Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 09

 

Т.Гү-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр Шүүгчид: Т.Жаргалсайхан, Ж.Баттогтох Бусад оролцогчид: Нэхэмжлэгч Т.Гү- Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Т.Шу- Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Б.******* Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямын даргалж, шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Шу-ын давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Гү- нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.*******а миний бие Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанд жолоочийн ажилд 2016 оны 10 сарын 20-ны өдөр ******* ******* пургон маркийн автомашин, мотоциклийн хамт хүлээж авсан.

Уг албан тушаалд ажиллах хугацаандаа байгууллагын даргаас өгсөн үүрэг даалгавар, өөрийн хариуцсан машин техник тоног төхөөрөмжөө бүрэн бүтэн байлгаж ажлын цаг ашиглалт болон автомашинаар ажиллах үед машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг хангаж үүрэг харуицлагатай ажиллаж байсан.

Хяргас нуур Завхан голын сав газрын даргын 2017 оны 03-р сарын 24-ний өдрийн Б/09 тоот тушаалаар жолоочийн албан тушаалаас гэнэт халагдаад уг тушаалын үндэслэл нь ажилчин намайг халах үндэслэл биш гэж үзээд холбогдох хууль, хяналтын байгууллагад хандан шалгуулаад ажилчин Гү- миний буруу биш гэдэг нь тогтоогдож 2017 оны 09 сарын 04-ний байгууллагын даргын Б/40 тоот тушаалаар жолоочийн албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан.

Хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд машин техник хүлээлгэж өгөөгүй ч гэсэн би ажлын цагийн баримтлан ирж цагаа бүртгүүлж, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлж хэвийн ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 09 сарын 15-ны өдөр ажилдаа иртэл байгууллагын дарга Шу- Гү- чамайг ажлаас хална чи өргөдлөө өөрөө өг тэгэхгүй бол чамайг ажлаас халах тушаал гаргана гэж тулгаж хэлэхэд би ямар нэгэн ажлын доголдол дутагдал гаргаагүй учраас өргөдөл шаардлагагүй гэж хэлэхэд дарга Шу- намайг ажлаас халах тушаал гаргасан.

2017 оны 9 сарын 04-нөөс 9 сарын 15 хүртэлх хугацаанд бэлэн мөнгө, эд хөрөнгө, машин техник хүлээж аваагүй, даргын тушаалд үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Иймд ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийг бүрэн бөглүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Шу- анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэгч В.Гү-ын нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний бие нь 2016 оны 12 сарын 14-ний өдөр Хяргас нуур Завхан голын сав газрын захиргааны даргын үүрэгт ажлыг хүлээн авч, одоог хүртэл байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.

В.Гү- нэхэмжлэлдээ 1. Хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд машин техник хүлээлгэж өгөөгүй, цаг нарийн баримталж, бүртгүүлж байсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлж байсан гэжээ. Үүнд хариу тайлбар: Тухайн үед хүлээлгэж өгөх машин техник байгаагүй. Байгууллагын машин болох ******* ******* улсын дугаартай пургон энэ хүнээс болоод аккумляторгүй, моторын улаан гэрэл анивчаад явах нөхцөлгүйгүйгээр гражид тавьсан байгаа.

2. Цаг баримталж ажилдаа ирдэг байсан гэжээ. В.Гү- 2017 оны 08 дугаар сарын 25-нд ШШГА-нд хандаж, 2017 оны 09 сарын 05-ны дотор шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг шаардсан. Ингээд арав гаран хүний эрх ашгийг боогдуулахгүйн тулд /данс хаалгаж, албадан гүйцэтгэх хугацаанаас өмнө/ 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/40 тоот тушаалаар В.*******ыг ажилд нь буцааж авсан. Тухайн үед буюу 2017 оны 08 дугаар сарын 25-нд В.Гү-д би хөдөө томилолтоор явлаа, 09 дүгээр сарын 04-нд ирээд чиний тушаалыг гаргана гэсэн. Ингээд 09 дүгээр сарын 04-нд ирээд чиний тушаалыг гаргана гэсэн. Ингээд 09 дүгээр сарын 04-ний байгууллагын хурал дээр В.Гү-ын тушаалыг гаргаарай, хүлээлцэх машин тэрэг байхгүй юм чинь л гэж хэлсэн. Тушаал гаргах өдрийг тодорхой хэлсээр байтал 09 дүгээр сарын 04, 05-нд энэ хүн ажилдаа ирээгүй, 06-нд 9 цаг 50 минутад ирсэн. Тэгэхэд нь би цаашид чи бид 2 дарга, жолооч 2 байж чадахгүй юм байна. Чи танил талаараа далайлгаж хүн гүтгэж, доромжилдогоо боль гэж хэлээд 2017 оны 09 дүгээр сарын 15-нд ажлаас нь чөлөөлсөн. Үнэхээр хууль, шүүх иргэн бүрт тэгш үйлчилдэг нь үнэн бол В.Гү-ын намайг доромжилж, худлгаа гүтгэж байгааг харгалзан үзнэ биз дээ. Мөн ажлаас чөлөөлөх тушаал гараагүй байхад буюу 2017 оны 09 дүгээр сарын 14-нд энэ хүн ажилдаа ирээгүй. Ингээд 09 дүгээр сарын 15-нд ирэхэд нь цаашид хамтарч ажиллаж чадахгүй, өнөөдөрөөр тасалбар болгоно гэж хэлсэн. Тэрнээс биш ажлаас чин хална, өөрийн хүсэлтээр ажлаа өг, тэгэхгүй бол тушаалыг чинь гаргалаа гэж тулгаж, шаардаагүй. В.Гү- ч надад би ажлын доголдол гаргаагүй учраас өргөдөл өгөх шаардлагагүй гэж хэлээгүй. Ийм ёс зүйгүй, худал хуурмаг гүтгэлэг байж болох уу. Би хүнийг гүтгэж, доромжилж, худлаа ярьж, ёс зүйгүй хандаж үзээгүй. Надад аав, ээжээс сургасан тийм арчаагүй, увайгүй хүмүүжил ч байхгүй. В.Гү- чи залуу хүн цаашид энэ зангаа тат, надаас өөр хүнийг ингэж гүтгэж битгий доромжлоорой, цаашид олон хүнтэй хамтарч ажиллах байх гэдэг үүднээс чамд захъя. Надад чамтай шүүхдэлцээд яваад байх муу зав ч алга.

3. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл гарын үсэггүй байгааг хараад үнэхээр гайхаж байна. энэ хүний гадуу ярьж явснаар үнэндээ танил талаараа доромжлол үүсгэж байна гэж үзэж байна.

4. Эцэст нь хэлэхэд энэ хүн зүгээр сууж байгаад цалин авч байх сонирхолтой юм, мөн дээр хэлснээр байгууллагын пургон автомашины эд ангийг сольж, хольж явах нөхцөлгүй болгосон хүн, ийм сэтгэлээр төрийн ажлыг хийх үү энэ хүн. Хавсралтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, цагийн бүртгэлийг хүргүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.Гү- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ажилгүй болсны дараа шүүхээр ажилдаа эгүүлэн тогтоолгох тухайн нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгоод ажилдаа орсон. Намайг ажилдаа эргэж ороод 7 хоноогүй байхад ажлаас халсанд гомдолтой байна. Ажилдаа орсны дараа усны тооллогод явна, манай машин эвдэрсэн унаа ол гэж хэлсэн. Би өөрөө хувьдаа машингүй тул 2-3 хоногийн дотор байгаа машиныг нь янзлаад бэлэн болгоё гэхэд дээрээс тийм тушаал өгөөгүй наад машиныг чинь лацадсан байгаа гэсэн. Би хувьдаа унаа олж чадахгүй гэж хамт олны өмнө хэлж байсан. Тэгэхэд чи мэдэхгүй, чадахгүй гэж хэлээд энд суугаад байна гэж бодож байна уу гэж хэлж байсан.

Иймд ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийг бүрэн бөглүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Шу- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн туршилтын 6 сарын хугацаан дотроо алдаа гаргаж ажлаас халагдсан. Тэгээд шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон ч надтай уулзалгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан байсан. Тус албанаас энэ хүнийг ажилд ав гэсэн үүрэг өгсөн. Би шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Энэ хүн 08 дугаар сарын 30-нд над дээр ирэхэд нь төлбөр мөнгийг нь өгсөн. Тэгээд ажилд авах тушаал 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гарсан байхад энэ хүн 09 дүгээр сарын 06-ны өдөр 09 цаг 50 минутад ажил дээрээ ирсэн. Намар энэ хүн дөнгөж ажилд ороод 3 байгууллагын хүмүүс гадаа нарлаад сууж байхад энэ авгай намайг дахиад ажлаас халах байлгүй. Би дахин шүүхдээд эргэж ажилдаа орно доо гэж ярьсан байсан юм билээ. Энэ хүнийг ажилд авахад түүнд хүлээлгэж өгөх машин манай байгууллагад байгаагүй. Эвдэрсэн пургон машины засварын төсвийг 2018 оны төсөвт суулгаж засварлахаар төлөвлөн ажиллаж байна. Усны тоо бүртгэлийн ажил 4 жилд 1 удаа явагддаг. 2017 оны 08 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл тоо бүртгэлийн ажил хийгдэж байсан. Усны тооллогонд Баянхонгор, Говь-Алтай, Увсын чиглэлд явж байсан. Энэ хүнээс би чамд машин олдох уу Увс аймгийн чиглэлд явмаар байна гэж хэлж байсан. Тэрнээс машин олдохгүй бол гар гэж хэлж байгаагүй. Намайг гүтгэж байна гэж ойлгож байна. Энэ хүн жаахан ёс зүйтэй байх ёстой л гэж бодож байна.

Мөн энэ хүн 9 сарын 4-нд тушаал гарчаад байхад 4, 5-нд ажилдаа ирээгүй 2017 оны 09 сарын 06-нд 09 цаг 50 минут болж байхад ажилдаа ирсэн. Мөн 2017 оны 09 сарын 14-нд ажилдаа ирээгүй. Би ажлын цагаа баримтлахыг ажилчдаасаа маш хатуу чанга шаарддаг. Байгууллагын дотоод журам бол байгууллага дотроо хууль гэдгийг бүгд мэдэж байгаа. Ийм учраас 09 сарын 04-нөөс 09 сарын 15-ны хооронд үүрэг даалгавар өгөөгүй. Усны тоо бүртгэлийг ажлыг хувийн машин болон түрээсийн машин ашиглаж 6 аймгийн 51 сумд хийсэн. Энэ хүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзсэн байна гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас Т.Гү-ын ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04ний өдрийг хүртэл хугацааны олговор 1,733,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Гү-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас улсын тэмдэгтийн хураамжид 42682 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Шу- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дугаар сарын 04 ний өдрийн 14 тоот шийдвэртэй танилцаж, дараах үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараагийн шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд: 1. Тус сав газрын захиргааны даргын 2017 оны 09 дүгээр сарын 15 ны өдрийн ... тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон ёс зүй, сахилга хариуцлагыг үл хүндэтгэж, нэхэмжлэгчийн талд туйлширсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

2. Т. Гү- нь 2017 оны 08 дугаар сарын 30 ны өдөр ажил дээр ирж уулзахад нь 09 дүгээр сарын 02-нд Отгон сумын Отгонтэнгэр хайрханы өвөрт томилолтоор ажиллана, ирээд шүүхийн шийдвэрийг чинь биелүүлэх юм байна гэж хэлээд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр буюу 1 дэх өдрийн хурал дээр Т.Гү-ын тушаалыг гарга, ШШГ албанд хандсан байна гэснээс өөр үг хэлээгүй. Т.Гү-ын хэлээд гүтгээд байгаа шиг өөрийн хүсэлтээр өргөдөл өг, тэгэхгүй бол чамайг ажлаас хална гэж хэлээгүй. Хүн гүтгэх доромжлох бас хуультай байдаг байх.

3.Анхан шатны шүүхээр Т.Гү-ын нэхэмжлэлийг бүрэн хангаж хариуцагчийг буруутгасан нь ТАТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт буюу 26,1. Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулназаавал дэс дараалан, Мөн 26,2 Энэ хуулийн 26,1 д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй . гэх тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан ноогдуулна гэж зааснаар зөрчлийн хувьд авч үзвэл Т.Гү-ын гаргасан зөрчил нь

-Төлөвлөгөөт ажил тасалсан, өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж мэддэггүй, мөн ажил тасалсанаа хүлээн зөвшөөрөхгүй, сул цалин авахыг санаархсан.

-Захиргааны хөдөлмөрийн дотоод журам нь тухайн байгууллагадаа хэрэгжихгүй бол журам баталж суух илүүц бишүү? Захиргааны дотоод журмын 10,3 дах заалтад Ажлын цагийг хангалтгүй ашигласан, ажлаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа хожимдсон, сард цагийн бүртгэлийн нийлбэр 5 цаг буюу түүнээс дээш ажил тасалсан нь холбогдох баримт бичгээр нотлогдсон, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь 3 удаа хангалтгүй биелүүлсэнийг ноцтой зөрчилд тооцож уг албан хаагчийг ажлаас халах үндэслэлд тооцож сахилгын шийтгэл ноогдуулна гэж заасан байхад ажил тасалсан зөрчил нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон. Нэхэмжлэгч Т.Гү- нь хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж, хүний хэлээгүй үгийг хэлсэн болгож гүтгэдэг. Байгууллагын дотоод журам, ТАТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад дүрэм журмыг үл хүндэтгэн нотлох баримт бичгийг үл тоомсорлож шүүх хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Энэ нь төрийн албан хаагч хүнд байж боломгүй ноцтой зөрчил байхад шүүхийн шийдвэр эсрэг гарч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил олгогч ажилтны эрх үүргийг 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх заалт нь дараах байдлаар нотлогдож байгаа Т.Гү- ажлаас чөлөөлөгдөж байгууллагын ******* ******* фургон авто машиныг хүлээлгэж өгөхдөө 2016 оны 11 дүгээр сард шинээр авсан аккумлятор 2016 оны 03 дугаар сард шинээр амсан 4 дугуй, мөн хойд мостноос тос гоожсон байдалтайгаар өгсөн. Энэ нь ноцтой зөрчилд тооцогдохгүй байх нь бас л эргэлзээтэй. Эдгээрийг нотлох баримт урьд шүүхийн материалд хавсаргаж өгсөн байдаг. Үүнд техникийн комиссын дүгнэлт, худалдан авсан падан, ажил хүлээлцэхэд эд ангиудын фото зураг гэх мэт, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хариуцагчийн тайлбарыг үл ойшоон зөвхөн нэхэмжлэгчийн талд үйлчилж байгааг дээд шатанд хандаж үнэн худал, зөв бурууг шүүлгэмээр байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Шу- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дугаар шийдвэртэй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас давж заалдах шатны шүүх цааш нь шалгаж өгнө үү гэж гомдол гаргасан юм. Анхан шатны өмнөх хуралдаан болох үед нотлох баримтуудаа бүрдүүлж өгсөн байсан. Дараагийн хуралдаан дээр тэрхүү материалыг татаж авч хавсаргах тухай бодож байсан ч хэрэгт хавсргаагүй байсан. Нэхэмжлэгч Т.Гү-ын тушаал нь 3 дугаар сарын 24-нд гарсан. 3 дугаар сарын 25-нд машинаа хүлээлгэж өгсөн машин хүлээлгэж өгөх үед зөрчлүүд илэрсэн байсан. Энэ талаар 7 сард болсон анхан шатны шүүх хурал дээр нотлох баримт гаргаж өгсөн дараагийн хуралд нотлох баримт болоогүй байсан гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй учраас давж заалдах гомдлыг гаргасан хариуцагч байгууллагын төлөөлөгчийн зүгээс 2 дахь удаагаа ажлаас чөлөөлсөн тухай асуудал яригдаж байгаа ирцийн тайлбартай холбогдуулан өөрт байгаа баримтуудыг 07 сард болсон шүүх хуралдаанд гаргаж өгөөд дараагийн анхан шатны шүүх хуралдаанд баримт болно гэж бодсон учраас дахин гаргаж өгөөгүй талаар тайлбарласан. Эхний шүүх хуралдаан дээр нотлох баримт гаргаж өгсөн ч дараагийн шүүх хуралдаан дээр үнэлээгүй асуудлыг ярьж байгаа анх хэргийг Т.Балжинням шүүгч шийдсэн үргэлжүүлэн мөн шийдсэн учраас хэрэгт хавсаргах боломжтой байсан гэж үзсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нарт эрх үүрэг тайлбарласан байдаг. Эрх үүрэг тайлбарласан тухай баримт дээр хуулийн заалт бичээд эрх үүргийг тайлбарласан гэж үзэж байгаа ч миний үйлчлүүлэгчийн зүгээс хуулийн 38 дугаар зүйлийг нарийвчлан тайлбарлаагүй тухай хэлж байгаа. Хэрвээ тайлбарласан бол нэг хэрэг дээр байгаа баримтыг хүсэлт гаргаад нөхөн бүрдүүлэх боломжтой. Дахин хуулбарлаж авах эрх нь байгаа ч эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна. Шүүх хуралдаан дээр даргалагчаас асуусан асуултанд хариуцагчаас хариулахдаа машины 4 дугуй, аккумилятор зэргийг үрэгдүүлсэн байдаг учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлсөн гэж хариулсан ч шүүх бүрэлдэхүүн тухайн үед хариуцагч байгууллагын тайлбарыг сонсохгүй, Иргэн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулах боломжтой байсан ч шүүх асуудлыг шийдвэрлэсэн байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс хэргийн материалыг танилцуулсан гэж үзэхгүй байна. Хэлэлцүүлэх захирамж гарсны дараагаар хэргийн материалыг танилцуулсан. Тийм учраас шударга ёсны буюу мэтгэлзэх зарчим хангагдаагүй байна гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч Т.Гү- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад тайлбар байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Г.Гү- хариуцагч Хяргас нуур, Завхан голын сав газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ажил олгогч нь Г.Гү-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.7, 3 дугаар зүйлийн 3.2.14, 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, 10.5, 10.7 дэх заалтуудыг үндэслэл болгожээ.

Ажил олгогчийн тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах хэсэгт мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажилтанг захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөхөөр зохицуулжээ

Гэтэл ажил олгогч нь тушаалынхаа үндэслэлийг Г.Гү- нь урьд өмнө ажлаас чөлөөлөгдөж байгууллагын фургон машиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгөөгүй, ажлын цагийг хангалтгүй ашигласан, ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан зэрэг зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалттай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн Г.*******ыг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь түүний тайлбараас зөрүүтэй байна.

Нэхэмжлэгч Г.Гү- нь урьд нь жолоочийн ажлаас үндэслэлгүй халагдаж шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон ба ажил олгогч түүнийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажилд нь эгүүлэн авч, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлсөн байна.

Тэрээр дээрх хугацаанд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй , мөн хариуцагчийн тайлбарласан ажил тасалсан, машиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгөөгүй зэрэг зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нотлох баримтанд үндэслэж шийдвэр гаргаагүй нь хууль бус байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Шу-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Ж.БАТТОГТОХ