Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 137

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.*******, нэхэмжлэгч Ц.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.*******, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ц.Н-гийн нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь ******* *******ид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан, *******, ******* баг, ******* хэсгийн тоотод оршин суух овогт Ц-ы Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Завхан аймаг дахь ******* *******ид 2014.01.06-нд ерөнхий эрдэм, мэргэжлийн боловсрол хариуцсан сургалтын албаны мэргэжилтнээр ажилд орсон.

Ийнхүү ажиллах хугацаандаа ажлаа алдаа дутагдалгүй хийж байсан бөгөөд сахилгын болон бусад төрлийн шийтгэл эдэлж байгаагүй.

2016 оны 11-р сард манай сургуулийн захирал солигдож, Ш.******* захирал томилогдсон. Шинэ томилогдсон захирал ажлаа авснаасаа хойш төсвийн хэмнэлт хийнэ, ажлын байр, нэгжүүдийг нэгтгэж, цомхотгоно гэж хурал цуглаан бүр дээр ярих болсон. Ийнхүү ярихдаа яг ямар ажлын байрыг ямартай нь нэгтгэх талаар тодорхой зүйл ярьж байгаагүй.

Ингээд захирал Ш.******* нь бүтэц, орон тоогоо шинэчлэн боловсруулж, саналаа Соёл урлагийн их сургууль руу явуулснаар СУИС-ийн захирлын 2017.03.02-ны өдрийн А/76 тоот тушаалаар Завхан аймаг дахь ******* *******ийг 85 ажилтны орон тоотойгоор батлан ирүүлсэн. Үүнээс өмнө манай сургуулийн бүтэц орон тоог СУИС-ийн захирлын 2014.11.10-ны өдрийн 268 тоот тушаалаар 82 орон тоотойгоор баталсан байх бөгөөд энэ орон тоогоороо ажиллаж байсан. Ийнхүү 2017 оны шинэ бүтцээр манай байгууллагын нийт орон тоо хасагдах биш бүр нэмэгдэж батлагдсан.

2017.03.13-ны өдөр Ш.******* захирал надад СУИС-ийн захирлын 2017 оны А/78 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт хийх болсон тул миний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл өгсөн. Үүний дараа 2017.04.13-ны өдөр албан мэдэгдлээ засч, СУИС-ийн захирлын 2017 оны А/76 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт хийх болсон тул миний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл өгсөн.

Албан мэдэгдэл авснаас хойш би ажлаа хийж байгаад 2017 оны 05-р сарын 29-ний өдрөөс 06-р сарын 12-ны хооронд эмнэлгийн акт авч, Улаанбаатар хот руу явж биеэ эмчлүүлсэн.

Ингээд би хотоос ирээд 2017.06.12-ны өдөр даргатай уулзаж, актаа өгөхөд, актаа нягтланд оруулаад өгчих гэж хэлээд өөр юм хэлээгүй.

Харин сургалтын албаны дарга сонгон шалгаруулалт хийсэн талаар сонссон биз дээ гэж асуусан. Намайг өвчтэй, хот явсан хойгуур миний ажлын байр болон өөр нэг орон тоон дээр сонгон шалгаруулалт маягийн юм хийсэн байсан.

2017.06.06-ны өдрөөс эхлэн намайг ******* сумын сонгуулийн хороонд ажиллуулах талаар албан бичгийг сургууль руу явуулсан байсан бөгөөд 2017.0.6.12-ны өдрөөс эхлээд би сонгуулийн хороонд ажилласан.

Гэтэл сонгуулийн хорооноос надад ...*******оос таныг 2017.06.08-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн гэсэн албан бичиг ирсэн байна. ...сонгуулийн хороонд төрийн албан хаагч ажиллах ёстой. ...үүнийхээ учрыг ол... гэсэн, ингээд би захирал руу утсаар ярьж юу болоод байгаа талаар асуухад ...сонгуулийн хороон дээрээ ажиллаж бай, ирээд ярилцъяа... гэж хэлсэн.

Иймээс Сонгуулийн хорооноос ******* руу албан бичгээр Сонгуулийн тухай хуулийн 29.2-д зааснаар сонгуулийн хорооны ажилтанг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас чөлөөлөх, огцруулах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байх тул Ц.Н-г санал авах байранд ажиллах бололцоогоор хангахыг даалгасан. Ингээд би 2017.07.07-ныг дуустал тус сонгуулийн хороондоо ажилласан.

Сонгуулийн хороонд ажиллаж байх хугацаанд 06-р сарын цалин болон 07-р сарын 5 өдрийн цалин *******оос надад олгогдсон.

Миний ээлжийн амралтыг 2017.05.24-ний өдрөөс А/23 тоот тушаалаар 2017.07.17-ноос эхлэн амрахаар баталсан байх тул би үргэлжлүүлэн ээлжийн амралтаа авсан.

Ийнхүү би ээлжийн амралтаа эдэлж байтал, захирлын туслах 2017.08.18-ны өдөр намайг утсаар дуудаж, ирж тушаалаа ав гэж хэлсэн. Ингээд би 2017.08.21-ний өдөр ирж захиралтай уулзахад, *******ийн захирлын 2017.06.08-ны өдрийн А/66 тоот тушаалаар орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулсан. /Жич: тушаалыг 8-р сарын 21-ний өдөр гардуулсан талаар тушаалын ар талд тэмдэглэл хийж, гарын үсэг зуруулсан/

Энэхүү тушаалыг би дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай байгууллагын нийт орон тоо хасагдаагүй бүр нэмж батлагдан ирсэн байгаа юм.

Иймээс би сургалтын албаны мэргэжилтэний ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 01 сарын 06-нд Соёл урлагийн их сургуулийн салбар Завхан аймаг дахь ******* *******ид сургалтын албаны мэргэжилтнээр ажилд орсон. Би боловсролын байгууллагад 34 жил ажилласан сүүлийн 9 жилд нь сургалтын менежер хийж байна. Би өөрийгөө ажлаа сайн мэддэг гэж бодож байгаа. 2014 оны 01 сард надад ******* *******ийн сургалтын менежерээр ажиллах саналыг тавьсан учраас хүсэлтийн дугаа ирж ажилласан. Сургуульд ажиллаж байхдаа сахилгын болон бусад төрлийн шийтгэл авч байгаагүй. Сургуулийн захирал солигдож сургуулийн орон тооны бүтцийн өөрчлөлтөөр намайг ажлаас халсан. Би сургалтын албаны мэргэжилтний ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл, мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан юм. Захирал Ш.******* бүтэц орон тоогоо шинэчлэн боловсруулж саналаа СУИС руу явуулсаны дагуу СУИС-ын захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/76 тоот тушаалаар ******* *******ийн бүтэц орон тоог 85 орон тоотой баталсан. Үүнээс өмнө 2014 онд 82 орон тоо батлагдаж энэ орон тоотойгоор ажиллаж байсан. Харин 2017 онд 85 орон тоо батлагдаж орон тоо хасагдах биш нэмэгдсэн. 2017 оны 03 дугаар сарын 13-нд захирал Ш.******* СУИС-ын захирлын А/78 тоот тушаалтын дагуу бүтцийн өөрчлөлт хийх болсон тул миний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл өгсөн. Дараа нь өмнөх албан мэдэгдлээ засч СУИС-ын захиралын А/76 тоот тушаалын дагуу бүтцийн өөрчлөлт хийх болсон тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл 2017 оны 04 дүгээр сарын 13-нд надад өгсөн. Ингээд надад 2 удаа албан мэдэгдэл өгсөн юм. Үүнээс хойш 2017 оны 05 сарын 29-нөөс 06 сарын 12-ны өдөр хүртэл эмнэлэгийн акт авч Улаанбаатар хотод очиж биеэ эмчлүүлсэн. Ирээд захиралтай уулзаад актаа үзүүлэхэд наадхаа нягтлан өгчих гэсэн өөр юм яриагүй. Тэгэхэд 2017 оны 06 сарын 06-ны өдөр сонгуулийн хороонд ажиллах талаар албан бичиг сургуульд ирсэн байсан. Тэгээд би 2017 оны 06 сарын 12-ны өдөр сонгуулийн хороонд ажиллахаар очиход танай байгууллагаас таныг 2017 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн гэсэн мэдэгдэл ирсэн байна үүнийхээ учрыг ол гэж хэлсэн юм. Тэгээд би захирал руу ярихад би Улаанбаатар хот руу явж байна та сонгуулийн хороонд ажиллаж бай. Ирээд энэ талаар ярилцъя гэж хэлсэн. Тэгээд сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг манай байгууллагад хүргүүлж, би 2017 оны 07 дугаар 07-ныг хүртэл сонгуулийн хороонд ажилласан. Энэ хугацаанд миний цалин бүгд олгогдсон. Тэгээд миний ээлжийн амралтыг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн эдлүүлэхээр баталсан байсан учраас би үргэлжлүүлэн ээлжийн амралтаа эдэлсэн. Гэтэл захирлын туслах 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр намайг утсаар дуудаж тушаалаа ав гэж хэлсэн. Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирж захиралтай уулзахад захирал намайг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/66 тоот тушаалаар орон тоо цөөрсөн, бүтцийн өөрчлөлт гэх үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулсан. Манай байгууллагын орон тоо хасагдаагүй нэмэгдсэн учраас ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Актын тухайд өгөхөө мартчихсан байсан тэгээд би рүү цахим шуудангийн хаягаар нь 2017 оны 06 сарын 05 хүртэл актаа явуулсан байж байгаад дараа нь актаа сунгуулаад 06 сарын 12-нд ирэхдээ захиралд үзүүлсэн. Би 2017 оны 06 сарын 06, 07-ны үед захирал руу уйлаад ярьсан. Миний эмчилгээ дуусаагүй байна. Эмчлүүлэх шаардлагатай байна гэхэд захирал та ямар ч байсан биеэ эмчлүүлж бай уг нь Сангийн яамнаас хэдэн төгрөг ороод ирвэл танд хэдэн төгрөгний туслалцаа үзүүлчих юмсан гэж ярьж байснаа захирал санаж байгаа байх гэв.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сургуулийн сургалтын албаны мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Н- нь 2017 оны 06-р сарын 08-ны өдөр Б/66 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна.

Завхан аймаг дахь ******* ******* нь сургуульд бөгөөд бүрэлдэхүүн сургуулиудын нэгэн адил СУИС-аас баталж өгсөн бүтэц орон тоонд захирагдан ажилладаг билээ.

СУИС-ийн захирлын 2017 оны А/76 тоот тушаалаар манай сургуулийн бүтэц орон тоог өөрчилж, зарим ажлын байрыг нэгтгэх, ажилтны тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан байгууллагын дотоодод сэлгэн ажиллуулах, хавсран ажиллуулах, ажлын ачаалал, ажлын цагийг нягтруулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор сургалтын албаны мэргэжилтний ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулсан ба Ц.Н- нь сонгон шалгаруулалтанд орохгүй гэсэн хариуг 2017 оны 05-р сарын 17-ны өдөр өөрөө бичгээр өгч сонгон шалгаруулалтанд ороогүй тул ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Учир нь:

а/ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. 40.1.1.аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн,

б/ Соёл урлагийн их сургуулийн захирлын 2017 оны 03-р сарын 02-ны өдрийн А/76 тоот орон тоог шинэчлэн батлах тухай тушаал дээр шинэчлэн баталсан орон тоог 2017 оны 03-р сарын 02-ны өдрөөс мөрдөж, зохион байгуулалт хийж ажиллах үүрэг өгсний дагуу,

в/ Засгийн газрын 2016 оны 09-р сарын 09-ний 47 дугаар тогтоол чиглэлийн дагуу улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийг хэмнэлтийн зарчмаар удирдах зайлшгүй шаардлагын улмаас бүтэц орон тооноос илүү хүн ажиллуулах боломжгүй байна.

СУИС-ийн захирлын 2014 оны 11-р сарын 10-ны өдрийн 268 тоот тушаалаар 82 орон тоотойгоор ажиллаж байсан ба Соёл урлагийн их сургуулийн захирлын 2017 оны 03-р сарын 02-ны өдрийн А/76 тоот орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар 85 орон тоотойгоор батлаж орон тоо хасагдах биш нэмэгдэн батлагдсан гэдэг нь: Их хуур, Найрал хөгжим удирдах ур зүйн багш, Эвэр бүрээ, баялаг бишгүүр гэх мэт ангиудыг шинээр нээн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа ажилттай явуулж байна.

Сургалтын албаны мэргэжилтний ажлын байрыг нэгтгэн талаар бүх багш, ажилчдаас цаасаар санал авч түүнийг нэгтгэхэд тус сургуульд нэг сургалтын албаны мэргэжилтэн байх боломжтой гэсэн санал гарсан.

Сонгуулийн тухай хуулийн 29.2, 29.3-т заасны дагуу Ц.Н-д 2017 оны 06-р сарын цалин, 7 дугаар сарын 5 өдрийн цалинг олгосон ба ажлаас халагдсан тушаалыг 2017 оны 08-р сарын 21-ний өдөр гардуулсан болно.

Иймд Ц.г ажлаас чөлөөлсөн нь зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөний дээр, түүний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хөндсөн асуудал биш хэмээн үзэж байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Соёл урлагийн их сургуулиас 2017 оны 03 сарын 02-нд манай сургуулийн бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Энэ бүтэц орон тоогоор ажиллах нь миний үүрэг байсан. Энэ бүтэц орон тоогоор сургалтын албаны менежер 2 байсан орон тоо нь 1 нь болж хасагдаж ирсэн учраас 2017 оны 03 сарын 17-нд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Тэгж мэдэгдэл гаргахдаа бичиг хэргийн ажилтан техникийн алдаа гаргаж А/76 гэхийг А/78 гэж буруу бичсэн байсан. Тэгээд энэ талаараа хянаж мэдээд мэдэгдэх хуудсыг сольж өгсөн. Энэ мэдэгдэх хуудсыг зөвхөн Н- багшид өгөөгүй. Бусад орон тооны нэгтгэлээр ажлаас чөлөөлөгдсөн бүх хүмүүст өгсөн. Энэ нь хууль зөрчсөн зүйл байхгүй. Н- багшийн зүгээс энэ орон тоог хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг талаарх тайлбараа бичгээр өгсөн байгаа. Н- багш сонгон шалгаруулалтад орохгүй гэдгээ мэдэгдээд энэ талаар тайлбараа 2017 оны 05 сарын 17-нд өгсөн. Сонгон шалгаруулалт болох тухай тов 2017 оны 05 сарын 30-нд гарчихсан байсан. Манай сургууль 2017 оны 06 сарын 01-нд амрах ёстой байсан. Тиймээс сонгон шалгаруулалтыг 2017 оны 05 сарын 30-ны өдөр явуулахаар болсон. Би тухайн үед Н- багшийг аймагт байгаа гэж ойлгож байсан гэтэл Н- багш надад хэлэлгүйгээр Улаанбаатар хот руу явсан байсан. Сонгон шалгаруулалт явуулах тухай товлож зарласан байгаа учраас комисс байгуулж сонгон шалгаруулалтыг явуулсан. Н- багш сонгон шалгаруулалтад орохгүй гээд явсан учраас тухайн үед ажиллаж байсан хүнийг үргэлжлүүлэн ажиллуулаад явсан. Манай сургуулийн онцлог бол баруун бүсийн 5 аймгийг театр чуулгын боловсон хүчинээр хангах үндсэн үүрэгтэй. Найрал хөгжмийн багш, эвэр бүрээ хөгжмийн багшийн орон тоон нэмж захиргаа аж ахуйгаас орон тоог нь цөөлсөн байгаа. Мөн энэ орон тоог цөөлөх тухай ажилчдаас санал авахад манай сургуулийн ажилчдын 90 хувь нь энэ бүтэц орон тоог хүлээн зөвшөөрч тэр саналаа Соёл урлагийн их сургууль руу явуулсан. Одоо манай сургуульд 200 гаран хүүхэд суралцаж байгаа. 200 гаруй хүүхдэд 1 сургалтын менежер байх нь зөв юм гэсэн саналыг дээр сургууль руугаа явуулсан. Түүний дагуу манай сургуулийн бүтэц орон тоо батлагдаж ирсэн гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Завхан аймгийн ******* *******ийн захирлын 2017.06.08 өдрийн /А/66 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, УИХ-ын 47 дугаар тогтоолын 2А, СУИС-ийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны А/76 тоот тушаалуудыг тус тус үндэслэж 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс сургалтын албанаас 1 мэргэжилтний орон тоо цөөрсөн учир ажлаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч хууль зүйн үндэслэлгүй буруу халагдсан гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Дараах үндэслэлээр ажлаас халагдсан тушаалыг хууль зүйн үндэслэлгүй тушаал байна гэж үзэж байна. СУИС-ийн захирлын тушаалаар баталсан бүтэц орон тооны дараа халаа сэлгээ хийхдээ алдаа гаргасан гэж үзэж байна. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажил цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд шилжүүлэх үүрэгтэй байхаар хуульчилж өгсөн байна. 2017 оны 06 дугаар сарын 08-нд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх үед нийгмийн ажилтан бас чөлөөлөгдсөн байгаа энэ орон тоон дээр сэлгээд томилох боломжтой байсан. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 тоот тушаалаар нягтлан бодогч г хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтанаар томилсон байгаа. Энэ тэс өөр мэргэжлийн хүнийг томилсон байгаа. Гэтэл сургалтны албаны мэргэжилтэн, хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн 2 ойролцоо төрлийн албан тушаал байна. Энэ албан тушаал нь 2017 оны 02 сарын 08-нд сулраад нэхэмжлэгчийг ажлаас халагдах үед сул орон тоо байсан нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр нөхцөл боломжуудаа ашиглаад боловсролын байгууллагад 34 жил ажилласан ажилтнаа яагаад авч үлдэж болоогүй юм бэ? Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажлын байр нь цомхотгогдож байгаа юм бол яагаад өөр ажилд шилжүүлж болоогүй юм бэ? Нийгмийн баталгааг нь яагаад хангаагүй юм. Энэ нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн бүтцийн өөрчлөлт ороод 2 мэргэжилтний орон тоо 1 болж цөөрсөн бол сонгон шалгаруулалт явуулна гээд яриад байх юм. Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулна хуулийн заалт байдаг. Харин Хөдөлмөрийн тухай хуульд сонгон шалгаруулалт явуулна гэсэн нэг ч заалт байхгүй. Хөдөлмөрийн дотоод журам дээр нь ч сонгон шалгаруулалт явуулах заалт байхгүй би бүр СУИС-ийн дүрэм журам гэсэн улаан номыг нь хүртэл харсан тэр номонд ч гэсэн сонгон шалгаруулалт явуулна гэсэн нэ ч заалт байхгүй байсан. Энэ сонгон шалгаруулалт нь хууль бус байсан учраас сонгон шалгаруулалтад оролцохгүй гэсэн нь үндэслэлтэй байна. Тэрийг нь хариуцагч талаас мушгиж бүтэц өөрчлөгдсөн гэдгийг мэдэгдэж мэдэгдэлээр сонгон шалгаруулалт явуулна гэсэн тул нэхэмжлэгч тал мэдэж байсан байна гэж яриад байгаа. Тэгэхдээ сонгон шалгаруулалт хэзээ болохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Гуравдугаарт шүүгчээс сонгуулийн хороонд ажиллаж байсан нь хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Би хувьдаа энд ажилласан хэрэгт хамааралтай гэж үзэж байна. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн заалт байгаа Энэ заалт нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны нийгмийн баталгаа юм. 35.1.1 дэх хэсэгт төрийн байгууллагын сонгуульт ажилд 3 хүртэл сарын хугацаагаар гүйцэтгэж байгаа гэж заасан байгаа. Энэ үндэслэл хамаарч байгаа юм. Мөн 35.1.3 дахь хэсэгт эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа бол гэсэнүндэслэлүүд байна. Энэ 2 үндэслэл нь нэхэмжлэгчийн ажил албан тушаалыг хэвээр үлдээх нийгмийн баталгаа болгоод өгчихсөн байхад нь ажлын байрыг хадгалаагүй халчихсан байна. Энэ асуудлыг ярихаар акт яригдаад байгаа юм. Актын хувьд нэхэмжлэгч 05 сарын 29-ний өдрөөс эхлээд 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл эмнэлэгээр үзлэг шинжилгээ хийлгээд явсан эмнэлэгийн картыг канондоод нотариатаар батлуулаад хэрэгт хавсаргасан байгаа. Хотод эмчилгээ үзлэг хийлгээд дуусахгүй болохоор нь гэмтэл согог судлалын эмнэлэг дээр сунгалт хийлгэсэн байгаа. 05 сарын 29-нөөс үзлэг шинжилгээ багтахгүй учраас сунгуулсан. Эхний 5 сарын 29-ний өдрөөс 6 сарын 05-ны өдөр хүртлэх актаа Сэтэвсүрэн гэдэг хүний цахим шуудангаар өгсөн гэдгийг Сэтэвсүрэн гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Сунгуулахдаа захирал руугаа ярьж хэлсэн боловч захирал Ш.******* үүнийг үгүйсгээд байгаа. Гэхдээ үзлэг шинжилгээ өвчтөний акт дээр 06 сарын 05-наас хойш нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн эмнэлэгийн картаар нотлогдож байна. 05 сарын 26-нд сонгуулийн хэсгийн хороод байгуулагдаад нэхэмжлэгч Н-г хэсгийн хорооны ахлах зохион байгуулагчаар томилсон юм байна. Энэ тушаалаа 6 сарын 06-ны өдөр ажилтнуудаараа бичгээр хүргүүлсэн юм байна. Энэ талаар 2 гэрчийн мэдүүлэг байна. Сонгуулийн хороонд томилсон гэсэн бичиг ирээд байхад энэ хүнийг яагаад ажлаас нь халаад байгаа юм бэ, мөн тушаал гардуулахад асуудал байна. 06, 07, 08 сарын цалин олгогдсон нь энэ хүнийг ажил үүргээ гүйцэтгээд яваад байсан гэж ойлгож байна. Гэтэл ажлаас чөлөөлөх тушаалыг 6 сарын 08-нд гаргасан мөртлөө өөрт нь мэдэгдээгүй, сонгуулийн хорооноос Н-д таныг ажлаас чөлөөлсөн юм биш үү энэ асуудлынхаа учрыг ол гэхэд нь Н- гуай дарга руугаа утсаар ярихад сонгуулийн хороондоо ажиллаж бай ирж байгаад наад асуудлыг нь ярилцъя гэж хэлсэн. Үүнийг хариуцагч өөрөө ч хэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт ажлаас чөлөөлсөн бол тушаалыг гарсан өдөрт нь ажилтанд гардуулах үүрэгтэй гэж заасан байгаа. Энэ заалт зөрчигдөж байна. Тийм учраас ажлаас үндэслэлгүй халсан. Ойролцоо төрлийн ажил албан тушаалд шилжүүлэх боломжтой байсан мөн дээрээс нь ажлаас чөлөөлсөн тушаалаа тухайн үед нь гардуулсан бол одоо ийм асуудлууд үүсэхгүй байсан гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлгүй буруу тушаал гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тушаал гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн санаачлагаар 40.1.1 дэх хэсэгт зааснаар адил албан тушаалын цөөрсөн асуудал байна. Цөөрсөн нь өмнөх 2014 оны бүтэц нь 2017 оны шинэчилсэн бүтцээр сургалтын мэргэжилтний орон тоо нэг болсон нь харагдаж байна. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэл өгнө. Мэдэгдэл өгөхдөө зөвхөн хөдөлмөрийн гэрээг цуцлах гэдгээс гадна сонгон шалгаруулалтад оролцох боломжтой талаар мэдэгдсэн баримт эх хувиараа ч байгаа. Тийм учраас ажил олгогчийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авагдсан гэж үзэж байгаа. Ажил олгогчийн зүгээс нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж нэхэмжлэгчид боломж олгосон байна. Энэ бололмжоосоо нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зайлсхийсэн байна. Хариуцагч байгууллагын зүгээс багш нарын хувьд магистраас дээш зэрэгтэй байх шаардлага тавигддаг гэсэн тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар сонгон шалгаруулалт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуульд ийм заалт байхгүй гэж ярьж байна. Хэрвээ орон тоо цөөрч байгаа тохиолдолд аль нэгийг авах асуудал зайлшгүй тавигдана. Тиймээс ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангаж байгаа ажилтныг сонгон авах нь ажил олгогчийн бүрэн эрх байна. Тийм учраас ажлын байрны тодорхойлолтод заасан магистраас дээш боловсролын зэрэгтэй хүнийг авсан нь буруудахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас сонгуулийн хороонд ажиллаж байхад нь ажлаас халсан гэсэн асуудал яриад байгаа. Манай талаас энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь акттай байсан эсвэл сонгуулийн хороонд ажиллаж байсан ийм л 2 асуудал байгаа шүү дээ. Та эхэлж актаа авч яваагүй байна. Чөлөө олгож өгнө үү гэсэн хүсэлт өгсөн байна. Цохолт хийгээд зөвшөөрсөний дараа явах ёстой байсан зөвшөөрөөгүй байхад явсан учраас энэ хүнийг буруутгах боломжгүй юм. Нэхэмжлэгч талаас өөр ажилд шилжүүлэх, томилох боломжтой байсан гэж тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн томилох гэсэн шаардлага байгаа шүүх нэхэмжлэлийн шаардлагаас давсан шийдвэрийг гаргах боломжгүй. Хэрвээ ийм шаардлага гаргавал хөөн хэлэлэцэх хугацааны асуудал яригдна. Иймд нэхэмжлэлийн шаардалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н- нь  Завхан аймаг дахь ******* *******ид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Завхан аймаг дахь ******* ******* нь бүтцийн өөрчлөлт хийж, орон тоог цөөрүүлсэн, хуульд заасан хугацаанд мэдэгдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ц.Н- нь 2014 онд Завхан аймаг дахь ******* *******ид сургалтын албаны мэргэжилтэн-ээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь тус *******ийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

******* *******ийн захирал Ш.******* нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/66 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушааалаар Ц.Н-г сургалтын албаны мэргэжилтэний ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол Улсын Их хурлын 47 дугаар тогтоолын 2а, Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны А/76 тоот тушаал, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалтуудыг тус тус баримталжээ.

Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/76 дугаартай Орон тоог шинэчлэн батлах тухай тушаалд Завхан аймаг дахь ******* *******-ийн бүтэц орон тоог сургалтын албаны мэргэжилтэн 2 орон тоотой байхаар баталсан бөгөөд Соёл Урлагийн их сургуулийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/76 дугаартай Орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар тус *******ийн орон тоог сургалтын мэргэжилтэн 1 болгон цөөрүүлж баталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж болно, 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэж, энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж зохицуулсан.

 Ажилтны тоог цөөрүүлэх гэдэг нь ижил албан тушаалын хэд хэдэн орон тоо зэрэгцэн байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд ажлын ачааллыг нь нягтруулах зорилгоор тэдгээрээс тодорхой орон тоог хасахыг хэлэх бөгөөд тус *******ийн дээрх тушаалаас харахад ямар үндэслэлээр Завхан аймаг дахь ******* *******ийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах болсон талаар үндэслэлээ заагаагүй байна.

Хариуцагч Завхан аймаг дахь ******* *******ийн захирал тус *******ийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөлт орж, орон тоог хассанаа 2018 оны төсвийн төлөвлөлтийг хийхдээ 2017-2018 оны хичээлийн жилд суралцах оюутан, суралцагчдын тоо, багш нарын цагийн ачаалал зэргийг харгалзан үзэж тус *******ийг зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах зайлшгүй шаардлага гарсан гэж тайлбарлаж байгаа ч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл ажил үүргийн давхарлыг арилгасан, ажил үүргийг нэгтгэсэн бол аль аль ажлын байрны ажил үүрэг давхардалтай байсан, ямар ажлын байруудыг нэгтгэсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Н- нь ийг сургалтын албаны мэргэжилтнээр ажиллаж байхад 2014 онд сургалтын албаны мэргэжилтэн болж, нийгмийн ажилтан болсон байдаг, мөн нь эргээд 2015 онд сургалтын албаны мэргэжилтэн болсон байдаг. ...түүнчлэн магистрын зэрэг хамгаалсан байдлыг үнэлсэн, мөн Н-д хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай албан мэдэгдэлд сонгон шалгаруулалтад оролцож болно гэхэд нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад оролцохгүй гэсэн хүсэлт өөрийн гараар бичиж өгсөн тул энэ хүсэлтийг харгалзан үзээд Н-г сонгон шалгаруулалтанд оруулахгүйгээр сонгон шалгаруулалтыг хийсэн... гэж тайлбарлаж байгаа боловч тус *******ид сургалтын албаны мэргэжилтэн Ц.Н-, Г. нар нь тус тус ажиллаж байсан бөгөөд хоёулаа сургалтын албаны мэргэжилтэн гэсэн орон тоотойгоор ажилласаар байна.

Ажил олгогч байгууллага нь орон тоонд нийцүүлэн ажилтны тоог цөөрүүлэхдээ тухайн байгууллагын ажил албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгаж байгаа ажилтнуудад сургалтын мэргэжилтэн ажилтан гэдэгт ажил байдлын тодорхойлолтын хувьд хэнийг хэлэхийг үндэслэлтэйгээр тогтоож ажиллагсдын ажилласан жил болон мэргэжил ур чадвар, Хөдөлмөрийн тухай хуульд заасан бусад нөхцөл байдлуудыг харгалзан тус байгууллагад мөрдөгдөх дүрэм, журамд нийцүүлэн хэлэлцэж шийдвэрлэх учиртай.

Энэ талаар Завхан аймаг дахь ******* ******* нь сургалтын мэргэжилтэн ажлын байранд сонгон шалгаруулалтыг явуулж ажлын хэсэг байгуулсан нь тус *******ийн захирлын 2017 оны 05-р сарын 26-ны өдрийн А/24 дугаартай Комисс томилох тухай тушаал, Завхан аймаг дахь ******* *******ийн ажилтан сонгон шалгаруулах комиссын сургалтын мэргэжилтний ажлын байранд шалгаруулалт хийсэн тухай илтгэх хуудас зэрэг бичиг баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч сонгон шалгаруулалт явуулахдаа хэрхэн яаж явуулсан байдал, хоёр мэргэжилтэнд хэрхэн яаж мэдэгдэж сонгон шалгаруулалт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Нөгөө талаар ажил олгогч байгууллага нь бүтэц зохин байгуулалтын талаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч байгууллага биелүүлсэн болох нь 2017 оны 03-р сарын 13-ны өдрийн 11, 2017 оны 04-р сарын 13-ны өдрийн 2 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай албан мэдэгдлүүдээр нотлогдож байна.

Гэсэн хэдий боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны тоо цөөрсөн гэх үндэслэл нь эргэлзээтэй байна. Учир нь СУИС-ийн захирлын 2014 оны 11-р сарын 10-ны өдрийн 268 дугаартай тушаалаар Завхан аймаг дахь ******* *******ийг 83 орон тоотойгоор ажиллуулж байсан ба 2017 оны 03-р сарын 02-ны өдрийн А/76 дугаартай мөн СУИС-ийн захирлын Орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар Завхан аймаг дахь ******* *******ийг 85 орон тоотой байхаар баталжээ.

Эндээс шууд утгаараа Завхан аймаг дахь ******* *******ийн ажлын байрны тоо цөөрөөгүй харагдаж байна.

Өөрөөр хэлбэл Завхан аймаг дахь ******* *******ийн удирдлага, зохин байгуулалтын бүтцийн дагуу ажил, үүргийн давхарлыг арилгах, харилцан уялдаа холбоо бүхий байхаар нэгтгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд бүтэц зохин байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад оролцохгүй гэдэг хүсэлтийг харгалзан сонгон шалгаруулалтад оролцуулалгүй ажлаас чөлөөлсөн нь үндэслэл муутай байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар нэгэн шалгуургүйгээр цуцалсан нь түүний эрхэд ноцтойгоор нөлөөлсөн гэж үзэх үндэстэй байна.

Иймд нэхэмжлэгчийг Завхан аймаг дахь ******* *******ийн сургалтын албаны мэргэжилтэний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Түүний ажилласан хугацааг тооцохдоо хариуцагч байгууллага албан мэдэгдэл өгч, 2017 оны 06-р сарын 08-ны өдөр ажлаас чөлөлсөн байх бөгөөд 2017 оны 08-р сарын 21-ний өдөр хүртэл Ц.Н-г ажиллуулж, цалинг олгосон байна. Энэ ажиллах хугацаандаа нэхэмжлэгч сонгуулийн хороонд 2017 оны 06-р сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад, мөн үргэлжлүүлээд амралтаа авсан байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн ажил олгогч байгууллага ажлаас чөлөөлсөн тушаалаа 2017 оны 08-р сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид гардуулсан талаар маргаагүй, тухайн өдөр өгсөн гэдгээ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр мэдүүлж, энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгсөн байх тул нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа буюу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцоход 8-р сард ажлын 4 хоног, 9-р сард ажлын 21 хоног, 10-р сард ажлын 22 хоног, 11-р сард ажлын 22 хоног, 12-р сард ажлын 20 хоног, 2018 оны 1 сард ажлын 22 хоног, 2 сард ажлын 7 хоног нийт ажлын 113 өдрийн олговрыг тооцож олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Н- нь гэрээ байгуулан ажилласан сүүлийн 3 сарын байдлаар 2017 оны 6 сард 925,271 төгрөг, 7 сард 1,000,000 төгрөг, 8 сард 566,349 төгрөгийн цалин авсан тухай Нийгмийн даатгалын 0150878 дугаартай дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 2,491,620 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож ажилгүй байсан нийт хугацаа болох 113 хоногоор тооцон /2,491,60 төгрөг : 3 сар = 830,540 төгрөг : 21.5 хоног = 38629 төгрөг х 113 хоног/ нийт 4,365,077 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 4,365,077 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас 48674 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Хєдєлмєрийн тухай хуулийн 128 дугаар зїйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан  овогт ы Н-г Завхан аймаг дахь ******* *******ийн сургалтын албаны мэргэжилтэний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 4,365,077 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д олгосугай.

 3. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 4,365,077 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг  Завхан аймаг дахь ******* *******ид үүрэг болгосугай.

 4. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 84791 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ