Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 014

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Т.Г, хариуцагч байгууллагын төлөлөөгч Т.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т.Г-ын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яам ******* газрын захиргаанд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Г миний бие ******* газрын захиргаанд жолоочоор 2016 оны 11-р сарын 01-ний өдөр орж ажиллаж байгаад 2017 оны 03-р сарын 24-ний өдрийн Б/09 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.8, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн ажилтан хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан. Би ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг 2017 оны 03-р сарын 24-ний өдөр хүлээн авсан. Дарга Т.Ш нь уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна.

Миний бие ам бүл 5, эхнэр ажилгүй, 2 хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй, ганц хүний цалингаар л амьдрал ахуйгаа залгуулж байдаг юм. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Г-ыг дараах шалтгааны улмаас холбогдох хуулийн хүрээнд эрх мэдлийнхээ дагуу ажлаас чөлөөлсөн. Үүнд:

1. Хариуцлага алдаж байгууллагын төлөвлөгөөт ажил тасалдуулсан.

2. Удаа дараа хурд хэтрүүлэн өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй. /Ажилд орсон өдрөөсөө жолоочид үүрэг даалгавар өгч, машины бүрэн бүтэн байдлыг хангах, машины гадна талд байсан хаягийг хадах, машин ямар үйлчилгээ хийх шаардлагатайг нэг бүрчлэн техникийн комиссоор гаргуулах үүрэг өгснийг огт биелүүлээгүй/

3. Байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашигладаг. Энэ машиныг унах ашиглахыг өөрөө мэддэг, байгууллагын эд хөрөнгө болох мотоциклыг одоо хүртэл хүлээлгэж өгөхгүй байгаа.

4. Машин болон түүний эд ангид хайр гамгүй ханддаг. /Уг машин нь өмнөх жолоочид байхдаа 4 шинэ дугуйтай, зүгээр явдаг байсан. Мөн 11 сард шинэ аккумлятор авсан. Энэ хүнээс машинаа аваад одоо машиныг асаах гэхэд аккумлятор нь хүчрэхгүй, дугуй байхгүй гээд асахгүй байгаа. Тухайн үед ажилд ороход нь зүгээр явж байсан машин хүлээлгэж өгсөн, одоо машинаа буцаагаад асдаг, явдаг болгуулж авмаар байна.

5. Төрийн албан хаагчийн ёс зүйгүй. /Даргын өгсөн үүрэг даалгаврыг сонсдоггүй, биелүүлдэггүй, үл тоосон байдал гаргадаг, захирагдах ёсыг мэддэгүй, өмнөх оны өр нэхсэн/

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 03-р сарын 22-ны өдөр ******* аймагт Дэлхий нийтээр ус хамгаалах өдрийн тэмдэглэх тус аймагтай хамтран ажиллах талаар байгууллагын ажилтан албан хаагчид бүгд 5 хүний бүрэлдэхүүнтэй байгууллагын пургон машинаар ******* аймаг руу явсан. Тэгэж явахад аймагт тэнгэр бүрхээд цас орохоор болчихсон байсан. Биднийг урд даваан дээр гарахад цас орох нь улам ширүүссэн. Тэгээд бид цаашаа яваад ******* өгсөөд явж байхад ******* аймаг руу явж байсан том тэрэг цасанд суусан байсан. Түүнээс цаашаа явж байхад ахлах мэргэжилтэн Д хүүхдээ ******* суманд ээжийндээ үлдээнэ гэж хэлсэн. Тэгэхэд нь би энэ талаараа даргад хэлсэн юм уу гэхэд Д хэлсэн гэсэн юм. Тэгээд *******ын давааны оройгоос буугаад цас ухаж явсаар байгаад ******* сумд очсон. ******* сумаас цаашаа хөдлөхөд нүд чихгүй цасаар шуурч байсан учраас үзэгдэх орчин маш их хязгаарлагдсан байсан. Д, О нар *******аар дайраад ******* аймаг руу явдаг замыг сайн мэднэ гэсэн боловч бид замдаа төөрч явсаар байгаад ******* сум орсон. Тухайн үед замын нөхцөл байдал ямар байсан бэ гэхээр цас хэр их орсон байсан зэргийн фото зургийг авч хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Иймд ажилдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж өгөн үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 6 аймаг 51 сумын нутаг дэвсгэрийг хамаран үйл ажиллагаа явуулдаг. 2017 оны 3 сарын 22-24-ны өдөр *******, ******* аймагт дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамж болон маршрут гаргаад энд 4 мэргэжилтан үлдэж ажил зохион байгуулахаар томилоод би 3 мэргэжилтэнтэйгээ, жолоочтойгоо хамт ******* аймгийг зорьсон юм. Тухайн өдөр Цаг уур болон Онцгой байдлын газраас надад сэрэмжлүүлэг ирээгүй байсан. Тухайн үед би жолоочоосоо зам ямар байгаа гэнэ вэ, *******д тогтоосон хорио цээр яасан гэнэ вэ? гэж асуухад Г би найзаасаа асуусан. Зам зүгээр байгаа гэж хэлсэн гэхээр нь бид ******* аймаг руу явахаар болсон. Тэгээд биднийг эндээс гарахад тухайн үед цаг агаар сайхан байсан.  сумын ******* хүртэл цаг агаар сайхан байсан. Би ******* сумаас ******* аймаг орно гэсэн маршруттай байсан болохоос биш ******* сум орно гэсэн маршрут байгаагүй. Жолооч хүн дарга хаана ажилтай байна тэнд хүргэх үүрэгтэй. Даргын төлөвлөсөн төлөвлөгөө ажлыг тасалдуудалхгүй байх ёстой. Гэтэл Г хариуцлага алдаж намайг хүргэх ёстой газар хүргээгүй учраас би ажлаас нь чөлөөлсөн юм. ******* сумаас гарахад одоо юухан байхав 3 цаг давхиад л очино гэж хэлж байсан. Д хүүхдээ ээжийндээ үлдээнэ гэж надад хэлээгүй. Энэ талаараа жолоочид л хэлсэн байсан. Д-ыг хүүхдээ ээжийндээ үлдээнэ гэж жолооч эхэлж надад хэлсэн. Манай байгууллага 6 аймаг 51 сумыг хамарч үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хил залгаа аймаг руугаа явдаг замыг мэдэхгүй байна гэдэг жолоочийн хариуцлагагүй байдал гэж үзэж байгаа. Би жолоочийн хариуцлагын талаар мэднэ. Нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа намайг гүтгэж доромжилсон байна лээ. Тэр асуудалд би гомдолтой байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам ******* газрын захиргааны даргын 2017 оны 03-р сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.14, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, Т.тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.8, 4.7.1, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.6 дах заалтуудыг тус тус үндэслэн жолооч Т.Г-ыг ажлаас чөлөөлсөн байна.

Т.Г нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Г-ыг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалд Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлд заасныг зөрчиж ажилтныг ажлаас халах үндэслэлээ буюу ажилтан ямар зөрчил гаргасны улмаас ажлаас халах болсон талаар тушаалдаа тодорхой дурьдаагүй, мөн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн алийг нь баримталсан болохыг заагаагүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...3 сарын 22-24-ны өдөр *******, ******* аймагт дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамж болон маршрут гаргаад энд 4 мэргэжилтан үлдэж ажил зохион байгуулахаар томилоод би 3 мэргэжилтэнтэйгээ, жолоочтойгоо хамт ******* аймгийг зорьсон юм. ... Би ******* сумаас ******* аймаг орно гэсэн маршруттай байсан болохоос биш ******* сум орно гэсэн маршрут байгаагүй. Жолооч хүн дарга хаана ажилтай байна тэнд хүргэх үүрэгтэй. Даргын төлөвлөсөн төлөвлөгөө ажлыг тасалдуудалхгүй байх ёстой. Гэтэл Г хариуцлага алдаж намайг хүргэх ёстой газар хүргээгүй учраас би ажлаас нь чөлөөлсөн юм. ... Манай байгууллага 6 аймаг 51 сумыг хамарч үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хил залгаа аймаг руугаа явдаг замыг мэдэхгүй байна гэдэг жолоочийн хариуцлагагүй байдал гэж үзэж байгаа. Би жолоочийн хариуцлагын талаар мэднэ... гэж тайлбарлаж байгаа боловч дээрх асуудлыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ асуудлыг ноцтой зөрчилд тооцно гэж заагаагүй байна.

Түүнчлэн ажил олгогч байгууллага нь Т.Г-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.8, 4.7.1, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.6 дах заалтуудыг тус тус үндэслэсэн гэж байгаа боловч ажилтан ямар эд хөрөнгө, ажил үүргийн хариуцлагагүй үйлдэл гаргаж, тогтоосон хугацаанд ямар улирлын чанартай ажлыг гүйцэтгээгүй, сахилгын ямар зөрчил давтан гаргаж байсан гэдэг нь нотлогдохгүй, үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй, нотлох үүргээ биелүүлээгүй бөгөөд тухайн үед хамт явсан хүмүүсийг гэрчээр асуулгасан боловч гэрчүүдийн мэдүүлгүүдээс харахад Т.Г-ыг ямар ажил үүргийн хариуцлага алдсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2-д энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэж заасны дагуу зохигчид харилцан тохиролцон хариуцагч байгууллага нь Т.Г-тай 2016 оны 11-р сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна.

Дээрх нөхцөл байдлаас харахад Т.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл болохгүй юм.

Ажлаас халах тушаалд баримталсан Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлнө гэсэн заалт бөгөөд хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас халах үндэслэл гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч Т.Г-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам ******* газрын захиргааны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй байна.

Т.Г-ын дээрх хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Т.Г нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1451925 төгрөгийн цалин авсан нь түүний 01262425 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /1 дүгээр сарын цалин 487875 + 2 дугаар сарын цалин 472275 + 3 дугаар сарын цалин 491775 = 1,451,925 сүүлийн 3 сарын цалин, 1,451,925: 3=483,975 /сарын дундаж цалин/, 483,975: 22,2=21800 / өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 24-нөөс 2017 оны 06 дугаар сарын 14-нийг хүртэл хугацааны цалинг тооцоход нийт 1,264,400 төгрөг байх тул хариуцагчаас 1,264,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 + ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 34896 төгрөг= нийт 105096 төгрөгийг/хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан овогт Т-ийн Г-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам ******* газрын захиргааны жолоочийнажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам ******* газрын захиргаанаас Т.Г-ын ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 03 дугаар сарын 24-нөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны олговор 1,264,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Г-д олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам ******* газрын захиргаанаас улсын тэмдэгтийн хураамжид 105096 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ