Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00273

 

              “Т К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

         хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03933 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т К” ХХК-ийн хариуцагч “А Х” ХХК-д холбогдуулан гаргасан 11 413 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Т К” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “А Х” ХХК-тай 001-2019 дугаар түрээсийн гэрээг 8 сарын хугацаатай байгуулж, өөрийн өмчлөлийн арлын дугаар 20140054, 22-31 улсын дугаартай, QТZ-63 маркийн краныг түрээслүүлсэн юм. Дээрх гэрээний 3.2, 3.4, 3.7 дахь заалтуудад төхөөрөмжийн ашиглалтын хугацаан дахь засвар, үйлчилгээ, тослогоо, бүрэн бүтэн байдлыг түрээслэгч тал буюу “А Х” ХХК бүрэн хариуцан гэрээ дуусч төхөөрөмж хүлээлгэн өгөхөд дутуу эд анги болон эвдрэл гэмтэлтэй эд ангийг түрээслүүлэгч талд бэлэн мөнгөөр төлөхөөр тус тус тохирсон болно. Гэтэл түрээслэгч “А Х” ХХК нь төхөөрөмжийг 2020-04-20-ны өдрөөр тасалбар болгон хүлээлгэн өгсөн боловч дутсан эд анги болон эвдрэл гэмтэлтэй эд ангиудыг төлөхөөс татгалзан нэхэмжлэгч талыг хохироож байна. Иймд Иргэний хуулийн 288, 289 дүгээр зүйлд тус тус зааснаар, мөн гэрээний 3.2, 3.4, 3.7 дахь хэсэг 4.3 дэх хэсэгт тохирсны дагуу дутсан эд анги болох тэвш-1 ширхэг 400 000 төгрөг, прожектор-4 ширхэг 285 000 төгрөг, ханын плита-5 ширхэг 150 000 төгрөг, бэхэлгээ-1 ком буюу 3 ширхэг 2 974 500 төгрөг, Эвдэрсэн эд анги болох эргэх редуктор-1 ширхэг 5 977 500 төгрөг, зөөлөн холбоо-1 ширхэг 230 000 төгрөг, динамик тормоз-1ком 1 296 900 төгрөг, чагтан суурь-1 ширхэг (засварлах) 100 000 төгрөг, нийт 11 413 900 төгрөгийг “А Х” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ханын плита 5 ширхэг, прожектор 4 ширхэг, чагтан суурь-1 ширхэг (засварлах) 100 000 төгрөг, нийт 535 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 10 978 900 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч түрээсийн зүйлийн эвдрэлтэй эд ангийн төлбөрийг шаарджээ. Тус түрээсэлж авсан кран нь анх манай компанид ирэхдээ тормос доголдолтой, рөдуктер мотороос нь тос хаядаг байсан. Ийнхүү тормос доголдож редуктер мотороос нь тос хаяж байгаа талаар манай компани түрээслүүлэгч талд мэдэгдэж, үүний дагуу нэхэмжлэгч компанийн техник талаас хариуцдаг гэх “Тлейхандер Энд Женив” ХХК-аас Мянганбаяр ирж үзээд явсан. “Т К” ХХК-д мэдэгдэж доголдоод байгаа эд ангиудаа сольчих, хэрэв болохгүй бол манай компани мөнгийг нь төлье. Тэгээд түрээсийн гэрээний төлбөрөөсөө хасч тооцъё гэсэн саналыг “Т К” ХХК захирал Борхүүд тавьсан боловч тухайн эд ангийг солихгүй байсаар хүйтэрч барилгын ажил зогссон. Ингээд кранаа буулгаж ав гэж мэдэгдсэн боловч нэхэмжлэгч кранаа буулгаж авахгүй байсаар 3 сард дулаарч барилгын ажил эхэлсэн. Кран ашиглаж байсан Хүннү вилла хотхоны 2А блокыг 2020 оны 1 дүгээр сарын эхээр улсын комисс хүлээн авч, барилга ашиглалтанд орсон. Ингээд уг краныг ашиглаж байсан барилга ашиглалтад орсон бөгөөд, барилгын ажил хавар эхлэснээр “А Х” ХХК нь Хүннү тауэр барилгын ажилдаа ашиглахаар түрээсийн гэрээгээ шинээр байгуулах харин доголдоод байгаа эд ангийг засаж солих саналыг “Т К” ХХК-ийн захиралд тавихад за тэгье гэж зөвшөөрсөн. Ингээд краныг буулгаж Хүннү тауэр барилга дээр ажиллуулахаар краныг суурилуулсан боловч “Т К” ХХК утсаа авахгүй олдохгүй, эд ангийг сольж шинээр гэрээ хийгээгүй. Манай компани барилгын ажил эхэлснээр Хүннү тауэр барилгын ажил эхэлсэн байсан болохоор эд ангийг солих мөнгөгүй бол та нар солиулчих манай компани мөнгийг нь төлье, дараа нь түрээсийн гэрээ шинээр байгуулахаар түрээсийн төлбөрөө хасч тооцъё гэж хэлэхэд за гэж хэлчихээд алга болсон. Манай компани хүлээгээд нэмэргүй утсаар ярихгүй ирж уулзахгүй, утсаа авдаггүй. Барилгын ажил эхэлсэн ажил тасалдах гээд байсан тул “Т К” ХХК-д кранаа буулгаж ав гэж утсаар мэдэгдээд өөр кран түрээсэлж барилгын ажилдаа ашигласан. Гэтэл “Т К” ХХК түрээсийн төлбөр дутуу төлсөн гэж шүүхэд өгсөн байсан. Ингээд тооцоо хийж манай компани барьцаа болгож өгсөн мөнгөө тооцон үлдэгдэл түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан. Ингээд түрээсийн төлбөрийг бүрэн төлсний дараа “Т К” ХХК кранаа буулгаж авсан. Буулгаж авахад ханийн плита 5 ширхэг, прожетор 4 ширхэг байхгүй байна гээд аваад явсан бөгөөд өөр ямар нэг зүйл байхгүй байна гэж хэлээгүй. Анхнаасаа ирэхдээ 1 тэвштэй ирсэн бөгөөд бид 1 тэвштэй нь хамт буцааж өгсөн ба 2 тэвштэй краныг нэхэмжлэгч тал анхнаасаа манай компанид хүлээлгэж өгөөгүй. Гэтэл манай компанид крантай цуг ирээгүй илүү 1 тэвшний мөнгийг шаардсан үндэслэлгүй. Нэхэмжлэгч шаардах болсон үндэслэлээ механик С.Цогтбаярын эвдрэл болон доголдлын актыг үндэслэн шаарджээ. Нэхэмжлэгч краны тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэгт гарган өгөөгүй байх ба харин түрээсийн гэрээнд бичигдсэн арлын дугаар нь 20140054 гэж бичигдсэн байгаагаар 2014 онд үйлдвэрлэгдсэн краны 2020 онд гарсан эвдрэлийг манай компаниас шалтгаалсан гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Аливаа техник эдэлгээний явцдаа тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл, үйл ажиллагааны доголдол гарах нь ойлгомжтой бөгөөд түрээслэгч үйлдвэрлэгдсэнээс хойш тухайн эд хөрөнгөнд гарсан эвдрэлийг манай компаниас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлдэг. Ийм ч учраас тухайн эд хөрөнгийг аж ахуйн үйл ажиллагаанд хэрэглэсний хариуд төлбөрийг түрээслэгч төлдөг. Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байдаг ба аж ахуйн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа краны элэгдэл гэмтлийг түрээслэгч талаас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Түрээсийн зүйлийг устгаж гэмтээсэн зүйл байхгүй бөгөөд техникийн хувьд үйл ажиллагааны явцад муудсан зүйлээ манай компаниас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлд зааснаар түрээсийн зүйлийг хүлээлцэхэд 2 тал байлцан техникийн үзлэг хийж түрээсийн зүйл нь иж бүрдэл дутуу, эвдрэлтэй байвап энэ тухай 2 тал акт үйлдэнэ гэсэн заалтын дагуу акт үйлдээгүй байж, дангаараа өөрийн техникийн үйлчилгээ авдаг компанийн механикчаар дүгнэлт гаргуулан шаардаж байгаа нь үндэслэлгүй. Харин бодитой үнэн байдал болох ханын плита 5 ширхэг, прожектор 4 ширхэг, чагтан суурийг засварлахад зарцуулах 100 000 төгрөг дээр маргахгүй, уг эд зүйлийг манай компани төлөх үүрэгтэй. Харин бусад дутагдсан гэх зүйл болон эвдрэлийг засахад комоор нь солино гэж байгаа тоног төхөөрөмжийн үнийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 10 978 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А Х” ХХК-аас 5 436 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т К” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5 977 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 572 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “А Х” ХХК-аас 101 932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001-2019 тоот Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасны дагуу бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй. Мөн түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан З.Алтангэрэл нь тухайн үед “Авцага хийц”ХХК-ийг төлөөлөн хүсэл зориг илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээд биш байсан тул Түрээсийн гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ нь “Авцага хийц”ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээн дэх бүртгэлээс тодорхой нотлогдох болно. Иймд зохигчдод хүчин твгөлдөр бус хэлцэл болох 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001-2019 тоот Түрээсийн гэрээгээр ямар нэгэн эрх, үүрэг үүсээгүй болно. Цамхагт кран бол улсын бүртгэлд бүртгэлтэй, ашиглах зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэргэжлийн байгууллагын хийсэн техникийн бүрэн магадлалыг үндэслэн олгохоор Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ээр зохицуулсан байна. Анх краныг хүлээн авахад олон эд, анги дутуу байсан. Энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн кран угсралтын үеийн бүртгэлд гарын үсэг зураад хүлээгээд авсан гэх боловч гарын үсэг зурсан инженер Д.Батболд нь хүлээж авах эрх бүхий этгээд биш байсан. Цамхагт краны ашиглалтын шаардлага хангасан байдал нь мэргэжлийн бус хүмүүсийн
бүртгэл гэдэг зүйлээр тогтоогдохгүй гэдэг нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх,
аюулгүй ашиглах дүрэм”-ийн зохицуулалтаас харагдана. Түүнчлэн тус кран нь паспорт, гэрчилгээ гэдэг зүйл огт байхгүй, нэхэмжлэгчийн өмчлөлийн кран гэдэг нь тодорхойгүй, ашиглах зөвшөөрөлтэй эсэх, ашиглахыг зөвшөөрсөн техникийн дүгнэлтүүд байхгүй, ашиглалтын хугацаа
дууссан эсэх нь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал краны паспорт,
гэрчилгээ, ашиглах зөвшөөрөл, техникийн дүгнэлт зэргийг гаргаж өгөөгүй, ялангуяа
эвдэрсэн гээд байгаа эд ангиуд болох редуктор, зөөлөн холбоо, динамик тормоз нь
хэвийн ажиллагаатай байсан гэдгээ нотолж чадаагүй байгааг шүүх анхаараагүй. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн краны эвдрэл гэмтэл болон доголдлын актаар
тогтоогдсон зөөлөн холбоо, динамик тормоз, эргэхийн редукторын гэмтэл доголдол нь
хариуцагчийн буруутай ажиллагаанаас шалтгаалаагүй болон бэхэлгээ ком бүрэн
байсан гэдэг нь гэрч Ц.Мянганбаярын мэдүүлгээр нотлогдож байх тул байгаа тул 1
бэхэлгээ ком-2 974 500 төгрөг, зөөлөн холбоо 1 ширхэг-230 000 төгрөг, динамик тормоз-
1 ком 1 296 900 төгрөг нийт 4 501 400 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч “Т К” ХХК нь хариуцагч “А Х” ХХК-д холбогдуулан                11 413 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 535 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

            Талууд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 001-2019 тоот түрээсийн гэрээгээр 20140054 арлын дугаартай, 2231 улсын дугаар бүхий QTZ-63 маркийн краныг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 8-10 дугаар тал/

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч “А Х” ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “кран угсралтын үеийн бүртгэл” гэх баримтыг үйлдэж, түрээсийн зүйл болох төхөөрөмжийг хүлээн авч, харин 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч талд буцаан өгөхдөө акт үйлдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хэргийн 37-44 дүгээр тал/

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2 дах хэсгийг үндэслэн эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирол гэж  тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Тодруулбал, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5.1-д “Талуудын төлөөлөгч нар төхөөрөмжийг шалгаж түүний бүрэн бүтэн байдал, ажиллагаа, иж бүрдлийн тухай шалгах хуудсанд тэмдэглэнэ. Төхөөрөмжийг хүлээлцэх тухай шалгах хуудсанд төлөөлөгч нар гарын үсэг зурснаар төхөөрөмжийг хүлээлцсэнд тооцно. Төхөөрөмжийг хүлээн авах, хүлээлгэн өгөхөд түрээслэгч өөрийн эрх бүхий төлөөлөгч томилно. Хэрэв түрээслэгч талаас төхөөрөмжийг хүлээлцэхэд төлөөлсөн хүн ирээгүй тохиолдолд тухайн төхөөрөмжийг хүлээлцсэнд тооцож шалгах хуудсыг бөглөнө”, 5.3-д “Түрээслүүлэгч төхөөрөмжийг хүлээн авах үедээ түрээслэгчийн төлөөлөгчийг байлцуулан төхөөрөмжид тенхикийн үзлэг хийнэ. Хэрэв ийнхүү хүлээн авах үед төхөөрөмж эвдрэл гэмтэлтэй, иж бүрдэл дутуу байвал энэ тухай хоёр талын төлөөлөгч нар акт үйлдэж гарын үсэг зурна” гэж тус тус заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас төхөөрөмж буцаан өгөхдөө үйлдсэн актыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ийм акт байхгүй” гэх тайлбарыг өгсөн тул хариуцагч талаас уг хүсэлтээсээ татгалзсан байна. Иймд нотлох баримт бүрдүүлэх хүрээнд хариуцагч буюу түрээслэгч эд хөрөнгөд хохирол учруулсан гэх байдлыг эргэлзээгүй нотолж чадаагүй байна. /хэргийн 86, 93, 94 дүгээр тал/ Өөрөөр хэлбэл, түрээсийн зүйлийг буцаан хүлээлгэн өгөхөд акт үйлдээгүй нь хариуцагчийн буруугаас болсон гэх байдал тогтоогдсонгүй.

Түүнчлэн, хэрэгт эд анги худалдаж авсан, төхөөрөмжид үйлчилгээ үзүүлсэн гэх баримт авагдсан байх боловч уг төхөөрөмжийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгаснаас учирсан хохирлыг арилгахтай холбоотойгоор авсан буюу уг тээврийн хэрэгсэлд суурилуулсан болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас шалтгаалан үүссэн хохирлыг арилгахад гарсан зардал гэдгийг шууд нотлох хэмжээний баримт болохгүй. /хэргийн 78-85 дугаар тал/ Нөгөөтэйгүүр хэргийн 78, 79, 82, 83, 85 дугаар талд авагдсан баримтууд нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр буюу төхөөрөмжийг хариуцагчид шилжүүлэхээс өмнөх зарлагын баримт байх тул маргааны зүйлд хамааралгүй тул хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 535 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул уг үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03933 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар “А Х” ХХК-аас 535 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т К” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10 878 900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтын “101 932 төгрөг” гэснийг “16 700 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 980 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                     С.ЭНХТӨР