Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 134/ШШ2021/00078

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, эмэгтэй, 55 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Х-гийн 14 тоотод оршин суух, Тогтвортой амьжиргаа-3 төслийн орон нутгийн зохицуулагч ажилтай С овогт Л-гийн У-ийн /РД:ЕЙ..............., эмэгтэй, утас:........./ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г а-гийн З-д холбогдох /утас:................/

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 28 289 364 төгрөгийг гаргуулах

Хариуцагч: У...... хот ...... дүүрэг ..........-д байрлах Г, з-ын х-т холбогдох /Хуулийн этгээдийн РД:..........., утас:............/

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 46 025 660 төгрөгийг гаргуулах,

хариуцагч тус бүрээр нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаартай захирамжаар ажлаас халагдсан. Энэхүү захирамжийг хууль ёсны биш гэж хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахад миний нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаагүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх миний нэхэмжлэлийг хангасан. Уг нэхэмжлэлд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн байсан. Ажилгүй байсан хугацааны цалингаа тухайн үедээ авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ажилдаа орж чадахгүй байгаа. Ажилдаа орж чадахгүй байгаа шалтгаан нь Аймгийн Засаг дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хууль өөрчлөгдсөн гэж ярьдаг. Хууль өөрчлөгдсөнтэй холбоотой Төрийн албаны зөвлөлөөс лавлагаа авсан байгаа. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс гэсэн нэртэй байснаа одоо Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж нэр нь өөрчлөгдсөн. Энэ чиг үүргээр ажиллах болсон гэдэг үүднээсээ намайг ажилд авахгүй байгаа. Хүний эрх, эрх чөлөө хэрэгжихгүй байгаа нь төртэй холбоотой. Яагаад гэхээр би өнөөдөр төрд ажиллаж байгаад төрийн буруутай үйлдлээс шалтгаалж ажилгүй болсон. Ажилгүй болсны үр дагаврыг өчнөөн олон жил эдэлж байна. Гэтэл миний эрхийг сэргээгээд шүүхийн шийдвэр гарсан байхад хэн нэгэн би үүрэг хүлээгээгүй, би үүнийг гаргаагүй, би томилох чөлөөлөхөө больсон гэж ярих эрх байхгүй. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан байхад шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол яаж хэрэгжих вэ? шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь албан тоот өгөхөөс илүүгүй байдаг. Би уурлаж загнаж байсан. Бүхэл бүтэн хууль байхад албан тоот бичихээс өөр ажиллагаа хийгдсэнгүй гэж хэлж байсан. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргатай 3 удаа уулзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй солигдсон, шинэчлэгдсэн гээд нийт 16 удаа уулзаж байсан. Мөн ерөнхий сайдын цуглаан дээр очиж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Чинзоригттой уулзаж байсан. Үе үеийн Засаг дарга нартай уулзаж анхааруулж байсан. Ийм байхад зориуд санаатайгаар миний эрхийг зөрчиж, үл хүндэтгэж байна. Тиймээс би Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуусталх ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 28 289 364 төгрөг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-нийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 46 025 660 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэртээ нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна гэв.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 1996 онд батлагдсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд хүүхдийн төлөө байгууллага байх бөгөөд түүний даргыг хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө гэж заасан байсан. Гэтэл дээрх хууль маань Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон. Дээрх 2 хуульд орон нутаг томилж чөлөөлөх нь огт тусгагдаагүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гарсан байдаг. Хуульд тусгагдаагүй байсан учраас Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг 2016 онд томилсон байдаг. Улмаар Хүүхэд хамгааллын тухай хуульд 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлөхөөр тусгагдаад явсан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг хамтран хариуцагчаар татсан байгаа. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Засаг дарга тухайн албан тушаалтныг томилж, чөлөөлөх асуудалд ямар ч эрх хэмжээ байхгүй учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх нөхцөл боломж бүрдэхгүй байгаа зүйл харагдаж байна. Ийм учраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга томилох бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, томилох ёстой хүмүүс нь томилоогүй эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч нь биелүүлэх үүрэгтэй гэж заасан байгаа. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчлэхээ больсон хуулийн дагуу Засаг дарга эрх хэрэгжүүлнэ гэхээр бас л хууль бус шийдвэр дахин гаргах асуудал үүснэ. Тиймээс манай байгууллага хариуцагч биш гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******тэй холбоотой нэхэмжлэлийг хүлээж авсан. Яагаад манайх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ? гэхээр хэдийгээр Хүүхэд хамгааллын тухай хуульд 2018 онд өөрчлөлт ороод эрх нь манайд шилжиж ирсэн боловч энэ хууль нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Иргэн *******тэй холбоотой гарсан Захиргааны хэргийн магадлал дээр манайх үүрэг хүлээж хариуцагчаар оролцоогүй. Яагаад гэхээр 2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу дараагийн даргыг томилж, чөлөөлөх тушаал гаргаад явсан. Одоо энэ хуулийнхаа дагуу гарсан тушаал нь хүчин төгөлдөр мөрдөгдөж, томилогдсон хүн нь ажиллаж байгаа. Тэгэхээр одоо ажиллаж байгаа хүний эрх хөндөгдөж байна. Мөн Захиргааны хэргийн шүүхийн магадлал дээр*******Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг томилох гээд шийдвэр гарсан учраас манайх үүрэг хүлээхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн Засгийн газрын тогтоолоор бүтцийн өөрчлөлт орсон. Одоо Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэсэн нэртэй байгууллага ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс гэсэн байгууллага байхгүй. Мөн хэлтсийн дарга гэсэн ажил албан тушаал байхгүй болсон. Тэгэхээр уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх ямар ч боломжгүй болж байгаа. Харин Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам хариуцагчаар оролцох байсан гэж бодож байна. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01/464 дугаартай Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргаар *******ийг томилохтой холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүл гэсэн албан бичиг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангиас анх удаа ирсэн. Уг бичгийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээж авсан. Анх шүүхийн шийдвэрийг албан тоотоор мэдсэн. Ингээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар тодорхой хэмжээний ажил зохион байгуулсан, удирдлагын хэмжээнд танилцуулсан. Өмнө нь тайлбарласнаар шүүхийн шийдвэр дээр манайх үүрэг хүлээгээгүй, мөн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт ороод шүүхийн шийдвэрт тусгагдсан хэлтэс гэдэг байгууллага, хэлтсийн дарга гэсэн албан тушаал байхгүй болсон гэсэн үндэслэлээр эргүүлээд 2021 оны 04 дүгээр сард хариу явуулсан. 2020 оны 04 дүгээр сарын 08-наас өмнө *******тэй холбоотой гарсан шүүхийн шийдвэрийг манайх огт мэдээгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн эрх залгамжлагч нь танайх, хариуцах ёстой гэж үзээд байгаа. Үүний хүрээнд асуудлыг шийднэ гэж үзэхээр ямар ч боломжгүй. Тус агентлаг нь иргэн *******ийн ажил, хөдөлмөр эрхлэх хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаагүй, захиргааны хэрэгт хариуцагчаар*******оролцсон учраас хууль бус шийдвэр гаргасан этгээд гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хүлээнэ гэж ойлгож байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18.4 дэх хэсгийг Төрийн албаны тухай хуульд зааснаар сул орон тоо гарсан тохиолдолд хэрэгжих зохицуулалт гэж ойлгож байна. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүл гэж манай байгууллагад хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 63 388 194 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг хамтран хариуцагчаар татаж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 28 289 364 төгрөгийг гаргуулах, хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 46 025 660 төгрөгийг гаргуулж, хариуцагч тус бүрээр нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дугаартай магадлалаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгон, *******ийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 926 116 төгрөгийг олгож, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж, улмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш одоог хүртэл явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 113/ШЗ2018/0042 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 05 дугаартай гүйцэтгэх хуудас, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/227 дугаар, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/498 дугаар,*******Г.Батсуурь танаа гэсэн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/551 дугаар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танаа гэсэн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/671 дугаар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар танаа гэсэн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01/464 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/162 дугаар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар танаа гэсэн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1556 дугаар, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэсэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03/71 дугаар албан бичгүүд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/134 дугаар, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/21 дугаар, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/510 дугаар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3/2102 дугаар хариу хүргүүлсэн албан бичгүүд, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл, нэхэмжлэгч *******ийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн тайлбар, шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэглэл, гэрч Э.Тамирын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *******ийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй байна.

Учир нь, ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажлаас халах тушаал гарснаас хойш шүүхээр маргаан хэлэлцэгдэх үе орж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх буюу биелүүлэх боломжгүй болох үе хүртэлх бүх хугацаа хамаарна.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолдог бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна.

Хариуцагч*******нь ... 1996 онд батлагдсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан Засаг даргын бүрэн эрх 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хүүхэд хамгааллын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр хүчингүй болсон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гарсан байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсноор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-д заасны дагуу аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг 2016 онд томилсон байна. Улмаар 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хуульд нэмэлт өөрчлөлт орж, тус газрын даргыг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь томилж, чөлөөлдөг болсон. Дээрх нөхцөл байдлаас харахад томилох эрх хэмжээ нь хуулиар хязгаарлагдчихсан, ямар ч эрх хэмжээгүй Засаг даргыг хариуцагчаар татаад байгаа нь хуульд нийцэхгүй байна гэсэн тайлбарыг,

Хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь ...тус агентлагаас нэхэмжлэгч *******ийн ажил хөдөлмөр эрхлэх, хууль ёсны эрх ашгийг нь хөндсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй, Захиргааны хэргийн шүүх хуралдаанд хариуцагчаар оролцоогүй, шүүхээс ажилд эгүүлэн томилох үүргийг хүлээлгээгүй, Говьсүмбэр аймагт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс гэсэн байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга гэсэн ажил албан тушаал огт байхгүй. Манай байгууллагыг шүүхийн шийдвэрийг биелүүлэх эрх залгамжлагчаар тогтоосон шийдвэр гараагүй гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 4 дүгээр зүйлд Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар байхаар тогтоож, улмаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/751 дүгээр Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудын жагсаалтыг батлах тухай захирамжийн хавсралтын 5.-д Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Урьд нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс байсан/ байна гэж баталжээ.

Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/257 дугаар захирамжаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажиллах журам, бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байна. Уг журмаар даргын орон тоо хасагдаагүй.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга, ******* нарын хооронд үүссэн ажлаас халсантай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэх явцад аймгийн Засаг дарга хүүхдийн төлөө байгууллагын даргыг томилох, чөлөөлөхөөр зохицуулсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль /хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т  Аймаг, нийслэл, Засаг даргын дэргэд хүүхдийн төлөө байгууллага байх бөгөөд түүний даргыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө./ 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд шинээр дагаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулиудад аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг хэн томилох, чөлөөлөх эрх зүйн зохицуулалт тусгагдаагүй.

Иймээс, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-ийн 4/-т зааснаар хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө гэсэн зохицуулалтын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар-ын даргыг томилох, чөлөөлөх эрх зүйн зохицуулалт үйлчилж эхэлсэн.

Улмаар Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар 18.4-т Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө гэсэн хэсгийг нэмж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгджээ.

Хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэхэд:

Хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нэхэмжлэгч *******, хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 8.1.8-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэлд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасан ажил олгогч, ажилтны харилцааг үүсгэсэн зохицуулалт хамаарахаас гадна Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр болох тухайн үеийн ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр нь энэ хэргийн зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болжээ.

Иймд, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх ба ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдэх явцад хуулийн дагуу ажил олгогч өөрчлөгдсөн нь шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх үндэслэл болохгүй төдийгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол 36.1-д зааснаар ажил олгогч нь эгүүлэн авах үүрэгтэй.

Энэ үүргээ биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үр дагавар болох ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

Гэхдээ нэхэмжлэгч нь, хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг хуулийн дагуу ажил олгогч болсон үеэс буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцах үүрэгтэй гэж шаардсан нь үндэслэлгүй байна.

Тухайн хариуцагч нь хуулийн ерөнхий зохицуулалтаар ажил олгогч болсон боловч, нэхэмжлэгч *******ийн хувьд ажилд эгүүлэн томилсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэдгийг мэдсэн үеэс буюу Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01/464 дугаартай албан бичгийг 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авснаас хойш үүрэг үүссэн.

Энэ нь хэрэгт авагдсан уг албан бичиг болон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...............-ын тайлбар, гэрч Э.Тамирын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Харин хариуцагч талаас, Говьсүмбэр аймагт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс гэсэн байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга гэсэн ажил албан тушаал огт байхгүй, манай байгууллагыг шүүхийн шийдвэрийг биелүүлэх эрх залгамжлагчаар тогтоосон шийдвэр гараагүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь үндэслэлгүй.

Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд талуудын хооронд хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон шүүхийн шийдвэрийн дагуу иргэний эрх зүйн харилцаа үүсч байгаа болохоос биш, захиргааны хэргийн шүүхийн хэргийн оролцогчийн эрх залгамжлан авсан ойлголт биш юм.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх залгамжлагч оролцох гэдэг нь талуудын аль нэг нь байхгүй болсон буюу сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлсэн эсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон тохиолдолд тодорхой журмын дагуу хэрэгждэг үйл ажиллагаа байдаг. Гэтэл Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгч *******ийг ажилд эгүүлэн томилохыг хэн нэгэн этгээдэд даалгаагүй, зөвхөн ажлаас халсан маргаан бүхий актын үндэслэлийг дүгнэж, захирамжийг хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Засгийн газрын тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжуудаас харахад тухайн үеийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж нэр нь өөрчлөгдөж, чиг үүрэг нь нэмэгдсэн нь ажилтныг ажлаас чөлөөлөх, халах үндэслэл болохгүй төдийгүй уг шалтгаанаар ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг баримтлан тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2017/000217 дугаар шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт болох нэг өдрийн дундаж цалин хөлс 60 293 төгрөгөөр тооцож, 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал ажлын нийт 272 хоногт ногдох 16 399 696 төгрөгийг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэхэд:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ажилтныг ажлаас үндэслэлгүй халсантай холбоотойгоор үүссэн үр дагавар болохын хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэсний дагуу хариуцагч*******нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлтэй, энэ хэргийн жинхэнэ хариуцагч мөн байна.

Өөрөөр хэлбэл ажилтныг томилох, чөлөөлөхтэй холбоотой хуулийн зохицуулалт дээрх байдлаар өөрчлөгдсөн байгаа ч урьд нь хэрэгжүүлсэн хууль бус үйл ажиллагаатай нь холбоотой үүссэн үр дагаврыг Засаг дарга хариуцах үүрэгтэй.

Нөгөө талаар, Говьсүмбэр аймгийн Засаг даргын зүгээс хариуцагч солих хүсэлт гаргаагүй, тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хэнийг хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн өөрийн эрхийн асуудал байдаг тул хариуцагчийг тодорхойлсон нэхэмжлэгчийн хүсэл зоригийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд нэгэнт тогтоогдсон үйл баримт болох нэг өдрийн дундаж цалин хөлс 60 293 төгрөгөөр тооцож, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын нийт 438 хоногт ногдох 26 408 334 төгрөгийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч *******ийн нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар бүр шимтгэл төлсөн нөхөн бичилт хийхийг хариуцагч тус бүрт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 31 506 994 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч*******нь энэхүү үр дагавар үүсэхэд бусдын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас тус бүр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 289 992 төгрөг, хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 239 948 төгрөгийг тус тус гаргуулж орон нутгийн төсвийн орлогод орууллаа. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 26 408 334 төгрөг, хариуцагч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16 399 696 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлээс нийт 31 506 994 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 289 992 төгрөг, хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 239 948 төгрөгийг тус тус гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ