Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батчулууны Мөнхбат |
Хэргийн индекс | 133/2021/00086/и |
Дугаар | 133/ШШ2021/00173 |
Огноо | 2021-04-14 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 133/ШШ2021/00173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ГАА-ийн П-ын газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Т сумын 0-р багт оршин суух, Ө овгийн Д-ын Д-д холбогдох
Амьтны аймагт учруулсан хохиролд 22,400,000 Т гаргуулж, Говь-Алтай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газарт олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Д.Д /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн П-ын газрын хяналтын прокурор Б.О би, Монгол Улсын П-ын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Говь-Алтай аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж нэхэмжлэгчийг төлөөлж байна. Иргэн Д.Д нь 2019 оны 03 дугаар сард Говь-Алтай аймгийн Т сумын Т-ийн эх багийн Ялаат гэх газарт дүү У.А-ын хамт адуундаа явж байгаад нэн ховор амьтан болох цоохор ирвэс адууг нь идэж байхтай таарч, Ц.А-ын морь үргэж унах үед ирвэс Ц.А руу дайрахад эр бодьгал цоохор ирвэсийг СКС маркийн буугаар буудаж алсан үйл баримт тогтоогдсон байна. Гэвч иргэн Д.Д нь нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг буудаж алсан үйлдэл нь хууль бус боловч цоохор ирвэс дүү У.Аз руу нь довтолсон даруйд түүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор буудаж алсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийг үгүйсгэж аргагүй хамгаалалт хэрэглэсэн үндэслэлээр прокуророос 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 153 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Говь-Алтай аймгийн Т сумын Т-ийн эх багийн нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сард нэн ховор амьтан болох нас бие гүйцсэн эр бодьгал цоохор ирвэс СКС маркийн буугаар буудагдан агнагдаж Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар экологи-эдийн засгийн үнэлгээ нь 11.200.000 төгрөгөөр үнэлэгдэж улсад учруулсан хохирлын дүгнэлтийг гаргасан байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасны дагуу амьтны аймагт 22.400.000 төгрөгийн хохирол учирсан байна. Говь-Алтай аймгийн Т сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу П-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор П-ын нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн Д.Д-ээс 22.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д миний бие 2019 оны 03 дугаар сард тус аймгийн Т сумын Т-ийн эх Ялаат гэх газарт хүргэн дүү У.А-ын хамт адуундаа явж байгаад цоохор ирвэс адууг маань барьж идэж байхтай таарч адуугаа салгаж авах зорилгоор чангаар дуу чимээ гарган орилж хашгираад ойртон очиход ирвэс зугатааж холдох нь байтугай харин ч өөдөөс архиран дайрах үед надтай хамт явж байсан хүргэн дүү У.А-ын унаж явсан морь нь үргэж бусгаад дүү маань мориноосоо унасан. Энэ үед цоохор ирвэс шууд л дүүрүү маань дайрч довтолход би ч барьж идэх нь гэж айгаад буудсан. Тэр үед өлсөж цангасан араатан амьтан идэш хоолоо харамлаж дүү рүү маань улайран дайрч буй цоохор ирвэсийн аюулыг буудаж л таслан зогсоохгүйгээр өөр ямар ч арга замаар зайлуулах боломжгүй байсан. Би тухайн үед гарцаагүй байдлын улмаас ийм үйлдэл хийсэн, түүнээс биш ашиг хонжоо олох өөр ямар нэгэн санаа зорилго агуулаагүй болно. Ер нь сүүлийн жилүүдэд цоохор ирвэс манай сум орон нутгийн иргэдийн хотноос адуу малыг нь барьж идэх, амьтан хүн рүү дайрах асуудал ихээхэн гарч, сумын Засаг даргын Тамгын газарт энэ талаар иргздээс гаргаж буй гомдол санал ихээхэн нэмэгдсэн тул энэ талаарх судалгааг гаргаж Улаанбаатар хотын Байгаль орчны газарт ирвэс хамгаалах төсөл хэрэгжүүлж буй Гүндэгмаад хандаад байгаа гэсэн. Мөн 2020 оны 08 дугаар сарын эхээр миний төрсөн дүү Д.Ц-ийг хонинд явж байхад нэг ирвэс алсаас дагаад дөхөөд байхаар нь хонио гэрлүүгээ тууж ирсэн. Гэтэл дагаж явсаар гэрийн ойролцоо хүрээд ирлээ гэж надад утсаар хэлэхээр нь би тэр даруй нь сумаас хэсгийн төлөөлөгч Д.М, Байгаль орчины хяналтын улсын байцаагч Т.Х нарт мэдэгдэж дагуулж очсон боловч явсаар байгаад харанхуй болсон үеэр очсон тул бараа нь харагдаагүй. Энэ мэтчилэн цоохор ирвэс хүн мал дагаж айлын хотруу дайрч мал барьж иддэг цаашлаад хүний амь нас эрүүл мэндэд ч ноцтой хохирол учруулж болзошгүй үзэгдэл нэмэгдэнэ үү гэхээс цөөрөхгүй байгаа нь тодорхой байхад сум орон нутгийн засаг захиргааны зүгээс араатан амьтнаас ард иргэдээ хамгаалах талаар ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байж ядарсан муу иргэдээсээ хохирол төлбөр нэхэж байгаад маш их гомдолтой байна. Би цоохор ирвэсийг ашиг олох юм уу, өөр ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс агнаагүй. Адуу идэж байхад нь таараад адуугаа амьтай байна уу гэж шалгах зорилгоор очиход орилж дайрахаар нь би сандраад буудчихсан. Хамт явж байсан дүү хүргэн мориноос унасан. Тухайн үед би тэр амьтныг буудаагүй бол манай дүүг бариад авах нөхцөл байдал үүссэн байсан. Би аргагүй нөхцөл байдлын улмаас дүүгийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалж буудсан. Би тэр амьтны эд эрхтэн аваагүй, ямар нэгэн ашиг олоогүй. Ийм учраас нэхэмжлэлээс чөлөөлж өгнө үү. Хоёрдугаарт би эрхэлж байсан ажлаасаа халагдсан. Эхнэр эрхэлсэн ажилгүй, 0-14 насны 5 хүүхэд байна. Мөн банкны өр төлбөр 10 гаруй сая төгрөг байна. Энэ цар тахлын үед яваад ажил хийх боломжгүй байна. Ийм нөхцөл байдалтай байгаа учир төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэж хүсэх байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын газар нь хариуцагч Д.Д-гээс амьтны аймагт учруулсан хохиролд 22,400,000/хорин хоёр сая дөрвөн зуун мянга/ Т гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, Д.Д нь хууль бусаар нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг буудаж алсан, энэ үйлдлийн улмаас амьтны аймагт хохирол учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагаа Д.Д-гээс амьтны аймагт учруулсан хохиролд 22,400,000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж, Говь-Алтай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газарт олгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Хариуцагч Д.Д нь дүү У.А руу дайрсан цоохор ирвэсийг буудаж алсан. Уг аюулийг өөр арга замаар зайлуулах боломжгүй байсан. Тухайн үед гарцаагүй байдлын улмаас ийм үйлдэл хийсэн гэж маргажээ.
Хариуцагч Д.Д нь 2019 оны 03 дугаар сарын үед Говь-Алтай аймгийн Т сумын Тийн эх багийн Ялаат гэх газарт хүргэн дүү У.А-ын хамт адуундаа явж байгаад нэн ховор амьтан болох цоохор ирвэс адууг нь идэж байхтай таарч, морь нь үргэж, газар унасан У.А руу дайрсан цоохор ирвэсийг СКС маркын карбин буугаар буудаж алсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан зохигч талуудын тайлбар болон Говь-Алтай аймгийн П-ын газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2802 дугаар шинжээчийн дүгнэлт, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Уг үйл баримтыг эрүүгийн журмаар шалгаад Говь-Алтай аймгийн П-ын газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заажээ. Уг хуулийн заалтыг гол урьдчилсан нөхцөл нь гэм буруутайгаар хохирол учруулсан байхыг хуульчилжээ.
Д.Д-гийн үйлдэл нь гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал буюу гэм буруугүйгээр хохирол учруулах эрх зүйн ойлголтод хамаарахаар байх тул дээрх хуулийн заалтын урьдчилсан нөхцөл хангагдахгүй байна.
Учир нь тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэж Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заажээ.
Гарцаагүй нөхцөл байдлын үүсгэж буй аюулын эх үүсвэр нь хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл байхаас гадна байгалийн гамшиг, физиологийн болон эмгэг судлалын үйл явц, бүх төрлийн амьгүй зүйл, гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдын довтолгоон зэргээс үүдэлтэй байдаг.
Үүгээрээ гарцаагүй байдал нь аргагүй хамгаалалтаас ялгагддаг бөгөөд уг үйлдлийн зорилго нь өөрт болон бусад этгээдэд учирч болох бодит аюулыг зайлуулахад оршдог.
Цоохор ирвэс нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх зааснаар нэн ховор амьтанд хамаарах байгальд өөрийн тааваар амьдрах махан тэжээлт араатан тул хүний амь бие, эрүүд мэндэд аюул учруулах боломжтой.
Унаж явсан морь нь үргэж, газар унасан хариуцагч Д.Д-гийн дүү У.А руу цоохор ирвэс довтолсон үйл баримт нь түүний амь бие, эрүүл мэндэд учирч болох байсан аюул бодитой байсныг нотолж байна.
Тухайн нөхцөл байдалд хариуцагч Д.Д нь дүү У.А-т учирсан бодит аюулыг зайлуулах зорилгоор СКС маркын карбин буугаар цоохор ирвэсийг буудан алсан нь тугарсан аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй, гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл байна.
Гарцаагүй байдалд учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос бага байвал уг үйлдэл хийсэн этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй гэж Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт,
Учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос илт их байвал үйлдэл хийсэн этгээд хэтрүүлсэн тэр хэмжээгээр гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ гэж мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт тус тус заажээ.
Хүний амь бие, эрүүл мэндийн үнэ, цэнийг амьтны үнэтэй харьцуулах боломжгүй тул хариуцагч Д.Д-гийн дүү У.А-т учирч болох байсан хохирол, үр дагаврыг цоохор ирвэсийг алсны улмаас амьтны аймаг учруулсан хохиролтой харьцуулан дүгнэх боломжгүй.
Энэ тохиолдолд шүүх бүрэлдэхүүн учрах байсан хохирлын хэмжээг амьтны аймгийн тухайд бус харин цоохор ирвэсний довтолгоонд өртөх байсан хариуцагч Д.Д-гийн дүү У.А-ын амь бие, эрүүл мэндтэй дүйцүүлж, учруулсан гэм хорын хэмжээ нь учрах байсан гэм хорын хэмжээнээс бага гэж дүгнэсэн болно.
Амьтны аймагт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэл нь гэм буруутай байхаар тайлбарлагдах бөгөөд гэм буруутай эсэхийг шүүх тогтоодог.
Хариуцагч Д.Д нь 2019 оны 03 дугаар сарын үед Говь-Алтай аймгийн Т сумын Тийн эх багийн Ялаат гэх газарт цоохор ирвэсийг СКС маркын карбин буугаар буудаж алсан нь агнах, ашиг олох, зугаацах гэх мэт тодорхой зорилго агуулж үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд амьтны аймагт хохирол учруулсан гэж үзэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан цоохор ирвэсний экологи-эдийн засгийн үнэлгээ 11,200,000 төгрөгийг 2 дахин өсгөж, 22,400,000 төгрөгийг хариуцагч Д.Д-гээс гаргуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн суурь зарчимд нийцэхгүй юм.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын газрын хариуцагч Д.Д-гээс 22,400,000/хорин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж, Говь-Алтай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газарт олгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын газар нь хариуцагч Д.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдав.
Иргэдийн төлөөлөгч Э.Л нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааны явуулах хүсэлт гаргасныг хэргийн оролцогчид зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын газрын хариуцагч Д.Д-гээс 22,400,000/хорин хоёр сая дөрвөн зуун мянга/ Т гаргуулж, Говь-Алтай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газарт олгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын газрын хариуцагч Д.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ