Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 577

 

 

 

 

 

 

   2020             5            12                                        2020/ДШМ/577

 

 

                         Н К Т-д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ, даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч Ш.Саранчимэгийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

иргэний хариуцагч Х.Сарангэрэл,

шүүгдэгч Н К Т, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

орчуулагч О.Баярхүү,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Н К Т-д холбогдох эрүүгийн 1903014270062 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н К Т, Вьетнам улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Бүгд найрамдах Вьетнам улсад төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, будагчин мэргэжилтэй, Нарны гүүрний зүүн талд байрлах автомашин засварын газар засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын 53/9 дүгээр байрны 111 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:С6785594/;

Вьетнам улсын иргэн Н К Т нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Өгөөж” ХХК-ийн баруун урд уулзвар замд Mitsubishi Lancer маркийн 56-42 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ш.Саранчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н К Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н К Т-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н К Т-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н К Т торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н К Т торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Н К Т баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч Ш.Саранчимэг нь өөрт учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн В ангилалын 928083 дугаартай үнэмлэхийг Н К Т-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.  

Хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Орбита, Солонго, Эм Жи Жи эмнэлгүүдэд үзүүлж оношлуулсан төлбөрийн баримт, эмнэлэгт үзүүлэхэд гарсан бинзений баримт нийт 496.200 төгрөгийн /хх 82, болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн хх 104/ зардал гарсныг шүүх хуралдааны үеэр баримттайгаар гарган өгч нэхэмжилсэн боловч шүүгч өмнө Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтсэн төлсөн төлбөрт оруулан тооцож төлөгдсөн гэж үзсэн, хэрэгсэхгүй болгосон нь бодит байдалд нийцэхгүй хууль бус дүгнэлт болсон. ...Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон тухай цалингийн баримт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг шүүх хуралдааны үеэр гаргаж өгөн дэвтэрт бичигдсэн цалингийн дунджаар тооцон нийт цалин хөлсний 50 хувь болох дутуу авсан цалин хөлс болох 1.581.521 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх цалин хэдийг авсан болон үлдэх зөрүү нь хэд болох талаар баримт байхгүй байна гэж үзэн гаргуулахгүй орхисон нь бодит байдалд нийцэхгүй байна. ...Зам тээврийн ослын үед хохирогч Ш.Саранчимэгийн гар утас эвдэрч хагарсан билээ. ...Шүүгдэгч иргэний хариуцагч нар шүүх хуралдааны үеэр төлөхөөс татгалзах зүйлгүй, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байхад шүүх санаачлагаараа хохирлоос хассан нь хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. ...Бүгд Найрамдах Солонгос улсад эмчлүүлэхээр эмнэлгийн тодорхойлолт, үнийн саналыг албан ёсны төлөөлөгчийн газраар нь дамжуулан авч шүүхэд өгөн төлбөрийг нэхэмжилсэн. ...шүүх хагалгааны төлбөр 42.448.000 төгрөгийг ирээдүйд гарах зардал бөгөөд гадаад хэл дээр бичигдсэн орчуулга байхгүй гэсэн үндэслэлээр хор уршигт тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497.1, 499.1, 505.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд учирч болох эрсдлээс сэргийлэн техник технологи ашиглан хүндрэл бага үүсэх аргаар зайлшгүй хагалгаа хийх шаардлагатай байгаа тул эрүүл мэндийг нөхөн сэргээх зардлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулж өгнө үү. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн дагуу Н К Т-тай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал, ялаа эдэлж дуустал эсвэл чөлөөлөгдөх хүртэл Монгол Улсын Хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч Х.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний зүгээс хохирогч Ш.Саранчимэгийг эмнэлгээс гарснаас нь хойш 2-3 удаа эмнэлгээр дагуулж явж эмчилгээ хийлгэсэн. Ш.Саранчимэгийн хацар хэсэгт цус хуралттай гээд бага зэрэг хавдаад хатуурчихсан байсан. Түүнд нь 5 удаагийн лазер эмчилгээ хийлгэсэн. Мөн “Орбита” нүдний эмнэлэгт нүдийг нь үзүүлж зардлыг нь гаргасан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс зөвхөн “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлыг өгөөд түүнээс хойш зардлыг хариуцаагүй гэж байна. Гэтэл бидний зүгээс “Орбита” эмнэлэгт үзүүлсэн, лазер эмчилгээ хийлгэсэн, толгой өвдөөд байна гэхээр нь эмийн сангаас тариаг нь авч өгсөн. Шүүгдэгч Нго Куанг Тоаны зүгээс баримтаар нотлогдсон зардлуудыг төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийн зүйлчилсэн зүйлчлэл, хавтас хэрэгт авагдсан баримтууд болон хохирлын талаар Нго Куанг Тоан шүүх хуралдаан дээр өөрийн саналаа хэлсэн. Зүйлчлэл дээр маргаан байхгүй. Цаашдаа гарах хохирол төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс дурдаж байгаа эхний зардал нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 4.593.000 төгрөгт хамаарч байгааг шүүх тогтоосон. Мөн осол гарах үед гар утас эвдэрсэн гэх зүйл ярьж байгаа боловч хавтас хэргийн хүрээнд тийм баримт байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд “эд зүйл тодорхой эвдэрч, гэмтсэн бол түүнийг эд зүйлийн үнэлгээгээр тооцож хохирлын хэмжээнд оруулна” гэсэн хууль зүйн зохицуулалт байгаа. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй. Мөн Солонгос улс руу явж эмчлүүлэх нь ирээдүйд гарах зардал. Иймээс Солонгос явж эмчлүүлээд Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй. Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд шүүгдэгч Нго Куанг Тоаныг шүүхээс 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгосон учраас дахин таслан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн өмгөөлөгч хэд хэдэн үндэслэлээр хохирол төлбөр нэхэмжилсэн байна. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаан дээр эдгээр асуудлууд яригдаж шүүх шийдвэрлэхдээ уг асуудлуудтай холбоотой баримтууд хавтас хэрэгт авагдаагүй учраас баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Тухайлбал, гар утас байсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад ярьж байгаагүй, шүүхийн шатнаас эхлэн гар утасны зардлыг нэхэмжилж эхэлсэн гэх мэт асуудал байгаа. Мөн таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөхийг шүүх шийдвэрлэхгүй. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдэх ажиллагаа учраас шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шийдвэр гүйцэтгэлийн шатанд энэ асуудал яригдах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н К Т-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг хянаж, шийдвэрлэх ёстой байдлыг шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тээврийн прокурорын газрын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1903014270062 дугаартай прокурорын тогтоолоор Вьетнам улсын иргэн Н К Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, түүнээс яллагдагчаар мэдүүлэг авч, 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр шинжээчийн дүгнэлт, хэргийн материалыг танилцуулсан байна. /хх 71-75, 93, 95/

“Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3-т Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараахь наад захын баталгаагаар хангагдах эрхтэй: (b) өмгөөлүүлэх  ажлаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, бололцоотой байх, сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцах; (d) ...өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх; өмгөөлөгчгүй байгаа бол өмгөөлүүлэх эрхийнх нь тухай өөрт нь  мэдэгдсэн байх; ...өөрт нь томилсон өмгөөлөгчтэй байх...”;

 Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй”,

Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй гэж тус тус заажээ.

 

Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “ “монгол хэл, бичиг мэдэхгүй” сэжигтэн, яллагдагч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...прокурор, мөрдөгч нь ...өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана”  хэмээн баталгаажуулан хуульчилжээ.

 

Вьетнам улсын иргэн Н К Т-ыг яллагдагчаар татаж, түүнээс мэдүүлэг авсан болон шинжээчийн дүгнэлт, хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл зэргээс үзвэл тэрээр монгол хэл, бичиг мэдэхгүй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас гадна Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн гэж үзнэ.

Аливаа хүний эрхийг дээдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой, хүний эрхийг зөрчсөн энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн үзэх,  шүүхээс Вьетнам улсын иргэн Н К Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна. 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н К Т-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н К Т-д холбогдох хэргийг тус шүүхээс прокурорт буцаасан тул хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн давж заалдах гомдлыг энэ удаад хянан шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н К Т-д холбогдох эрүүгийн 1903014270062 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н К Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

               

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ