Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01632

 

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01632

 

С.Н-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/02658 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Н-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй, ДЭЭИЭ ХХК-д холбогдох

Шууд худалдааны дистрибьютерийн 011292891 дугаартай код сэргээлгэх, 2020 оны 11 сараас 2021 оны 09 сарыг хүртэл хугацааны урамшуулал нийт 30 744 341 төгрөг, Турк улсын аяллын зардал 3 390 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-, А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэр бүлээрээ 2007 оноос ДЭЭИЭ ХХК-д орж, 2020 оны 12 дугаар cap хүртэл тус компанид ажиллаж, маркетинг төлөвлөлт, бүтээгдэхүүн борлуулалт, хувийн менежмент, зохион байгуулалтын үр дүнд cap бүр 2 800 000 - 3 200 000 төгрөгийн урамшуулал авдаг болсон. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын бонус урамшууллыг хугацаанд нь өгөхгүй, 12 дугаар сард өгөөд одоогоор 2020 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 01-ээс 9 дүгээр сарын бонус, урамшуулал тасарсан байгаа болно. Бонус урамшууллын нэхэмжилж буй мөнгөн дүнг 2019 болон 2020 оны тухайн сарын бонус урамшууллыг үндэслэсэн болно. 2020 оны 11 дүгээр сарын 13-нд ДЭЭИЭ ХХК-аас 011292891 дугаартай кодыг цуцлах сануулах хуудас 2 удаа ирсэн боловч би хүлээн авч танилцаад, түүнийг үндэслэлгүй гэдгээ нотолж, холбогдох материалын хамт гарын үсгээ зурж явуулсан. ДЭЭИЭ ХХК-ийн дистрибьюторын дүрэм журмын 3-7 ба 16 дугаар заалтыг бид шууд болон шууд бус нөлөөллөөр зөрчөөгүй болно. Мөн бид 2020 оны 12 дугаар сард захиалга хийгээд Малайз улсын ДЭЭИЭ компаниас зарласан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний хооронд нэг жилийн хугацанд Турк улсын аяллын болзол 110 Тsip оноог бүрэн хангаж байсан. Манай гэр бүл өөр компанид ажиллах хүсэл сонирхол байхгүй. Ажилтан Б.М нь Б.Б- надад мэдэгдэл өгөхөд нь би өөрөө ороогүй гээд гарын зураад буцаасан бөгөөд 14 хоногийн дотор бичгээр заавал тайлбар өг гэж хэлээгүй, өөр сүлжээнд ороогүй тул мэдэгдлийн буланд нь оролцоогүй гэдгээ л бичсэн. Зөрчил үүсэх шалтгаан нь Грийн лийф компанид ажилласан байна гэсэн. Би Грийн лийф ХХК-д холбогдоод ороогүй гэдгээ нотолсон баримтыг авсан. Шууд бусаар оролцсон гэж үзэх шалтгаан нь нөхрийн эгчийнх нь хүүхэд Баянхонгор аймагт Грийн лийф компанид гишүүнчлэл хийсэн байсан. Би Баянхонгор аймаг, Дархан уул аймаг, Дорнод аймагт байх багийг тус тус алдсан. Энэ асуудлаар би өөрийн биеэр очиж 9 удаа хүсэлт өгсөн. Очиж уулзах үед маш их хэцүү байсан. Өмнө бас Дубай улс руу аялах болзлыг бараг хангасан байсан. Жаахан оноо дутсан байхад менежер өөрийн давуу байдлаа ашиглаад өөр хүнийг явуулаад би аялалд явж чадаагүй. Би энэ зөрчлийг засуулах гэж удирдлагад хэлж байсан. Бид тэтгэвэрт гараад энэ бизнесээр амьдарна гэж тооцож орсон, эцэстээ кодгүй, орсон орлогогүй болсон. Б.М- над руу танихгүй дугаараас залгаад миний ээж н.Энхтуяа гэдэг хүн байдаг. Та Грийн лийф ХХК-д орсон уу гэж асуухад би гайхсан. Бас манай багийн гишүүнтэй биеэр очиж уулзсан байсан. 2020 оны хавар Грийн лийф сүлжээнд орсон гэдэг, гэтэл дүрэм дээр ДЭЭИЭ ХХК-тай өрсөлдөхүйц бараа борлуулсан гэж заасан. ДЭЭИЭ ХХК-д дотуур хувцас байхгүй, хэрэгтэй барааг бид өөр компаниас авна. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр код цуцалсан гэх боловч бид хоёр тухайн сард бүрэн захиалга авсан. Бид хоёр хөөцөлдөж байж 12 дугаар сард 10 сарын урамшуулал хөлсөө авсан. 11 дүгээр сарын 02-ны өдөр захиалга хийх үед код байсан. 11 дүгээр сард захиалга хийсэн учир тодорхой хэмжээний хөлсөө авах хэрэгтэй гэж үзэж байна. Ногоон навчинд адилхан бараа байхгүй байх гэж бодож байна. Иймд шууд худалдааны дистрибьютерийн 011292891 дугаартай кодыг сэргээж, 2020 оны 11 дүгээр сард ажлын гүйцэтгэл бүрэн хийгдсэн учир 2 602 808 төгрөгийн урамшуулалыг гаргуулах, 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын бонус урамшуулал 28 141 533 төгрөг гаргуулах, Турк улсын аяллын зардал 3 390 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар манай байгууллагад дистрибьюторын гэрээний дагуу шууд худалдааны борлуулалт хийж байсан. Бид хамтран ажиллахдаа ДЭЭИЭ ХХК-ийн дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан. Б.Б-, С.Н- нар нь гэр бүлийн гишүүд бөгөөд ДЭЭИЭ ХХК-ийн дүрэм журмыг зөрчиж ажилласан ба бид энэ талаар дүрэм журамд заасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр албан сануулга өгсөн боловч албан сануулгад журмын дагуу тайлбар ирүүлээгүй. Мөн компанийн зүгээс Б.Б-ийг өөр шууд худалдааны компанид ажиллаж байгааг мэдсэний дараа нотлох зорилгоор компанийн менежер Б.Б-той утсаар ярихад Грийн лийф буюу ногоон навч гэх байгууллагад ажиллаж байгаа салбар газар нь ирж уулзаж болох тухай ярьсан. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж компанийн зүгээс Б.Б-, С.Н- нартай 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дистрибьютерийн эрхийг DXN / ДЭЭИЭ / Дистрибьюторын дүрэм журмын 3.7 болон 16 дугаар хэсэгт зааснаар цуцалсан. Мөн дүрэм журмын 9-д зааснаар бонусын урамшуулал болон ашгийг зогсоож хязгаарласан. Уг шийдвэрийг би өөрийн биеэр Дархан-Уул аймагт очиж, гардуулсан. Сүүлд нэхэмжлэгч нар нь надтай холбогдох үед аль хэдийн шийдвэр гарсан, код цуцлагдсан байсан. Код цуцлах шийдвэр 2020 оны 10 дугаар сарын 26-нд шийдвэр гарсан тул энэ хүртэлх захиалга авсан учир зөөлөн хандаад урамшууллыг өгнө үү гэх хүсэлтийг Малайз улс руу бичээд 26 хоног ажилласан учир 12 дугаар сард урамшуулал хөлсийг олгосон. Кодыг Монгол улсад устгадаггүй, Малайз улсад устгагдаг байгаа. Ингээд 10 дугаар сарын 26-нд шийдвэр гараад гардуулаад цааш нь мэдэгдэх ажиллагаа явуулсаар байгаад 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүрсэн ба энэ өдрийн худалдан авалтыг цуцлаад, мөнгийг нь буцааж өгөөрэй гэж Дархан-Уул аймгийн үйлчилгээний төвд хэлсэн. Тухайн мөнгийг олгосон байх гэж бодож байна. ДЭЭИЭ ХХК-ийн өрсөлдөгч компанийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцсон бол гэдгээрээ код цуцлах үндэслэл болсон. Нэхэмжлэгч нарын код цуцлагдсан тул ажлаагүй үеийн бонус, урамшуулал, аяллын болзолтой холбоотой шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ДЭЭИЭ ХХК-аас урамшуулал 2 602 808 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Н-, Б.Б- нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс 011292891 дугаартай код сэргээлгэх, 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын бонус урамшуулал 28 141 533 төгрөг гаргуулах, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаанд Турк улсын аяллын болзол 110Tsip оноог бүрэн хангаж байсан учир 3 390 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473 558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДЭЭИЭ ХХК-аас нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 56 595 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Н-, Б.Б- нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зөрчсөн эсэх талаар нотлох баримт хангалттай цуглараагүй түүнчлэн байгууллагаас ирсан албан бичигт гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй, өөр компанид элсээгүй талаараа шалгуулахаар компанийн менежерт гадаад паспортоо өгч хариу хүлээж байсан гэсэн тайлбарыг өгсөн. Энэ талаар хариуцагч үгүйсгээгүй байхад нэхэмжлэгч талыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн Иргэний хуулийн 225.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нар нь өөр худалдааны байгууллагад элсэж ороогүй, "ДЭЭИЭ" ХХК-д сөргөөр нөлөөлж болох ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, компанийн цаашдын үйл ажиллагаанд саад учруулахуйц аливаа үйл ажиллагаанд оролцоогүй байхад хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож, тогтоосон хүгацаанд гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй гэсэн агуулгаар нотлох баримтгүйгээр гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж байгаа нь гэрээнд оролцогч нөгөө талыг хохироосон үйлдэл болсон. Иргэний хуулийн 225 зүйлийн 225.4.1-т зааснаар үүргээ ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй. Шаардлагатай бол үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн хэр хэмжээ үүнээс үүдэн гарсан хохирол зэргийг тооцож болно. Нэхэмжлэгч нар 2007 оноос хойш 2020 он хүртэл тус компанид 13 жил тасралтгүй ажиллахдаа маш их цаг зав хөрөнгө мөнгө хөдөлмөрийн үр шимээ зарцуулж хичээнгүйлэн олон жил ажиллаж цолонд хүрч өөрийн үүсгэсэн багуудаараа дамжуулан борлуулалт хийж тус компанид сард дунджаар 65 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулж өгсөөр ирсэн. Гэтэл дээрх компанийн удирдлагууд үл ялиг зүйлээр шалтаглан компанид ямар нэгэн хохирол учраагүй байхад 14 хоногийн дотор бичгээр тайлбар өгсөнгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж нэхэмжлэгч нарыг хохироосон. Мөн нэхэмжлэгч Б.Б- нь эрүүл мэндийн шалгааны улмаас тус компанийн борлуулдаг бараа бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг бөгөөд гэрээг цуцалсан нөхцөл байдал нь хүндрэл учруулаад зогсохгүй хохироосон үйлдэл болсон. Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Грийн лийф гэх байгууллагад элсээгүй, бүртгэлгүй талаар тодорхойлолт гаргаж өгсөөр байхад энэ нотлох баримт дээр дүгнэлт хийлгүй нэхэмжлэгч нарыг гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргасан. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Б.Б-, С.Н- нарын "ДЭЭИЭ" ХХК-ийн 011292891 дугаартай код сэргээлгэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч С.Н-, Б.Б- нар нь хариуцагч "ДЭЭИЭ" ХХК-д холбогдуулж, шууд худалдааны дистрибьютерийн 011292891 дугаартай код сэргээлгэх, 2020 оны 11 сараас 2021 оны 09 сарыг хүртэл хугацааны урамшуулал нийт 30 744 341 төгрөг, Турк улсын аялалын зардал 3 390 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүссэн, мөн хуулийн 415 дугаар зүйлийн 415.1, 415.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь худалдааны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан гэж дүгнэжээ.

Хариуцагч тал ...нэхэмжлэгч нар манай байгууллагад дистрибьюторын гэрээний дагуу шууд худалдааны борлуулалт хийж байсан, ДЭЭИЭ ХХК-ийн дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан... гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нартай анх ямар гэрээ байгуулсан, ДЭЭИЭ ХХК-ийн дүрэм журам гэх баримт бичгийг тэдэнд хэрхэн танилцуулсан нь тодорхой бус, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй тохиолдолд талуудын хооронд гэрээний ямар харилцаа үүссэн буюу гэрээний агуулга, улмаар гэрээг цуцлах үүргийн зөрчил гаргасан эсэхийг эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

Мөн хариуцагч ДЭЭИЭ ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 060/0571/280109-00/SCN1724082020 дугаартай DXN дистрибьюторын дүрэм журмын 3.7 болон 16.1-д заасны дагуу үйл ажиллагааны сануулга /SCN/-ийг Б.Б-ид өгсөн байх бөгөөд уг сануулгад ...Байгууллага таныг Ногоон навч гэж нэрлэгддэг шууд худалдааны байгууллагад үйл ажиллагаа явуулдаг тухай гомдолд таны туслалцаа болон шуурхай хариу тайлбарыг хүсэж байна. ...бичгэн тайлбарыг тус өдрөөс хойш 14 хоногийн дотор өгөх үүрэгтэй... гэж заажээ.

Гэвч уг сануулгад дурдсан ямар гомдол хариуцагч байгууллагад ирсэн талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна хариуцагч байгууллагын ажилтан Б.Мөнхболдын нэхэмжлэгч Б.Б-той гар утсаар ярихдаа өөр хүний нэр барьж, өөрт нь мэдэгдэлгүй, нууцаар ярианы бичлэг хийсэнд шүүхээс үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байна. Гэвч шүүхээс уг баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна. Хариуцагч байгууллагын ажилтанд нууц далд аргаар бусдыг турших ажил явуулах эрхтэй этгээд гэх баримт хэрэгт байхгүй. Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгч нарын гишүүнчлэл болон дистрибьютор байх эрх буюу 011292891 дугаартай кодыг цуцалсан нь үндэслэлтэй эсэхийг дүгнэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч С.Н-, Б.Б- нар нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд 2007 оноос эхлэн ДЭЭИЭ ХХК-д элсэж, Б.Б-ийн нэр дээр 011292891 дугаартай кодыг эзэмшдэг байсан талаар тайлбарлаж, уг кодыг сэргээлгэх талаар шаардлага гаргаж, хариуцагч тал ...кодыг Монгол улсад устгадаггүй, Малайз улсад устгадаг сэргээх боломжгүй... гэж тайлбарлан маргаж байгаа тохиолдолд тухайн шаардлага шүүхийн шийдвэрийн үндсэн дээрх хэрэгжих боломжтой эсэхийг тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй. Үүнийг бодитой биелүүлж болохыг тогтоосон эсэх нь тодорхой бус байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нар гэрээг цуцалсантай холбоотой хохирол шаардаж байгаа эсхүл гэрээний харилцааг үргэлжлүүлэхийг хүссэн шаардлага гаргасан аль нь болохыг тодруулсны үндсэн дээр эрх зүйн дүгнэлт хийх учиртай.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага нь биелэгдэх боломжтой эсэх нь тодорхойгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс гэрээг цуцалсан үндэслэлтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/02658 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ