Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 723

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж,

нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Н /НГ/ түүний өмгөөлөгч Б.Д,

хохирогч Ш.С, түүний өмгөөлөгч Г.Ц,

иргэний хариуцагч Х.С,

орчуулагч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Н /НГ/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1903014270062 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Вьетнам улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н /НГ/-нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 34 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Өгөөж” ХХК-ний баруун урд уулзвар замд “Mitsubishi Lancer” маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар  баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ш.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Н /НГ/ мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байна...” гэв.

Хохирогч Ш.С мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ажил руугаа явж байгаад ногоон гэрлээр зам хөндлөн гарч яваад уг гэмт хэргийн хохирогч болсон. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 4-5-р хуудас/,

2. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р хуудас/,

3. Хохирогч Ш.Сийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 34 минутын орчим ажил руугаа явж байгаад Өгөөжийн уулзварын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй гарах гээд зөвшөөрсөн ногоон гэрэл хүлээж байгаад ногоон асахаар нь явган хүний гарцаар гараад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явдаг зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхад ертөнцийн зүгээр баруунаасаа урагшаа чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгсэл миний баруун талын хэсэг рүү мөргөөд нэг мэдсэн чинь би босож ирээд зогсож байсан. Нүүрний хэсгээс нилээн их цус гарч байсан. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс “хүн мөргөчихлөө шүү дээ” гэж хэлж байсан. Би мөргөсөн машиныг харахад цагаан өнгийн жижиг суудлын автомашин харагдсан. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд эмч шууд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Ийм л зүйл болсон. Миний биеийн байдал дунд зэрэг, толгой байнга өвдөнө, гар сойлттой, хөдөлгөөн хийхээр бие өвдөж байгаа. ...Би гомдолтой байна. Миний эмчилгээний зардлыг мөргөсөн жолоочийн ар гэрээс гаргасан. Одоогоор бол надад ямар нэгэн эмчилгээтэй холбоотой баримт байхгүй. Цаашид эмчилгээний баримт гарвал цуглуулж байгаад өгөх болно, ...Эмчилгээний зардлыг жолооч талаас гаргасан байгаа. Одоогоор машинд бензин хийсэн баримтууд байна. Мөн би осолд орсоноос хойш ажлаа хийж чадаагүй учир цалингаа нэхэмжилж байна. Цалингийн тодорхойлолтоо өгнө...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17, 79-80, 191-192 дугаар хуудас/,

4. Иргэний хариуцагч Х.Сийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Миний нөхөр Вьетнам улсын иргэн НГ байгаа юм. НГ нь манай нөхрийн төрсөн дүү юм. Би анх машиныг авахдаа өөрийн нэр дээр авч өгсөн юм. Түүнээс бол НГ байнга өөрөө машиныг унаж хэрэглэдэг. Бусдад учирсан хохирлыг төлж болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 492 дугаартай:

“...Ш.Сийн биед баруун зүүн нүдний ухархайн хугарал, далны тогооны уруулын урагдал, тархины няцрал, баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, толгойн хуйхны цус хуралт, өвдөг шилбэний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 30-32-р хуудас/,

6. Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 227 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-44-р хуудас/,

7. “Өгөөж” ХХК-ийн баруун урд уулзварын гэрлэн дохионы горим /хх-ийн 55-р хуудас/

8. Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №48 дугаартай:

“... “М.М.С Лансар” маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Вьетнам улсын иргэн НГ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ш.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 48-р хуудас/,

9. “Ашид билгүүн” ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ: “...Samsung S9 plus-1 ширхэг, нийт үнэ 650.000 төгрөг...” /хх-ийн 196-197/

10. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Н /НГ/ яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн үед гэрээсээ гараад өөрийн унаж хэрэглэдэг М.Лансер маркийн 00-00 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод ажил руугаа явах гээд 10 цаг 30 минутын үед Өгөөжийн уулзвар дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхад зөвшөөрсөн ногоон гэрэл асаж байсан. Мөн явган зорчигчийн зөвшөөрсөн ногоон гэрэл ассан байсан. Би баруун буюу ертөнцийн зүгээр урд зүгт машинаа эргүүлээд явж байтал машины урд баганы харагдахгүй хэсгээс гартаа нэг ууттай юм барьсан эмэгтэй хүнийг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун гараад явж байхад машины урд хэсгээрээ мөргөсөн. Тэр эгчийн нүдний хэсгээс нь их хэмжээний цус гараад байсан. Би дэлгүүр орж салфетка аваад тэр эгчийн цусан дээр тавьсан. Хохирогчийн бодит хохирлыг төлж барагдуулсан байгаа. Миний зүгээс уг хэрэгт маш их гэмшиж байгаа. Уг мэдүүлгээрээ дамжуулан хохирогчоос уучлалт хүсэж байна. Би хэрэг шийдвэрлээд дууссаны дараа бичиг баримтаа сунгуулаад Монгол улсад ажиллаж амьдарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 200-202-р хуудас/,

11. Тээврийн прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 246 тоот албан бичиг,

12. “Эм Би Жи” Гэмтэл согогийн эмнэлгийн эмчийн үзлэг хийсэн хуудас, хохирогч Ш.Сийн баруун нүдний ухархайн хугаралд хагалгаа хийх тухай нэхэмжлэх,

13. “Мөнгөн гүүр” эмнэлэгт хохирогч Ш.Сийн баруун мөрны үеийн нээлттэй хагалгаа хийх тухай нэхэмжлэх,

14. Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 05/1152 тоот албан бичиг,

15. Хохирогчийн гар утасны хохиролд 650.000 төгрөг төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н /НГ/-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Н /НГ/-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ш.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д: “Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй. Харин хохирогч нь эмчилгээ хийлгэсэн тухай холбогдох баримтыг бүрдүүлээд, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Ц: “Хохирогчид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хагалгаа хийлгэх зардал, өмгөөлөгчийн хөлс болон бусад зардалд нийт 10.567.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Н /НГ/-нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 34 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Өгөөж” ХХК-ний баруун урд уулзвар замд “Mitsubishi Lancer” маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар  баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ш.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:   

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р хуудас/, хохирогч Ш.Сийн мэдүүлэг /хх-ийн 16-17, 79-80, 191-192 дугаар хуудас/, иргэний хариуцагч Х.Сийн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 492 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32-р хуудас/, Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 227 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-44-р хуудас/, “Өгөөж” ХХК-ийн баруун урд уулзварын гэрлэн дохионы горим /хх-ийн 55-р хуудас/, Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №48 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/, шүүгдэгч Н /НГ/ яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 200-202-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба, зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Ш.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н /НГ/-г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Сийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож хор уршгийн зардалд шүүгдэгч Н /НГ/ нь 4.593.479 төгрөг, хохирогчийн гар утасны хохиролд 650.000 төгрөг, нийт 5.243.479 төгрөгийг төлсөн байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлд гэм хорыг арилгуулах эрхийн талаар заасан ба уг зүйлийн 228.4-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан.

Шүүх хуралдаанд хохирогч Ш.С нь цаашид гарах эмчилгээний зайлшгүй зардал буюу баруун нүдний ухархайн хугаралд хагалгаа хийлгэхэд гарах 4.391.000 төгрөг, баруун мөрны үеийн нээлттэй хагалгаа хийлгэхэд 4.833.000 төгрөг зэргийг болон өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийхэд төлсөн хураамжийн төлбөр 20.000 төгрөг, бусад гарсан зардалд 323.400 төгрөг, нийт 10.567.400 төгрөгийг нэмж нэхэмжилсэн.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед “баруун зүүн нүдний ухархайн хугарал, далны тогооны уруулын урагдал, тархины няцрал, баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, толгойн хуйхны цус хуралт, өвдөг шилбэний арьсны зулгаралт” бүхий гэмтлүүд учирсан ба, хохирогчоос шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн буюу дээрх гэмтлийн улмаас “Эм Би Жи” Гэмтэл согогийн эмнэлгийн хохирогч Ш.Сийн баруун нүдний ухархайн хугаралд хагалгаа хийхэд 4.391.000 төгрөг төлбөртэй тухай нэхэмжлэх, “Мөнгөн гүүр” эмнэлэгт хохирогчийн баруун мөрны үеийн нээлттэй хагалгаа хийхэд 4.833.000 төгрөгийн төлбөртэй тухай нэхэмжлэх ирүүлснийг үндэслэн, зайлшгүй гарах зардал гэж шүүх үзэж,  мөн гарсан зардал болох “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийхэд төлсөн хураамжийн төлбөр 20.000 төгрөг, нийт 9.244.000 төгрөгийг шүүгдэгч Н /НГ/, иргэний хариуцагч Х.С нараас тус тус гаргуулж, хохирогч Ш.Ст олгож, хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс болон бусад зардалд нэхэмжилсэн 1.343.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Шүүгдэгчийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч Х.Сийн эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй байх ба, тэрээр Х.С нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н /НГ/-д өөрөө зөвшөөрч шилжүүлсэн байх тул тус Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлыг хариуцах үүрэг бүхий этгээд гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч Ш.С нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдав.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Н /НГ/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Н /НГ/ нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Н /НГ/ нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнийг тогтмол ажил эрхэлдэг хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Н /НГ/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого зэргийг харгалзан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 1903014270062 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн В ангиллын 928083 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н /НГ/-д буцаан олгох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Н /НГ/ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н /НГ/-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н /НГ/-ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н /НГ/-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н /НГ/, иргэний хариуцагч Х.С нараас нийт 9.244.000 /есөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Ст олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ш.Сийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.323.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

6. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Н /НГ/ баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн В ангиллын 928083 дугаартай үнэмлэхийг Н /НГ/-д буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н /НГ/ -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ