Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 216/МА2021/00010

 

  *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2021/00078 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 28 289 364 төгрөг,

мөн Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг бага тойруу 44а-д байрлах*******,*******,*******т холбогдох 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 46 025 660 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүйцэцэг, хариуцагч*******,*******, залуучуудын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүйцэцэг, хариуцагч*******,*******, залуучуудын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбат, өмгөөлөгч Б.Түвшинжаргал нар /ZOOM программ/-аар, нарийн бичгийн дарга Б.Хантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаартай захирамжаар ажлаас халагдсан. Энэхүү захирамжийг хууль ёсны биш гэж хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахад миний нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаагүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх миний нэхэмжлэлийг хангасан. Уг нэхэмжлэлд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн байсан. Ажилгүй байсан хугацааны цалингаа тухайн үедээ авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ажилдаа орж чадахгүй байгаа. Ажилдаа орж чадахгүй байгаа шалтгаан нь Аймгийн Засаг дарга,*******,*******,*******, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хууль өөрчлөгдсөн гэж ярьдаг. Хууль өөрчлөгдсөнтэй холбоотой Төрийн албаны зөвлөлөөс лавлагаа авсан байгаа. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс гэсэн нэртэй байснаа одоо*******,*******,******* болж нэр нь өөрчлөгдсөн. Энэ чиг үүргээр ажиллах болсон гэдэг үүднээсээ намайг ажилд авахгүй байгаа. Хүний эрх, эрх чөлөө хэрэгжихгүй байгаа нь төртэй холбоотой. Яагаад гэхээр би өнөөдөр төрд ажиллаж байгаад төрийн буруутай үйлдлээс шалтгаалж ажилгүй болсон. Ажилгүй болсны үр дагаврыг өчнөөн олон жил эдэлж байна. Гэтэл миний эрхийг сэргээгээд шүүхийн шийдвэр гарсан байхад хэн нэгэн би үүрэг хүлээгээгүй, би үүнийг гаргаагүй, би томилох чөлөөлөхөө больсон гэж ярих эрх байхгүй. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан байхад шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол яаж хэрэгжих вэ? шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь албан тоот өгөхөөс илүүгүй байдаг. Би уурлаж загнаж байсан. Бүхэл бүтэн хууль байхад албан тоот бичихээс өөр ажиллагаа хийгдсэнгүй гэж хэлж байсан. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргатай 3 удаа уулзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй солигдсон, шинэчлэгдсэн гээд нийт 16 удаа уулзаж байсан. Мөн ерөнхий сайдын цуглаан дээр очиж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Чинзоригттой уулзаж байсан. Үе үеийн Засаг дарга нартай уулзаж анхааруулж байсан. Ийм байхад зориуд санаатайгаар миний эрхийг зөрчиж, үл хүндэтгэж байна. Тиймээс би Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуусталх ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 28 289 364 төгрөг,*******,*******, залуучуудын хөгжлийн газраас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-нийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 46 025 660 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэртээ нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна гэжээ. 

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүйцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 1996 онд батлагдсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд хүүхдийн төлөө байгууллага байх бөгөөд түүний даргыг хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө гэж заасан байсан. Гэтэл дээрх хууль маань Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон. Дээрх 2 хуульд орон нутаг томилж чөлөөлөх нь огт тусгагдаагүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гарсан байдаг. Хуульд тусгагдаагүй байсан учраас Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Говьсүмбэр аймгийн*******,*******, залуучуудын хөгжлийн газрын даргыг 2016 онд томилсон байдаг. Улмаар Хүүхэд хамгааллын тухай хуульд 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт аймаг, нийслэлийн*******,*******, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн*******,*******, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлөхөөр тусгагдаад явсан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж*******,*******, залуучуудын хөгжлийн газрыг хамтран хариуцагчаар татсан байгаа. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Засаг дарга тухайн албан тушаалтныг томилж, чөлөөлөх асуудалд ямар ч эрх хэмжээ байхгүй учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх нөхцөл боломж бүрдэхгүй байгаа зүйл харагдаж байна. Ийм учраас*******,*******, залуучуудын хөгжлийн газрын дарга томилох бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, томилох ёстой хүмүүс нь томилоогүй эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч нь биелүүлэх үүрэгтэй гэж заасан байгаа. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчлэхээ больсон хуулийн дагуу Засаг дарга эрх хэрэгжүүлнэ гэхээр бас л хууль бус шийдвэр дахин гаргах асуудал үүснэ. Тиймээс манай байгууллага хариуцагч биш гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч*******,*******, залуучуудын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******тэй холбоотой нэхэмжлэлийг хүлээж авсан. Яагаад манайх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ? гэхээр хэдийгээр Хүүхэд хамгааллын тухай хуульд 2018 онд өөрчлөлт ороод эрх нь манайд шилжиж ирсэн боловч энэ хууль нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Иргэн *******тэй холбоотой гарсан Захиргааны хэргийн магадлал дээр манайх үүрэг хүлээж хариуцагчаар оролцоогүй. Яагаад гэхээр 2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу дараагийн даргыг томилж, чөлөөлөх тушаал гаргаад явсан. Одоо энэ хуулийнхаа дагуу гарсан тушаал нь хүчин төгөлдөр мөрдөгдөж, томилогдсон хүн нь ажиллаж байгаа. Тэгэхээр одоо ажиллаж байгаа хүний эрх хөндөгдөж байна. Мөн Захиргааны хэргийн шүүхийн магадлал дээр Говьсүмбэр аймгийн Засаг дарга*******,*******, залуучуудын хөгжлийн газрын даргыг томилох гээд шийдвэр гарсан учраас манайх үүрэг хүлээхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн Засгийн газрын тогтоолоор бүтцийн өөрчлөлт орсон. Одоо Говьсүмбэр аймгийн*******,*******,******* гэсэн нэртэй байгууллага ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс гэсэн байгууллага байхгүй. Мөн хэлтсийн дарга гэсэн ажил албан тушаал байхгүй болсон. Тэгэхээр уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх ямар ч боломжгүй болж байгаа. Харин Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам хариуцагчаар оролцох байсан гэж бодож байна. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01/464 дугаартай Говьсүмбэр аймгийн*******,*******, залуучуудын газрын даргаар *******ийг томилохтой холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүл гэсэн албан бичиг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангиас анх удаа ирсэн. Уг бичгийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээж авсан. Анх шүүхийн шийдвэрийг албан тоотоор мэдсэн. Ингээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар тодорхой хэмжээний ажил зохион байгуулсан, удирдлагын хэмжээнд танилцуулсан. Өмнө нь тайлбарласнаар шүүхийн шийдвэр дээр манайх үүрэг хүлээгээгүй, мөн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт ороод шүүхийн шийдвэрт тусгагдсан хэлтэс гэдэг байгууллага, хэлтсийн дарга гэсэн албан тушаал байхгүй болсон гэсэн үндэслэлээр эргүүлээд 2021 оны 04 дүгээр сард хариу явуулсан. 2020 оны 04 дүгээр сарын 08-наас өмнө *******тэй холбоотой гарсан шүүхийн шийдвэрийг манайх огт мэдээгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн эрх залгамжлагч нь танайх, хариуцах ёстой гэж үзээд байгаа. Үүний хүрээнд асуудлыг шийднэ гэж үзэхээр ямар ч боломжгүй. Тус агентлаг нь иргэн *******ийн ажил, хөдөлмөр эрхлэх хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаагүй, захиргааны хэрэгт хариуцагчаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга оролцсон учраас хууль бус шийдвэр гаргасан этгээд гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хүлээнэ гэж ойлгож байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18.4 дэх хэсгийг Төрийн албаны тухай хуульд зааснаар сул орон тоо гарсан тохиолдолд хэрэгжих зохицуулалт гэж ойлгож байна. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүл гэж манай байгууллагад хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 26 408 334 төгрөг, хариуцагч*******,******* залуучуудын хөгжлийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16 399 696 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлээс нийт 31 506 994 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 289 992 төгрөг, хариуцагч*******,*******, залуучуудын хөгжлийн газраас 239 948 төгрөгийг тус тус гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч*******,*******, залуучуудын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2021/00078 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч*********************т холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтыг эс зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгч үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн талаар маргаж 2016 оны 09 дүгээр сарын 08-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Тус шийдвэрээр ажил олгогч хариуцагч нь аймгийн Засаг дарга байсан байна. Тус Агентлаг нь иргэн *******ийн ажил, хөдөлмөр эрхлэх хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаагүй, Захиргааны хэргийн шүүх хуралдаанд хариуцагчаар оролцоогүй буюу ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүргийг хүлээгээгүй, хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биш юм.

Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор 21 аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийгдэж Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг*******,*******,******* болж өөрчлөгдөж, зохион байгуулагдсан. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж /2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн/ аймгийн*******,*******, залуучуудын хөгжлийн газрын даргыг томилох, чөлөөлөх эрх тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад хуулиар шилжсэн.

Гэтэл тухайн үед огт манай байгууллагад хандаагүй. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 1 жил 4 сар гаруйн хугацаанд огт хандаагүй. Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 80.1 дүгээр зүйлийг үндэслэн 10 жилийн хугацаатай гэж дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн*******,*******,*******т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах талаар нэхэмжлэл нь ...шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна. гэсэн хуулийн зохицуулалтад хамаарахгүй. Учир нь өмнө гарсан шүүхийн шийдвэрийн хувьд хариуцагч ажил олгогч нь Засаг дарга байсан манай байгууллага энэ талаар мэдэх боломжгүй байсан тул иргэний хуулийн 80.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасан асуудал манай байгууллагын хувьд яригдахгүй. Харин 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс манай байгууллага *******ийн хувьд ажилд авах тушаал гаргах эрх бүхий этгээд болсон тул энэ хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар тооцож үзэх ёстой. Гэтэл дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн Засаг даргаас *******ийг томилох эрхгүй болсон талаараа дурьдсаар байхад санаатай хугацаа алдаж ажилгүй байсан хугацааны олговорыг нэмэгдүүлэхийн тулд манайд хандаагүй удсан гэж үзэж болохоор байна. Ажилтан эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдээд 3 сарын хугацаанд эрхээ сэргээлгэхээр хандах хуулийн хугацаа тогтоосон нь энэ мэт нөхцөл байдлаас сэргийлэх зорилготой.

Гэтэл анхан шатны шүүх өмнөх шүүхийн шийдвэртэй нөхцөлдүүлж манай байгууллагад холбогдох нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацааг 10 жил гэж үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн жишгээр ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахад Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх заалтыг хэрэглэхгүй шийдвэрлэдэг жишиг байдаг.

Мөн шүүхийн шийдвэрт ...*******ийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй. гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь *******ийг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг шүүх нэгэнт гаргачихсан тул уг шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйгээс үүссэн хохирлыг нэхэмжлэгч нь нэхэмжлэх ёстойгоос биш нөхөн олговорыг нэхэмжлэх ёсгүй. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэгэнт *******т ажилгүй байсан хугацааны олговор олгосон байх тул ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой олговорын асуудлыг шүүх дахин шийдвэрлэх ёсгүй гэж үзэж байна.

Шүүхээс гэм хорын хохиролтой холбоотой буюу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас үүссэн хохирлын асуудлыг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлахаас гадна гэм хорын хохиролтой хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас хэдий хэмжээний хохирол учирсан хохирол нь бодитой эсэх дээр дүгнэлт хийх, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэх шаардлагатай байсан.

Шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 314 дүгээр шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэж үзэн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

*******ийн ажилгүй байсан хугацаанд өөр ажил эрхэлж буй байдал, одоо авч буй цалин хөлсний хэмжээг тогтоох нь гэм хорын хохирлын хэмжээг үнэн зөв тодорхойлох ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэ бүхнээс дүгнэвэл нэгэнт ажилд эгүүлэн тогтоолгож, нөхөн олговор олгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нөхөн олговрын асуудлыг шүүх дахин хэлэлцэхгүй бөгөөд анхан шатны шүүх нь гэм хорын асуудлыг анхааралгүйгээр Хөдөлмөрийн тухай зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн нь шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлд хамаарна гэж үзэж байна.

Мөн нэг өдрийн дундаж хөлсийг 60,293 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Тухайн дүнг ажилтны нийгмийн даатгал болон хувь хүнд ногдох татварыг нэмсэн үнээр тооцсон, гэм хорын маргаан учраас ажилгүй байсан хугацаанд олсон орлого, төлсөн нийгмийн даатгалын шиймтгэлийг хасч тооцох ёстой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж хариуцагч*******,*******,*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...

******* би өнөөдрийг хүртэл тогтоогдсон ажилдаа эгүүлэн томилогдохгүй байгаа тул 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 28 289 364 төгрөгийг аймгийн Засаг даргаас, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар 11-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 46 025 660 төгрөгийг*******,*******, залуучуудын хөгжлийн газраас олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснээр 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2021/00078 дугаар шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ...

Нэхэмжлэгч нь*******,*******, залуучуудын хөгжлийн газраас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 591 хоногт ногдох цалин олговрыг нэхэмжилсэн ба анхан шатны шүүх нь 272 хоног болгож цалин нөхөн олговрыг бууруулсан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 0425 дугаар нээлттэй хорих ангиас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/08564 дүгээр магадлалыг биелүүлж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт заасны дагуу *******ийг Говьсүмбэр аймгийн*******,*******, залуучуудын хөгжлийн газрын даргад томилуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байна.

Иймд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор болох 319 хоногийн 19,233,467 төгрөгийг*******,*******, залуучуудын хөгжлийн газраас гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүйцэцэг давж заалдах гомдолдоо: Иргэн *******ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг дарга,*******,*******,******* нарт холбогдох иргэний хэргийг Говьсүмбэр аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шийдвэрлэж, 134/ШШ2021/00078 дугаартай шийдвэр гаргасан болно.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүйцэцэг би дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй.

1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Говьсүмбэр аймгийн Засаг дарга, ******* нарын хооронд үүссэн ажлаас халсантай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэх явцад аймгийн Засаг дарга хүүхдийн төлөө байгууллагын даргыг томилох, чөлөөлөхөөр зохицуулсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль /хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Аймаг, нийслэл, Засаг даргын дэргэд хүүхдийн төлөө байгууллага байх бөгөөд түүний даргыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө/ 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд шинээр дагаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулиудад аймгийн*******,*******, залуучуудын хөгжлийн газрын даргыг хэн томилох, чөлөөлөх эрх зүйн зохицуулалт тусгагдаагүй. Иймээс Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-ийн 4-т зааснаар хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө гэсэн зохицуулалтын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь аймгийн*******,*******, залуучуудын газрын даргыг томилох, чөлөөлөх эрх зүйн зохицуулалт үйлчилж эхэлсэн гэж зөв дүгнэсэн атлаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэсний дагуу хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлтэй, энэ хэргийн жинхэнэ хариуцагч мөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн захирамжийг аймгийн Засаг дарга гаргасан хэдий ч эгүүлэн томилох асуудал нь Засаг даргын хүсэл зоригоос хамаарахгүй, хуулиараа томилох эрх хэмжээгүй болсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс аймгийн*******,*******, залуучуудын газрын даргыг томилох, чөлөөлөх эрх хэмжээгүй болсныг харгалзан үзэлгүй, Засаг даргыг хариуцагч мөн гэж үзэн Засаг даргаас 2017.04.07-ны өдрөөс 2018.12.31-ний өдрийг дуустал хугацааны ажлын нийт 438 хоногоор тооцож, 26 408 334 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч ******* нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн магадлалаар ажилдаа эгүүлэн томилогдохоор болсон хэдий ч уг шүүхийн шийдвэр биелэгдээгүйгээс үүссэн үр дагавар буюу ажилдаа эгүүлэн томилогдоогүй үеийн цалин хөлсөө нэхэмжилж байгаа. Иймдээ ч томилох арга хэмжээ олгогдсон*******,*******, залуучуудын хөгжлийн газрыг хариуцагчаар татаж, хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи цалингаа тус газраас нэхэмжилж, шүүх түүнийг хүлээн авч шийдвэрлэсэн. Гэтэл хуулиараа томилох эрхгүй Засаг даргыг хариуцагч мөн гэж дүгнэж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Засаг дарга нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан 2017.04.07-ны өдрөөс 2018.12.31-ний хугацаанд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилох эрх хэмжээтэй байсан бол хариуцах үндэслэлтэй юм. Гэтэл уг хугацаанд хуулиараа томилох эрхгүй байсан бөгөөд аймгийн*******,*******, залуучуудын газрын даргыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/257 дугаар тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилсон баримт хэрэгт авагдсаар байхад томилох эрхгүй этгээдийг хариуцагч гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад эрх хэмжээ олгосон хуулийн заалт байсаар байхад*******,*******, залуучуудын газрын даргыг томилох, чөлөөлөх эрхгүй аймгийн Засаг даргаар *******ийг ажилд нь эгүүлэн томилох шүүхийн шийдвэр биелүүлээгүй-ээс үүсэх үр дагаварыг хариуцуулж байгаа нь шударга бус байна. Нөгөө талаас аймгийн Засаг дарга *******ийг ажилд нь эгүүлэн томилох шүүхийн шийдвэр-ийг зориуд биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан биш хуулиараа эрх хэмжээгүй болсон учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй юм. Мөн аймгийн*******,*******, залуучуудын газрын даргыг томилох асуудал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрх хэмжээний асуудал бөгөөд Засаг даргын хувьд сайдад үүрэг, чиглэл өгөх эрх хэмжээний этгээд биш болно.

3. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт Нэхэмжлэгч *******ийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй гэсэн. Гэтэл аймгийн Засаг дарга нь дээрх эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй ажил олгогч биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхлэж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй, 3 дугаар зүйлийн 3.1.1-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэж зааснаар аймгийн Засаг дарга нь ажил олгогч этгээд биш болно.

4. Шүүхийн шийдвэрт Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 4 дүгээр зүйлд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурьдсан хэрэгжүүлэгч агентлаг болох*******,*******,******* байхаар тогтоож, улмаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/751 дүгээр Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлагуудын жагсаалтыг батлах тухай захирамжийн хавсралтын 5-д*******,************** /урьд нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс байсан/ байна гэж баталжээ. Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/257 дугаар захирамжаар*******,*******, залуучуудын хөгжлийн газрын ажиллах журам, бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байна. Уг журмаар даргын орон тоо хасагдаагүй гэсэн тухайн газрын даргыг Засаг дарга томилж, чөлөөлнө гэсэн ойлголт биш бөгөөд аймгийн Засаг дарга одоо ч*******,*******, залуучуудын хөгжлийн газрын бүтэц орон тоо, дүрэм, журмыг баталж байгаа болно. Ингэж тухайн маргаанд хамааралгүй нотлох баримтыг үнэлсэн атлаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/257 дугаар тушаалыг үнэлэхгүй үлдээсэн нь буруу байна. Энэхүү тушаалаар аймгийн Засаг даргаас үл шалтгаалах нөхцөл байдал буюу томилох эрх бүхий этгээд томилоогүйгээс үүссэн үр дагаврыг Засаг даргад хариуцуулж байгаа нь үндэслэлгүй байна.

5. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ*******,*******, залуучуудын хөгжлийн газраас 2018.04.08-ны өдрөөс 2021.05.11-ний өдрийг дуустал хугацааны цалин гаргуулахаар, аймгийн Засаг даргаас 2017.04.07-ны өдрөөс 2018.12.31-ний өдрийг дуустал хугацааны цалин гаргуулах-аар шийдвэрлэж бичсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, 2018.04.08-ны өдрөөс 2018.12.31-ний өдрийг дуустал хугацааны цалинг 2 хариуцагчаас давхардуулан гаргуулахаар шийдвэрлэсэн мэтээр алдаатай бичжээ гэжээ.

 

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч ******* нь Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сарын 07-ноос 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 28,289,364 төгрөгийг,

Гэр бүл,*******,*******т холбогдуулан ажилгүй байсан 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 46,025,660 төгрөгийг тус тус гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч нарт даалгуулах нэхэмжлэл гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талууд эс зөвшөөрч, Аймгийн засаг дарга нь ...Хүүхэд хамгааллын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс аймгийн*******,*******, залуучуудын хөгжлийн газрын даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ нь хуулиар хязгаарлагдсан, ямар ч эрх хэмжээгүй Засаг даргыг хариуцагчаар татсан нь хуульд нийцэхгүй, томилох ёстой хүмүүс нь томилоогүй эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг төлөх үндэслэлгүй гэсэн агуулга бүхий тайлбарыг,

Хариуцагч*******,*******,******* нь ... *******тэй холбоотой гарсан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дээр манайх үүрэг хүлээгээгүй, хариуцагчаар оролцоогүй, 2016 онд Хөдөлмөр, Нийгэм хамгааллын сайд Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу дараагийн даргыг томилж тушаал гаргасан байх ба энэ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж, томилогдсон хүн нь ажиллаж байгаа, тус аймгийн*******,*******, залуучуудын газрын даргаар *******ийг томилох шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой 2020 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн 01/464 албан бичгийг 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан, тус байгууллагыг шүүхийн шийдвэрийг биелүүлэх эрх залгамжлагчаар тогтоосон шийдвэр гараагүй гэх агуулга бүхий тайлбарыг тус тус гаргаж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан байх ба нэхэмжлэгч гомдолдоо: ...*******,*******, залуучуудын хөгжлийн газраас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 591 хоногт ногдох олговрыг нэхэмжилсэн, анхан шатны шүүх 272 хоног болгож олговрыг бууруулсан нь үндэслэлгүй тул 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны олговор болох 19,233,467 төгрөгийг гаргуулах ... гэх,

Хариуцагч*******,*******, залуучуудын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо: ... шүүх хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийг үндэслэн дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах нэхэмжлэл нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй, харин 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус байгууллага *******ийг ажилд авах тушаал гаргах эрх бүхий этгээд болсон тул энэ хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг хуульд зааснаар тооцож үзэх ёстой, дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ... *******ийг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйгээс үүссэн хохирлыг нэхэмжлэх ёстойгоос биш нөхөн олговрыг нэхэмжлэх ёсгүй, нэгэнт ажилд эгүүлэн тогтоолгож, нөхөн олговор олгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нөхөн олговрын асуудлыг шүүх дахин хэлэлцэхгүй, шүүх нь гэм хорын асуудлыг анхааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлд хамаарна, ... гэм хорын маргаан учраас ажилгүй байсан хугацаанд олсон орлого, төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг хасч тооцох ёстой, ... гэх,

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо: ... нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн захирамжийг аймгийн Засаг дарга гаргасан хэдий ч хуулиар эгүүлэн томилох эрх хэмжээгүй болсон, томилох эрхгүй, томилох эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй ажил олгогч биш этгээдийг хариуцагч гэж үзэн 26,408,334 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ...гэр бүл,*******, залуучуудын газрын даргыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/257 дугаар тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилсон баримт хэрэгт авагдсаар байхад томилох эрхгүй этгээдийг хариуцагч гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, ...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/257 дугаар тушаалыг үнэлэхгүй үлдээсэн нь буруу, мөн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хуацааны цалинг хоёр хариуцагчаас давхардуулан гаргуулахаар шийдвэрлэсэн мэтээр алдаатай бичсэн ... гэх агуулгыг тус тус дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хэргээс үзвэл: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дүгээр шийдвэр/магадлал/-ээр нэхэмжлэгч *******ийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, шийдвэр гарах хүртэл хугацааны олговорт 11,926,116 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх боловч харин *******ийг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон тухай шийдвэр гараагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх боловч өнөөг хүртэл уг шийдвэр бодитоор биелэгдээгүй, ажил олгогч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч *******ийн шүүхэд анх гаргасан болон нэмэгдүүлж өөрчилсөн нэхэмжлэлээс үзэхэд: ... захиргааны шүүхийн шийдвэрийн хүрээнд Говьсүмбэр аймгийн*******,*******, залуучуудын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож чадахгүй байгаа тул 2017 оны 04 дүгээр сарын 07-ноос 2018 оны 12 дугаар сарын 31-н дуустал ажилгүй байсан хугацааны олговорт 28,289,364 төгрөгийг аймгийн Засаг даргаас,

2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны олговорт 46,025,660 төгрөгийг*******,*******, залуучуудын хөгжлийн газраас тус тус гаргуулж өгнө үү гэжээ. /1-рхх- 1, 90,169,186,207-209/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар хуулийн 36.1.2-т заасан ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон энэ тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийг аймгийн*******,*******, залуучуудын хөгжлийн хэлтсийн /газрын/ даргын ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлснээ хариуцагч талуудын хэн аль нь нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах биелүүлээгүй ажил олгогчийн эс үйлдэхүйгээс гарах эрх зүйн үр дагаврыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зохицуулсан бөгөөд ажил олгогч ажилтныг ажилд нь эгүүлэн томилоогүй, шүүхийн шийдвэр бодитоор биелэгдээгүйгээс эрх нь зөрчигдсөн хэвээр байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаа гэх ойлголтод ажилтныг ажлаас халсан тушаал гарснаас хойш түүнийг ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэх хүртэлх нийт хугацаа хамаарна. Нэхэмжлэгч *******ийг шүүхийн шийдвэрт заасан ажилд нь эгүүлэн тогтоогоогүй байх тул шүүхийн шийдвэр гарснаас хойш жилдээ эгүүлэн тогтоолгох хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг тэрээр шаардах хууль зүйн үндэслэлтэй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор ... гомдол гаргах эрхтэй гэж хуульчлан зохицуулсан.

Энэ нь зөвхөн хөдөлмөрийн гэрээний талуудад хамааралтай, харин хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогчийн санаачлагаар цуцлагдаж, түүний буруутай үйл ажиллагааны улмаас хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн үеийн цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Ажил олгогч ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилоогүй тул ажилтны эрх зөрчигдсөн хэвээр байгаа гэж үзнэ, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хугацаа ажилтныг ажилд нь томилсон тушаал гарч, шүүхийн шийдвэр биелэгдсэн үеэс тоологдож эхлэх тул хариуцагч*******, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ... гэх гомдол үндэслэлгүй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн дөрөв дүгээр бүлэгт цалин хөлс, олговор-н талаар зохицуулсан байх бөгөөд хуулийн 47-69 дүгээр зүйл, заалтаар энэхүү цалин хөлс, олговор-ыг ямар тохиолдолд, хэрхэн олгох талаар хуульчилсан. Тухайлбал, хуулийн 69 дүгээр зүйл, заалтад буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор-ыг олгох талаар заасан бөгөөд бүх төрлийн олговор нь ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаардаг.

Үүнээс үзвэл ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор-ыг олгох ба үүнийг гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч*******,*******, залуучуудын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... нөхөн олговрыг нэхэмжлэх ёсгүй, нэгэнт ажилд эгүүлэн тогтоолгож, нөхөн олговор олгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул шүүх дахин хэлэлцэхгүй, шүүх нь гэм хорын асуудлыг анхааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй,... гэх гомдол үндэслэлгүй байна.

Гэр бүл,*******, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болохын хувьд түүний даргыг Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлөхийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт тус тус хуульчлан зохицуулсан.

Харин*******,*******, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь аймаг, нийслэлийн гэр бүл,*******,залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн ... томилж, чөлөөлөхийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт зохицуулсан байх ба энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд энэ нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй болохыг хуульчлан зохицуулсан бөгөөд энэ нь шууд хэрэгжих хуулийн зохицуулалт гэж ойлгогдож байна.

Иймээс хариуцагч*******,*******, залуучуудын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дээр манайх үүрэг хүлээгээгүй, хариуцагчаар оролцоогүй, тус байгууллагыг шүүхийн шийдвэрийг биелүүлэх эрх залгамжлагчаар тогтоосон шийдвэр гараагүй ... гэх тайлбар, гомдол үндэслэлгүй юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т Хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж зааснаас үзвэл Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх эрх зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... томилох эрхгүй, томилох эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй ажил олгогч биш этгээдийг хариуцагч гэж үзсэн нь үндэслэлгүй...гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй байна.

Мөн ... шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хуацааны цалинг хоёр хариуцагчаас давхардуулан гаргуулахаар шийдвэрлэсэн мэтээр алдаатай бичсэн ... гэх гомдлын хувьд шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 2020 он гэхийг 2018 он гэж дүгнэж бичсэн байх боловч тогтоох хэсэгт зөвтгөж тусгасан байх тул үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэх учир энэ нь шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Харин нэхэмжлэгч *******ийн хариуцагч*******,*******, залуучуудын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан ажилгүй байсан хугацааг 272 хоног болгон бууруулсан нь үндэслэлгүй, 319 хоногийн 19,233,467 төгрөгийг нэмж гаргуулах гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Учир нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, Говьсүмбэр аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар- 425 дугаар нээлттэй хорих ангийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хийсэн ажиллагаа, гэрч Н.Тамирын мэдүүлэг зэргээс үзвэл 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй байсан.

Мөн Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар*******,*******, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч *******ийг ажилд авах тушаал гаргах эрх бүхий субъект болсон зэрэг нөхцөл байдлуудын улмаас*******,*******,******* нь нэхэмжлэгч *******ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-нөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, харин хариуцагч талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2017/000217 дугаар/1-рхх-18-21/-тай шийдвэрт цалингийн дундаж хэмжээг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д заасны дагуу тогтоосон байх ба уг шийдвэрээр нэг өдрийн дундаж цалин хөлсийг 60,293 төгрөг гэж тогтоосны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2021/00078 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагч*******,*******, залуучуудын хөгжлийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс ... гэснийг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс гэж, 16,399,696 төгрөгийг гэснийг 35,633,163 төгрөгийг гэж, нэхэмжлэлээс нийт 31,506,994 төгрөгийг гэснийг 12,273,527 төгрөгийг гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын...хариуцагч*******,*******, залуучуудын хөгжлийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 239 948 төгрөгийг гэснийг 336,115.81 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* болон хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга болон хариуцагч*******,хүүхэд,залуучуудын хөгжлийн газар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

                 Х.БАЙГАЛМАА