Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/01013

 

 

 

 

 

 

 

 

2021           03          30                                        101/ШШ2021/01013

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа  даргалж,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0-р хороо, тоот, РД:, Д.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг, 0-р хороо, 0 гудамж, 0-р байр, 0 тоот, РД:, Н ХХК,

Хариуцагч: Б дүүрэг, 0-р хороо, 0 гудамж, 0-р байр, 0 тоот хаягт байрлах, РД:, С ХХК нарт холбогдох

Баянзүрх дүүрэг, -р хороо, гудамж, -р байрны  тоот үйлчилгээний барилгын гадна нэг давхрын террасын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авахад шаардагдах төлбөрийн тооцоогүй гэсэн тодорхойлолт гаргаж өгөхийг Н ХХК-д даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016-04-04-ний өдөр Н ХХК-тай үйлчилгээний барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах С хотхоны А блокын 1 давхрын 744.5 м.кв үйлчилгээний барилгыг, 1 давхрын гадна террасын талбайн хамт 1.861.250.000 төгрөгөөр худалдан авсан. Уг барилга 2017 оны 9-р сард ашиглалтад орж улсын комисс хүлээн авсан бөгөөд одоо худалдаж авсан хэсгийг Д.Б-н охин А кафе нэртэйгээр, үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа ба гадна террасаа ашиглаж, үйлчилгээ явуулах гэтэл Н ХХК-ийн захирал Ц.О нь 180.000.000 төгрөгөөр тусад нь үнэлж, дахиж зарна гэж хэлсэн.  Гэтэл 2016-04-04-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээнд 1-т террас гэж заасан байх тул нийт үнэлгээнд орж худалдагдан, худалдан авагчийн өмчлөлд шилжсэн учраас дахин үнэлж зарна гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Ц.О нь СӨХ-тэй гэрээ хий, манайхаас зөвшөөрөл авч дээр нь сүүдрэвч хийх ёстой гэж янз бүрээр дарамтлан худалдаж авсан эд хөрөнгөө хуулийн дагуу эзэмшиж, ашиглахад саад учруулж байгаа бөгөөд СӨХ-ийн үйл ажиллагаа явуулдаг С ХХКнь мөн тус талбайг “...нийтийн эзэмшлийнх учраас манайхтай гэрээ хийж, үйл ажиллагаа явуул...” гэсэн албан бичиг ирүүлжээ. Анх барилгыг зарах санал тавихдаа террастай худалдана гэж санал тавьж, хамт худалдчихаад одоо дахиж нэмж мөнгөөр зарна гэж байгаа, СӨХ-өөс тус талбайг нийтийн эзэмшлийнх гэж гэрээ байгуулахыг шаардаж байгаа зэрэг нь уг талбайг хуулийн дагуу худалдан авсан Д.Б-н өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна. Иймд Баянзүрх дүүрэг,  хороо, гудамж, 0-р байрны 0 тоот үйлчилгээний барилгын гадна нэг давхрын террасын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авахад шаардагдах төлбөрийн тооцоогүй гэсэн тодорхойлолт гаргаж өгөхийг Н ХХК-д даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлагад буй террасын талбай нь тухайн орон сууцны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгөд тооцогддог. Энэ талаар Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д “нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно”, мөн хуулийн 142.2-т “'дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна”, 146.2-т “өмчлөгчдийн дундын өмчлөлд ашиглалтад байгаа байгууламж болон бусад төхөөрөмж дангаар өмчлөх зүйл болохгүй” гэж тус тус заасан байна.

Террасын талбай нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг, сууцны бус зориулалттай туслах талбай юм. Өөрөөр хэлбэл нийтэд зориулагдсан, нийтийн эзэмшлийн талбай учраас хувь этгээдэд үүнийг худалдан борлуулах, эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх хууль зүйн боломж байхгүй. Иймээс хариуцагч компани нь оршин суугчдын эзэмшлийн талбайг дур мэдэж хувь этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах, тухайн террасын талбайд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх зэрэг эрх хэмжээ хуулиар үгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь Н ХХК-тай 2016-04-04-ний өдөр “Үйлчилгээний барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ” байгуулсан байх ба уг гэрээтэй холбоотойгоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь хариуцагч С ХХК нь ямар ч хамааралгүй бөгөөд манай компани СӨХ-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан. Хариуцагч С ХХКнь нэхэмжлэгчийн ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулаагүй, талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй тул хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд иргэн Д.Б-н гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н ХХК, С ХХК нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, -р хороо, 0 гудамж, 0-р байрны 0 тоот үйлчилгээний барилгын гадна нэг давхрын террасын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авахад шаардагдах төлбөрийн тооцоогүй гэсэн тодорхойлолт гаргаж өгөхийг Н ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь өдрүүдэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа доорхи байдлуудаар өөрчлөн тодруулсан байна. Үүнд:

- 2020-09-24-ний өдөр: Баянзүрх дүүрэг, -р хороо, 0 гудамж, 0-р байрны 0 тоот үйлчилгээний барилгын гадна нэг давхрын террасын талбайг эзэмшиж, ашиглахад саад учруулахгүй байхыг хариуцагч Н ХХК, С ХХК-д даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

- 2021-02-23-ны өдөр: Баянзүрх дүүрэг, -р хороо, 0 гудамж, 0-р байрны 0 тоот үйлчилгээний барилгын гадна нэг давхрын террасын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авахад шаардагдах төлбөрийн тооцоогүй гэсэн тодорхойлолт гаргаж өгөхийг Н ХХК-д даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. 

Хариуцагч Н ХХК болон С ХХК-иас “террасын талбай нь тухайн орон сууцны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаардаг, сууцны бус зориулалттай туслах талбай юм. Өөрөөр хэлбэл нийтэд зориулагдсан, нийтийн эзэмшлийн талбай учраас хувь этгээдэд үүнийг худалдан борлуулах, эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх хууль зүйн боломж байхгүй. Иймээс хариуцагч компани нь оршин суугчдын эзэмшлийн талбайг дур мэдэж хувь этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах, тухайн террасын талбайд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх зэрэг эрх хэмжээ хуулиар олгогдоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч “2016-04-04-ний өдөр 0 тоот гэрээг байгуулж Н ХХК-тай үйлчилгээний барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах С хотхоны А блокын 1 давхрын 744.5 м.кв үйлчилгээний барилгыг, 1 давхрын гадна террасын талбайн хамт 1.861.250.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож авсан, террасыг урамшуулалд өгнө гэсэн учир надад таалагдаж би худалдан авсан” гэж тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: 2016-04-04-ний өдөр байгуулсан 0 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т Баянзүрх дүүргийн -р хороонд байрлах С хотхоны А блокын, Б1 давхар болон 1-р давхарын нийт 744.5 м.кв үйлчилгээний барилгын ажил /дотор засалгүй/ 2 ширхэг авто машины граж, 1-р давхарын гадна террасын талбайг /обьект/-ыг захиалан хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэжээ.

... гэрээний 1.4.1, 1.4.2, 1.4.3-т обьект нь нийт талбайгаар 744.5 кв.м байна, барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний 1 кв.м нь 2.500.000 төгрөг, нийт 1.861.250.000 төгрөг байна... гэж тусгажээ. 1.5-д нийт талбай гэдгийг үндсэн өрөөний талбайн хэмжээн дээр ариун цэврийн өрөө, үүдний гонхны хэсгийн нэмж тооцно гэж тохиролцжээ.

Захиалагч Д.Б нь улсын бүртгэлийн Ү-220 гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн  хороо  байр  тоот 256.60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-220 гэрчилгээтэй  байр тоот м.кв үл хөдлөх хөрөнгө, мөн байрны  тоот 348 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нийт 743.69 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүлээн авч улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авчээ.    

Талуудын хооронд 2016-04-04-ний өдөр байгуулагдсан 0 тоот гэрээний 1.2 т заасан 1-р давхарын гадна террасыг урамшуулал буюу бонусанд өгөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч Д.Б--т хүлээлгэн өгсөн гэх үйл баримт нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК, С ХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 0 гудамж, 0-р байрны 0 тоот үйлчилгээний барилгын гадна нэг давхрын террасын өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах төлбөрийн тооцоогүй гэсэн тодорхойлолт гаргаж өгөхийг даалгуулах нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА