Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2020/00860

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотын 555 хойд Томас гудамж, “Сприйнгс” байрны 0 тоотод оршин суух, Л-ийн А-ийг төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А овогт Б-ний М-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь ШШГГ-т холбогдох,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мшүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.А нь 1997 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрж, аав Р.Л, ээж С.Н, ах Л.Н нарын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р баг, Харзат 22 байрны 10 тоотод амьдарч байгаад одоогоор АНУ-д суралцах зорилгоор амьдарч байгаа билээ. Л.А-ийг 17 нас 7 сарын настай байхад буюу 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр түүний аав Р.Л өөрийн өмчлөлийн “Ус-Харуул Алтай” ХХК-ийн нэр дээр “Голомт банкны Ховд аймаг дахь Баянбүрд тооцооны төвөөс 340 төгрөгийн зээл авсан байдаг бөгөөд уг зээлийг авахдаа гэр бүлийн дундын өмч болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р баг Харзат 22 байрны 10 тоотод оршин 40.86 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, Голомт банктай ЗГ5615100678 дугаартай “Зээлийн гэрээ”, БГ5615100678 дугаартай “Ипотекийн гэрээ”-г тус тус байгуулсан байдаг. Гэрээ байгуулах үед иргэн Л.А насанд хүрээгүй байсан учир түүнийг төлөөлж үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлд ээж С.Н нь гарын үсэг зурсан байна. Зээлийн эргэн төлөлт гэрээнд заасан хуваарийн дагуу төлөгдөөгүй учир зээлдүүлэгч тал болох банкны зүгээс Говь-Алтай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд зээлдэгч тал болох аав Р.Л-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 07 тоот “Эвлэрлийн гэрээ” байгуулж, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 133/ШЗ2018/00118 дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Улмаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 133/ШЗ2018/01953 дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018 оны 12 дугаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаар төлбөрийг албадан төлүүлэх ажиллагаа хийгдэх болсон байна. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас МУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагаануудыг хийх явцдаа 2019 оны 11 дүгээр сарын 11-нд “Үнийн санал ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг аав Р.Лхагвадорж, ээж С.Нямдаваа, ах Л.Намсрай нарт нь хүргүүлж үнийн санал авсан байдаг бөгөөд энэ үед насанд хүрсэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р баг Харзат 22 байрны 10 тоотод орших 40.86 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч Л.Аээс МУ-ын Иргэний хуулинй 177 дугаар зүйлийн 177.1-д заасан “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ...70 хувиар тооцон тогтооно.” гэсэн заалтын дагуу хамтран өмчлөгч болох Л.А-ээс үнийн санал аваагүй нь түүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ, уг үнэлгээг үндэслэн гаргасан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 05/02 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол” болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч нараас нь дуудлага худалдаа явуулах үл хөдлөх хөрөнгийн доод үнийн саналыг авсан байдаг. Ингэхдээ нэхэмжлэлд дурдсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзатын 26 дугаар байрын 10 тоотод орших 3 өрөө орон сууцны хамтын өмчлөгч нар болох Л, Н, Н нараас үнийн санал авсан байдаг. Тэгэхээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу Л-оос авах ёстой. Энэ бол авагдсан. Мөн өмчлөгчөөс авах ёстой. Өмчлөгчөөр хэн хэн байсан гэхээр Н, Н, А гэсэн хүмүүс байсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар өмчлөгч нэг бүрээс доод үнийн саналыг авах байсан. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүй байдаг. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас юу гэж үздэг вэ гэхээр тухайн үед А-ийг төлөөлж аав буюу ээжээс нь үнийн санал өгсөн гэдэг. Тэгэхээр хуулийн шаардлага өөрөөс нь авахыг шаардсан байгаа. Магадгүй Америкийн нэгдсэн улсад зорчсон Монгол Улсад байхгүй байсан гэдэг зүйлийг ярих байх. Энэ бол ямар нэгэн байдлаар өөр улсад байсан ч гэсэн насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай иргэнээс үнийн санал авах ажиллагааг авах ёстой. Мэдэгдэл хүргүүлэх ёстой. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй байна. Хамтран өмчлөгч Л.А-ийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдвал дундын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бий болбол өмчлөгч Л.А-ийн өмчлөх эрх зөрчигдөх гээд байна. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Өөр хэлэх зүйл байхгүй. Л.А өөрөө мэдэгдэл хүлээж аваагүй, үйл ажиллагааг мэдээгүй, хамтран өмчилж байгаа орон сууц дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үүргийн гүйцэтгэл хангуулах талаар мэдээгүй байсан. Анх барьцаанд тавих үед насанд хүрээгүй байсан учир ээж нь төлөөлж барьцаанд тавьсан байдаг. Түүний дараа насанд хүрсэн байсан учир үнийн санал гаргах асуудал дээр санал авах ёстой байсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 118 дугаартай шүүгчийн захирамжаар “Ус-Харуул-Алтай” ХХК /РД:2625008/-аас 359.644.930,13 /гурван зуун тавин есөн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга есен зуун гуч, арван гурван/ төгрөгийг гаргуулж Ховд аймгийн Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг тус газар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн.

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Олон нуурын фермийн хойд талд байрлах Ү-0518001511 улсын буртгэлийн дугаартай 2000 мкв урттай бетон хашаа, худгийн хамт,

Гэвь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Олон нуурын фермийн хойд талд байрлах 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 060701985 дугаар бүхий 2000 мкв /га/ ахуйн зориулалттай газар,

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Олон нуурын фермийн хойд талд байрлах Ү-0518001509 улсын буртгэлийн дугаартай 240 мкв, 1 заал,

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Олон нуурын фермийн хойд талд байрлах Ү-0518001508 улсын бүртгэлийн дугаартай агуулахын зориулалттай 96 мкв 1 өрөө байр,

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Олон нуурын фермийн хойд талд байрлах Ү-0518002189 улсын бүртгэлийн дугаартай 192 мкв ферм,

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Олон нуурын фермийн хойд талд байрлах Ү-0518001510 улсын бүртгэлийн дугаартай 112 мкв 3 өрөө орон сууц, 6 өреө цех,

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Дэрстэд байрлах 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 060712250 дугаар бүхий аж ахуйн зориулалттай 23,1 га газар,

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Алтай хорооны 22-р байр 1-р орц, 4 давхрын 10 тоот Ү-0518000037 дугаартай 40,86 мкв 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжпэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдаа явуулах үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоогоогүй тул 2019 оны 04-р сарын 24-ний едрийн 18050203/33 дугаар “Шинжээч томилох” тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгэзний “Ашид Билгүүн” ХХК-ийг томилж, мэргэжлийн үнэлгээчнээр дээрх барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгож талуудад мэдэгдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа үл хөдлөх херөнгийн өмчлөгч болох Л.Аээс үнийн санал аваагүй, шинжээчээр томилсон “Ашид Битүүн” ХХК-ний үнэлгээ болон 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгох талаар дурьдсан байна, 1. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж төлбөр төлөгч Р.Л болон емчлөгч нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоож хариу ирүүлэх талаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэх хуудсыг гардуулан өгсний дагуу төлбөр төлөгч Р.Л болон хамтран өмчлөгч, С.Н, Л.Н нарын зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгийг 90.000.000 төгрөгөөр үнэлж, санал ирүүлсэн. Тус үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч Л.А-эд үнийн санал ирүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.” заасны дагуу эцэг Р.Л-оор дамжуулан мэдэгдсээр байтал үнийн санал ирүүлээгүй нь эс үйлдэхүйгээр үнийн санал ирүүлэхээс татгалзсан гэж үзэхээр байна. Мөн төлбөр авагч Ховд аймгийн Голомт банкны зүгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч болон хамтран өмчлөгч нартай харилцан тохиролцож үнэлгээг тогтоох боломжгүй шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг тус газарт 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр ирүүлсэн. Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд талуудаас үнийн санал заавал авах талаар зохицуулалт байхгүй бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д /Дуудлага худалдаагаар худалдах үп хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэжээ/ тус хуулийн зохицуулалтад харилцан тохиролцох ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр талуудын хэлэлцэх асуудал болохоос Шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс албадах замаар үнэлгээ тогтоохыг хэлэхгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч төлбөр авагч нарт тус хуульд зааснаар харилцан тохиролцож үнэлгээ тогтоож болохыг мэдэгдсэн боловч төлбөр төлөгчийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн байна. 2. Тус газар нь төлбөр төлөгч “Ус-Харуул-Алтай” ХХК-ны захирал Р.Л-ид дээрх барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Уянгаар үнэлүүлэн хөрөнгийн үнэлгээний тайланг хуулийн хугацаанд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлбөр авагч Говь-Алтай аймгийн “Ус-Харуул-Алтай” ХХК-ны захирал Р.Л-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хзсэгт заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй болохыг танилцуулсан. Нэхэмжлэлийн шаардлагаас үнийн санал авах талаар болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулах талаар гаргасан гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар шийдвэрлэгдэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хөрөнгийн үнэлгээнд гаргасан гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэгэхээр Өмчлөгч гэдэг дээр маргаагүй. Л.А нь өмчлөгч мөн. Тухайн ажиллагааг яаж зохион байгуулсан байдаг гэхээр манайх 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэх хуудсыг өмчлөгч нарт хүргүүлсэн байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Л.А гадаадад гарсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд мөрдөгдөж байгаа. Тэгэхээр ааваас нь хаягийг тодруулахаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай шийдвэр гүйцэтгэгч уулзаж тэмдэглэл хөтөлсөн байдаг. Үүн дээр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг 40 минутад уулзалт эхэлсэн. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Алтай хорооны 22 дугаар байр 2 дугаар орц 4 давхрын 10 тоот хаягт байрлах Ү0518000037 улсын дугаартай 40.80 мкв 3 өрөө орон сууц 4 хүний өмчлөл дээр бүртгэлтэй байгаа тул хуулийн хүрээнд иргэн бүрээс үнийн санал авах шаардлагатай байдаг. Таны хүүхдэд мэдэгдэх хуудсыг танилцуулах тул холбоо барих утас, мэйл хаягийг бидэнд өгнө үү гэж шийдвэр гүйцэтгэгч хандахад танай байгууллагын мэдэгдэх хуудсыг очвол хүүгийн санаа зовно. Тийм учраас үнийн санал авах боломжгүй. Гэхдээ би энэ талаар хүүдээ өөрөө дамжуулан хэлж мэдэгдье гэж тэмдэглэл хөтөлсөн байдаг. Манай байгууллага мэдэгдэх хуудас гардуулан өгөх хүн, оршин суух газар, ажлын байр байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг 18 насанд хүрсэн хүн эсхүл баг хорооны Засаг дарга, түүний ажлын албанд эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасны дагуу бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г баримтлан эцэг болох Лхагвадоржтой уулзаж тэмдэглэл хөтөлснөөр энэ ажиллагааг хийгдсэн гэж үзэж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ ажиллагааг би өөрийн биеэр хариуцаж хийсэн байгаа. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай албаны 3 тоот өрөөнд уулзаж ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хэлснээр ийм тэмдэглэл үйлдэж Л өөрөө гарын үсэг зурсан тэмдэглэлээр бид энэ ажиллагааг баталгаажуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Л.А-ийг төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.А-ийг төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 118 дугаартай шүүгчийн захирамжаар Ус харуул Алтай ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 359.644.930,13 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор тогтоосон байна. Уг шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр 118 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газраас шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж, тус ажиллагааны хүрээнд  “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол” гарч дуудлага худалдаа зохион байгуулагдсан боловч анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгө борлогдоогүй тул 2020 оны 05 дугаар сарын 06-ны 05/02 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гаргасан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь ... Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р баг Харзат 22 байрны 10 тоотод орших 40.86 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч Л.А-ээс МУ-ын Иргэний хуулинй 177 дугаар зүйлийн 177.1-д заасан “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ...70 хувиар тооцон тогтооно.” гэсэн заалтын дагуу үнийн санал аваагүй нь түүний эрхийг ноцтой зөрчсөн гэж тайлбарлажээ.

Хариуцагч тал нь ...Л.А нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Америк улс руу явсан байсан учраас бид хаягийг нь мэдэх боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасны дагуу ажиллагаа хийсэн тул хууль зөрчөөгүй гэж маргажээ.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Үнийн санал ирүүлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч Р.Л-д хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь  шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Л.А гадаадад гарсан байсан. Ааваас нь хаягийг тодруулахаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай шийдвэр гүйцэтгэгч уулзаж тэмдэглэл хөтөлсөн, үүн дээр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг 40 минутад уулзалт эхэлсэн. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Алтай хорооны 22 дугаар байр 2 дугаар орц 4 давхрын 10 тоот хаягт байрлах Ү0518000037 улсын дугаартай 40.80 мкв 3 өрөө орон сууц 4 хүний өмчлөл дээр бүртгэлтэй байгаа тул хуулийн хүрээнд иргэн бүрээс үнийн санал авах шаардлагатай байдаг. Таны хүүхдэд мэдэгдэх х

уудсыг танилцуулах тул холбоо барих утас, мэйл хаягийг бидэнд өгнө үү гэж шийдвэр гүйцэтгэгч хандахад танай байгууллагын мэдэгдэх хуудсыг очвол хүүгийн санаа зовно. Тийм учраас үнийн санал авах боломжгүй. Гэхдээ би энэ талаар хүүдээ өөрөө дамжуулан хэлж мэдэгдье гэж тэмдэглэл хөтөлсөн байдаг. Манай байгууллага мэдэгдэх хуудас гардуулан өгөх хүн, оршин суух газар, ажлын байр байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг 18 насанд хүрсэн хүн эсхүл баг хорооны Засаг дарга, түүний ажлын албанд эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасны дагуу бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г баримтлан эцэг болох Лхагвадоржтой уулзаж тэмдэглэл хөтөлснөөр энэ ажиллагааг хийгдсэн” гэж тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд хамтран өмчлөгч Л.А-ээс үнийн санал аваагүй нь түүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.  

Учир нь Л-ийн А нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад байгаагүй болох нь ...Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна гэх Хил хамгаалахын ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2-5а/9927 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасны дагуу ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан тул зохигчдын тайлбарыг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэдийгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасан байдал нь Л.А-ийн аав Р.Л-тэй уулзаж тэмдэглэл хөтөлсөн байдлаар хэрэгжсэн гэж үзэхээр байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай  Ам овогт Л-ийн А-ийг төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А овогт Л-ийн А-ийг төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 133/ШЗ2020/02186 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц хүчингүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ