Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/00751

 

 

 

 

 

 

 

 

2021           03          09                                        101/ШШ2021/00751

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа  даргалж,

Нэхэмжлэгч: С дүүргийн 0-р хороо, 0-р гудамжны 0 тоотод оршин суух, РД:, Д.Т,

Нэхэмжлэгч: С дүүргийн 0-р хороо, 0-р гудамжны 0 тоотод оршин суух, РД:, Д.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б дүүрэг, 0-р хороо, 0 гудамжны 0 тоотод оршин суух, РД:, Ц.Э-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 17.700.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгч Д.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ц, хариуцагч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т, Д.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь 2018 оны 6 дугаар сард жижиг бетоны цех байгууллахад хамтран ажиллах, хөрөнгө оруулж, ашгийн 40 хувийг өгөх саналыг Д.Э, П.Т нарт гаргасан. Ингээд бид хоёр түүнтэй амаар харилцан тохиролцсон бөгөөд 2018-06-23-ны өдрөөс эхлэн нийт 36.840.000 төгрөгийг түүний Хаан банкны 0 данс руу шилжүүлж, 2018-07-08-ны өдөр ажилчдын цалин хөлс өгч хүрэхгүй байна гэхэд нь 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Нийт 37.340.000 төгрөгийг өгсөн. Ц.Э-тэй дээрх байдлаар харилцан тохиролцсон нөхцөл байдал нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж заасантай нийцсэн бөгөөд хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй. Бетоны цех нь нилээн ашигтай ажилласан боловч Ц.Э нь компанийн орлого, зарлага, ашгийг надад мэдэгдэхгүй, улмаар харилцан тохирсны дагуу 40 хувийн ашгийг бид нарт өгөөгүй өдийг хүрсэн. Иймд бид хоёр Ц.Э-т шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардсан. 2018-06-25-ны өдрөөс 2018-12-01-ний өдрийг хүртэл Ц.Э нь нийт 19.930.000 төгрөгийг Д.Э-н данс руу буцаан шилжүүлсэн. Гэрээний талууд өмнөх үүргийг солихоор харилцан тохиролцсон бол өмнөх үүрэг дуусгавар болохоор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зохицуулсан. Ц.Э нь харилцан тохирсон хамтран ажиллах тохиролцоондоо хүрч, бетоны цехээс олсон ашгийн 40 хувийг бидэнд өгөөгүй бөгөөд тэрээр Д.Т-тай 2018-11-07-ны өдөр үлдэгдэл төлбөр 17.700.000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 4 хувийн хүүтэй байхаар тохиролцож байгуулсан. Тухайн үед Д.Э нь хөдөө орон нутагт хувийн ажлаар явж байсан тул дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зурж чадаагүй. Гэхдээ Д.Т болон Ц.Э нарын хамтран ажиллах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон асуудлыг Д.Э хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон. Иймд хариуцагч Ц.Э-ээс хамтран ажиллах гэрээний үүрэгт 17.700.000 төгрөгийг гаргуулж Д.Т, Д.Э нарт олгож өгнө үү гэв.

Хариуцагчийн Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Т-с нэг ч төгрөг бэлнээр болон дансаар аваагүй. Түүний нөхөр Д.Э-тэй хамтран ажиллахаар 2018 оны 6-р сард тохиролцож, Д.Э бүтээгдэхүүний чанар хариуцан ажиллахаар тохирч, дулааны шугам сүлжээний тендерт бичиг баримтаа бүрдүүлж оруулсан. И ХХК-ийн захирал Б тендерийн ажлыг авч, манайх бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тохирч ажилласан. Үүнд Д.Э 2018 оны 6-р сараас эхлэн цувуулж санхүүгийн хөрөнгө оруулан, нийт 14.000.000 төгрөгийг оруулсан. “Хоёулаа хамтран ажиллаж байгаа юм чинь мөнгөний баримт хэрэгтэй байна. Манай эхнэр дээр очоод нотариатаар гэрээ хийлгэчих. Би завгүй байна” гэхээр нь итгээд 2018 оны 11-р сарын 07-ны өдөр зээлийн гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан нь үнэн. Нотариатын газарт бид хоёр мөнгө төгрөг өгч, авалцаагүй. Гэрээ баталсан нотариат өөрөө мэдэж байгаа. Д.Э-д 2020 оны 10-р сарын 22-ны байдлаар түүний Хаан банкны 0 тоот дансанд 2018-06-08-ны өдөр 800.000 төгрөг, 2018-06-14-ний өдөр 800.000 төгрөг, 2018-06-25-ны өдөр 830.000 төгрөг, 2018-08-27-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018-10-25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018-10-26-ны өдөр 500.000 төгрөг, 2018-10-10-ны өдөр 100.000 төгрөг, 2018-12-01-ний өдөр 1.200.000 төгрөг, 2019-06-08-ны өдөр 200.000 төгрөг, нийт 6.430.000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 10-р сард цемент авна гээд хүүгийнхээ дансаар 1.000.000 төгрөг авсан. Д.Э манай компаниас 17.856.500 төгрөгний бараа бүтээгдэхүүн аваад нэг ч төгрөгний тооцоо хийгээгүй зэрэг нь зарлагын падаан болон ачаа тээврийн баримтаар нотлогдоно. Энэ асуудал Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээр шалгагдаж, түүнд Д.Э гэрчээр мэдүүлэг өгсөн асуудал байдаг. О болон И гэдэг компанитай хамтран бетонон эдлэл нийлүүлэхээр хамтарч ажиллахаар тохирсон байдаг. Д.Т гэдэг хүнтэй огт гэрээ хийгээгүй. Д.Э-тэй 2018 оны 11 сард тооцоо нийлэхэд 17.700.000 төгрөгийн асуудал байгаагүй эсрэгээрээ авлагатай байдаг. И компанид бетон, кольцо буюу 46.300.000 төгрөгийн бараа нийлүүлээд түүний мөнгө нь ороогүй байдаг. И компанийн дансанд нийт 12.900.000 төгрөг орсон байдаг. Д.Т нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. 17.700.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т, Д.Э нар нь хариуцагч Ц.Эт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 17.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь өдрүүдэд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа доорхи байдлуудаар өөрчлөн тодруулсан байна. Үүнд:

- 2020-09-04-ний өдөр: нэхэмжлэгч Д.Т зээлийн гэрээний үүрэгт 17.700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

- 2020-12-14-ний өдөр: Хамтран ажиллах гэрээ болон зээлийн гэрээний үүрэгт 21.524.000 төгрөг гаргуулахаар,

- 2020-12-18-ны өдөр: нэхэмжлэгч Д.Т, Д.Э нар нь хамтран ажиллах гэрээний үүрэгт 17.700.000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулжээ.  

Хариуцагч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Ц.Э нар нь 2018 оны 6 дугаар сард жижиг бетоны цех байгуулахад хамтран ажиллахаар тохиролцсон дээр маргаагүй.

Хөрөнгө оруулж, ашгийн 40 хувийг өгөх саналыг гаргаж амаар харилцан тохиролцсон бөгөөд 2018-06-23-ны өдрөөс эхлэн нийт 36.840.000 төгрөгийг түүний Хаан банкны 5084195619 дансаар, 500.000 төгрөгийг бэлнээр, нийт 37.340.000 төгрөгийг өгсөн болох нь баримтаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч шаардлагаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тус тус баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал “хамтран ажилласан бетоны цехээс олсон ашгийн 40 хувийг бидэнд өгөөгүй бөгөөд тэрээр Д.Т-тай 2018-11-07-ны өдөр үлдэгдэл төлбөр 17.700.000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 4 хувийн хүүтэй байхаар тохиролцож байгуулсан тул нэхэмжилсэн” гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй.

Харилцан тохирсон хамтран ажиллах тохиролцоондоо хүрч, бетоны цехээс олсон ашгийн 40 хувийг бидэнд өгөөгүй бөгөөд тэрээр Д.Т-тай 2018-11-07-ны өдөр үлдэгдэл төлбөр 17.700.000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 4 хувийн хүүтэй байхаар тохиролцож байгуулсан гэсэн тайлбарыг гаргаж байх боловч өөр бусдаар нотлогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э-ээс 17.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Т, Д.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.450 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э-т холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 17.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Т, Д.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Т, Д.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА