Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 11

 

Ц.Но-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр Шүүгчид: Т.Жаргалсайхан, Ж.Баттогтох Бусад оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Но- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Б.Алтангэрэл Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямын даргалж, шийдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Эн-ын давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Но- нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежид 2014.01.06-нд ерөнхий эрдэм, мэргэжлийн боловсрол хариуцсан сургалтын албаны мэргэжилтнээр ажилд орсон. Ийнхүү ажиллах хугацаандаа ажлаа алдаа дутагдалгүй хийж байсан бөгөөд сахилгын болон бусад төрлийн шийтгэл эдэлж байгаагүй. 2016 оны 11-р сард манай сургуулийн захирал солигдож, Ш.Эн- захирал томилогдсон. Шинэ томилогдсон захирал ажлаа авснаасаа хойш төсвийн хэмнэлт хийнэ, ажлын байр, нэгжүүдийг нэгтгэж, цомхотгоно гэж хурал цуглаан бүр дээр ярих болсон. Ийнхүү ярихдаа яг ямар ажлын байрыг ямартай нь нэгтгэх талаар тодорхой зүйл ярьж байгаагүй. Ингээд захирал Ш.Эн- нь бүтэц, орон тоогоо шинэчлэн боловсруулж, саналаа Соёл урлагийн их сургууль руу явуулснаар СУИС-ийн захирлын 2017.03.02-ны өдрийн А/76 тоот тушаалаар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийг 85 ажилтны орон тоотойгоор батлан ирүүлсэн. Үүнээс өмнө манай сургуулийн бүтэц орон тоог СУИС-ийн захирлын 2014.11.10-ны өдрийн 268 тоот тушаалаар 82 орон тоотойгоор баталсан байх бөгөөд энэ орон тоогоороо ажиллаж байсан. Ийнхүү 2017 оны шинэ бүтцээр манай байгууллагын нийт орон тоо хасагдах биш бүр нэмэгдэж батлагдсан. 2017.03.13-ны өдөр Ш.Эн- захирал надад СУИС-ийн захирлын 2017 оны А/78 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт хийх болсон тул миний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл өгсөн. Үүний дараа 2017.04.13-ны өдөр албан мэдэгдлээ засч, СУИС-ийн захирлын 2017 оны А/76 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт хийх болсон тул миний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл өгсөн. Албан мэдэгдэл авснаас хойш би ажлаа хийж байгаад 2017 оны 05-р сарын 29-ний өдрөөс 06-р сарын 12-ны хооронд эмнэлгийн акт авч, Улаанбаатар хот руу явж биеэ эмчлүүлсэн. Ингээд би хотоос ирээд 2017.06.12-ны өдөр даргатай уулзаж, актаа өгөхөд, актаа нягтланд оруулаад өгчих гэж хэлээд өөр юм хэлээгүй. Харин сургалтын албаны дарга сонгон шалгаруулалт хийсэн талаар сонссон биз дээ гэж асуусан. Намайг өвчтэй, хот явсан хойгуур миний ажлын байр болон өөр нэг орон тоон дээр сонгон шалгаруулалт маягийн юм хийсэн байсан. 2017.06.06-ны өдрөөс эхлэн намайг Улиастай сумын сонгуулийн хороонд ажиллуулах талаар албан бичгийг сургууль руу явуулсан байсан бөгөөд 2017.0.6.12-ны өдрөөс эхлээд би сонгуулийн хороонд ажилласан. Гэтэл сонгуулийн хорооноос надад ...коллежоос таныг 2017.06.08-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн гэсэн албан бичиг ирсэн байна. ...сонгуулийн хороонд төрийн албан хаагч ажиллах ёстой. ...үүнийхээ учрыг ол... гэсэн, ингээд би захирал руу утсаар ярьж юу болоод байгаа талаар асуухад ...сонгуулийн хороон дээрээ ажиллаж бай, ирээд ярилцъяа... гэж хэлсэн. Иймээс Сонгуулийн хорооноос коллеж руу албан бичгээр Сонгуулийн тухай хуулийн 29.2-д зааснаар сонгуулийн хорооны ажилтанг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас чөлөөлөх, огцруулах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байх тул Ц.Но-г санал авах байранд ажиллах бололцоогоор хангахыг даалгасан. Ингээд би 2017.07.07-ныг дуустал тус сонгуулийн хороондоо ажилласан. Сонгуулийн хороонд ажиллаж байх хугацаанд 06-р сарын цалин болон 07-р сарын 5 өдрийн цалин коллежоос надад олгогдсон. Миний ээлжийн амралтыг 2017.05.24-ний өдрөөс А/23 тоот тушаалаар 2017.07.17-ноос эхлэн амрахаар баталсан байх тул би үргэлжлүүлэн ээлжийн амралтаа авсан. Ийнхүү би ээлжийн амралтаа эдэлж байтал, захирлын туслах 2017.08.18-ны өдөр намайг утсаар дуудаж, ирж тушаалаа ав гэж хэлсэн. Ингээд би 2017.08.21-ний өдөр ирж захиралтай уулзахад, коллежийн захирлын 2017.06.08-ны өдрийн А/66 тоот тушаалаар орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулсан. /Жич: тушаалыг 8-р сарын 21-ний өдөр гардуулсан талаар тушаалын ар талд тэмдэглэл хийж, гарын үсэг зуруулсан/ Энэхүү тушаалыг би дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай байгууллагын нийт орон тоо хасагдаагүй бүр нэмж батлагдан ирсэн байгаа юм. Иймээс би сургалтын албаны мэргэжилтэний ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Эн- анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сургуулийн сургалтын албаны мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Но- нь 2017 оны 06-р сарын 08-ны өдөр Б/66 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна. Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж нь СУИС-ийн салбар сургуульд бөгөөд бүрэлдэхүүн сургуулиудын нэгэн адил СУИС-аас баталж өгсөн бүтэц орон тоонд захирагдан ажилладаг билээ. СУИС-ийн захирлын 2017 оны А/76 тоот тушаалаар манай сургуулийн бүтэц орон тоог өөрчилж, зарим ажлын байрыг нэгтгэх, ажилтны тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан байгууллагын дотоодод сэлгэн ажиллуулах, хавсран ажиллуулах, ажлын ачаалал, ажлын цагийг нягтруулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор сургалтын албаны мэргэжилтний ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулсан ба Ц.Но- нь сонгон шалгаруулалтанд орохгүй гэсэн хариуг 2017 оны 05-р сарын 17-ны өдөр өөрөө бичгээр өгч сонгон шалгаруулалтанд ороогүй тул ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Учир нь:

а/ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. 40.1.1.аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн,

б/ Соёл урлагийн их сургуулийн захирлын 2017 оны 03-р сарын 02-ны өдрийн А/76 тоот орон тоог шинэчлэн батлах тухай тушаал дээр шинэчлэн баталсан орон тоог 2017 оны 03-р сарын 02-ны өдрөөс мөрдөж, зохион байгуулалт хийж ажиллах үүрэг өгсний дагуу,

в/ Засгийн газрын 2016 оны 09-р сарын 09-ний 47 дугаар тогтоол чиглэлийн дагуу улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийг хэмнэлтийн зарчмаар удирдах зайлшгүй шаардлагын улмаас бүтэц орон тооноос илүү хүн ажиллуулах боломжгүй байна.

СУИС-ийн захирлын 2014 оны 11-р сарын 10-ны өдрийн 268 тоот тушаалаар 82 орон тоотойгоор ажиллаж байсан ба Соёл урлагийн их сургуулийн захирлын 2017 оны 03-р сарын 02-ны өдрийн А/76 тоот орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар 85 орон тоотойгоор батлаж орон тоо хасагдах биш нэмэгдэн батлагдсан гэдэг нь: Их хуур, Найрал хөгжим удирдах ур зүйн багш, Эвэр бүрээ, баялаг бишгүүр гэх мэт ангиудыг шинээр нээн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа ажилттай явуулж байна. Сургалтын албаны мэргэжилтний ажлын байрыг нэгтгэн талаар бүх багш, ажилчдаас цаасаар санал авч түүнийг нэгтгэхэд тус сургуульд нэг сургалтын албаны мэргэжилтэн байх боломжтой гэсэн санал гарсан. Сонгуулийн тухай хуулийн 29.2, 29.3-т заасны дагуу Ц.Но-д 2017 оны 06-р сарын цалин, 7 дугаар сарын 5 өдрийн цалинг олгосон ба ажлаас халагдсан тушаалыг 2017 оны 08-р сарын 21-ний өдөр гардуулсан болно. Иймд Ц.Норовсрэнг ажлаас чөлөөлсөн нь зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөний дээр, түүний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хөндсөн асуудал биш хэмээн үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Но- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 01 сарын 06-нд Соёл урлагийн их сургуулийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежид сургалтын албаны мэргэжилтнээр ажилд орсон. Би боловсролын байгууллагад 34 жил ажилласан сүүлийн 9 жилд нь сургалтын менежер хийж байна. Би өөрийгөө ажлаа сайн мэддэг гэж бодож байгаа. 2014 оны 01 сард надад Хөгжим бүжгийн коллежийн сургалтын менежерээр ажиллах саналыг тавьсан учраас хүсэлтийн дугаа ирж ажилласан. Сургуульд ажиллаж байхдаа сахилгын болон бусад төрлийн шийтгэл авч байгаагүй. Сургуулийн захирал солигдож сургуулийн орон тооны бүтцийн өөрчлөлтөөр намайг ажлаас халсан. Би сургалтын албаны мэргэжилтний ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл, мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан юм. Захирал Ш.Эн- бүтэц орон тоогоо шинэчлэн боловсруулж саналаа СУИС руу явуулсаны дагуу СУИС-ын захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/76 тоот тушаалаар Хөгжим бүжгийн коллежийн бүтэц орон тоог 85 орон тоотой баталсан. Үүнээс өмнө 2014 онд 82 орон тоо батлагдаж энэ орон тоотойгоор ажиллаж байсан. Харин 2017 онд 85 орон тоо батлагдаж орон тоо хасагдах биш нэмэгдсэн. 2017 оны 03 дугаар сарын 13-нд захирал Ш.Эн- СУИС-ын захирлын А/78 тоот тушаалтын дагуу бүтцийн өөрчлөлт хийх болсон тул миний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл өгсөн. Дараа нь өмнөх албан мэдэгдлээ засч СУИС-ын захиралын А/76 тоот тушаалын дагуу бүтцийн өөрчлөлт хийх болсон тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл 2017 оны 04 дүгээр сарын 13-нд надад өгсөн. Ингээд надад 2 удаа албан мэдэгдэл өгсөн юм. Үүнээс хойш 2017 оны 05 сарын 29-нөөс 06 сарын 12-ны өдөр хүртэл эмнэлэгийн акт авч Улаанбаатар хотод очиж биеэ эмчлүүлсэн. Ирээд захиралтай уулзаад актаа үзүүлэхэд наадхаа нягтлан өгчих гэсэн өөр юм яриагүй. Тэгэхэд 2017 оны 06 сарын 06-ны өдөр сонгуулийн хороонд ажиллах талаар албан бичиг сургуульд ирсэн байсан. Тэгээд би 2017 оны 06 сарын 12-ны өдөр сонгуулийн хороонд ажиллахаар очиход танай байгууллагаас таныг 2017 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн гэсэн мэдэгдэл ирсэн байна үүнийхээ учрыг ол гэж хэлсэн юм. Тэгээд би захирал руу ярихад би Улаанбаатар хот руу явж байна та сонгуулийн хороонд ажиллаж бай. Ирээд энэ талаар ярилцъя гэж хэлсэн. Тэгээд сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг манай байгууллагад хүргүүлж, би 2017 оны 07 дугаар 07-ныг хүртэл сонгуулийн хороонд ажилласан. Энэ хугацаанд миний цалин бүгд олгогдсон. Тэгээд миний ээлжийн амралтыг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн эдлүүлэхээр баталсан байсан учраас би үргэлжлүүлэн ээлжийн амралтаа эдэлсэн. Гэтэл захирлын туслах 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр намайг утсаар дуудаж тушаалаа ав гэж хэлсэн. Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирж захиралтай уулзахад захирал намайг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/66 тоот тушаалаар орон тоо цөөрсөн, бүтцийн өөрчлөлт гэх үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулсан. Манай байгууллагын орон тоо хасагдаагүй нэмэгдсэн учраас ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Актын тухайд өгөхөө мартчихсан байсан тэгээд би ******* рүү цахим шуудангийн хаягаар нь 2017 оны 06 сарын 05 хүртэл актаа явуулсан байж байгаад дараа нь актаа сунгуулаад 06 сарын 12-нд ирэхдээ захиралд үзүүлсэн. Би 2017 оны 06 сарын 06, 07-ны үед захирал руу уйлаад ярьсан. Миний эмчилгээ дуусаагүй байна. Эмчлүүлэх шаардлагатай байна гэхэд захирал та ямар ч байсан биеэ эмчлүүлж бай уг нь Сангийн яамнаас хэдэн төгрөг ороод ирвэл танд хэдэн төгрөгний туслалцаа үзүүлчих юмсан гэж ярьж байснаа захирал санаж байгаа байх гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Эн- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Соёл урлагийн их сургуулиас 2017 оны 03 сарын 02-нд манай сургуулийн бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Энэ бүтэц орон тоогоор ажиллах нь миний үүрэг байсан. Энэ бүтэц орон тоогоор сургалтын албаны менежер 2 байсан орон тоо нь 1 нь болж хасагдаж ирсэн учраас2017 оны 03 сарын 17-нд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Тэгж мэдэгдэл гаргахдаа бичиг хэргийн ажилтан техникийн алдаа гаргаж А/76 гэхийг А/78 гэж буруу бичсэн байсан. Тэгээд энэ талаараа хянаж мэдээд мэдэгдэх хуудсыг сольж өгсөн. Энэ мэдэгдэх хуудсыг зөвхөн Но- багшид өгөөгүй. Бусад орон тооны нэгтгэлээр ажлаас чөлөөлөгдсөн бүх хүмүүст өгсөн. Энэ нь хууль зөрчсөн зүйл байхгүй. Но- багшийн зүгээс энэ орон тоог хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг талаарх тайлбараа бичгээр өгсөн байгаа. Но- багш сонгон шалгаруулалтад орохгүй гэдгээ мэдэгдээд энэ талаар тайлбараа 2017 оны 05 сарын 17-нд өгсөн. Сонгон шалгаруулалт болох тухай тов 2017 оны 05 сарын 30-нд гарчихсан байсан. Манай сургууль 2017 оны 06 сарын 01-нд амрах ёстой байсан. Тиймээс сонгон шалгаруулалтыг 2017 оны 05 сарын 30-ны өдөр явуулахаар болсон. Би тухайн үед Но- багшийг аймагт байгаа гэж ойлгож байсан гэтэл Но- багш надад хэлэлгүйгээр Улаанбаатар хот руу явсан байсан. Сонгон шалгаруулалт явуулах тухай товлож зарласан байгаа учраас комисс байгуулж сонгон шалгаруулалтыг явуулсан. Но- багш сонгон шалгаруулалтад орохгүй гээд явсан учраас тухайн үед ажиллаж байсан хүнийг үргэлжлүүлэн ажиллуулаад явсан. Манай сургуулийн онцлог бол баруун бүсийн 5 аймгийг театр чуулгын боловсон хүчинээр хангах үндсэн үүрэгтэй. Найрал хөгжмийн багш, эвэр бүрээ хөгжмийн багшийн орон тоон нэмж захиргаа аж ахуйгаас орон тоог нь цөөлсөн байгаа. Мөн энэ орон тоог цөөлөх тухай ажилчдаас санал авахад манай сургуулийн ажилчдын 90 хувь нь энэ бүтэц орон тоог хүлээн зөвшөөрч тэр саналаа Соёл урлагийн их сургууль руу явуулсан. Одоо манай сургуульд 200 гаран хүүхэд суралцаж байгаа. 200 гаруй хүүхдэд 1 сургалтын менежер байх нь зөв юм гэсэн саналыг дээр сургууль руугаа явуулсан. Түүний дагуу манай сургуулийн бүтэц орон тоо батлагдаж ирсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь СУИС-ийн салбар Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2017.06.08 өдрийн /А/66 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, УИХ-ын 47 дугаар тогтоолын 2А, СУИС-ийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны А/76 тоот тушаалуудыг тус тус үндэслэж 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс сургалтын албанаас 1 мэргэжилтний орон тоо цөөрсөн учир ажлаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч хууль зүйн үндэслэлгүй буруу халагдсан гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Дараах үндэслэлээр ажлаас халагдсан тушаалыг хууль зүйн үндэслэлгүй тушаал байна гэж үзэж байна. СУИС-ийн захирлын тушаалаар баталсан бүтэц орон тооны дараа халаа сэлгээ хийхдээ алдаа гаргасан гэж үзэж байна. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажил цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд шилжүүлэх үүрэгтэй байхаар хуульчилж өгсөн байна. 2017 оны 06 дугаар сарын 08-нд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх үед нийгмийн ажилтан бас чөлөөлөгдсөн байгаа энэ орон тоон дээр сэлгээд томилох боломжтой байсан. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 тоот тушаалаар нягтлан бодогч Дүгэрмааг хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтанаар томилсон байгаа. Энэ тэс өөр мэргэжлийн хүнийг томилсон байгаа. Гэтэл сургалтны албаны мэргэжилтэн, хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн 2 ойролцоо төрлийн албан тушаал байна. Энэ албан тушаал нь 2017 оны 02 сарын 08-нд сулраад нэхэмжлэгчийг ажлаас халагдах үед сул орон тоо байсан нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр нөхцөл боломжуудаа ашиглаад боловсролын байгууллагад 34 жил ажилласан ажилтнаа яагаад авч үлдэж болоогүй юм бэ? Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажлын байр нь цомхотгогдож байгаа юм бол яагаад өөр ажилд шилжүүлж болоогүй юм бэ? Нийгмийн баталгааг нь яагаад хангаагүй юм. Энэ нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн бүтцийн өөрчлөлт ороод 2 мэргэжилтний орон тоо 1 болж цөөрсөн бол сонгон шалгаруулалт явуулна гээд яриад байх юм. Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулна хуулийн заалт байдаг. Харин Хөдөлмөрийн тухай хуульд сонгон шалгаруулалт явуулна гэсэн нэг ч заалт байхгүй. Хөдөлмөрийн дотоод журам дээр нь ч сонгон шалгаруулалт явуулах заалт байхгүй би бүр СУИС-ийн дүрэм журам гэсэн улаан номыг нь хүртэл харсан тэр номонд ч гэсэн сонгон шалгаруулалт явуулна гэсэн нэ ч заалт байхгүй байсан. Энэ сонгон шалгаруулалт нь хууль бус байсан учраас сонгон шалгаруулалтад оролцохгүй гэсэн нь үндэслэлтэй байна. Тэрийг нь хариуцагч талаас мушгиж бүтэц өөрчлөгдсөн гэдгийг мэдэгдэж мэдэгдэлээр сонгон шалгаруулалт явуулна гэсэн тул нэхэмжлэгч тал мэдэж байсан байна гэж яриад байгаа. Тэгэхдээ сонгон шалгаруулалт хэзээ болохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Гуравдугаарт шүүгчээс сонгуулийн хороонд ажиллаж байсан нь хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Би хувьдаа энд ажилласан хэрэгт хамааралтай гэж үзэж байна. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн заалт байгаа Энэ заалт нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны нийгмийн баталгаа юм. 35.1.1 дэх хэсэгт төрийн байгууллагын сонгуульт ажилд 3 хүртэл сарын хугацаагаар гүйцэтгэж байгаа гэж заасан байгаа. Энэ үндэслэл хамаарч байгаа юм. Мөн 35.1.3 дахь хэсэгт эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа бол гэсэн үндэслэлүүд байна. Энэ 2 үндэслэл нь нэхэмжлэгчийн ажил албан тушаалыг хэвээр үлдээх нийгмийн баталгаа болгоод өгчихсөн байхад нь ажлын байрыг хадгалаагүй халчихсан байна. Энэ асуудлыг ярихаар акт яригдаад байгаа юм. Актын хувьд нэхэмжлэгч 05 сарын 29-ний өдрөөс эхлээд 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл эмнэлэгээр үзлэг шинжилгээ хийлгээд явсан эмнэлэгийн картыг канондоод нотариатаар батлуулаад хэрэгт хавсаргасан байгаа. Хотод эмчилгээ үзлэг хийлгээд дуусахгүй болохоор нь гэмтэл согог судлалын эмнэлэг дээр сунгалт хийлгэсэн байгаа. 05 сарын 29-нөөс үзлэг шинжилгээ багтахгүй учраас сунгуулсан. Эхний 5 сарын 29-ний өдрөөс 6 сарын 05-ны өдөр хүртлэх актаа Сэтэвсүрэн гэдэг хүний цахим шуудангаар өгсөн гэдгийг Сэтэвсүрэн гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Сунгуулахдаа захирал руугаа ярьж хэлсэн боловч захирал Ш.Эн- үүнийг үгүйсгээд байгаа. Гэхдээ үзлэг шинжилгээ өвчтөний акт дээр 06 сарын 05-наас хойш нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн эмнэлэгийн картаар нотлогдож байна. 05 сарын 26-нд сонгуулийн хэсгийн хороод байгуулагдаад нэхэмжлэгч Но-г хэсгийн хорооны ахлах зохион байгуулагчаар томилсон юм байна. Энэ тушаалаа 6 сарын 06-ны өдөр ажилтнуудаараа бичгээр хүргүүлсэн юм байна. Энэ талаар 2 гэрчийн мэдүүлэг байна. Сонгуулийн хороонд томилсон гэсэн бичиг ирээд байхад энэ хүнийг яагаад ажлаас нь халаад байгаа юм бэ, мөн тушаал гардуулахад асуудал байна. 06, 07, 08 сарын цалин олгогдсон нь энэ хүнийг ажил үүргээ гүйцэтгээд яваад байсан гэж ойлгож байна. Гэтэл ажлаас чөлөөлөх тушаалыг 6 сарын 08-нд гаргасан мөртлөө өөрт нь мэдэгдээгүй, сонгуулийн хорооноос Но-д таныг ажлаас чөлөөлсөн юм биш үү энэ асуудлынхаа учрыг ол гэхэд нь Но- гуай дарга руугаа утсаар ярихад сонгуулийн хороондоо ажиллаж бай ирж байгаад наад асуудлыг нь ярилцъя гэж хэлсэн. Үүнийг хариуцагч өөрөө ч хэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт ажлаас чөлөөлсөн бол тушаалыг гарсан өдөрт нь ажилтанд гардуулах үүрэгтэй гэж заасан байгаа. Энэ заалт зөрчигдөж байна. Тийм учраас ажлаас үндэслэлгүй халсан. Ойролцоо төрлийн ажил албан тушаалд шилжүүлэх боломжтой байсан мөн дээрээс нь ажлаас чөлөөлсөн тушаалаа тухайн үед нь гардуулсан бол одоо ийм асуудлууд үүсэхгүй байсан гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлгүй буруу тушаал гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Алтангэрэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тушаал гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн санаачлагаар 40.1.1 дэх хэсэгт зааснаар адил албан тушаалын цөөрсөн асуудал байна. Цөөрсөн нь өмнөх 2014 оны бүтэц нь 2017 оны шинэчилсэн бүтцээр сургалтын мэргэжилтний орон тоо нэг болсон нь харагдаж байна. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэл өгнө. Мэдэгдэл өгөхдөө зөвхөн хөдөлмөрийн гэрээг цуцлах гэдгээс гадна сонгон шалгаруулалтад оролцох боломжтой талаар мэдэгдсэн баримт эх хувиараа ч байгаа. Тийм учраас ажил олгогчийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авагдсан гэж үзэж байгаа. Ажил олгогчийн зүгээс нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж нэхэмжлэгчид боломж олгосон байна. Энэ бололмжоосоо нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зайлсхийсэн байна. Хариуцагч байгууллагын зүгээс багш нарын хувьд магистраас дээш зэрэгтэй байх шаардлага тавигддаг гэсэн тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар сонгон шалгаруулалт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуульд ийм заалт байхгүй гэж ярьж байна. Хэрвээ орон тоо цөөрч байгаа тохиолдолд аль нэгийг авах асуудал зайлшгүй тавигдана. Тиймээс ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангаж байгаа ажилтныг сонгон авах нь ажил олгогчийн бүрэн эрх байна. Тийм учраас ажлын байрны тодорхойлолтод заасан магистраас дээш боловсролын зэрэгтэй хүнийг авсан нь буруудахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас сонгуулийн хороонд ажиллаж байхад нь ажлаас халсан гэсэн асуудал яриад байгаа. Манай талаас энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь акттай байсан эсвэл сонгуулийн хороонд ажиллаж байсан ийм л 2 асуудал байгаа шүү дээ. Та эхэлж актаа авч яваагүй байна. Чөлөө олгож өгнө үү гэсэн хүсэлт өгсөн байна. Цохолт хийгээд зөвшөөрсөний дараа явах ёстой байсан зөвшөөрөөгүй байхад явсан учраас энэ хүнийг буруутгах боломжгүй юм. Нэхэмжлэгч талаас өөр ажилд шилжүүлэх, томилох боломжтой байсан гэж тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн томилох гэсэн шаардлага байгаа шүүх нэхэмжлэлийн шаардлагаас давсан шийдвэрийг гаргах боломжгүй. Хэрвээ ийм шаардлага гаргавал хөөн хэлэлэцэх хугацааны асуудал яригдна. Иймд нэхэмжлэлийн шаардалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хєдєлмєрийн тухай хуулийн 128 дугаар зїйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хиад боржигон овогт Цагааны Но-г СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн сургалтын албаны мэргэжилтэний албан тушаалд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 4,365,077 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Но-д олгож, нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 4,365,077 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежид үүрэг болгож, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчбайгууллагаас 84791 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйболохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Эн- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаартай шийдвэртэй танилцаад дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Соёл урлагийн их сургуулийн захирлын 2017 оны А/76 тоот тушаалаар манай сургуулийн бүтэц орон тоог өөрчилж, зарим ажлын байрыг нэгтгэх, ажилтны тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан байгууллагын дотоодод сэлгэн ажиллуулах, хавсран ажиллуулах, ажлын ачаалал, ажлын цагийг нягтруулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Сургалтын албаны мэргэжилтний ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан ба Ц.Но- нь сонгон шалгаруулалтад орохгүй гэсэн хариуг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрөө бичгээр өгсөн, мөн сонгон шалгаруулалтад ороогүй байсан тул ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм... Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй хийсвэр дүгнэлт өгч хэргийг шийдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... бүтэц орон тоог шинэчлэн батлах болсон талаар үндэслэлээ заагаагүй байна гэж нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт хийсэн байна...

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Сонгон шалгаруулалтад оролцуулалгүй ажлаас чөлөөлсөн нь үндэслэл муутай байна гэсэн нь ямар ч үндэслэлгүй юм...

...Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын хүсэлтээр давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, цуцласан үндэслэлээр маргаж байгаа, Соёл урлагын их сургуулийн салбар Хөгжим бүжгийн коллеж нь Соёл, урлагын их сургуулийн захирлын тушаалаар бүтэц, орон тоо батлагдаж явагддаг байгууллага юм. 2014 онд 2 сургалтын менежертэй байсан. 2017 онд 1 сургалтын менежертэй болсон. 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 76 тоот тушаалаар орон тоог шинэчлэн баталсан. Шинэчлэн батлахдаа 2 сургалтын мэргэжилтэнг 1 сургалтын мэргэжилтэн болгож, сургалтын мэргэжилтний ажлын байрны тоо цөөрсөн байдаг. Ажлын орон тоо цөөрсөнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заалтыг биелүүлсэн гэж үзэж байна. 2 удаа мэдэгдэх хуудас өгсөн 2017 оны 03 сарын 28-нд эхний удаа бичиг хэргийн алдаанаас болж 78 дугаартай гарсан байсныг засч 1 сарын хугацаанд дахин мэдэгдэх хуудас өгсөн мэдэгдэх хуудас дээр юу гэж заасан гэхээр бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байгааг мэдэгдэж байна гээд мөн сонгон шалгаруулалтанд орохыг дурдсан. 2 сургалтын мэргэжилтэн байгаа учраас сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай байна гээд мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Тэгээд сонгон шалгаруулалтыг явуулсан 2017 оны 05 сарын 31-ний өдөр явуулсан сонгон шалгаруулалтыг тухайн захирал ганцаараа хийгээгүй комиссын бүрэлдэхүүнтэйгээр сонгон шалгаруулалтыг хийсэн байдаг. Нэхэмжлэгч өөрөө сонгон шалгаруулалтанд орохгүй гэдгээ 2017 оны 05 сарын 17-ны өдөр бичгээр гаргасан байдаг. Би сонгон шалгаруулалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ бүтэц, зохион байгуулалт чинь болохгүй байна гэдгийг тайлбарласан албан ёсоор сонгон шалгаруулалтанд орохгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн байдаг. Тэгээд ажил олгогчийн зүгээс тушаалаа гаргасан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт тушаал дээр ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа үндэслэл нь тодорхой бус байна гэж дүгнэлт хийсэн байгааг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл сургалтын мэргэжилтэний орон тоо нь цөөрсөн учраас хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа тушаал байна. Уг тушаалын үндэслэл дээр ч Хөдөлмөрийн тухай хуульд заасан 40.1.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг зааж өгсөн байгаа учраас тушаал дээр бүх зүйл тодорхой байгаа гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас давсан дүгнэлт хийсэн. Энэ нь ямар учиртай юм бэ? гэхээр СУИС-ын захирлын 2017 оны 03 сарын 02-ны өдрийн тушаалыг үндэслэлгүй, тодорхойгүй гэсэн байна. Энэ тушаалыг хүчингүй болгоё гэсэн шаардлага нэхэмжлэгч гаргаагүй байхад ийм дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдал тулгуурласан, нотлох баримтын хэмжээнд шийдвэрлээгүй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 2014 оны орон тооны бүтцээр 83 орон тоо байсан 2017 оны орон тооны бүтцээр 85 орон тоо болж өөрчлөгдсөн байгааг орон тоог цөөрүүлсэн тухай харагдахгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл дээд шүүхийн тайлбар дээр тухайн байгууллагын тодорхой албан тушаал цөөрсөн буюу, байхгүй болсныг хэлж байгаа. Гэвч анхан шатны шүүхээс энэ байгууллага 83 орон тоотой байж байгаад 85 орон тоотой болсон юм байна гээд орон тоо хасагдаагүй байна гэж тайлбарлаж байна. Үүнийг манай байгууллага хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад гэвэл тухайн албан тушаал буюу тодорхой албан тушаал сургалтын мэргэжилтэн 2 ажлын байр байж байгаад 1 ажлын байр болон өөрчлөгдсөн. Орон тоо цөөрсөн гэдэг нь ижил төрлийн адил албан тушаалыг 1 орон тоонд хасагдахыг цөөрүүлсэн гэж үзнэ гэсэн дээд шүүхийн тайлбартай 2 сургалтын мэргэжилтэн нь 2-уулаа 1 ажлын байрны тодорхойлолттой явж байгаа 1 ажлын байрны тодорхойлолтоор ажил үүргээ гүйцэтгэж байсан учраас нэг ажлын байр байна гэж үзэх боломжтой. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хуульд үндэслэж гаргасан зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалтыг зөрчсөн гэдэг тодорхой бус Хөдөлмөрийн тухай хуулийн 1 заалт авсан нь 7.2 дахь заалтанд заасан ялгаварлан гадуурахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн нь юугаар ялгаварлан гадуурхсан байгааг манайх ойлгохгүй байна. Тушаал дээр ч ийм зүйл байхгүй байна. Энэ хүний мэдлэг боловсрол, туршлага, шашин шүтлэг зэргээр ч юм уу, ялгаварлан гадуурахсан үйл явдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа ялгаварласан, гадуурахсан байна гэдэг дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ялгаварлан, гадуурхсан гэдгийг анхан шатны шүүхээс юу гэж тайлбарласан гэхээр сонгон шалгаруулалтанд орохгүй гэсэн хүсэлтийг харгалзан үзсэн байна гэсэн зүйлийг тайлбарласан байна. Мэдээж 2 сургалтын мэргэжилтэн 2-лаа хүсэлт гаргаад байхад 2 сургалтын мэргэжилтэнг томилсон асуудал биш учраас үүнийг л ялгаварлан гадуурах гэж танай талаас үзэж байна. Сонгон шалгаруулалтанд орохгүй гэсэн мэдэгдлийг мэдлэг боловсролоор нь буюу ямар байдлаар давуу байдал олгож байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхээс хуулийн заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалтыг яаж зөрчсөн нь харагдахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, орон тоо цөөрсөн, мэдэгдлийг өгсөн байна. Гэвч ялгаварлан, гадуурхасан байна гэдэг үндэслэлийг авч тодорхой бус үлдээсэн байна. Хариуцагч байгууллагын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээг авсан байна. Ямар нэгэн этгээдэд давуу байдал олгоогүй байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч манай байгууллага бакалаврын зэрэг олгодог байгууллага багш нарыг чиглүүлдэг тэдгээрийн сургалтын арга зүйг зааж сургалтын чанарыг сайжруулах үүрэг бүхий ажлын байр учраас магистраас дээш зэрэгтэй гэсэн шалгуурыг тавьж өгсөн. Энэ нь хуучин ажлын байрны тодорхойлолт, шинэчлэгдсэн ажлын байрны тодорхойлолт 2-лаа магистр гэсэн зэрэгтэй байгаа гэдэг утгаараа тэр хүнийг авах боломжтой байсан. Нэхэмжлэгч энэ байгууллагад 2013 онд ажилд орж байсан нөгөө мэргэжилтэн нь 2008 онд ажилд орж байсан. Энэ 2 хүний 1-ийг нь авах гэхээр Ц.Но-д хохиролтой гэдэг утгаараа сонгон шалгаруулалтыг явуулсан гэж байсан. Тэгэхээр хариуцагч байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг хууль тогтоомжийн дагуу авсан, зөрчсөн асуудал байхгүй. Шаардлагын дагуу мэдэгдлээ өгсөн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хальсан дүгнэлт хийж байгаа нь боломжгүй. Мөн бүтэц орон тоо цөөрсөн гэдэг дээр маргаан байхгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч Ц.Но- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би боловсролын байгууллагад 33 дахь жилдээ, Хөгжим бүжгийн коллежид 2014 оноос эхлэн ажиллаж байна. Хөгжим бүжгийн коллежоос 2014 оны 01 сарын 21-нд Ерөнхий эрдэм, мэргэжлийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр ирж ажилаач гэсэн урилга ирж байсан. Тэгээд би түүний дагуу Ерөнхий эрдэм, мэргэжлийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр очиж ажиллаж байсан. Энэ сургууль маань 6-9 дүгээр ангид суурь боловсрол, 9-10 дугаар ангид мэргэжлийн боловсрол, 10-12 дугаар анги буюу 12 дугаар анги төгссөн хүүхдүүдэд баклаврын боловсрол олгодог. Би 6-12 дугаар ангийн хүүхдүүдийг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Отгонтөгс гэдэг мэргэжилтэн нь техник хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Бид 2-ын ажил үүргийн чиг үүрэг өөр байсан. Хариуцагч талаас сонгон шалгаруулалтанд ороогүй талаар ярьж байна. Ш.Эн- дарга ажилд ороод бүтэц орон тооны өөрчлөлт хийнэ гэсэн асуудалтавигдаад багш нарын хувьд санал асуулга явагдаад ямар ажлыг нэгтгэж яах гээд байгаа гэдэг нь тодорхой бус байсан. Тэгэж байгаад багш нараас авсан саналаа СУИС-руу явуулсан гэдэг. СУИС-ын захиргааны бүтэц орон тоог баталж ирүүлэхдээ 1 сургалтын мэргэжилтэн болгож ирүүлсэн байсан. Гэтэл тухай орон тооны бүтцийг эргэж хараач би өөр төрлийн мэргэжилтэн хийдэг учраас сонгон шалгаруулалтанд орох шаардлагагүй юм байна гэдгийг бичгээр өгсөн нь үнэн. Ажил үүргийн хувиар өөр 2 өөр төрлийн мэргэжилтэн дээд сургуулийн статустай учраас сургалтын алба гэсэн том албатай сургалтын албны даргатай 2 мэргэжилтэнтэй, 2 мэргэжилтний 1 нь дээд боловсролоо хариуцдаг, нэг нь мэргэжлийн боловсролоо хариуцдаг байсан. Мэргэжлийн хувьд магистр зэрэгтэй байх шаардлага байсан талаар яриад байна. Гэвч би ерөнхий эрдэм мэргэжлийн боловсролоо хариуцан ажиллаж байсан учраас хамааралгүй. Анх ажилд орж байхад магистр зэрэгтэй байна гэж заагаагүй, сонгон шалгаруулалтын үед магистр зэрэгтэй байна гэж заасан байсан. Учраас миний тухайд ажилдаа эргэж орох хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хэлээгүй орхигдуулсан зүйлийг нэмж тайлбарлая гээд хариуцагч талаас гаргасан гомдлыг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь СУИС-аас бүтэц орон тоо баталсан, манай байгууллагад хамааралгүй гээд яриад байна. Энэ байгууллагын шинэ орон тоо өөрчлөгдөх үндэслэлийг захирал солигдож ажиллаж байгаатай шууд холбоотой Хөгжим бүжгийн сургуулийн захирал байгууллагын ажилтнуудаас санал аваад тэрхүү төслөө явуулахад Соёл урлагын их сургуулиас уг төслийнх дагуу баталж явуулсан байна. Шинэ бүтэц батлах болсон шалтгаан нь Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежоос өөрөөс нь төсөл ирсний дагуу баталсан. Өөр ямар нэгэн цаг үеийн байдлаар тулгамдсан сургууль дотроо байхгүй байгаа, бүтэц зохион байгуулалт болохгүй байгаа үндэслэл шаардлага байхгүй байсан. Хариуцагч талаас 2 мэргэжилтэн ажиллаж байсан ч бүтэц нь өөрчлөгдөн 1 орон тоо нь хасагдсан. Мөн энэ 2 мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт нэг гээд яриад байна. Тийм байх боломжгүй. Нэг мэргэжилтэн нь дээд боловсрол хариуцдаг мэргэжилтэн бол нэг нь суурь боловсрол хариуцаж байна. Энэ 2 хүний хэрэгжүүлж байгаа чиг үүрэг өөр учраас нэг ажлын байрны тодорхойлолтоор ажиллаж байх боломжгүй. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бүтэц орон тоо цөөрсөн гэдгийг тухайн бүтцийнхээ 1 орон тооноос хасагдсан байгааг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Тэгэхээр 1 ижил орон тооноос хасагдаагүй 2 өөр орон тоо 2 өөр албан тушаал учраас цөөрсөн гээд байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Сонгон шалгаруулалтын тухайд анхан шатны шүүхээс сонгон шалгаруулалт хийж болно хийхдээ яг хэдэн сарын тэдний өдөр хэдэн цагт сонгон шалгаруулалт хийгдэнэ гэдгийг нэхэмжлэгч талд мэдэгдээгүй нь буруу байна гэж дүгнэсэн.

Миний зүгээс сонгон шалгаруулалтыг Төрийн үйлчилгээний албан хаагчдын дунд сонгон шалгаруулалтыг явуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл дээр Төрийн захиргааны албан хаагчийн сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны болзол шаардлагыг хангасан ажилтанг сонгон шалгаруулах журмаар сул орон тоог нөхнө гэсэн заалт байдгаас Хөдөлмөрийн тухай хуульд Төрийн үйлчилгээний албан хаагч нарыг сонгон шалгаруулалт явуулж ажилд авна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тийм учраас энэ сонгон шалгаруулалтыг анхнаасаа хууль бус гэж үзэж байна. 05 сарын 17-нд сонгон шалгаруулалтанд орохгүй гэсэн мэдэгдэл өгсөн учраас ажлаас чөлөөлсөн гэсэн зүйл яриад байна. Хөгжим бүжгийн коллеж хэдэн сарын хэдний өдөр хэдэн цагт сонгон шалгаруулалт явуулна гэж бичгээр мэдэгдээгүй байдаг. Хэргийн материалд ч байхгүй талуудын тайлбарт ч байхгүй зөвхөн бүтэц орон тоог зөвшөөрөхгүй, сонгон шалгаруулалт явуулбал оролцохгүй гэсэн талаар ерөнхий хариу өгсөн байдаг. Энэ хариуг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл дээр нэхэмжлэгч тухайн ажлаас чөлөөлөгдөх тушаал гарах үед буюу 5 сарын 29-нөөс 6 сарын 14-ний хооронд Улаанбаатар хотод акттай эмчилгээ хийлгэж байсан 06 сарын 05-нд Багийн сонгуулийн хороонд зохион байгуулагчаар сонгогдон ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуульд 35 дугаар зүйлд заасаны дагуутөрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар гүйцэтгэж байгаа, эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа гэсэн заалтуудыг Хөгжим бүжгийг коллеж зөрчин,эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа хүний ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байдлууд байгаа учраас хариуцагч талын давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Ц.Но- хариуцагч Соёл урлагын харьяа Хөгжим бүжгийн коллежид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ажил олгогч нь Ц.Но-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол улсын Их хурлын 47 дугаар тогтоолын 2 а, Соёл урлагын Их сургуулийн захиралын 2017 оны А/76 тоот тушаал, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгожээ.

Тэрээр тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Манай сургуулийн орон тоо бүтэцийг Соёл урлагын их сургуулийн захирлын тушаалаар баталдаг. Тус сургуулийн захирлын 2017 оны А/76 дугаартай тушаалаар манай коллежийн бүтцийг батлахдаа сургалтын албаны мэргэжилтэн 2 байсныг 1 болгон цөөрүүлсэн байсан. Энэ тухай хоёр сургалтын албаны мэргэжилтэнд мэдэгдэж, сонгон шалгаруулалт зарласан боловч Ц.Но- нь сонгон шалгаруулалтад орохгүй гэж мэдэгдсэн байсан учраас ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Соёл урлагын Их сургуулийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/76 дугаартай тушаалаар батлагдсан байгууллагын бүтэц орон тоонд сургалтын албаны мэргэжилтэн 2 байсныг тус сургуулийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрйин А/76 дугаартай тушаалаар тус сургуулийн орон тоог сургалтын албаны мэргэжилтэн 1 байхаар тогтоожээ.

Дээрх сургуулийн захирлын тушаал нь харьяа Хөгжим бүжгийн коллежийн ирүүлсэн орон тооны саналд үндэслэгдсэн болох нь хэрэгт авагдсан тушаал, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Ажил олгогч нь тус сургуулийн сургалтын албаны мэргэжилтэний орон тоог цөөрүүлэх саналыг дээд шатны байгууллагад хүргүүлэх нь түүний эрх хэмжээ хэдий ч тус орон тоог цөөрүүлэх ямар шаардлага, хэрэгцээ байсныг тодорхойлоогүй, энэ орон тоог цөөрүүлснээр өөр ямар орон тоог нэмэгдүүлсэн, тэр нь тус сургуулийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөтөй эсэх, эсхүл төсвийг хэрхэн хэмнэсэн эсэх нь тодорхойгүй, тооцоо судалгаанд үндэслэлгүй санал хүргүүлжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх саналд үндэслэж, сургалтын албаны мэргэжилтэний орон тоог цөөрүүлсэн нь үндэслэл муутай байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн Ц.Но- нь 2017 оны 05 дугаар сарын 29-нөөс 2017 оны 06 дугаар сарын 12-ны хооронд эмнэлэгийн магадлагаагаар захиргааны чөлөөтөй байсан, мөн сонгуулийн хороонд ахлах зохион байгуулагчаар ажиллаж байсан байх бөгөөд энэ хугацаанд ажил үүрэгээ гүйцтэгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Ажилтан төрийн байгууллагын сонгуульт үүрэг гүйцэтгэж байгаа, эмнэлэгийн шинжилгээ хийлгэх, эмчийн магадлагаагаар захиргааны чөлөөтөй байгаа хугацаанд ажил үүрэгээ гүйцэтгээгүй тохиолдолд ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.3 дахь хэсэгт зохицуулсан байх бөгөөд хуулийн энэ зохицуулалтыг дээрх тохиолдолд ажил тасалсан ажилтанг ажлаас чөлөөлөхийг хориглосон заалт гэж тайлбарлахаар байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 29 дүгэээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар сонгуулийн хорооны ажилтанг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас чөлөөлөх, огцруулах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчин Ц.Но-г 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль бус байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Эн-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Ж.БАТТОГТОХ