Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 493

 

 

 

 

 

 

    2020            4             21                                        2020/ДШМ/493                                                           

 

                                     Ц.Ат холбогдох эрүүгийн

                                                   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908054050031 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Цэрэндоржийн Ц.А, 1980 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Таван толгой түлш” ХХК-д савалгааны ахлах, ачигч, буулгагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Шарын гол 1 дүгээр баг, Хайрхан 2 дугаар давхарын 45-16 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 1 дүгээр гудамжны 2-9 тоотод түр оршин суух, /РД:ТК80092418/;

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 3076 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 7 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2009 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлсэн;

Ц.А нь 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 1 дүгээр гудамжны 2-9 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Отгончимэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь зүүн гарын 2, 3, 4 дүгээр хурууны 2 дугаар үений гадаргуун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн шагайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овгийн Цэрэндоржийн Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч М.Отгончимэг нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ц.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад 720 цаг албадан хөдөлмөр эрхлэх ял шийтгэл оногдуулсан.

Ам бүл 6, эхнэр маань жирэмсэн 6 сард төрнө. Банкинд сард 800.000 төгрөг төлдөг. Ар гэрээ ганцаараа тэжээдэг. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хамт олон, үр хүүхдүүдээ харахаас ичиж, маш хэцүү байдалд байна. Цаашид амьдралаа үргэлжлүүлж, үр хүүхэд, хань ижлээ авч явахын тулд ажил эрхлэх шаардлагатай байна. Иймд миний үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялаас хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Онолтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруу дээр маргах зүйлгүй. Анхан шатны шүүхээс Ц.Аыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосон. Гэтэл хавтас хэргийн 61-105, 110-113 дахь хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлын талаар нэмэлтээр 6 хуудас баримтыг гаргаж өгч байна. Ц.А нь “Таван толгой түлш” ХХК-д 2019 оны 2 дугаар сараас ажилд орсон бөгөөд нийгмийн даатгал төлөгдөж байгаа. Ам бүл 7, ганцаараа ажил эрхэлж, бага насны 5 хүүхдээ асарч, гэр бүлээ тэжээдэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. ...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүйг нь харгалзан үзэж торгох ял оногдуулах эсхүл ...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Тунгалагтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Аын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж гэр бүлийн хамаарал бүхий этгээд хамтран амьдрагч М.Отгончимэгийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж тодруулан хуульчилжээ.

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг.

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хооронд нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодиттой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт нотлодог бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр гаргах үйл явцад хамаардаг онцлогтой.

Анхан шатны шүүх хохирогч М.Отгончимэг, шүүгдэгч Ц.А нарын удаа дараагийн мэдүүлэгт зөв дүгнэлт хийлгүй, зөвхөн “гэр бүлийн хамаарал бүхий хүн”-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэл муутай, оновчтой зүйлчилж чадаагүй байх бөгөөд шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн байна.   

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд, хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан бөгөөд хуулийн үйлчлэлд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарна гэж заажээ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Шүүгдэгч, хохирогч нарын  “2013 оноос хойш хамт амьдарсан,  2 настай охинтой, ...” гэсэн мэдүүлгүүд, охин А.Амин-Эрдэнийн төрсний  гэрчилгээ /хх 111/ зэргээс дүгнэвэл хохирогч М.Отгончимэг, шүүгдэгч Ц.А нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.

Гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн маргаан, гэмтэл учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэхийг тогтоохын тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, сэдэлт, гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө болон дараа нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоох учиртай.

Шүүгдэгч Ц.Аын хувьд хэдийгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Отгончимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч түүний үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхгүй.

Учир нь хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Хохирогч М.Отгончимэгийн “...Ц.Аыг би өөр хүүхэнтэй болсон юм уу гээд хардаж уурласан. Энэ үед Ц.А уурлаад гараад явах гээд байхаар нь миний уур улам хүрээд явуулахгүй, ...яахаараа танай ажлын эрэгтэй хүмүүс чамд доллар өгдөг юм. Өөр эмэгтэй хүн өгөх гэж байгаа биз гэж хэлээд бид маргалдаж эхлэхэд Ц.А гараад явах гэхээр нь би араас нь хувцаснаас нь зуураад явуулахгүй гэхэд миний гарыг юугаар юм цохиод тавиулсан. .,.миний нуруу хэсэгт өшиглөж, жийж унагаасан. Мөн хүн суудаг модон сандлаар толгой, гар хэсэгт хэд хэдэн удаа цохиод байхаар нь гараа хамгаалахад зүүн гарын хуруу эвгүй болсон. ...машинаасаа бууж ирээд намайг түлхэж унагаагаад машинаа орхиод гараад явсан. Миний биед учирсан гэмтлийг Ц.А гэрт хөлөөрөө жийж, газар унагаж, модон сандлаар хэд хэдэн удаа цохиж, дараа нь гадаа гараараа түлхэж унагааж учруулсан. ...явуулахгүй гээд хувцаснаас нь зуурсан. Тэгээд манай нөхөр гар луу цохисон. ...Намайг сандалтай түлхэж унагасан...” /хх 18-19, 165/,

шүүгдэгч Ц.Аын “...босоод ажилдаа явах гээд гэрээс гарах гэхэд эхнэр Отгончимэг намайг бусадтай хардаж, чи ажил гэж худлаа яриад хүүхэн эргүүлээд гэртээ ирэхгүй оройтоод ...гэж хэлсэн. ...миний хувцаснаас зуураад явуулахгүй байсан болохоор нь би гар руу нь нэг удаа гараараа цохисон. ...Отгончимэг над руу модон сандал бариад цохих гэхээр нь сандалтай нь хөлөөрөө жийж газар түлхэж унагаагаад гараад явсан. ...Тухайн үед намайг бусадтай хардаж орилоод сандал барьж цохих гээд байхаар нь уурандаа гар хүрчихсэн. ...Би гараараа гар луу нь цохиод хуруунд нь гэмтэл учруулсан байна. Харин сандалтай хамт түлхэж унагахад хөл нь гэмтсэн байж болно. ...Эхнэр хувцаснаас зуураад байхаар нь гарыг нь цохисон. ...сандалтай нь түлхэж унагасан, тэгээд сандлаар хөл рүү нэг удаа цохисон. ...” /хх 121-122, 164/ гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгүүдээс үзвэл хохирогч М.Отгончимэг шүүгдэгч Ц.Аыг бусадтай хардаж ажилд нь явуулахгүй гэсэн шалтгаанаар маргалдсаны улмаас шүүгдэгч хохирогчийн эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж Эрүүгийн хуулийн эх сурвалжийг тодруулан хуульчилжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилжээ.

 Шүүгдэгч Ц.Аын үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй  бөгөөд эр, эмийн хардлагаас үүссэн  хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр М.Отгончимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийн сэдэлт, тухайн хэрэг гарахад хохирогчийн хувьд зохих буруутай талаар түүний удаа дараагийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн харилцааны байдлыг үл харгалзан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй болно.

Харин шүүгдэгч Ц.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Отгончимэгийг зодож, улмаар биед нь зүүн гарын 2, 3, 4 дүгээр хурууны 2 дугаар үений гадаргуун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн шагайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тэдний мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх 21/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль түүнийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, ...болно”  гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Ат холбогдох хэргийн үйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Аын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн тул анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоох нь зүйтэй.

Үүнээс гадна давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Аын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд тулгуурлан хэргийн зүйлчлэл, ялыг хөнгөрүүлсэн хэдий ч түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээг тогтоохдоо түүний “...ял хөнгөрүүлэх...” тухай гомдол, түүнд хавсаргаж ирүүлсэн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтуудыг харгалзан үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох тогтоох хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Ц.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Боржигин овгийн Цэрэндоржийн Ц.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

Шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн  1  дэх  хэсэгт  зааснаар  320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил

хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж,

 3. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ