Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2021/01375

 

 

 

 

 

 

 

     2021         05         17                                      101/ШШ2021/01375

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  “ВФЖ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б холбогдох 

 

Барааны төлбөр 23,980,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, хариуцагч А.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ВФЖ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.Б  нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр манай компанид худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. 2020 оны 11 дүгээр сард А.Б  нь борлуулж байсан бараа бүтээгдэхүүний мөнгийг компанид бүрэн тушааж байгаагүй нь илэрч, тооцоо нийлж үзэхэд 23,980,300 төгрөгийг хувьдаа ашигласан байсан.

Бараа бүтээгдэхүүний мөнгийг яагаад хувьдаа авч ашигласныг асуухад мөрийтэй тоглоод үрээд дуусгасан гэж байсан. Ингээд ажлаасаа халагдсан бөгөөд хувьдаа ашигласан мөнгөө төлж барагдуулна гэсэн амлалт өгсөн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.

Иймд А.Б аас 23,980,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “ВФЖ” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон ба ажиллаж байх хугацаандаа компаниас эд хөрөнгийн дутагдал гаргаагүй.

Учир нь “ВФЖ” ХХК нь бүтээгдэхүүнээ аж ахуйн нэгж, хувь хүнд зээлээр худалдан борлуулахдаа, зээлийн гэрээ байгуулдаггүй, итгэлцлийн үндсэн дээр явагдаж, төлбөр тооцоог худалдааны төлөөлөгч нь тодорхой маршрутын дагуу биеэр очиж аваад 7 хоногт багтаан санхүүд тушаадаг гэх боловч “ВФЖ” ХХК нь дотоодын зохион байгуулалт байхгүй, худалдааны төлөөлөгч яг хэзээ мөнгөө компанид тушаадаг болох нь тодорхойгүй, тухай бүрт тооцоо хийдэггүй, ямар үндэслэлээр бараа дутагдуулсныг тогтоогоогүй атлаа, өмнөх ажиллаж байсан хүний өр авлагыг дараагийн ажилтанд шилжүүлэн үүсгэснээс болж худалдааны төлөөлөгчид их хэмжээний өр үүсгэдэг ба энэ өрийг ямар аргачлалаар гаргадаг нь тодорхой бус юм.

“ВФЖ” ХХК-ийн захирал Ц.Отгонхуяг нь харилцааны доголдолтой хүн байдаг ба миний биеийг өрөөндөө дуудаж оруулж ирээд өмссөн хувцас тайлуулж загнаж байсан. Мөн миний унаж очсон, хүний машиныг түлхүүрийг хүчээр булаан авч дарамталж байгаад надаар амлалт бичүүлж төлбөрөө барагдуулж машинаа ав гэсэн.

Иймд 23,980,300 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин компанид хураагдсан бусдын өмчлөлийн буюу Волоож овогтой Нямбаярын автомашиныг буцааж авмаар байна. Машины өмчлөгч надаас машинаа нэхэж байнга дарамт үүсгэж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Иргэний хуулийн яг ямар гэрээний заалтыг зөрчөөд байгаа нь тодорхой бус байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд А.Б ын хэлж байгаагаар хүчээр бичүүлж авсан гэж байна. Акт бичүүлж, албан ёсны баримт байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа баримт дээр зөрүүтэй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. Эд хөрөнгийн хариуцлагын үүрэг байгаа эсэх нь тодорхойгүй. Байгууллагын ажилтантай хийсэн тооцоо нийлсэн акт байхгүй байна. Хангалттай нотлох баримт байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ВФЖ” ХХК нь хариуцагч А.Б т холбогдуулан, компаниас авч ашигласан бараа бүтээгдэхүүний төлбөр 23,980,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Хариуцагч А.Б  нь “ВФЖ” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20/20 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, мөн өдрийн огноо, дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулж, тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/14 дүгээр тушаалаар, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тус компанийн худалдааны төлөөлөгчөөр ажиллажээ.

Талууд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тооцоо нийлж, “Авлагын товчоо” гэх жагсаалтад тусгагдсан бараа, бүтээгдэхүүнийг харилцагчид нийлүүлсэн тухай баримтад тулгуурлан нийт 21,029,810 төгрөгийг хариуцагч А.Б  хувьдаа авч зарцуулсныг харилцан тогтоож, улмаар А.Б  21,029,810 төгрөгийг “ВФЖ” ХХК-д төлөх тухай өргөдлийг мөн өдөр бичсэн нь хэрэгт авагдсан.

Дээрх тооцоо нийлсэн баримтад тусгагдсан 21,029,810 төгрөгийн дүн урьдчилсан байдлаар хийсэн тооцоо бөгөөд нэмэгдэх магадлалтайг хүлээн зөвшөөрнө хэмээн А.Б ын өргөдөлд дурьдагдсан хэдий ч нэхэмжлэгчийн шаардаж буй 23,980,300 төгрөгийн тооцоолол гэх “Авлагын товчоо” нэртэй баримт /хэргийн 17-18 дугаар тал/ нь нэг талын үйлдсэн баримт бөгөөд тооцоолол хийсэн үндэслэл, эх сурвалж тодорхой бус байна.

Талуудын хооронд үүссэн энэхүү маргаан бүхий харилцааны талаар дурьдаж буй зохигч талуудын гаргасан тайлбараас үзэхэд, хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн талуудын ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой ажил олгогчийн шаардлагыг шийдвэрлэх талаар тухайлан заасан Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж маргааныг шийдвэрлэнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2.-т зааснаар, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан А.Б  эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үндэслэлтэй болох нь дээр дурьдсанаар тогтоогдож байх тул байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шаардлага үндэслэлтэй байна.

Харин, хэргийн 17-18 дугаар талд авагдсан, 23,980,300 төгрөгийн тооцоолол гэх “Авлагын товчоо” нэртэй баримтын үндэслэл, эх сурвалж тодорхой бус болохыг дээр дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй буюу талуудын тооцоо нийлсэн дүн болох 21,029,810 төгрөгийг хариуцагч А.Б аас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

Хариуцагч нь дээрх тооцоо нийлсэн гэх баримт хийгээд, өргөдөл бичүүлсэн нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн дарамт дор үйлдэгдсэн хэмээн шүүхэд тайлбарласан боловч нотлох баримтаар нотлоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагч А.Б аас 21,029,810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “ВФЖ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,950,490 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б аас улсын тэмдэгтийн хураамж 263,099 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ВФЖ” ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАА