Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 215/МА2021/00004

 

Л.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ы

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотын 555 хойд Томас гудамж, Сприйнгс байрны 323 тоотод оршин суух, Л. А-ийг төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А овогт Б. М-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.А нь 1997 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрж, аав Р.Л, ээж С.Н, ах Л.Н нарын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг, Харзат 22 байрны 10 тоотод амьдарч байгаад одоогоор АНУ-д суралцах зорилгоор амьдарч байгаа билээ. Л.А-ийг 17 нас 7 сарын настай байхад буюу 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр түүний аав Р.Л өөрийн өмчлөлийн Ус-Харуул Алтай ХХК-ий нэр дээр Голомт банкны Ховд аймаг дахь Баянбүрд тооцооны төвөөс 340 сая төгрөгийн зээл авсан байдаг бөгөөд уг зээлийг авахдаа гэр бүлийн дундын өмч болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р баг Харзат 22 байрны 10 тоотод оршин 40.86 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, Голомт банктай ЗГ5615100678 дугаартай Зээлийн гэрээ, БГ5615100678 дугаартай Ипотекийн гэрээ-г тус тус байгуулсан байдаг. Гэрээ байгуулах үед иргэн Л.А насанд хүрээгүй байсан учир түүнийг төлөөлж үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлд ээж С.Н нь гарын үсэг зурсан байна. Зээлийн эргэн төлөлт гэрээнд заасан хуваарийн дагуу төлөгдөөгүй учир зээлдүүлэгч тал болох банкны зүгээс Говь-Алтай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд зээлдэгч тал болох аав Р.Л-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр 07 тоот Эвлэрлийн гэрээ байгуулж, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 133/ШЗ2018/00118 дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан.  Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 133/ШЗ2018/01953 дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018 оны 12 дугаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаар төлбөрийг албадан төлүүлэх ажиллагаа хийгдэх болсон байна. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагаануудыг хийх явцдаа 2019 оны 11 дүгээр сарын 11-нд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг аав Р.Л, ээж С.Н, ах Л.Н нарт нь хүргүүлж үнийн санал авсан байдаг бөгөөд энэ үед насанд хүрсэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг Харзат 22 байрны 10 тоотод орших 40.86 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч Л.А-ээс Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ...70 хувиар тооцон тогтооно. гэсэн заалтын дагуу хамтран өмчлөгч болох Л.А-ээс үнийн санал аваагүй нь түүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ, уг үнэлгээг үндэслэн гаргасан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 05/02 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч нараас нь дуудлага худалдаа явуулах үл хөдлөх хөрөнгийн доод үнийн саналыг авсан байдаг. Ингэхдээ нэхэмжлэлд дурдсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзатын 26 дугаар байрын 10 тоотод орших 3 өрөө орон сууцны хамтын өмчлөгч нар болох Л, Н, Н нараас үнийн санал авсан байдаг. Тэгэхээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу Л-оос авах ёстой. Энэ бол авагдсан. Мөн өмчлөгчөөс авах ёстой. Өмчлөгчөөр хэн хэн байсан гэхээр Н, Н, А гэсэн хүмүүс байсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар өмчлөгч нэг бүрээс доод үнийн саналыг авах байсан. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүй байдаг. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас юу гэж үздэг вэ гэхээр тухайн үед А-ийг төлөөлж аав буюу ээжээс нь үнийн санал өгсөн гэдэг. Тэгэхээр хуулийн шаардлага өөрөөс нь авахыг шаардсан байгаа. Магадгүй Америкийн нэгдсэн улсад зорчсон Монгол Улсад байхгүй байсан гэдэг зүйлийг ярих байх. Энэ бол ямар нэгэн байдлаар өөр улсад байсан ч гэсэн насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай иргэнээс үнийн санал авах ажиллагааг авах ёстой. Мэдэгдэл хүргүүлэх ёстой. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй байна. Хамтран өмчлөгч Л.А-ийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдвал дундын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бий болбол өмчлөгч Л.А-ийн өмчлөх эрх зөрчигдөх гээд байна. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Өөр хэлэх зүйл байхгүй. Л.А өөрөө мэдэгдэл хүлээж аваагүй, үйл ажиллагааг мэдээгүй, хамтран өмчилж байгаа орон сууц дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үүргийн гүйцэтгэл хангуулах талаар мэдээгүй байсан. Анх барьцаанд тавих үед насанд хүрээгүй байсан учир ээж нь төлөөлж барьцаанд тавьсан байдаг. Түүний дараа насанд хүрсэн байсан учир үнийн санал гаргах асуудал дээр санал авах ёстой байсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 118 дугаартай шүүгчийн захирамжаар Ус-Харуул-Алтай ХХК /РД:2625008/-аас 359.644.930,13 /гурван зуун тавин есөн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга есөн зуун гуч, арван гурван/ төгрөгийг гаргуулж Ховд аймгийн Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг тус газар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн.

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Олон нуурын фермийн хойд талд байрлах Ү-0518001511 улсын бүртгэлийн дугаартай 2000 мкв урттай бетон хашаа, худгийн хамт,

  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Олон нуурын фермийн хойд талд байрлах 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 060701985 дугаар бүхий 2000 мкв /га/ ахуйн зориулалттай газар,

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Олон нуурын фермийн хойд талд байрлах Ү-0518001509 улсын бүртгэлийн дугаартай 240 мкв, 1 заал,

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Олон нуурын фермийн хойд талд байрлах Ү-0518001508 улсын бүртгэлийн дугаартай агуулахын зориулалттай 96 мкв 1 өрөө байр,

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Олон нуурын фермийн хойд талд байрлах Ү-0518002189 улсын бүртгэлийн дугаартай 192 мкв ферм,

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Олон нуурын фермийн хойд талд байрлах Ү-0518001510 улсын бүртгэлийн дугаартай 112 мкв 3 өрөө орон сууц, 6 өрөө цех,

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Дэрстэд байрлах 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 060712250 дугаар бүхий аж ахуйн зориулалттай 23,1 га газар,

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Алтай хорооны 22 дугаар байр 1 дүгээр орц, 4 давхрын 10 тоот Ү-0518000037 дугаартай 40,86 мкв 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдаа явуулах үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоогоогүй тул 2019 оны 04-р сарын 24-ний өдрийн 18050203/33 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Ашид Билгүүн ХХК-ийг томилж, мэргэжлийн үнэлгээчнээр дээрх барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгож талуудад мэдэгдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох Л.А-ээс үнийн санал аваагүй, шинжээчээр томилсон Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээ болон 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгох талаар дурьдсан байна, 1. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж төлбөр төлөгч Р.Л болон өмчлөгч нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоож хариу ирүүлэх талаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэх хуудсыг гардуулан өгсний дагуу төлбөр төлөгч Р.Л болон хамтран өмчлөгч, С.Н, Л.Н нарын зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгийг 90.000.000 төгрөгөөр үнэлж, санал ирүүлсэн. Тус үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч Л.А-д үнийн санал ирүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. заасны дагуу эцэг Р.Л-р дамжуулан мэдэгдсээр байтал үнийн санал ирүүлээгүй нь эс үйлдэхүйгээр үнийн санал ирүүлэхээс татгалзсан гэж үзэхээр байна. Мөн төлбөр авагч Ховд аймгийн Голомт банкны зүгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч болон хамтран өмчлөгч нартай харилцан тохиролцож үнэлгээг тогтоох боломжгүй шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг тус газарт 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр ирүүлсэн. Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд талуудаас үнийн санал заавал авах талаар зохицуулалт байхгүй бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д /Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэжээ/ тус хуулийн зохицуулалтад харилцан тохиролцох ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр талуудын хэлэлцэх асуудал болохоос Шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс албадах замаар үнэлгээ тогтоохыг хэлэхгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч төлбөр авагч нарт тус хуульд зааснаар харилцан тохиролцож үнэлгээ тогтоож болохыг мэдэгдсэн боловч төлбөр төлөгчийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн байна. 2. Тус газар нь төлбөр төлөгч Ус-Харуул-Алтай ХХК-ны захирал Р.Л-д дээрх барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.У-р үнэлүүлэн хөрөнгийн үнэлгээний тайланг хуулийн хугацаанд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлбөр авагч Говь-Алтай аймгийн Ус-Харуул-Алтай ХХК-ны захирал Р.Л-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй болохыг танилцуулсан. Нэхэмжлэлийн шаардлагаас үнийн санал авах талаар болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулах талаар гаргасан гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар шийдвэрлэгдэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хөрөнгийн үнэлгээнд гаргасан гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Л.А нь өмчлөгч мөн. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэх хуудсыг өмчлөгч нарт хүргүүлсэн байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Л.А гадаадад гарсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд мөрдөгдөж байгаа. Тэгэхээр ааваас нь хаягийг тодруулахаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай шийдвэр гүйцэтгэгч уулзаж тэмдэглэл хөтөлсөн байдаг. Үүн дээр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг 40 минутад уулзалт эхэлсэн. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Алтай хорооны 22 дугаар байр 2 дугаар орц 4 давхрын 10 тоот хаягт байрлах Ү0518000037 улсын дугаартай 40.80 мкв 3 өрөө орон сууц 4 хүний өмчлөл дээр бүртгэлтэй байгаа тул хуулийн хүрээнд иргэн бүрээс үнийн санал авах шаардлагатай байдаг. Таны хүүхдэд мэдэгдэх хуудсыг танилцуулах тул холбоо барих утас, мэйл хаягийг бидэнд өгнө үү гэж шийдвэр гүйцэтгэгч хандахад танай байгууллагын мэдэгдэх хуудсыг очвол хүүгийн санаа зовно. Тийм учраас үнийн санал авах боломжгүй. Гэхдээ би энэ талаар хүүдээ өөрөө дамжуулан хэлж мэдэгдье гэж тэмдэглэл хөтөлсөн байдаг. Манай байгууллага мэдэгдэх хуудас гардуулан өгөх хүн, оршин суух газар, ажлын байр байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг 18 насанд хүрсэн хүн эсхүл баг хорооны Засаг дарга, түүний ажлын албанд эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасны дагуу бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г баримтлан эцэг болох Л-той уулзаж тэмдэглэл хөтөлснөөр энэ ажиллагааг хийгдсэн гэж үзэж байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ ажиллагааг би өөрийн биеэр хариуцаж хийсэн байгаа. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай албаны 3 тоот өрөөнд уулзаж ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хэлснээр ийм тэмдэглэл үйлдэж Л өөрөө гарын үсэг зурсан тэмдэглэлээр бид энэ ажиллагааг баталгаажуулсан гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А овогт Л.А-ийг төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 133/ШЗ2020/02186 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц хүчингүй болохыг дурдаж ..... шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Л.А нь нэхэмжлэлдээ “...Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагаануудыг хийх явцдаа 2019 оны 11 дүгээр сарын 11-нд “Үнийн санал ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг аав Р.Л, ээж С.Н, ах Л.Н нарт нь хүргүүлж үнийн санал авсан байдаг бөгөөд энэ үед насанд хүрсэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг Харзат 22 байрны 10 тоотод орших 40.86 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч Л.А-ээс Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ... 70 хувиар тооцон тогтооно. ” гэсэн заалтын дагуу хамтран өмчлөгч болох Л.А-ээс үнийн санал аваагүй нь түүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ, уг үнэлгээг үндэслэн гаргасан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 05/02 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол” болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэж нэхэмжлэл гаргасан.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Л.А-ийн аав Р.Л-той уулзаж тэмдэглэл хөтөлсөн байдлаар түүний эрх хэрэгжсэн, өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүнд мэдэгдэх байдлаар өмчлөгч Л.А-ийн эрхийг хэрэгжүүлсэн хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үзэж байна.

Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ... 70 хувиар тооцон тогтооно.” гэж заасан нь үүрэг гүйцэтгэгч Р.Л болон өмчлөгч С.Н, Л.Н, Л.А нартай үнийн талаар харилцан тохиролцсон гэсэн ойлголт бөгөөд шийдвэр гүйцэтгэгч өмчлөгч С.Н, Л.Н нартай тохиролцсон атлаа өмчлөгч Л.А-тэй тохиролцох, түүнд мэдэгдэх, үнийн санал авах талаар ямар ч ажиллагаа хийгээгүй нь Иргэний хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Л.А нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай бөгөөд түүний эдлэх эрхийг итгэмжлэлгүйгээр хэн нэгэн /тухайлбал аав Р.Л/ төлөөлж иргэний эрх зүйн харилцаанд болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх эрхгүй бөгөөд түүнд шийдвэр гүйцэтгэгч түр оршин суугаа хаягаар нь мөн цахим шуудангаар мэдэгдэж, хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэх бүрэн боломжтой байсан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2020/00860 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 118 дугаар захирамжаар “Ус харуул Алтай” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 359.664.930,13 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийджээ. Уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол” гарчээ. Дуудлага худалдаанд хөрөнгө борлогдоогүй тул 2020 оны 05 дугаар сарын 06-ны 05/02 дугаартай 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гарсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.  

 

Нэхэмжлэгч Л.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Алтай хорооны 22 дугаар байр 2 дугаар орц 4 давхрын 10 тоот хаягт байрлах Ү0518000037 улсын дугаартай 40.80 мкв 3 өрөө орон сууц  4 хүний өмчлөл дээр бүртгэлтэй байгаа тул хуулийн хүрээнд өмчлөгч Л.А-ээс үнийн санал аваагүй нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.” гэж заасныг зөрчсөн, шийдвэр гүйцэтгэгч өмчлөгч С.Н, Л.Н, Р.Л нартай тохиролцсон атлаа өмчлөгч Л.А-тэй тохиролцох, түүнд мэдэгдэх, үнийн санал авах талаар ямар ч ажиллагаа хийгээгүй нь иргэний өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна гэж маргажээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.” гэсний дагуу эцэг болох Л-ийн хүсэлтийн дагуу түүнд мэдэгдэн уулзаж тэмдэглэл хөтөлснөөр энэ ажиллагааг хийгдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй  байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг төлбөр төлөгч, төлбөр авагч, бусад этгээдэд даалгахдаа шийдвэр гүйцэтгэгч нь мэдэгдэх хуудас өгөхөөр заасан байна. Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн этгээдийг дуудан ирүүлж мэдэгдэх хуудсыг гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлэх шаардлагатай тохиолдолд мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болохоор заажээ.

Нэхэмжлэгч Л.А нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр буюу шийдвэр гүйцэтгэгчээс дуудлага худалдааны үнийн саналаа ирүүлэх мэдэгдэх хуудсыг өмчлөгч хүргүүлэх үед Америкийн нэгдсэн улсад байсан байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр аав Р.Л-оос нь өмчлөгч Л.А-ийн оршин сууж байгаа хаяг, утас, цахим шуудангийн хаяг зэргийг тодруулахад тэр талаарх мэдээллийг өгөхөөс татгалзаж, дуудлага худалдааны үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг Р.Л нь өөрөө Л.А-д мэдэгдэх үүргийг хүлээсэн байна.

Өмчлөгч Л.А нь оршин сууж байсан газартаа байхгүй байсан тул шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдааны үнийн саналаа ирүүлэхийг өмчлөгч Л.А-ийн аав Р.Л-д мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүнд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэсэнтэй нийцэж байна.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан боломжит хэлбэрээр дуудлага худалдааны үнийн саналаа ирүүлэхийг өмчлөгч Л.А-д мэдэгдсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн  талаар  үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар харилцан тохиролцож чадаагүйгээс өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч буюу өмчлөгч нарын санал болгосон доод үнэ өндөр байснаас үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тооцон тогтоосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоох ажиллагаа нь бүхэлдээ өмчлөгч нь Л.А-ийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 860 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар  зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.Ж

 

                               ШҮҮГЧИД                            Ч.Э

 

                                                 Ш.Б