01193 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч АК ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие АК ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/013 тоот тушаалаар нярвын албан тушаалд томилогдон ажилласан. Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан бөгөөд ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажиллаж, зөрчил дутагдалгүй ажиллаж байсан. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/060 дугаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, Хөдөлмөрийн гэрээний 1.6, 1.7-д заасныг үндэслэл болгосон. Миний бие АК ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд туршилтын 3 сарын хугацаагаар гэрээ байгуулаагүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 1,7-д заасныг үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг байгуулах туршилтын хугацааны талаар заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр авсанд тооцно гэж заасан. Мөн гэрээний 1.6-д зааснаар хугацаагүй, хугацаатай гэсэн сонголтуудын хугацаатай гэсэн хэсгийг зөвлөсөн бөгөөд үүний дараагийн хэсэг болох туршилтын 3 сарын хугацаатайгаар гэснийг зөвлөөгүй, түүний дараа хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн засвар төсөл хөтөлбөр хэрэгжих 10 сарын хугацаанд гэсэн хэсгийг зөвлөсөн байдлаас үзвэл, нярвын албан тушаалд туршилтын хугацаагаар бус 10 сарын хугацаагаар ажилд орсон болох нь харагдаж байна. АК ХХК-д өмнө нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр захиргааны туслах ажилтан-аар ажилд орж байсан бөгөөд хугацааг гэрээнд тусгахдаа 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болгохоор ажил олгогчтой харилцан тохиролцож байсан. Улмаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед буюу 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлж байсан. Гэтэл өмнөх гэрээтэй адил хугацааг харилцан тохиролцсон атлаа тодорхой бус үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд урьд эрхэлж байсан нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 10 сар 18 хоногийн хугацааны цалин 35 963 279 төгрөгийг хариуцагчаас гаргуулна, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч АК ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч АК ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг, А.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Х-ыг манай компани 2018 онд туслах ажилтнаар авч, удаа дараа дэмжин Оюутолгой компанитай хамтран хэрэгжүүлдэг НМЕ төслийн захиргааны ажилтан албан тушаалд хүртэл ажиллуулж байсан. Бид төсөл дуусаад ахин эхэлсэн бол ажилтан бүртэй дахин шинээр хөдөлмөрийн гэрээ хийдэг. Иймд 2020 онд дахин эхэлсэн энэхүү төсөлд нэхэмжлэгч Ө.Х-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 2.2 дахь заалтаар 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/013 тоот тушаалаар багажны нярав албан тушаалтай томилсон. Гэвч нэхэмжлэгч Ө.Х- удаа дараа зөрчил үүсгэн ажлын байрны шаардлагад нийцээгүй, ажлын байрны гүйцэтгэлийн үнэлгээгээр хангалтгүй байсан. Манай компани ажлын байрны үнэлгээг төсөл эхэлсэн хугацаанаас эхлээд эхний 1 сард, дараагийн үнэлгээг З сарын дотор гэсэн давтамжтай үнэлдэг бөгөөд энэхүү үнэлгээ нь 80 хувиас дээш байх шаардлага тавьдаг. Гэвч нэхэмжлэгч Ө.Х-ын хувьд дээрх үнэлгээнд эхний удаа 65 хувьтай буюу хангалтгүй байсан. Мөн 2020 оны 5 дугаар сарын 04-ний байдлаар авсан жолооны шалгалтанд /ажлын байрны шаардлагад жолоо барьдаг/ тэнцээгүй үнэлгээтэй үнэлэгдсэн. Иймд бид тушаалын дагуу туршилтын хугацаанд ажлын байрны шаардлагад нийцээгүй тул ажлаас чөлөөлсөн. Байгууллагын хувьд цахимаар сануулгыг явуулдаг байсан. Ажлаас чөлөөлөгдөх асуудал дээр эсэргүүцсэн зүйл байгаагүй гэдгийн хүний нөөц, ерөнхий нягтлан бодогч хоёр мэдэж байгаа гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч АК ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 10 сар 18 хоногийн хугацааны цалин 35 963 279 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ө.Х-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ө.Х- нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өлөр хөдөлмөрийн гэрээ дуусагавар болгох тухай мэдэгдлийг хүлээн авч, мэдэгдэлд гарын үсэг зурсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд ажил олгогчийн уг шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд гаргасан гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир дутагдалтай байна. Шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжпэлийг хүлээн авсан болохыг "нэхэмжлэл хүлээн авсан тэмдэг"-ээр тогтоогдсон талаар дүгнэжээ. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан тухай бүртгэлийн дэвтэрт нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн болохыг бүртгэж, өмгөөлөгч миний бие гарын үсэг зурсан болох нь давж заалдах гомдолд хавсаргасан баримтаар тогтоогдож байх тул Ө.Х- нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйли 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гаргасан гэж үзэхээр байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримт болон дараах үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Ө.Х-ыг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/060 дугаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гүйцэтгзх захирлын тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Хууль ёсны шаардлагын хувьд, тухайн тушаалыг гаргах эрх бүхий этгээд МкКован Скотт Андрев нь Монгол Улсад байхгүй байх хугацаанд үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Ө.Х- нь "Альфа кварц" ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдреөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хутацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд туршилтын 3 сарын хугацаагаар гэрээ байгуулаагүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 1.7-д "туршилтын хугацаа: энэхүү гэрээнд заасан эхний өдрөөс эхлэн ажилтны эхний гурван сарын хугацаа нь "туршилтын хугацаа" байх бөгөөд энэ хугацаанд ажил олгогч ажилтны гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаагаас хамааран гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв ажилтан туршилтын хугацаанд шаардлага хангаагүй тохиолдолд ажил олгогчийн зүгээс гэрээг дуусгавар болгоно" гэж заасныг үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг байгуулах туршилтын хугацааны талаар заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр авсанд тооцно гэж заасан. Ө.Х-ыг ажлаас халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр халсан гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Гэтэл хэрэгт үүнтэй холбоотой баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй болно. Хэрэгт авагдсан ажлын байрны ажил үүрэг, даалгавар болон хариуцлага гэсэн баримтыг хавсаргасан. Уг баримтад Ө.Х-ын хэрхэн ажил гүйцэтгэж байгаа талаар оноогоор дүгнэлт өгсөн болох нь харагдаж байна. Тухайн баримтад "бусад хувь нэмэр" гэсэн хэсэгт "цагийн хуваарь хөтлөх" гэж заажээ. Ийнхүү Ө.Х-ын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээс өөр нэмэлт ажил гүйцэтгэхийг даалгасан талаарх гүйцэтгэх захирлын тушаал хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн ажил, үүргийг зэрэг гүйцэтгэхтэй холбоотой захирлын тушаал гарч, үүнтэй холбоотой хариуцлага, ажил үүргийн тодорхойлолтыг танилцуулах учиртай. Дээрх баримтын "Үүрэг даалгаврын шалгалт, гүйцэтгэлийн оноо"-г хэрхэн яаж өгдөг нь ойлгомжгүй, тухайн үнэлгээг хийхэд баримтлах дүрэм, журмыг хэрэгт хавсаргаагүй байна. Түүнчлэн, тус баримтад тухайн үнэлгээг Ө.Х-д танилцуулсан баримтгүй, танилцуулах хэсэгт гарын үсэг зуруулаагүйгээс үзвэл уг баримтыг нөхөж хийсэн гэж үзэхээр байна. Ө.Х-ын үнэлгээг нэгтгэсэн гэх баримтад гүйцэтгэлийн үнэлгээг 65 хувь гэж гаргасан байна. Гэтэл ямар баримтуудад үндэслэн уг үнэлгээг нэгтгэн гаргасан нь тодорхой бус байна. Хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Удирдлагын багийн хурлын тэмдэглэл, зөрчлийн болон цагийн бүртгэлийн алдаануудын тайлбар гэх үзвэл, Ө.Х-ын гаргасан гэх зөрчлийн талаар хуралдаж шийдвэрлэсэн талаар дурдсан байдаг. Тухайн баримтад дурдсан Ө.Х-ын гаргасан гэх зөрчлүүд нь холбогдох баримтаар тогтоогдсон зүйл байхгүй байна. Тухайлбал, "...ахлах ажилтанд мэдэгдэлгүйгээр ажлын байраа орхин явдаг талаар амар хэлбэрээр гомдлууд ирсэн" гэх боловч үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн ажилчдын цагийн бүртгэл хөтлөлтөнд удаа дараа алдаа гаргасан гэх боловч хэрэгт тухайн цагийн бүртгэлийг хийхтэй холбоотой, Ө.Х-д үүрэг болгож хариуцуулсан тушаал, шийдвэр авагдаагүйгээс гадна, тухайн зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг нь тогтоогдоогүй байна. Автомашин жолоодон явахдаа зөрчил гаргасан гэх боловч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх асуудлыг тогтоодог эрх бүхий байгууллага нь Оюу толгой ХХК болон АК ХХК-ийн аль аль нь биш юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж егнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүйг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ө.Х- нь хариуцагч АК ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Ө.Х- нь хариуцагч АК ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус компанийн хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн засварын багажны нярваар ажиллаж байсан ба хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/060 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, хөдөлмөрийн гэрээний 1.6, 1.7-д заасныг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-ийн 4/

 

Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээж авсан болох нь шүүхийн дардас бүхий тэмдэглэлээр тогтоогдож байхаас гадна шүүгч 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэх захирамжаар нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээж авсан гэж, түүнчлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжид нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээж авсан гэж тус тус өөрөө тодорхойлсон атлаа шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд гаргасан хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргасан байна. / хх-ийн 2, 26, 110 /

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн хөдөлмөрийн гэрээний хуулбар нь нотариатаар гэрчлүүлээгүй буюу хуульд заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй боловч хариуцагч байгууллага тухайн албан тушаалд Ө.Х-ыг ажиллуулж, түүнд цалин хөлс олгож байсан болох нь зохигчдын хэн алины тайлбар, хэрэгт авагдсан Ө.Х-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажлын байрны тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. / хх-ийн 23, 144-146 /

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан боловч мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй тул хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч тал гарын үсэг зураагүй, бичгээр хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй явдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй болно.

Хариуцагч АК ХХК нь нэхэмжлэгч Ө.Х-ын 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хөдөлмөрийн гэрээний хугацааг 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаатай байхаар харилцан тохиролцсон гэж тайлбарласныг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт гаргаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг нотлогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нийцнэ.

Хариуцагч тал ...Ө.Х- нь машин механизмын тоног төхөөрөмжийн засварын төсөлд нярваар ажиллахдаа ажил мэргэжлийн шаардлагад тэнцээгүй, хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дууссан, түүний гаргасан зөрчил тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн тайлбарт заасан үндэслэл ажил олгогчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/060 дугаартай тушаалд тусгагдаагүй байна. /хх-ийн 4/

Хэрэгт авагдсан АК ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн удирдлагын багийн хурлын тэмдэглэл, зөрчлүүд болон цагийн бүртгэлийн алдаануудын тайлбар, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн жолооны шалгалтын дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаас үзэхэд эдгээр баримтуудыг ажил олгогч шийдвэр гаргахаас өмнө Ө.Х-д танилцуулсан, гардуулсан баримтгүйгээс гадна хариуцагч байгууллагын тушаалын үндэслэл болоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. / хх-ийн 72, 74-89 /

Нэхэмжлэгчийн тайлбарласнаар хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө тодорхой бус шалтгаанаар, үндэслэлээ заалгүй хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хариуцагч байгууллагын дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т тус тус нийцээгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ө.Х-ыг АК ХХК-ийн хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн засварын төсөлд багажны нярвын ажилд эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тодорхойлж урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр түүний сүүлийн 3 сарын дундаж цалин нь /3 309 500+3 327 500+ 3 075 819=/ 3 237 606 төгрөг байна. /хх-ийн 23/

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааг тооцвол 13 сар байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /3 237 606 * 13 / = 42 088 878 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 101Ш2021/01193 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус зааснаар Ө.Х-ыг АК ХХК-ийн хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн засварын төсөлд багажны нярвын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 42 088 878 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Х-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч АК ХХК-д даалгасугай гэж, 2 дугаар заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч АК ХХК-аас 368 395 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай тус тус өөрчилсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ