Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 215/МА2021/00012

 

Т ХХК-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2021/00187 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 38/ ... тоотод оршин байрлах Т ХХК

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт 7- ... тоотод оршин суух, Б овогт Ч.М

Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-ний төлбөр 42.495.000 төгрөг, алданги 21.247.500 төгрөг, нийт 63.742.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Ч.М-тай Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ байгуулсан болно. Гэрээ ёсоор хариуцагч нь нийтдээ 42.495.000 /дөчин хоёр сая дөрвөн зуун ерөн таван мянга/ төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүр 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр хуваан төлж,төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны дотор бүрэн барагдуулах ёстой байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ямар ч төлбөр хийгээгүй байна. Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээний 2.2-р зүйлд заасны дагуу хариуцагч Ч.М төлбөрийг хугацаанд нь төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үндсэн төлбөр дээр нэмж төлөхөөр тохирсон байна. Алдангийг тооцож үзэхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 32.182.500 /гучин хоёр сая нэг зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг болж байна. Хариуцагч Ч.М нь Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-ний төлбөрөө төлөхгүй байгаа тул үлдэгдэл төлбөрийг алдангийн хамтаар гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Ч.М нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч овогтой М миний бие нь Т ХХК-ийн надаас нэхэмжилж байгаа 63.742.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хүнтэй гэрээ хийсэн, энэ хүний ярьж байгаа үнэн. Цагдаагийн газар байцаалт өгч байхад мэдэхгүй зүйлээ худлаа мэдүүлж, байнгын дарамтад байсан. Хоёр өмгөөлөгч авсан байхад тэрийг болиулаад байнга ажлын бус цагаар дуудаж дарамталсан. Чи ингэсэн байна гэж хэлээд над руу юм шидсэн. Би 2014 оны 08 дугаар сарын 24-нд хүний лангуу түрээсэлдэг байсан. Тэгэхэд эзэн нь орж ирээд би эндээ ийм юм оруулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд боловсролын хүмүүс орж ирнэ барааг хүлээгээд аваадах гэсэн. Тэгээд би барааг хүлээж авсан. Би яаж зарах талаар мэдэхгүй байсан. Маргааш өглөө нь ирж гэрээ хийнэ гэж хэлсэн боловч өглөө ирэхгүй байхаар нь утасдахад гараад явж байна. Хотод очоод хүн явуулна чи зарж бай гэж хэлсэн. Тэгээд манай найз авахаа больсон чи зарчих гэж хэлсэн. Би өөрийн хүслээр барааг аваагүй. Манай найз хажууд байсан. 120 сая төгрөгийн хувцас байсан. 2017 онд үлдэгдэл бүх хувцсаа буцаасан. Өгсөн хувцсан дээр нь сумуудын буцаалт ирсэн. Би хувцас зарж үзээгүй. Би эдний хүн рүү залгаж асуудаг байсан. Сүүлдээ нягтлангийнх нь утас холбогдохоо больсон. Тэгэхэд нэг утас руу залгахад чи ямар төвөгтэй юм бэ? гэж хэлсэн. Тэгээд нягтлан нь над руу залгаад яагаад том захирал руу залгаад байгаа юм бэ? захирал уурлаад байна гэж хэлж байсан. Ийм зүйл болж өнгөрсөн. Ноднин цагдаа дээр мэдүүлэг өгөхөд маш их дарамт шахалтад байнга шөнийн цагаар дуудуулдаг байсан. Би хоол унд иддэггүй, гэргүй хүн шиг байсан. 8 жилийн ялтай гэж хэлээд, юм аваад шиддэг байсан. Хүрч ирээд цохиж авчих гээд байдаг байсан. Сүүлд өрөө рүү нь ороход хүртэл айдастай байсан. Сая шүүхэд дуудахаар нь бас л тийм зүйл болох байх гэж бодсон. Тэр нягтлан нь лангууны чинь барааг хурааж авна, гэр оронг чинь хурааж авна гэж дарамталж байсан. Ж энэ гэрээг байгуул тэгээд бүх зүйл цагаадна гэж хэлсэн. Тохиролцсон гэрээ байгуулбал бүх материал хаагдана. Тэгэхгүй бол энэ асуудал үргэлжлээд яваад байна. Чи 8 жилийн ялтай гэж хэлж байсан. Чи түр хүлээгээд авчих тэгээд О-д өгнө гэхээр нь би хүлээж авсан. О-д өгье гэхэд О авахгүй гэж хэлсэн. Тэгэхэд компаниас хүн явуулна гэсэн боловч зарж эхлээч гэж байсан учир зарж эхэлсэн, үнийн дүнг нэгтгэж өгсөн байсан. Хэдэн ширхэг хувцас хүлээж авснаа мэдэхгүй. 130.000.000 төгрөгийг данс руу нь хийсэн гэжээ.

 

Хариуцагч Ч.М нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т ХХК нь Ч.М-д холбогдуулан Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт бусдын эд хөрөнгийг завшсан гэсэн агуулга бүхий гомдлыг гаргаж байсан бөгөөд уг гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т ХХК-д учирсан хохирол болон Ч.М нь ямар хэмжээний мөнгө завшсан нь тогтоогдоогүй бөгөөд уг хэргийг шалгаж байх хугацаанд Ч.М нь 2 өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Гэтэл тус хэргийг шалгаж байсан мөрдөгч М.Ж нь 2019 оны 04 сард чи 2 өмгөөлөгчөөсөө татгалзчих, тэгээд хохирлоо хүлээн зөвшөөрчих тэгвэл би чиний хэргийг хаагаад өгье. Хэрвээ энэ хэвээрээ явах юм бол чамайг хорих ялтай хүнд зүйл ангиар зүйлчилж шүүх рүү шилжүүлнэ шүү гээд надаар хэдэн баримт дээр гарын үсэг зуруулсан. Тэрнээс хойш би дахин цагдаа дээр очоогүй. Гэтэл 2020 оны 05 дугаар сард Т ХХК нь надаас 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээг үндэслэн 42,495,000 төгрөг, алданги 21,247,500 төгрөг, нийт 63,742,500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг гэрээг мөрдөгч М.Ж нь хохирлын хэмжээ нь тогтоогдохгүй, нотлогдохгүй байхад намайг хууран мэхэлж, албан тушаалын байдлаа ашиглан айлган сүрдүүлж, миний сонгон авсан өмгөөлөгч нараас минь татгалзуулан байж, уг гэрээнд гарын үсэг зуруулсан байна. Иймд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ч.М-д холбогдуулан Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-ний төлбөр 42,495,000 төгрөг, алданги 21,247,500 төгрөг, нийт 63,742,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ч.М нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хэзээ ч юм огноо нь мэдэгдэхгүй нэг өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Ч.М нь манай компаниас сурагчийн дүрэмт хувцсыг олон удаа авсан баримтууд, борлогдохгүй хувцсыг Улаанбаатар хот руу буцааж явуулж байсан баримтууд, дутагдал гаргаж байснаа хүлээн зөвшөөрсөн баримтууд, борлуулалтын үйл ажиллагаатай холбогдох зардлыг санхүүжүүлж байсан баримтууд, манай компанийн тооцоо нийлсэн баримтууд байдаг. Дурдсан баримтуудын хуулбар нь манай компани дээр байгаа бөгөөд эх хувийг нь Говь-Алтай аймгийн Прокурорын газрын архиваас хуулбарлан хүргүүлэх болно. Бодит байдал ийм байхад ...хөрөнгө завшсан нь тогтоогдоогүй, 2 өмгөөлөгч авсан чинь мөрдөгч М.Ж намайг өмгөөлөгчөөс татгалзуулсан, хүнд зүйл ангиар зүйлчилж, шүүх рүү шилжүүлнэ гэх зэргээр дарамталж байгаад хэд хэдэн баримт дээр гарын үсэг зуруулсан гэж сөрөг нэхэмжлэлдээ бичжээ. Хариуцагч Ч.М нь сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлох ёстой, тэрнээс биш албан тушаалтныг баримтгүйгээр эрүүгийн хэрэгт гүтгэж болохгүй. Сөрөг нэхэмжлэл гаргасан огноо нь тодорхойгүйн дээр тодорхой баримтад суурилаагүй, хэн нэгний сэтгэлийн хөөрөл төдий зүйл байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Оёдлын салбарын тэргүүлэх зэрэглэлийн үйлдвэр юм. 2014 оноос эхлээд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг оёх төсөл боловсруулаад төрийн эрх бүхий байгууллагад танилцуулсны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоолоор сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих тухай асуудал шийдэгдсэн байдаг. Энэ тогтоолын дагуу оёдлын салбарт томоохон гэж тооцогдож байгаа 6 компанид санхүүгийн дэмжлэг үзүүлж үүний үндсэн дээр энэхүү төслийг улс орон даяар эхлүүлсэн байдаг. Энэ 6 компанид Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг зах зээлийг нь хуваарилж өгсөн. Энэ хуваарилалтын дагуу манай компани нийслэлийн Баянзүрх дүүрэг, хөдөө орон нутгаас Баянхонгор аймаг, Говь-Алтай аймаг, Өвөрхангай аймаг, Төв аймгууд оногдсон байдаг. Энэ Засгийн газрын тогтоолын дагуу Говь-Алтай аймагт сурагчийн дүрэмт хувцас борлуулах ажлаар анх 2014 оны 08 дугаар сард ирсэн. 2014 оны 08 дугаар сард очоод Ч. М уулзаад түүнтэй сурагчийн дүрэмт хувцас борлуулах, тодорхой цалин хөлсийг өгөх хөлсөөр ажиллах гэрээг аман хэлбэрээр тохиролцоод түүнд сурагчийн дүрэмт хувцсыг хүлээлгэн өгөөд Гоёо төвийн эрхлэгч А-тай түрээсийн төлбөрийг тохиролцоод тухайн төлбөрийг Т ХХК хариуцан төлөхөөр тохиролцсон байдаг. Ч.М нь 229,858,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваад 98,161,000 төгрөгийн барааг борлогдоогүй гэж буцаагаад үлдсэн барааг нь борлуулалт хийсэн байдаг. Тухайн борлуулсан бараа бүтээгдэхүүнээ манай компанийн 5031280053 данс руу тухай бүр шилжүүлж байсан байдаг. Мөн Говь-Алтай аймгийн сумд руу сурагчийн дүрэмт хувцсыг хуваарилан борлуулж, борлогдоогүй үлдсэн бүтээгдэхүүнийг хүлээж аваад манай компани руу дамжуулах ажлыг хийсэн. Сурагчийн дүрэмт хувцас борлуулах хугацаанд 7,517,000 төгрөгийн зарлага гаргасан байдаг. Үүнд: Туслах борлуулагч худалдаж авсан. Хамгаалагч худалдаж авсан. Гоёо төвд өгсөн түрээсийн төлбөр нь нийт 7,5 сая төгрөг болсон. Өөрт нь нийтдээ 5,406,177 төгрөгийг цалин гэж олгосон байдаг. Энэ байдлууд нь Ч.М-г манай компанийн бараа бүтээгдэхүүнийг хөлсөөр ажиллах гэрээний дагуу борлуулж байсан гэдгийг нотолдог. 2015 оноос хойш Ч.М нь манай компани руу мөнгө төгрөг явуулахаа больсон. 2016 онд Говь-Алтай аймаг очиж уулзаад энэ уулзалтын дүнд тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүнийг татаж аваад бараа материалын үлдэгдэл тооцоо хийгээд явсан байдаг. Барагдуул гэсэн төлбөрөө барагдуулахгүй байсан учир Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байдаг. Энэ гомдлын дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хэрэг үүсгэн шалгаад 42,495,193 төгрөгийн барааны дутагдал гаргасан гэж тогтоогоод энэ анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаныг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг өршөөлд хамруулж хэргийг нь хаах тухай прокурорын тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд Т ХХК иргэний журмаар гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу манай компани 2020 онд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн дагуу 42,495,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Үүний гол үндэслэл нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчтай байгуулсан сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ байгаа. Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдээд шийдвэр гараад давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан байдаг. 2020 онд болсон анхны шүүх хуралдаан дээр Ч.М 495,000 төгрөгийг манай компани руу шилжүүлсэн гэхээр нь бид нар тэр мөнгийг орсон байх гэж бодоод 495,000 төгрөгөөс татгалзсан байсан. Харамсалтай нь тэр мөнгө орсон гэдэг нь санхүүгийн баримтаас харагдахгүй байгаа учир үндсэн нэхэмжлэлийн дүн 42,495,000 төгрөгийг хэвээр нь нэхэмжилж байна. Мөн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээний 2.2-т графикийн дагуу төлбөрийг хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нэмж тооцно гэсний дагуу хуульд нийцүүлээд энэхүү алдангиа нэхэмжилж байна. Энэ алдангийн дүн 21,247,500 төгрөг байгаа юм. Нийт 63,742,500 төгрөгийг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэл нь ямар ч нотолгоо нь дээр тулгуурлаагүй сэтгэлийн хөөрөл төдий баримт байна. Хэзээ сөрөг нэхэмжлэл гаргасан огноо байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан эсэхийг тодруулах боломж байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн агуулга дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад Т ХХК-д учирсан хохирол болох Ч.М нь ямар хэмжээний хөрөнгө завшсан нь тогтоогдоогүй гэсэн байна. Тэгэхээр Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг нотлох баримтаар гаргуулсан. Энэ тогтоол дээр хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоод өөрөө энэ төлбөрөө төлөхөө илэрхийлсэн учир өршөөлд хамруулж байна гэж дурдсан байхад тогтоогдоогүй гэж дурдсан байна. Хоёрдугаарт: Нотлогдоогүй, түүнийг хууран мэхэлсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж айлган сүрдүүлж, сонгон авсан өмгөөлөгч нараас нь татгалзуулж байгаад мөрдөн байцаагч Ж гэрээнд гарын үсэг зуруулсан гэж бичсэн байгаа. Хууран мэхэлсэн, айлган сүрдүүлсэн гэдгийг яаж нотлоод байгаа юм гэдэг нь байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө баримтаар нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл энэ нэхэмжлэл дээр ямар нэгэн нотолгоо байхгүй. Манай зүгээс сөрөг нэхэмжлэлийн няцааж байгаа нотолгоо нь 42,495,000 төгрөгийн төлбөр гарсан гэдгийг санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлоод түүнийг нь үндэслээд 2019 оны 05 дугаар сарын 01-нд сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ байгуулсан учир хохирлын хэмжээг нотолсон байна. Өмгөөлөгч өөрийн хүсэлтээр сонгон авсан, түүнээс өөрийн хүсэлтээр татгалзсан гэдэг хүсэлт гаргаж өгөөд мөрдөгч тухай бүр нь нотолж байсан баримт хэрэгт авагдсан. Үүнийг яагаад айлган сүрдүүлсэн гэж үзээд байгаа гэдэг зүйл байдаггүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн нэхэмжлэлийн 63,742,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь анхан шатны шүүх хуралдаанаар нэг удаа хэлэлцэгдсэн. Тухайн шүүх хуралдаанд хариуцагч Ч.М нь өөрийн биеэр оролцож хариу тайлбараа гаргасан байдаг. Ямар үндэслэлээр гаргасан гэхээр нэхэмжлэлийн шаардлага болох 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ байгаа. Хавтаст хэрэгт нотариатын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хувь байгаа. Гэрээний үндсэн дээр шаардлага гаргасан. Гэвч хариуцагч Ч.М-ийн хувьд тухайн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдэн төгрөгийн бараа дутаасныг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Хэд хэдэн баримт дээр гарын үсэг зуруулсан. Яг ямар баримт дээр гарын үсэг зурсан талаар мэдэхгүй байна гэж Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоны улмаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн хэзээ гаргасан нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлаж байна. Хэргийн материалтай танилцахаар сөрөг нэхэмжлэлийг хэзээ гаргасан гэдэг нь тодорхой харагдана. Шүүх хэзээ хүлээж авсан дардас тэмдэг уг нэхэмжлэлийн ард дарагдсан байдаг. Иймээс сөрөг нэхэмжлэлийн хэзээ гаргасан нь мэдэгдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өмнөх шүүх хуралдаан дээр ийм гэрээ байгуулсныг мэдээгүй, мөрдөгч нь оройн цагаар дуудаж мэдүүлэг авдаг байсан гэж тайлбарласан байдаг. Ч.М-ийн яриад байгаа зүйлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Үүн дээр хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байна гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэл дээр тодорхой дурдсан. Агуулга дээр Ч.М миний ямар хэмжээний хөрөнгө завшсан нь тогтоогдоогүй. Уг хэргийг шалгаж байх хугацаанд Ч.М нь 2 өмгөөлөгч авч оролцож байсан. Сөрөг нэхэмжлэлдээ баримтаар гаргаж өгсөн. Тус хэргийг шалгаж байсан мөрдөгч Ж нь 2019 оны 04 дүгээр сард 2 өмгөөлөгчөөсөө татгалзчих, хохирлоо нөхөн төлнө гэвэл чиний хэргийг хаагаад өгье гэдэг байдлаар ярилцсан. Хэрэв энэ байдлаар хүлээн зөвшөөрөхгүй явахын болд чамд хүнд ялтай, хорих ялтай зүйл ангиар шүүх рүү шилжүүлнэ шүү гэдэг байдлаар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж гарын үсэг зуруулсан гэдэг нь Ч.М-ийн өмнө авагдсан тайлбар мэдүүлгээс харагдаж байна. Мөн сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаас харагдаж байна. Тухайн баримтуудыг нотлох баримт шинжлэн судлахдаа судална. Хэд хэдэн зүйл дээр гарын үсэг зуруулснаас хойш огт цагдаа дээр дуудаагүй гэдэг. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээг үндэслэн Т ХХК нь Ч.М-аас 42,495,000 төгрөгийг алдангийн хамт нийт 63,742,500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Т ХХК-аас авсан дүрэмт хувцасны яг хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байхад, ямар нэгэн баримтаа нотлогдохгүй байхад албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж гарын үсэг зуруулсан. Иймээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлага болох 63 сая төгрөгийг хариуцагчийн зүгээс төлөх боломжгүй гэж үзэж байгаа. Иймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.1, 400.3, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2, 232 дугаар зүйлийн 232.3, 232.7 дэх заасныг тус тус баримтлан хариуцагч Б овгийн Ч.М-аас 42,000,000 /дөчин хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Ч.М-аас алданги 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь хариуцагч Ч.М-д холбогдох Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-ний төлбөр гаргуулах шаардлагаа 495,000 /дөрвөн зуун ерөн таван мянга/ төгрөгөөр, алданги гаргуулах шаардлагаа 247,500 /хоёр зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгөөр, нийт 742,500 /долоон зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг дурдаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-д холбогдох 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн огноотой Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Ч.М-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн 476,665 /дөрвөн зуун далан зургаан мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-аас 367,950 /гурван зуун жаран долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг, улсын орлогоос 2 /хоёр/ төгрөг 50 /тавь/ мөнгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.М-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-аас 300,225 /гурван зуун мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Т ХХК нь хариуцагч Ч.М-аас Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-ний төлбөр 42.495.000 төгрөг, алданги 21.247.500 төгрөг, нийт 63.742.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Гэвч анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэн 42.000.000 төгрөгийг Ч.М-аас гаргуулж, 495.000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзсаныг дурдаж, алданги 21.247.500 төгрөг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хуралдаан эхлэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 495.000 төгрөгийг Ч. М-аас гаргуулахыг өмнөх шүүх хуралдаанд татгалзсан учир уг 495.000 төгрөгийг гаргуулахаас татгалзсан татгалзлаасаа татгалзаж, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэмж 495.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсээр байхад үүнийг хүлээн авалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.

Маргаан бүхий Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-г Говь-Алтай аймагт нэг талаас Т ХХК-ий захирал М.Ж гарын үсэг зурж, тамга дарсан бөгөөд нөгөө талаас Ч.М гарын үсэг зурсан байдаг. Гэвч 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А М.Ж захирал нь Говь-Алтай аймагт огт ирж байгаагүй, хэрэгт нэг л удаа гэрчээр Улаанбаатар хотод байцаалт өгсөн. Би болон нягтлан А.Э бид хоёр ганц нэг удаа ирсэн гэж тайлбарласан.

Анхан шатны шүүх Т ХХК-ий захирал М.Ж нь Говь-Алтай аймагт огт ирээгүй гэсээр байхад 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус гэрээг Говь-Алтай аймагт тус гэрээг хэрхэн яаж байгуулсан болохыг нягтлан үзэлгүйгээр хэтэрхий нэг талыг баримтлан даалгаврын гэрээ байгуулагдсан гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэн Ч.М-аас 42.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Т ХХК болон Ч.М нарын хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн атлаа гэрээний нэг тал нь Говь-Алтай аймагт огт ирээгүй байхад буюу тухайн гэрээг анхнаасаа төлөвлөж авчирсан, улмаар мөрдөгчийн тусламжтайгаар Ч.М-г хууран мэхэлж гарын үсэг зуруулсан болох тогтоогдсоор байхад нэг талыг баримтлан тус гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2021/00187 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ч.М-д холбогдуулан Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу төлбөр 42,495,000 төгрөг, алданги 21,247,500 төгрөг, нийт 63,742,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэлэлцээгүй гэх асуудлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралд тайлбарлахдаа сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж тушаагаагүй тул шүүх хүлээн авч шийдвэрлээгүй нь зөв, энэ талаар гомдол, санал байхгүй гэж тайлбарлаж байгаа асуудал нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахад зохих дүн бүхий улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, зохих журмын дагуу нэхэмжлэлээ гаргаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гэж үнэлж шийдвэрлээгүй нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын Т ХХК-ий захирал М.Ж Улаанбаатар хотод байсан бөгөөд Говь-Алтай аймагт ирж гэрээг биечлэн хийгээгүй гэх гомдлын хувьд Иргэний хуульд хэлцлийг заавал биечлэн хийхийг шаардахгүй байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, мөн хуулийн 43.2.1-т Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хэлцлийг хийсэн гэж үзэхээр байна.

 

Мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтан хууль зөрчиж, хүч хэрэглэж, нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч Ч.М нарын хооронд хэлцэл хийхэд нөлөөлсөн гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль бусаар явагдсан эсэхийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоох боломжгүй юм.

Талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж, Т ХХК-ы үйлдвэрлэсэн хүүхдийн дүрэмт хувцсыг Ч.М нь түүний зардлаар Говь-Алтай аймагт худалдан борлуулж, үнийг нийлүүлэгчид шилжүүлж, энэ үйл ажиллагааг явуулсныхаа төлөө нийлүүлэгчээс цалин хөлс авахаар тохиролцож амаар гэрээ байгуулан ажиллаж, гэрээ тодорхой хугацаанд хэрэгжиж байсан байх тул Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Даалгаврын гэрээний зүйл нь туслалцаа үзүүлж байгаа үйлдэл, үйл ажиллагаа байдгаараа бусад ойролцоо төрлийн гэрээнээс ялгагддаг бөгөөд даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Түүнчлэн даалгавар өгөгч даалгавраа цуцалсан, даалгавар гүйцэтгэгч нь даалгавар биелүүлэхээс татгалзсан тохиолдолд даалгаврын гэрээ дуусгавар болох бөгөөд даалгавар өгөгч нь гэрээг цуцалж, даалгаврын гэрээний үүргийн дагуу худалдан борлуулсан сурагчийн дүрэмт хувцасны үнийн үлдэгдлийг даалгавар гүйцэтгэгч Ч.М-аас шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Т ХХК болон Ч.М нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ нь талуудын хооронд урьд нь даалгаврын гэрээ байгуулагдсан бөгөөд талууд гэрээг цуцалж гэрээний биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн талаар тооцоо нийлж, төлбөр барагдуулахаар тохиролцсон болохыг нотолж байгаа бөгөөд хуульд харшлаагүй хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3-д зааснаар даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид шилжүүлэхийг, 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар даалгаврын гэрээний дагуу худалдан борлуулсан дүрэмт хувцасны үнийн үлдэгдлийг шилжүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй гэж заасан бөгөөд анх талуудын хооронд даалгаврын гэрээ байгуулахад анз төлөхөөр тохиролцоогүй гэрээг бичгээр байгуулаагүй тул Ч.М анз төлөх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, холбогдох хуулийг хэрэглэн үндэслэл бүхий хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2021/00187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Ч.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370.425 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.Ж

 

ШҮҮГЧИД                               Ч.Э

 

                                                 Ш.Б