Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00920

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Э, Д.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00751 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э, Д.Т нарын хариуцагч Ц.Эрдэнэчимэгт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 17,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Э-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э-, нэхэмжлэгч Д.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Д.Т- нь Ц.Эрдэнэчимэгтэй 2018 оны 11 сарын 07-ны өдөр 17,700,000 төгрөгийн зээлийн гэрээг 8 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй байхаар тохиролцож байгуулсан. Төлбөр төлөхийг удаа дараа шаардсан. Хамтран нэхэмжлэгчээр Д.Э-ыг оролцуулж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж байна.

Ц.Эрдэнэчимэг нь 2018 оны 06 сард жижиг бетоны цех байгууллахад хамтран ажиллах, хөрөнгө оруулж, ашгийн 40 хувийг өгөх саналыг Д.Э, Д.Т нарт гаргасан. Энэ талаар амаар харилцан тохиролцсон бөгөөд 2018 оны 06 сарын 23-ны өдрөөс эхлэн нийт 36,840,000 төгрөгийг түүний Хаан банк ХХК-ийн 5084195619 тоот данс руу шилжүүлж, 2018 оны 07 сарын 08-ны өдөр ажилчдын цалин хөлс өгч хүрэхгүй байна гэхэд нь 500,000 төгрөг бэлнээр өгсөн. Нийт 37,340,000 төгрөгийг Ц.Эрдэнэчимэгт өгсөн. Энэ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасантай нийцсэн. Бетоны цех ашигтай ажилласан боловч Ц.Эрдэнэчимэг нь компанийн орлого, зарлага, ашгийн талаар нэхэмжлэгч нарт мэдэгдэхгүй, улмаар харилцан тохирсны дагуу 40 хувийн ашгийг өгөөгүй. Иймд Ц.Эрдэнэчимэгт шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардсан.

2018 оны 06 сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл Ц.Эрдэнэчимэг нь нийт 19,930,000 төгрөгийг Д.Э-ын данс руу буцаан шилжүүлсэн. Гэрээний талууд өмнөх үүргийг солихоор харилцан тохиролцсон бол өмнөх үүрэг дуусгавар болохоор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасан. Хариуцагч нь харилцан тохиролцсон ёсоор бетоны цехээс олсон ашгийн 40 хувийг өгөөгүй бөгөөд тэрээр Д.Т-тай 2018 оны 11 сарын 07-ны өдөр үлдэгдэл төлбөр 17,700,000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 4 хувийн хүүтэй байхаар тохиролцож байгуулсан. Тухайн үед Д.Э- нь хөдөө орон нутагт хувийн ажлаар явж байсан тул дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зурж чадаагүй. Гэхдээ Д.Т- болон Ц.Эрдэнэчимэг нарын хамтран ажиллах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон асуудлыг Д.Э- хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон.

Иймд хариуцагч Ц.Эрдэнэчимэгээс хамтран ажиллах гэрээний үүрэгт 17,700,000 төгрөгийг гаргуулж Д.Т-, Д.Э- нарт олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Д.Т-аас бэлнээр болон дансаар мөнгө аваагүй. Түүний нөхөр Д.Э-той хамтран ажиллахаар 2018 оны 06 сард тохиролцож, Д.Э- бүтээгдэхүүний чанар хариуцан ажиллахаар тохирч, дулааны шугам сүлжээний тендерт бичиг баримтаа бүрдүүлж оруулсан. Их дөрвөн хошууч ХХК-ийн захирал н.Баярсайхан тендерийн ажлыг авч, манайх бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тохирсон. Д.Э- 2018 оны 06 сараас эхлэн хэсэгчлэн нийт 14,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө оруулсан. Хамтран ажиллаж байгаа баримт хэрэгтэй, өөрөө завгүй байгаа тул эхнэр Д.Т-тай нь гэрээ байгуулах шаардлагатай гэсэн тул итгэснээр 2018 оны 11 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Нотариатын газарт мөнгө төгрөг өгч, авалцаагүйг нотариатч мэдэж байгаа.

Д.Э-од 2020 оны 10 сарын 22-ны байдлаар түүний Хаан банк ХХК-ийн 5027275640 тоот дансанд 2018 оны 06 сарын 08-ны өдөр 800,000 төгрөг, 2018 оны 06 сарын 14-ний өдөр 800,000 төгрөг, 2018 оны 06 сарын 25-ны өдөр 830,000 төгрөг, 2018 оны 08 сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 10 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 10 сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 10 сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 12 сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг, 2019 оны 06 сарын 08-ны өдөр 200,000 төгрөг, нийт 6,430,000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 10 сард цемент авна гээд хүүгийнхээ дансаар 1,000,000 төгрөг авсан. Д.Э- манай компаниас 17,856,500 төгрөгийн бараа бүтээгдэхүүн аваад нэг ч төгрөгийн тооцоо хийгээгүй зэрэг нь зарлагын падаан болон ачаа тээврийн баримтаар нотлогдоно. Энэ асуудал Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээр шалгагдаж, Д.Э- гэрчээр мэдүүлэг өгсөн. н.Оюунгэрэл болон Их дөрвөн хошууч гэдэг компанитай хамтран бетонон эдлэл нийлүүлэхээр хамтарч ажиллахаар тохирсон байдаг. Д.Т- гэдэг хүнтэй огт гэрээ хийгээгүй. Д.Э-той 2018 оны 11 сард тооцоо нийлэхэд 17,700,000 төгрөгийн асуудал байгаагүй эсрэгээрээ авлагатай байдаг. Их дөрвөн хошууч ХХК-д бетон, кольцо буюу 46,300,000 төгрөгийн бараа нийлүүлээд мөнгө нь ороогүй байдаг. Их дөрвөн хошууч ХХК-ийн дансанд нийт 12,900,000 төгрөг орсон байдаг.

Д.Т- нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. 17,700,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Эрдэнэчимэгт холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 17,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Т-, Д.Э- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Т-, Д.Э- нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Э- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг тэдгээрийн тайлбарт үндэслэн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ гэж дүгнэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч тал хэрэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг нотлох баримтаар хавсаргаж, шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлдсэн мөнгийг буцаан шаардахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх нотлох баримтанд үндэслэхгүй өөрийн санаачлагаар, талуудын тайлбараар, хамтран ажиллах гэрээтэй байсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

Мөн шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3заасны дагуу өмнөх үүргийг өөр үүргээр талууд солихоор тохирсон байна гэж үзсэн нь буруу. Д.Э- нь хариуцагчийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой хугацаанд 37,340,000 төгрөгийг хариуцагчид зээлдсэн. Хариуцагч хэсэгчлэн буцаан төлж байсан ч нийт 17,700,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Уг мөнгийг хариуцагч төлж чадахгүй болохоор нь гэрээг баталгаажуулах зорилгоор зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан ба энэ үед Д.Э- биечлэн байх боломжгүй байсан учраас өөрийн эхнэрийн нэрээр зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээг нотариатаар батлуулсан нь үүргийг өөр үүргээр сольсон бус харин зээлдэгчийн буюу хариуцагчийн төлбөр төлөх үүргийг баталгаажуулсан хэлбэр юм.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг нэхэмжлэгчээс өгсөн дансны хуулгатай харьцуулан бодитоор үнэлж чадаагүй. Харин хэрэгт авагдаагүй талуудын хооронд байгуулагдаагүй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний талаар бичгээр ирсэн баримтыг үнэлэхгүйгээр талуудын тайлбарт байсан баримтыг үндэслэж шийдвэрлэсэн байна. Мөн шүүхэд нэхэмжлэгч өөрөө дансны хуулга нотлох баримтын шаардпага хангуулан өгсөн уг баримтаар хариуцагчийн дансанд зээлийн гэрээ байгуулахаас өмнө мөнгө шилжүүлсэн баримт байсаар байхад уг баримтыг шүүх үнэлээгүй, дүгнэлт хийхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Хариуцагчийн дансаар мөнгө шилжин орсон гэх хангалттай баримт байхад тус баримтанд дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн. Мөн хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр Ч.Ганбат оролцсон, гэтэл хэрэгт мен хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор 2020 оны 09 сарын 29-ны өдрийн итгэмжлэл давхар авагдсан. Хариуцагчийн зүгээс олгосон итгэмжлэлээсээ татгалзахгүйгээр өмгөөлөгч, эсхүл төлөөлөгчөөс алинаар нь оролцож байгаа эрх зүйн байдлыг тодруулаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ц.Эрдэнэчимэгт холбогдуулан анх зээлийн гэрээний үүрэгт 17,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Д.Э-ыг оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хамтран ажиллах гэрээний үүрэг гэж өөрчилсөн. Улмаар нэхэмжлэгч Д.Э- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй, харин шүүхэд анх гаргасан 2018 оны 11 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 17,700,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж буйгаа илэрхийлж, талуудын хооронд хамтын ажиллагаа огт байгаагүй гэж тайлбарласан. /хх1, 85-86, 108-109/

Хариуцагч Ц.Эрдэнэчимэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Д.Т-аас бэлнээр болон дансаар мөнгө зээлж аваагүй, түүний нөхөр Д.Э-той хамтран ажилладаг байсан, тэрээр бусдаас авлагатай гэсэн бичиг шаардлагатай байна гэснээр нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээг эхнэр Д.Т-тай нь байгуулсан гэх үндэслэл заан маргажээ. /хх56-57/

 

Хэргийн 4 дэх талд Д.Т-, Ц.Эрдэнэчимэг нарын хооронд 2018 оны 11 сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан байх ба уг гэрээнд зээлдүүлэгч нь 17,700,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 0.4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй болохыг тусгаж, мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай тэмдэглэжээ.

 

Дээрх зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэгч тал шаардлагаа тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний зохицуулалтыг хэрэглэн маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан бөгөөд уг хуулийн зохицуулалт болон зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч талд мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй болох нь тогтоогдсон тул 2018 оны 11 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Хэргийн 111-129 дэх талд авагдсан дансны хуулгад тусгагдсан Д.Э-оос 2018 оны 07 сарын 10-ны өдөр ЗЭЭЛ" гэх гүйлгээний утгаар Ц.Эрдэнэчимэгт шилжүүлсэн 14,000,000 төгрөгийг 2018 оны 11 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэх боломжгүйгээс гадна 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд талуудын харилцан шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг аль нь зээл, аль нь хамтын ажиллагаатай холбоотой болохыг зохигчдын гаргасан тайлбарын хүрээнд эргэлзээгүй тогтоох боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Ц.Эрдэнэчимэгээс 2020 оны 09 сарын 29-ний өдрийн итгэмжлэлээр Ч.Ганбатад хариуцагчийг төлөөлөх бүрэн эрхийг олгосон боловч хэрэгт мөн өдөр байгуулагдсан өмгөөллийн гэрээ авагдсан байх тул хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд хариуцагч Ц.Эрдэнэчимэг өөрөө биечлэн, харин Ч.Ганбат нь өмгөөлөгчийн хувиар оролцсон гэж үзнэ. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00751 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эрдэнэчимэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Т-, Д.Э- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 246,453 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР