Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 0170

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа хөтлөн,

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч М.О,

шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Цийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Цийн А нь Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-д савалгааны ахлах, ачигч буулгагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 3076 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан,

2.Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2009 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

3.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг эдэлсэн (РД:...).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Оийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь зүүн гарын 2, 3, 4 дүгээр хурууны 2 дугаар үений гадаргуун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн шагайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлын нөхцөл байдлаас шалтгаалан түлш түгээж дуусаад, өглөө 05 цагт гэртээ ирээд амарч байтал 08 цагт шөнө түгээсэн түлшний хэмжээ, хаяг байршлын мэдээ, тайлангаа өг гэж ажлаас дуудаад ажил руу явах болсон. Гэтэл эхнэр намайг хардаад ажил руу явуулахгүй гэж маргалдаж, хувцаснаас зуураад байхаар нь гар руу нь цохисон. Тэгээд гарч явтал эхнэр араас сандал бариад гараад ирэхээр нь намайг сандлаар цохих гэж байна гэж бодоод түүнийг сандалтай нь түлхэж газар унагаасан. Сандлаар хөл рүү нь нэг удаа цохисон. Дахиад явуулахгүй гээд машины урд хаагаад зогсоод байхаар нь алхаад автобусаар ажилдаа явсан. Ажилдаа очоод мэдээ тайлангаа өгчихөөд гэрт ирэхэд цагдаа нар ирсэн байсан гэв.

 

            Хохирогч М.О мэдүүлэхдээ: А нь 2019 оны 10 дугаар сарын 05-нд үүрээр гэртээ ирсэн атлаа ажил руугаа явна гэсэн. Тэгэхээр нь би үүрээр гэртээ ирчихээд дахиад явах гэлээ, явуулахгүй гэж маргалдаад зууралдахад гар руу цохисон. Тэгээд гарахаар нь араас нь сандал барьж гарахад миний барьсан сандлыг авч намайг цохисон. Энэ үед дүү цагдаа дуудсан байсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч М.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:

 “... 2019 оны 10 дугаар сарын 04-ний өглөө А ажилдаа яваад 05-ны үүрээр гэртээ ирээд, 2 цаг гаруй унтаад ажилдаа явах гэхээр нь би Ат хандан …шөнө ажиллаж хоночихоод одоо яагаад ажиллах гэж байгаа юм гэж асуугаад, Аыг өөр хүүхэнтэй болсон юм уу гээд хардаж уурласан. ...А намайг “манай ажлын хүн төрсөн өдрөөр өгсөн түрийвчийг аваад өг, өнөөдөр надад шинэ доллар өгнө гэж хэлсэн” гэхээр нь би хариуд нь “яахаараа танай ажлын эрэгтэй хүмүүс чамд доллар өгдөг юм, өөр эмэгтэй хүн өгөх гэж байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэгээд Аыг гараад явах гэхээр нь би хувцаснаас нь зуураад, явуулахгүй гэхэд миний гарыг цохиод тавиулсан. Миний нуруу хэсэгт өшиглөж, жийж унагаасан. Мөн хүн суудаг модон сандлаар толгой, гар хэсэгт хэд хэдэн удаа цохиод байхаар нь гараа хамгаалахад зүүн гарын хуруу эвгүй болсон. Тэгээд гараад явахаар нь би араас нь гүйж гараад, явуулахгүй гээд машиных нь урдуур гүйж ороход А машинаасаа бууж ирээд намайг түлхэж унагаагаад машинаа орхиод гараад явсан. Миний биед учирсан гэмтлийг А гэрт хөлөөрөө жийж, газар унагаж, модон сандлаар хэд хэдэн удаа цохиж, дараа нь гадаа гараараа түлхэж унагааж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

 

2. Шүүгдэгч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 04-ний орой ажил дээрээ хонож ажиллаад шөнө 05 цагийн үед гэртээ ирээд унтаж амраад, өглөө 07 цаг 30 минутын үед босож ажилдаа явах гээд гэрээс гарах гэхэд эхнэр О намайг бусадтай хардаж, “чи ажил гэж худлаа яриад хүүхэн эргүүлээд гэртээ ирэхгүй оройтоод, зарим үед шөнө хагасалж ирээд байна” гэсэн. Гэрээс гараад явах гэхэд миний хувцаснаас зуураад явуулахгүй байсан болохоор нь би гар руу нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд О над руу модон сандал бариад цохих гэхээр нь сандалтай нь хөлөөрөө жийж газар түлхэж унагаагаад гараад явсан. Тэгтэл миний араас “чамайг ажлаас чинь халуулна, цагдаад өгнө” гэж орилоод байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122 дугаар тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12101 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн гарын 2, 3, 4-р хурууны 2-р үений дотор гадаргууд 1х2 см бүдэг хөх өнгийн цус хуралттай, бага зэрэг овойж хавдсан. Зүүн хөлийн шагайн гадна гадаргууд 1х0.3 см хүрэн бор өнгийн зулгаралттай, зүүн шагай нилэнхүйдээ овойж хавдсан, 4х5 см талбайд бүдэг хөх өнгийн цус хуралттай.

Дүгнэлт: “...М.Оийн биед зүүн гарын 2, 3, 4-р хурууны 2-р үений дотор гадаргуун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн шагайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч Н.Энхцолмон/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

4. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 33 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 34-35 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 30-33 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

 

5. Шүүгдэгч Ц.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60, 109 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 43 дугаар тал), шийтгэх тогтоолуудын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 45-57 дугаар тал), 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дүгээр тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр тал), “Хас банк”-нд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 65-100 дугаар тал), “...” ХХК-ний “...Ц.А нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 1.300.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 101 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Ат холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Оийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ц.А нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Ц.Ат холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.А, хохирогч М.О нар 2013 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан байх ба, гэрлэлтээ бүртгүүлээгүй ч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.

 

Шүүгдэгч Ц.А нь нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Оийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь зүүн гарын 2, 3, 4 дүгээр хурууны 2 дугаар үений гадаргуун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн шагайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

-хохирогч М.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 04-ний өглөө А ажилдаа яваад 05-ны үүрээр гэртээ ирээд, 2 цаг гаруй унтаад ажилдаа явах гэхээр нь би Ат хандан …шөнө ажиллаж хоночихоод одоо яагаад ажиллах гэж байгаа юм гэж асуусан, хардаж уурласан. ...Аыг гараад явах гэхээр нь гээд хувцаснаас нь зуураад, явуулахгүй гэхэд гар цохиод тавиулсан. Миний нуруу хэсэгт өшиглөж, жийж унагаасан. ...Миний биед учирсан гэмтлийг А гэрт хөлөөрөө жийж, газар унагаж, модон сандлаар хэд хэдэн удаа цохиж, дараа нь гадаа гараараа түлхэж унагааж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

-шүүгдэгч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн“...2019 оны 10 дугаар сарын 04-ний орой ажил дээрээ хонож ажиллаад шөнө 05 цагийн үед гэртээ ирээд унтаж амраад, өглөө 07 цаг 30 минутын үед босож ажилдаа явах гээд гэрээс гарах гэхэд эхнэр О намайг бусадтай хардаж, “чи ажил гэж худлаа яриад хүүхэн эргүүлээд гэртээ ирэхгүй оройтоод, зарим үед шөнө хагасалж ирээд байна” гэж хэлсэн, гараараа нэг удаа цохисон. О над руу модон сандал бариад цохих гэхээр нь сандалтай нь хөлөөрөө жийж газар түлхэж унагаагаад гараад явсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12101 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 33 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 34-35 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 30-33 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Ц.А нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч М.Оийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ц.А, хохирогч М.О нарын хоорондын таарамжгүй харилцаа, эр, эмийн хардалт зэрэг нь нөлөөлжээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ц.А нь хохирогч М.Оийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч М.О нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ  шүүгдэгч Ц.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан, шүүгдэгч Ц.А нь өөрийгөө өмгөөлөн гаргасан дүгнэлтдээ “торгох ялыг багасгаж өгнө үү” гэж мэтгэлцсэн.

 

Шүүгдэгч Ц.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 3 удаа ял шийтгэгдсэн байх бөгөөд сүүлд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссан байх ба, түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгч Ц.Ат эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ц.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүхээс шүүгдэгч Ц.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Б овогт Цийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч М.О нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА