Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ202100187

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                       

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 38/2 тоотод оршин байрлах Т т ХХК

 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын И 0 тоотод оршин суух, Б овогт Ч-ийн М-

 

Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-ний төлбөр 42,495,000 төгрөг, алданги 21,247,500 төгрөг, нийт 63,742,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2019 оны 05 дугаар сарын  01-ний өдөр хариуцагч Ч.М-тай Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ байгуулсан болно. Гэрээ ёсоор хариуцагч нь нийтдээ 42.495.000 /дөчин хоёр сая дөрвөн зуун ерөн таван мянга/ төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүр 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр хуваан төлж,төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны дотор бүрэн барагдуулах ёстой байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ямар ч төлбөр хийгээгүй байна. Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-ийн 2.2-р зүйлд заасны дагуу хариуцагч Ч.М төлбөрийг хугацаанд нь төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үндсэн төлбөр дээр нэмж төлөхөөр тохирсон байна. Алдангийг тооцож үзэхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 32.182.500 /гучин хоёр сая нэг зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг болж байна. Хариуцагч Ч.М нь Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-ний төлбөрөө төлөхгүй байгаа тул үлдэгдэл төлбөрийг алдангийн хамтаар гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Ч.М нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч овогтой М миний бие нь Т т ХХК-ийн надаас нэхэмжилж байгаа 63.742.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хүнтэй гэрээ хийсэн, энэ хүний ярьж байгаа үнэн. Цагдаагийн газар байцаалт өгч байхад мэдэхгүй зүйлээ худлаа мэдүүлж, байнгын дарамтад байсан. Хоёр өмгөөлөгч авсан байхад тэрийг болиулаад байнга ажлын бус цагаар дуудаж дарамталсан. Чи ингэсэн байна гэж хэлээд над руу юм шидсэн. Би 2014 оны 08 дугаар сарын 24-нд хүний лангуу түрээсэлдэг байсан. Тэгэхэд эзэн нь орж ирээд би эндээ ийм юм оруулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд боловсролын хүмүүс орж ирнэ барааг хүлээгээд аваадах гэсэн. Тэгээд би барааг хүлээж авсан. Би яаж зарах талаар мэдэхгүй байсан. Маргааш өглөө нь ирж гэрээ хийнэ гэж хэлсэн боловч өглөө ирэхгүй байхаар нь утасдахад гараад явж байна. Хотод очоод хүн явуулна чи зарж бай гэж хэлсэн. Тэгээд манай найз авахаа больсон чи зарчих гэж хэлсэн. Би өөрийн хүслээр барааг аваагүй. Манай найз хажууд байсан. 120 сая төгрөгийн хувцас байсан. 2017 онд үлдэгдэл бүх хувцсаа буцаасан. Өгсөн хувцсан дээр нь сумуудын буцаалт ирсэн. Би хувцас зарж үзээгүй. Би эдний хүн рүү залгаж асуудаг байсан. Сүүлдээ нягтлангийнх нь утас холбогдохоо больсон. Тэгэхэд нэг утас руу залгахад чи ямар төвөгтэй юм бэ? гэж хэлсэн.  Тэгээд нягтлан нь над руу залгаад яагаад том захирал руу залгаад байгаа юм бэ? захирал уурлаад байна гэж хэлж байсан. Ийм зүйл болж өнгөрсөн. Ноднин цагдаа дээр мэдүүлэг өгөхөд маш их дарамт шахалтад байнга шөнийн цагаар дуудуулдаг байсан. Би хоол унд иддэггүй, гэргүй хүн шиг байсан. 8 жилийн ялтай гэж хэлээд, юм аваад шиддэг байсан. Хүрч ирээд цохиж авчих гээд байдаг байсан. Сүүлд өрөө рүү нь ороход хүртэл айдастай байсан. Сая шүүхэд дуудахаар нь бас л тийм зүйл болох байх гэж бодсон. Тэр нягтлан нь лангууны чинь барааг хурааж авна, гэр оронг чинь хурааж авна гэж дарамталж байсан. Жаргалсайхан энэ гэрээг байгуул тэгээд бүх зүйл цагаатна гэж хэлсэн. Тохиролцсон гэрээ байгуулбал бүх материал хаагдана. Тэгэхгүй бол энэ асуудал үргэлжлээд яваад байна. Чи 8 жилийн ялтай гэж хэлж байсан. Чи түр хүлээгээд авчих тэгээд О-д өгнө. Чи түр хүлээгээд авчих гэхээр нь би хүлээж авсан. О-д өгье гэхэд Оавахгүй гэж хэлсэн. Тэгэхэд компаниас хүн явуулна гэсэн боловч зарж эхлээч гэж байсан учир зарж эхэлсэн, үнийн дүнг нэгтгэж өгсөн байсан. Хэдэн ширхэг хувцас хүлээж авснаа мэдэхгүй. 130.000.000 төгрөгийг данс руу нь хийсэн гэв.

 

Хариуцагч Ч.М нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т т ХХК нь Ч.М-д холбогдуулан Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт бусдын эд хөрөнгийг завшсан гэсэн агуулга бүхий гомдлыг гаргаж байсан бөгөөд уг гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т т ХХК-д учирсан хохирол болон Ч.М нь ямар хэмжээний мөнгө завшсан нь тогтоогдоогүй бөгөөд уг хэргийг шалгаж байх хугацаанд Ч.М нь 2 өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Гэтэл тус хэргийг шалгаж байсан мөрдөгч М.Жаргалсайхан нь 2019 оны 04 сард чи 2 өмгөөлөгчөөсөө татгалзчих, тэгээд хохирлоо хүлээн зөвшөөрчих тэгвэл би чиний хэргийг хаагаад өгье, хэрвээ энэ хэвээрээ явах юм бол чамайг хорих ялтай хүнд зүйл ангиар зүйлчилж шүүх рүү шилжүүлнэ шүү гээд надаар хэдэн баримт дээр гарын үсэг зуруулсан. Тэрнээс хойш би дахин цагдаа дээр очоогүй. Гэтэл 2020 оны 05 дугаар сард Т т ХХК нь надаас 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-г үндэслэн 42,495,000 төгрөг, алданги 21,247,500 төгрөг, нийт 63,742,500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг гэрээг мөрдөгч М.Ж нь хохирлын хэмжээ нь тогтоогдохгүй, нотлогдохгүй байхад намайг хууран мэхэлж, албан тушаалын байдлаа ашиглан айлган сүрдүүлж, миний сонгон авсан өмгөөлөгч нараас минь татгалзуулан байж, уг гэрээнд гарын үсэг зуруулсан байна. Иймд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т т ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ч.М-д холбогдуулан Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-ний төлбөр 42,495,000 төгрөг, алданги 21,247,500 төгрөг, нийт 63,742,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ч.М нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хэзээ ч юм огноо нь мэдэгдэхгүй нэг өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Ч.М нь манай компаниас сурагчийн дүрэмт хувцсыг олон удаа авсан баримтууд, борлогдохгүй хувцсыг Улаанбаатар хотруу буцааж явуулж байсан баримтууд, дутагдал гаргаж байснаа хүлээн зөвшөөрсөн баримтууд, борлуулалтын үйл ажиллагаатай холбогдох зардлыг санхүүжүүлж байсан баримтууд, манай компанийн тооцоо нийлсэн баримтууд байдаг. Дурдсан баримтуудын хуулбар нь манай компани дээр байгаа бөгөөд эх хувийг нь Говь-Алтай аймгийн Прокурорын газрын архиваас хуулбарлан хүргүүлэх болно. Бодит байдал ийм байхад ...хөрөнгө завшсан нь тогтоогдоогүй, 2 өмгөөлөгч авсан чинь мөрдөгч М.Ж намайг өмгөөлөгчөөс татгалзуулсан, хүнд зүйл ангиар зүйлчилж, шүүх рүү шилжүүлнэ гэх зэргээр дарамталж байгаад хэд хэдэн баримт дээр гарын үсэг зуруулсан гэж сөрөг нэхэмжлэлдээ бичжээ. Хариуцагч Ч.М нь сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлох ёстой, тэрнээс биш албан тушаалтныг баримтгүйгээр эрүүгийн хэрэгт гүтгэж болохгүй. Сөрөг нэхэмжлэл гаргасан огноо нь тодорхойгүйн дээр тодорхой баримтад суурилаагүй, хэн нэгний сэтгэлийн хөөрөл төдий зүйл байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т т ХХК 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Оёдлын салбарын тэргүүлэх зэрэглэлийн үйлдвэр юм. 2014 оноос эхлээд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг оёх төсөл боловсруулаад төрийн эрх бүхий байгууллагад танилцуулсны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоолоор сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих тухай асуудал шийдэгдсэн байдаг. Энэ тогтоолын дагуу оёдлын салбарт томоохон гэж тооцогдож байгаа 6 компанид санхүүгийн дэмжлэг үзүүлж үүний үндсэн дээр энэхүү төслийг улс орон даяар эхлүүлсэн байдаг. Энэ 6 компанид Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг зах зээлийг нь хуваарилж өгсөн. Энэ хуваарилалтын дагуу манай компани нийслэлийн Баянзүрх дүүрэг, хөдөө орон нутгаас Баянхонгор аймаг, Говь-Алтай аймаг, Өвөрхангай аймаг, Төв аймгууд оногдсон байдаг. Энэ Засгийн газрын тогтоолын дагуу Говь-Алтай аймагт сурагчийн дүрэмт хувцас борлуулах ажлаар анх 2014 оны 08 дугаар сард ирсэн. 2014 оны 08 дугаар сард очоод Чибишийн Мандалмаа уулзаад түүнтэй сурагчийн дүрэмт хувцас борлуулах, тодорхой цалин хөлсийг өгөх хөлсөөр ажиллах гэрээг аман хэлбэрээр тохиролцоод түүнд сурагчийн дүрэмт хувцсыг хүлээлгэн өгөөд Гоёо төвийн эрхлэгч Алтантуяатай түрээсийн төлбөрийг тохиролцоод тухайн төлбөрийг Т т ХХК хариуцан төлөхөөр тохиролцсон байдаг. Ч.М нь 229,858,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваад 98,161,000 төгрөгийн барааг борлогдоогүй гэж буцаагаад үлдсэн барааг нь борлуулалт хийсэн байдаг. Тухайн борлуулсан бараа бүтээгдэхүүнээ манай компанийн 5031280053 данс руу тухай бүр шилжүүлж байсан байдаг. Мөн Говь-Алтай аймгийн сумд руу сурагчийн дүрэмт хувцсыг хуваарилан борлуулж, борлогдоогүй үлдсэн бүтээгдэхүүнийг хүлээж аваад манай компани руу дамжуулах ажлыг хийсэн. Сурагчийн дүрэмт хувцас борлуулах хугацаанд 7,517,000 төгрөгийн зарлага гаргасан байдаг. Үүнд: Туслах борлуулагч худалдаж авсан. Хамгаалагч худалдаж авсан. Гоёо төвд өгсөн түрээсийн төлбөр нь нийт 7,5 сая төгрөг болсон. Өөрт нь нийтдээ 5,406,177 төгрөгийг цалин гэж олгосон байдаг. Энэ байдлууд нь Ч.М-г манай компанийн бараа бүтээгдэхүүнийг хөлсөөр ажиллах гэрээний дагуу борлуулж байсан гэдгийг нотолдог. 2015 оноос хойш Ч.М нь манай компани руу мөнгө төгрөг явуулахаа больсон. 2016 онд Говь-Алтай аймаг очиж уулзаад энэ уулзалтын дүнд тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүнийг татаж аваад бараа материалын үлдэгдэл тооцоо хийгээд явсан байдаг. Барагдуул гэсэн төлбөрөө барагдуулахгүй байсан учир Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байдаг. Энэ гомдлын дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хэрэг үүсгэн шалгаад 42,495,193 төгрөгийн барааны дутагдал гаргасан гэж тогтоогоод энэ анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаныг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг өршөөлд хамруулж хэргийг нь хаах тухай прокурорын тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд Т т ХХК иргэний журмаар гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу манай компани 2020 онд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн дагуу 42,495,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Үүний гол үндэслэл нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчтай байгуулсан сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ байгаа. Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдээд шийдвэр гараад давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан байдаг. 2020 онд болсон анхны шүүх хуралдаан дээр Ч.М 495,000 төгрөгийг манай компани руу шилжүүлсэн гэхээр нь бид нар тэр мөнгийг орсон байх гэж бодоод 495,000 төгрөгөөс татгалзсан байсан. Харамсалтай нь тэр мөнгө орсон гэдэг нь санхүүгийн баримтаас харагдахгүй байгаа учир үндсэн нэхэмжлэлийн дүн 42,495,000 төгрөгийг хэвээр нь нэхэмжилж байна. Мөн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээний 2.2-т графикийн дагуу төлбөрийг хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нэмж тооцно гэсний дагуу хуульд нийцүүлээд энэхүү алдангиа нэхэмжилж байна. Энэ алдангийн дүн 21,247,500 төгрөг байгаа юм. Нийт 63,742,500 төгрөгийг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэл нь ямар ч нотолгоон дээр тулгуурлаагүй сэтгэлийн хөөрөл төдий баримт байна. Хэзээ сөрөг нэхэмжлэл гаргасан огноо байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан эсэхийг тодруулах боломж байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн агуулга дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад Т т ХХК-д учирсан хохирол болох Ч.М нь ямар хэмжээний хөрөнгө завшсан нь тогтоогдоогүй гэсэн байна. Тэгэхээр Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг нотлох баримтаар гаргуулсан. Энэ тогтоол дээр хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоод өөрөө энэ төлбөрөө төлөхөө илэрхийлсэн учир өршөөлд хамруулж байна гэж дурдсан байхад тогтоогдоогүй гэж дурдсан байна. Хоёрдугаарт: Нотлогдоогүй, түүнийг хууран мэхэлсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж айлган сүрдүүлж, сонгон авсан өмгөөлөгч нараас нь татгалзуулж байгаад мөрдөн байцаагч Жаргалсайхан гэрээнд гарын үсэг зуруулсан гэж бичсэн байгаа. Хууран мэхэлсэн, айлган сүрдүүлсэн гэдгийг яаж нотлоод байгаа юм гэдэг нь байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө баримтаар нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл энэ нэхэмжлэл дээр ямар нэгэн нотолгоо байхгүй. Манай зүгээс сөрөг нэхэмжлэлийн няцааж байгаа нотолгоо нь 42,495,000 төгрөгийн төлбөр гарсан гэдгийг санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлоод түүнийг нь үндэслээд 2019 оны 05 дугаар сарын 01-нд сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ байгуулсан учир хохирлын хэмжээг нотолсон байна. Өмгөөлөгч өөрийн хүсэлтээр сонгон авсан, түүнээс өөрийн хүсэлтээр татгалзсан гэдэг хүсэлт гаргаж өгөөд мөрдөгч тухай бүр нь нотолж байсан баримт хэрэгт авагдсан. Үүнийг яагаад айлган сүрдүүлсэн гэж үзээд байгаа гэдэг зүйл байдаггүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн нэхэмжлэлийн 63,742,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь анхан шатны шүүх хуралдаанаар нэг удаа хэлэлцэгдсэн. Тухайн шүүх хуралдаанд хариуцагч Ч.М нь өөрийн биеэр оролцож хариу тайлбараа гаргасан байдаг. Ямар үндэслэлээр гаргасан гэхээр нэхэмжлэлийн шаардлага болох 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ байгаа. Хавтаст хэрэгт нотариатын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хувь байгаа. Гэрээний үндсэн дээр шаардлага гаргасан. Гэвч хариуцагч Ч.Мгийн хувьд тухайн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдэн төгрөгийн бараа дутаасныг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Хэд хэдэн баримт дээр гарын үсэг зуруулсан. Яг ямар баримт дээр гарын үсэг зурсан талаар мэдэхгүй байна гэж Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоны улмаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн хэзээ гаргасан нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлаж байна. Хэргийн материалтай танилцахаар сөрөг нэхэмжлэлийг хэзээ гаргасан гэдэг нь тодорхой харагдана. Шүүх хэзээ хүлээж авсан дардас тэмдэг уг нэхэмжлэлийн ард дарагдсан байдаг. Иймээс сөрөг нэхэмжлэлийн хэзээ гаргасан нь мэдэгдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өмнөх шүүх хуралдаан дээр ийм гэрээ байгуулсныг мэдээгүй, мөрдөгч нь оройн цагаар дуудаж мэдүүлэг авдаг байсан гэж тайлбарласан байдаг. Ч.Мгийн яриад байгаа зүйлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Үүн дээр хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байна гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэл дээр тодорхой дурдсан. Агуулга дээр Ч.М миний ямар хэмжээний хөрөнгө завшсан нь тогтоогдоогүй. Уг хэргийг шалгаж байх хугацаанд Ч.М нь 2 өмгөөлөгч авч оролцож байсан. Сөрөг нэхэмжлэлдээ баримтаар гаргаж өгсөн. Тус хэргийг шалгаж байсан мөрдөгч Ж нь 2019 оны 04 дүгээр сард 2 өмгөөлөгчөөсөө татгалзчих, хохирлоо нөхөн төлнө гэвэл чиний хэргийг хаагаад өгье гэдэг байдлаар ярилцсан. Хэрэв энэ байдлаар хүлээн зөвшөөрөхгүй явахын болд чамд хүнд ялтай, хорих ялтай зүйл ангиар шүүх рүү шилжүүлнэ шүү гэдэг байдлаар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж гарын үсэг зуруулсан гэдэг нь Ч.Мгийн өмнө авагдсан тайлбар мэдүүлгээс харагдаж байна. Мөн сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаас харагдаж байна. Тухайн баримтуудыг нотлох баримт шинжлэн судлахдаа судална. Хэд хэдэн зүйл дээр гарын үсэг зуруулснаас хойш огт цагдаа дээр дуудаагүй гэдэг. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээг үндэслэн Т т ХХК нь Ч.Мгаас 42,495,000 төгрөгийг алдангийн хамт нийт 63,742,500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Т т ХХК-аас авсан дүрэмт хувцасны яг хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байхад, ямар нэгэн баримтаа нотлогдохгүй байхад албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж гарын үсэг зуруулсан. Иймээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлага болох 63 сая төгрөгийг хариуцагчийн зүгээс төлөх боломжгүй гэж үзэж байгаа. Иймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т т ХХК нь хариуцагч Ч.М-д холбогдуулан Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-ний төлбөр 42,495,000 төгрөг, алданги 21,247,500 төгрөг, нийт 63,742,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ[1].

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-ний төлбөр гаргуулах шаардлагаа 495,000 төгрөгөөр, алданги гаргуулах шаардлагаа 247,500 төгрөгөөр, нийт 742,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ[2].

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч Т т ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар албан бичгээр Ч.М-д холбогдох иргэний хэрэгт төлөөлүүлэхээр Олхонууд овгийн Н-ийн А-д итгэмжлэл[3] олгосон байх бөгөөд уг итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхтэйг дурджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагч Ч.М-гаас 742,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж дурдсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-ний төлбөр, алданги гаргуулах нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзалгүйгээр зөвхөн нэхэмжлэлийн үнийн дүнг багасгах гэсэн хүсэл зоригтой байжээ.

 

Энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдан хэлбэржсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

 

Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 215/2020МА/00024 дүгээр магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2020/00412 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Т т ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Мд холбогдох иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь нэхэмжлэлийн шаардлага багасгасан нэхэмжлэгч талын хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

Учир нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах нь зөвхөн нэхэмжлэгч /итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд/-ийн эдэлдэг эрх бөгөөд хэзээ, хэнээс, юу шаардахыг нэхэмжлэгч өөрөө шийдвэрлэдэг болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оын нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Т т ХХК-ийн захирал М.Жаргалмаа[4], нягтлан бодогч А.Эрдэнэтуяа[5], Б.Алтантуяа[6] нарын мөрдөн байцаагчид өгсөн гэрчийн мэдүүлэг, хариуцагч Ч.Мгийн мөрдөгчид өгсөн гэрчийн мэдүүлэг[7], Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд байрлах Гоёо төвийн эзэн Б.Алтантуяагийн мөрдөгчид өгсөн гэрчийн мэдүүлэг[8], Т т ХХК болон Ч.М нарын тооцооны үлдэгдлийн баталгаа[9], Говь-Алтайн борлуулалтын цэгийн нэгдсэн тооцоо[10] зэрэг нотлох баримтын агуулгаас үзэхэд хариуцагч Ч.М нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд нэхэмжлэгч Т т ХХК-ийн сурагчийн дүрэмт хувцсыг даалгавар өгөгчөөс тогтоосон үнэ, нөхцөлийн дагуу түүний нэрийн өмнөөс худалдан борлуулсан, борлуулалтын орлогыг нийлүүлэгчид шилжүүлсэн, борлогдоогүй сурагчийн дүрэмт хувцсыг буцаан өгсөн, нэхэмжлэгч Т т ХХК нь сурагчийн дүрэмт хувцас худалдан борлуулсны хариуд нэг сарын 500,000 төгрөгийн хөлсийг хариуцагч Ч.Мд борлуулалтын орлогоос төлөхөөр тохирсон, борлуулалт хийхэд шаардлагатай худалдааны цэгийн түрээсийн төлбөр, туслан гүйцэтгэгчийн хөлс, худалдан авсан индүүний үнэ зэрэг зардлыг нэхэмжлэгч Т т ХХК нь хариуцан төлсөн зэрэг үйл баримт тогтоогдов.

 

Уг үйл баримтын хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Т т ХХК болон хариуцагч Ч.М нарын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ байгуулагдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

Учир нь даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч Ч.М нь сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтыг нэхэмжлэгчийн зааварчилгаагаар бус бие даан гүйцэтгэж, борлуулалт хийхэд шаардлагатай үйлчилгээний цэгийн түрээсийн төлбөр, туслан гүйцэтгэгчийн хөлс, худалдан авсан индүүний үнэ зэрэг зардлыг нэхэмжлэгч Т т ХХК нь хариуцан төлсөн байгаа нь даалгаврын гэрээний шинжийг агуулж байна.

 

Даалгаврын гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хуульд тусгайлан заагаагүй бөгөөд нэхэмжлэгч Т т ХХК болон хариуцагч Ч.М нь даалгаврын гэрээний гол нөхцөлийг амаар харилцан тохирч, 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 143,177,985 төгрөгийн, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 52,055,750 төгрөгийн, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 26,009,270 төгрөгийн 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 8,615,685 төгрөг, нийт 4 удаагийн нийлүүлэлтээр 229,858,690 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг, Говь-Алтай аймгийн сумдаас 120,182,867.6 төгрөгийн үнэ бүхий дүрэмт хувцсыг тус хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлснээр[11] Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээ байгуулагджээ.

 

Иймд нэхэмжлэгч Т т ХХК нь хариуцагч Ч.М-гаас Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1 дэх хэсэгт зааснаар даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгүүлэх, 400.3 дахь хэсэгт зааснаар даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэхийг тус тус шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Ч.М нь сурагчийн дүрэмт хувцас борлуулсны орлого 139,040,000 төгрөгийг нэхэмжлэгч Т т ХХК-д бэлэн бусаар шилжүүлж, борлогдоогүй 98,164,339 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг буцаан шилжүүлж, 56,067,370 төгрөгийн дутагдал гаргаснаас борлуулалт хийхэд гарсан зардал /ажлын хөлс түрээсийн төлбөр, индүүний үнэ/ 13,572,177 төгрөгийг хасч, 42,495,193 төгрөг 54 мөнгөний үлдэгдэлтэйг Т т ХХК-ийн нягтлан бодогч А.Э-тай харилцан тооцоо нийлэн баталгаажуулжээ[12].

 

Дээрх тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн дүнг хариуцагч Ч.М хүлээн зөвшөөрч гарын үсгээр албажуулж, 2019 оны 05 дугаар сарын 01-нд 495,000 төгрөг, мөн өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны хооронд сар бүр 3,500,000 төгрөгөөр учруулсан хохирлоо нөхөн төлөх агуулга бүхий гэрээг[13] нэхэмжлэгч Т т ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулжээ.

 

Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ гэж нэрлэсэн дээрх баримт бичиг нь нэхэмжлэгчээс хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа заасан агуулгатай байна.

 

Гэтэл хариуцагч Ч.М нь заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Т т ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2 дахь хэсэгт тус тус зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Ч.М нь нэхэмжлэгч Т т ХХК-ийн сурагчийн дүрэмт хувцсыг Говь-Алтай аймагт худалдан борлуулах даалгаврыг гүйцэтгэхдээ дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч Би тооцоо, судалгаа муу, хариуцлагагүйн улмаас энэ дутагдлыг гаргасан[14] гэж мөрдөгчид мэдүүлж, улмаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолоор[15] Ч.М-г гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.7 хэсэгт тус тус заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.

 

Өршөөлийн хуульд хамруулсан прокурорын дээрх шийдвэрт Ч.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу дээд шатны прокурорт гомдол гаргаагүйгээс уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Үүнээс үзэхэд хариуцагч Ч.М нь даалгаврын гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй гэм буруутай тул нэхэмжлэгч Т т ХХК-д учирсан хохирлыг хариуцах эрх зүйн үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Б овгийн Ч-ийн М-гаас 42,000,000 /дөчин хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т т хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч Т т ХХК нь хариуцагч Ч.М-тай анх даалгаврын гэрээ байгуулахдаа анз /алданги, торгууль/ төлөх талаар тохиролцоогүй, уг гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги 21,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй.

 

Учир нь анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохын хувьд үүрэг гүйцэтгэгч анх гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлэхэд нөлөөлөх хүчин зүйл байдаг тул үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгчид үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-гээр алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасантай харшилна.

 

Иймд нэхэмжлэгч Т т ХХК-ийн хариуцагч Ч.М-гаас алданги 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна,

 

Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэжээ.

 

Хариуцагч Ч.М нь нэхэмжлэгч Т т ХХК-д холбогдох 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн огноотой Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Мөрдөгч М.Ж нь 2019 оны 04 сард чи 2 өмгөөлөгчөөсөө татгалзчих, тэгээд хохирлоо хүлээн зөвшөөрчих тэгвэл би чиний хэргийг хаагаад өгье, хэрвээ энэ хэвээрээ явах юм бол чамайг хорих ялтай хүнд зүйл ангиар зүйлчилж шүүх рүү шилжүүлнэ шүү гээд надаар хэдэн баримт дээр гарын үсэг зуруулсан...Уг гэрээг мөрдөгч М.Ж нь хохирлын хэмжээ нь тогтоогдохгүй, нотлогдохгүй байхад намайг хууран мэхэлж, албан тушаалын байдлаа ашиглан айлган сүрдүүлж, миний сонгон авсан өмгөөлөгч нараас минь татгалзуулан байж, уг гэрээнд гарын үсэг зуруулсан байна гэж гуравдагч этгээдийн үйл ажиллагаатай холбон тодорхойлжээ.

 

Гэвч хариуцагч Ч.М нь нэхэмжлэгч Т т ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн огноотой Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-нд гарын үсэг зурахад гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлдэг.

 

Хариуцагч талаас иргэний хэрэгт гарган өгсөн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой Ч.М болон өмгөөлөгч Д.А, Ж.М нарын хоорондох өмгөөллийн гэрээ[16], өмгөөлөгч оролцуулах хүсэлт, мэдэгдэл[17], Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга М.Ж-ы 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол[18], өмгөөлөгч Д.А, Ж.Мнараас татгалзаж, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх тухай Ч.М-гийн хүсэлт[19], уг хүсэлтийг хангасан Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга М.Ж-ы 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоол[20] зэрэг нотлох баримтаас үзэхэд мөрдөгч М.Ж нь хариуцагч Ч.М-г хууран мэхэлж, албан тушаалын байдлаа ашиглан айлган сүрдүүлж, миний сонгон авсан өмгөөлөгч нараас минь татгалзуулан байж, уг гэрээнд гарын үсэг зуруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж шүүх хуралдаанд тайлбарлан мэтгэлцэв.

 

Хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй, хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцлийг хууль зөрчсөн хэлцэл гэж үздэг.

 

Гэтэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ нь хуулийн хориглох хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэх эрх зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч тал гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ шүүхэд нотлоогүй болно.

 

Хариуцагчаас 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн огноотой Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-нд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Т т ХХК-д холбогдох 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн огноотой Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Ч.М-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэжээ.

 

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Т т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ийн нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгасан 742,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 22,370 төгрөгийг буцаан олгохгүйгээр улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ,

 

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэжээ.

 

Хуулийн дээрх заалтын дагуу хангагдсан нэхэмжлэлийн шаардлага 42,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 367,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэл гаргахаа илүү төлсөн 2 төгрөг 50 мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно.

 

Хариуцагч Ч.М нь нэхэмжлэгч Т т ХХК-д холбогдуулан Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргахдаа хуулийн дээрх заалтын дагуу уг гэрээний үнийн дүн 42,459,000 төгрөгт ногдох 370,425 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөх байжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох боломжтой байхад эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл гэж улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

 

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зөрүү 300,225 /гурван зуун мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч Ч.Мгаас гаргуулж, улсын орлого болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.1, 400.3, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2, 232 дугаар зүйлийн 232.3, 232.7 дэх заасныг тус тус баримтлан хариуцагч Б овгийн Ч-ийн М-аас 42,000,000 /дөчин хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т т хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэгч Т т ХХК-ийн хариуцагч Ч.Мгаас алданги 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь хариуцагч Ч.М-д холбогдох Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-ний төлбөр гаргуулах шаардлагаа 495,000 /дөрвөн зуун ерөн таван мянга/ төгрөгөөр, алданги гаргуулах шаардлагаа 247,500 /хоёр зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгөөр, нийт 742,500 /долоон зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг дурдсугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т т ХХК-д холбогдох 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн огноотой Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Ч.М-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т т ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн 476,665 /дөрвөн зуун далан зургаан мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Мгаас 367,950 /гурван зуун жаран долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг, улсын орлогоос 2 /хоёр/ төгрөг 50 /тавь/ мөнгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т т ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.М-гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-гаас 300,225 /гурван зуун мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 хэсэгт тус тус зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МӨНХБАТ