Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Х.Отгонжаргал |
Хэргийн индекс | 156/2021/00067/И |
Дугаар | 156/ШШ2021/00238 |
Огноо | 2021-06-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 156/ШШ2021/00238
156/ШШ2021/00238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00067/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, ******* 09-02 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өргөө 3а-14 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох, 33 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.*******, түүний өмгөөлөгч О.Дүүриймаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, гэрч Т.Хишиг-Эрдэнэ, Б.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн *******д дор дурдсан мөнгөнүүдийг шилжүүлж, нийт 41 400 000 төгрөгийг зээлүүлсэн. Үүнд: 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ХААН банк дахь 5959205515 тоот дансанд 11 600 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ХААН банк дахь 5949029174 тоот дансанд 19 000 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ХААН банк дахь 5954172048 тоот дансанд 5 800 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ХААН банк дахь 5954172048 тоот дансанд тус тус шилжүүлсэн. Дээрх зээлийг ******* тохирсон хугацаандаа эргэн төлөөгүй байх бөгөөд цагдаад өгч шалгуулсны дараагаар буюу 7 650 000 төгрөгийг л өгсөн. Үлдэгдэл 33 750 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүргийг биелүүлэх буюу миний зээлсэн мөнгийг буцаан өгөхийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй байна. Тиймээс Э.******* би Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д ... зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу зээлдэгч, иргэн Б.*******аас зээлүүлсэн өөрийн мөнгийг нэхэмжлэн шүүхэд хандаж байна. Иймд Б.*******аас зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 33 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2020 оны хавар Мөрөн сумын сургуульд багшаар ажиллаж байх үедээ цалингийн зээл дарах зорилгоор хамгийн анх 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөгийг зээлсэн юм. Уг зээлсэн мөнгө маань цалингийн зээл хаахад хүрэхгүй байсан тул 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дахин 4 000 000 төгрөгийг зээлсэн. Үүний дараа гоо сайхны бараа болон эмэгтэй гутал авч ирж наймаа хийх зорилготойгоор *******оос хэд хэдэн удаа мөнгө зээлсэн. Ингээд авчирсан гоо сайхан болон бусад бараагаа зарж борлуулсан мөнгөнөөсөө Э.*******ын данс руу төлөлтүүд хийж явсан. 2020 оны 08 дугаар сард нөхөр Доржпүрэв Хэнтий аймгийн төвд ажиллахаар болсон тул 2 хүүхдийн хамт гэр бүлийн хүнээ дагаж аймгийн төвд орж ирсэн. Э.*******оос урьд зээлсэн мөнгөнийхөө тодорхой төлөлтүүдийг хийж явсан тул ахин мөнгө зээлж бараа зарах, зарж борлуулсан ашгаасаа мөнгийг нь төлөхдөө хүү бодож өгье гэж бодож байсан боловч мөн ашиг олж чадаагүй. Тухайн үед Мөрөн суманд ажиллаж байсан ажлаасаа гарч санхүүгийн хувьд хүндрэл учирсан тул *******оос авсан нийт мөнгөө бодитоор тооцож өөрийн боломжоор төлж барагдуулъя гэж бодоод гэр бүлийн гишүүдээсээ зарим үед туслалцаа авч төлөлтүүдийг хийсээр ирсэн.
Гэтэл Э.******* нь 2020 оны 09 дүгээр сард Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хандан Б.*******д 46 000 000 төгрөг залилуулсан гэж гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн 203900518 дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсны дараа Цагдаагийн байгууллагаас Б.******* миний дансны хуулга болон бусад баримтыг шалгахад 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Э.*******оос нийт 29 удаагийн гүйлгээгээр миний дансанд 162 912 000 төгрөг шилжүүсэн. Мөн энэ цаг хугацаанд би өөрийн данснаас Э.*******ын данс руу 155 262 000 төгрөгийг буцааж шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Харин Э.*******ын эгч Э.Анхзаяагаас 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр миний данс руу шилжүүлсэн 4 600 000 төгрөгийг нэмж нийт 7 650 000 төгрөг Э.*******од төлөх ёстой үлдсэн байна гэж үзсэн. Ингээд Э.*******ын данс руу тухай бүрт нь төлөлтүүдийг хийж байсан үйлдэл бусад шинж чанарууд нь бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Прокурорын газраас Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 414 дугаартай тогтоол гарсан. Үүний дараа 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Э.******* нь хяналтын прокурор Г.Мөнхболдын шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч хэргийг татан үзэж хянасны дүнд Э.*******ын гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг. Харин 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Э.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдсан 33 750 000 төгрөг нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд нийт 29 удаагийн гүйлгээгээр шилжүүсэн 162 912 000 төгрөгт багтаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас 7 650 000 төгрөгийг төлөх ёстой гэж үзсэний дагуу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э.*******ын данс руу үлдэгдэл мөнгийг шилжүүсэн юм. Гэтэл 2020 оны 12 дугаар сараас Хэнтий, Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгуудын нэгдсэн заруудад миний зургийг байршуулан, 40 сая төгрөг залилсан хэмээн нийтлэж, мөн утсаар залган хэл амаар доромжилж 7 хоногийн дотор 8 000 000 төгрөгийг *******ын данс руу шилжүүл гэх зэргээр дарамталж байсан. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан байсан ба 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/55 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан байсан. Тухайн үед Э.******* нь мөнгө зээлэхдээ өдрийн 3 хувийн хүүтэй өгнө гэж байсан ч бид 2 бичгийн гэрээ байгуулаагүй. Гэсэн хэдий ч би мөнгийг нь нэмж өгье гэж хичээсэн боловч тухайн үед санхүүгийн боломжгүй болж ямар ч байсан авсан мөнгөө буцааж өгье гэж бодож төлөлт хийсээр ирсэн. Иймд миний хувьд Э.*******оос шилжүүлэн авсан, буцаан өгсөн баримтандаа үндэслэн 33 750 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Гэрч Т.Хишиг-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...5959205515 тоот дансыг эзэмшдэг. 5959205515 тоот дансанд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 11,600,000 төгрөгийн гүйлгээ орсон. Би *******аас мөнгө авах ёстой байсан юм. Тэр мөнгөө авсан тул буцааж өгөөгүй гэв.
Гэрч Б.Батцэцэг нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч Б.******* нь минйи төрсөн дүү. Бм Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж өөрийн төрсөн дүүгийнхээ талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 33 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Шүүхээс хэрэгт цугларсан бичгийн баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 14 цаг 59 минутанд зээлүүлсэн 11.600.000 төгрөгийг Т.Хишиг-Эрдэнийн дансанд авсанаас эхлэн зээлүүлсэн мөнгөө авахаар шүүхэд нэхэмжилсэн ба хариуцагч нь зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа 2020 оны 05 сарын 05-ны өдрөөс эхлэн үүссэн байна. Талууд анх амаар харилцан тохиролцож мөнгийг хүүтэй зээлэхээр тохиролцсон ба зээлдэгч Б.******* нь анх авсан мөнгөнүүдээ тухайн бүрт нь хүүтэй төлж байсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс мөнгө зээлэхдээ анх хүүтэй гэж тохироод өгч авдаг байсан боловч сүүлдээ өгч чадахгүй болсон, иргэний хуульд нэгэнт бичгээр зээлийн гэрээг байгуулаагүй тул үндсэн мөнгөө төлөх ёстой ба авсан нийт мөнгө, өгсөн мөнгө хоёр нь үнийн дүнгээр тохирч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа боловч хариуцагч нь өөрөө хүү тохирч хүүгээ тохирсон ёсоор төлж байсан нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогоогдож байх тул хүүнд тооцож төлсөн мөнгийг үндсэн зээлнээс хасах үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсан нь зээлдүүлэгч хүү шаардах эрхээ алдах талаар зээлдүүлэгчид хамааралтай зохицуулалт юм. Хэдийгээр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч зээлдэгч нь тохирсон хүүг тухайн цаг хугацаанд төлж байсан нь хуульд харшлахгүй ба талуудын хооронд хүсэл зоригоо илэрхийлж хэлцлээр тохирсон үүргээ хариуцагч биелүүлж байсан байна.
Харин 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 12 цаг 42 минутанд зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид хариуцагчаас төлсөн 17.000.000 төгрөгийг оролцуулан өмнөх харилцааг дуусгавар болгосон гэж нэхэмжлэгч тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан, энэ шаардлага, түүний үндэслэлийг хариуцагч хэрхэн татгалзаж байгаагаа өөрөө нотлон мэтгэлцээгүй тул шүүхээс 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 14 цаг 59 минутаас өмнө үүссэн зээлийн харилцаанд дүгнэлт хийлгүүгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
Харин хариуцагч нь хариу тайлбартаа *******оос урьд зээлсэн мөнгөнийхөө тодорхой төлөлтүүдийг хийж явсан тул ахин мөнгө зээлж бараа зарах, зарж борлуулсан ашгаасаа мөнгийг нь төлөхдөө хүү бодож өгье гэж бодож байсан боловч мөн ашиг олж чадаагүй гэж тайлбарлаж байгаа нь өмнөх зээлүүддээ хүү төлөхийг зөвшөөрөн төлж байсан гэдэг нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 14 цаг 59 минутаас хойш олгосон зээлийн төлбөрөө хариуцагчаас шаарддаг ба хариуцагч, түүний өмгөөлөгч нь татгалзахдаа 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 12 цаг 42 минутанд шилжүүлсэн 17.000.000 төгрөг, мөн өдрийн 13 цаг 27 минутанд шилжүүлсэн 500.000 төгрөг, нийт 17.500.000 төгрөгийг хасч тооцож маргадаг.
Гэвч нэхэмжлэгчийн дансны хуулганаас / хэргийн материалын 116р хуудас/ харахад Т.Хишиг-Эрдэнийн дансанд шилжүүлсэн мөнгөнөөс өмнө нь энэхүү 17.500.000 төгрөгийг *******ын дансанд хийсэн байгаа нь өмнөх харилцаанд төлсөн мөнгө гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнэдсэлэл нь 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 14 цаг 59 минутанд Т.Хишиг-Эрдэнийн дансанд авсан мөнгөнөөс эхлэн тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн зээлийн харилцаанд мөнгө шилжүүлэхдээ банкны харилцах дансаар дамжуулан хийгдсэн байх тул дараах байдлаар тооцож судаллаа. Үүнийг хүснэгтээр харуулбал:
Нэхэмжлэгч Э.*******оос хариуцагч Б.******* зээлүүлсэн мөнгө /2020.08.27-ны өдрийн 14 цаг 59 минутаас хойш/ | ||||
Огноо | Цаг, минут | Харьцсан данс | Данс эзэмшигч | Үнийн дүн |
2020.08.27 | 14:59 | 5959205515 | Т.Хишиг-Эрдэнэ | 11.600.000 |
2020.08.31 | 15:41 | 5954172048 | Б.******* | 5.700.000 |
2020.09.03 | 17:14 | 5954172048 | Б.******* | 8.000.000 |
2020.09.03 | 17:18 | 5954172048 | Б.******* | 80000 |
2020.09.07 | 13:40 | 5954172048 | Б.******* | 5.000.000 |
2020.09.08 | 11:20 | 5954172048 | Б.******* | 8.600.000 |
2020.09.14 | 15:29 | 5949029174 | Б.Батцэцэг/эгч/ | 19.000.000 |
2020.09.16 | 16:37 | 5945172048 | Б.******* | 5.800.000 |
2020.09.21 | 13:09 | 5954172048 | Б.******* | 5.000.000 |
Нийт |
|
|
| 68.780.000 |
Хариуцагч Б.*******аас *******од шилжүүлсэн мөнгө /2020.08.27-ны өдрийн 14 цаг 59 минутаас хойш/ | ||||
Огноо | Цаг, минут | Харьцсан данс | Данс эзэмшигч | Үнийн дүн |
2020.09.01 | 16:26 | 5954189429 | Э.******* | 200.000 |
2020.09.03 | 16:56 | 5954189429 | Э.******* | 1.000.000 |
2020.09.07 | 12:58 | 5954189429 | Э.******* | 16.650.000 |
2020.09.09 | 12:46 | 5954189429 | Э.******* | 1.500.000 |
2020.09.14 | 15:24 | 5954189429 | Э.******* | 21.948.000 |
2020.09.16 | 13:07 | 5954189429 | Э.******* | 6.350.000 |
2020.10.02 | 17:25 | 5954189429 | Э.******* | 914.000 |
2020.12.01 | 12:03 | 5954189429 | Э.******* | 7.650.000 |
Нийт |
|
|
| 56.212.000 |
Мөн хариуцагч нь 2020 оны 08 сарын 27-ны өдөр Т.Хишиг-Эрдэнэийн дансаар 11.600.000 төгрөг, 2020 оны 09 сарын 14-ны өдөр Б.Батцэцэгийн дансаар 19.000.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар маргадаггүй болохыг дурдаж байна.
Нэхэмжлэгч Э.*******оос хариуцагч Б.******* нь 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 14 цаг 59 минутаас хойш 2020 оны 09 сарын 21-ны өдрийн хооронд 9 удаа нийт 68.780.000 төгрөгийг зээлсэн / Т.Хишиг-Эрдэнэ, эгч Б.Батцэцэгийн дансаар/ , зээлийн төлбөрт 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс 8 удаа нийт 56.212.000 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэгчид хариуцагч нь /68.780.000-56.212.000=12.568.000/ 12.568.000 төгрөг төлөх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 33.750.000 төгрөгийн зарим хэсгийг хангаж 12.568.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, илүү нэхэмжилсэн 21.182.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.*******аас 12 568 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 182 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 326 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 216 038 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ