Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
Хэргийн индекс | 140/2018/00056/И |
Дугаар | 13 |
Огноо | 2018-06-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 13
*******эй сумын Засаг даргын Тамгын газрын
эхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч: Ж.Баттогтох Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр Бусад оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.******* Нарийн бичгийн дарга: Д.Ганчимэг нар оролцов.
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүгч Ш.Одонзулын даргалж шийдвэрлэсэн 2018оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 257 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч С.*******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 05 дугаарсарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн *******эй сумын Засаг даргын тамгын газар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас Засаг даргын тамгын газрын 2015-2016 оны санхүүгийн баримтанд шалгалт хийж илэрсэн зөрчилд төлбөрийн акт тавигдсан бөгөөд хариуцагч нар төлбөрийг заасан хугацаанд нь барагдуулаагүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрээр манай байгууллага тухайн төлбөрийг барагдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тухайн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд байгууллагын дансыг хаах мэдэгдэл ирсэн учир оны эцэст Тамгын газар төлбөр барагдуулах арга хэмжээ авсан. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас албан байгууллагад хохирол учирсан тул дээрх хариуцагч албан хаагч нараар ногдох актын төлбөрийг барагдуулахаар нэхэмжилж байна. Миний бие Улаанбаатар хотод албан болон хувийн ажлаар явж байгаа тул 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 10 цагт болох шүүх хуралд очиж амжихааргүй байна. Иймд шүүх хуралдаанд өөрөө оролцохгүйгээр өмгөөлөгчөө оролцуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч С.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
*******эй сумын Засаг дарга Д.******* нь Аймгийн санхүүгийн дотоод хяналт аудитын албанд хүсэлт өгч тус сумын Засаг даргын тамгын газрын 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэн шалгалтаар илэрсэн төлбөрийг Засаг даргын тамгын газрын даргаар шинээр томилогдон ажиллаж байгаа Г.******* нь санхүүгийн албаны дарга С.******* миний биеийг төлбөр хариуцагчаар танай шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа миний хувьд хамааралгүй гэж үзэж байна. Тухайн үед байгууллагын 1, 2-р гарын үсэг зурж төсөв хөрөнгөө зарцуулдаг дарга, ня-бо нар нь тус онуудад шалгалтаар илэрсэн тавигдсан төлбөрийг үйл ажиллагаандаа зарцуулсан. Миний хувьд тухайн байгууллагын зарлагын гүйлгээг Засгийн газрын 2015 оны 01 сарын 26-ны 4-р тогтоолын Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 8.1, 8.4 дэх заалтуудыг үндэслэн төсөв, төрийн сангийн мэргэжилтний анхан шатны баримттай тулгаж, системд шивэн гарын үсэг зурж, тэмдэгээ дарж баталгаажуулсан гүйлгээг батлах үүрэгтэй. Би энэ үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж ажилласан тул төлбөрийг миний бие хариуцахгүй тайлбараа гаргаж байгааг хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Завхан аймгийн *******эй сумын Засаг даргын тамгын газрын болон түүний төлөөлөгч Г.*******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас 2015-2016 оны санхүүгийн баримтаар шалгалт хийж акт тавигдсан ба уг төлбөрийг сумын Засаг даргын Тамгын газар төлж барагдуулсан байна. Шалгалтаар уг төлбөрийг нь миний нэр дээр гаргаагүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Анхан шатны шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн *******эй сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй Б.*******аас 550.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хариуцагч С.*******өөс 3.058.600 төгрөг гаргаж нэхэмжлэгч *******эй сумын ЗДТГазарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.*******өөс 63.888 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийггардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын21-ний өдрийн 257 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ... Тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зардал, төсөв, хөрөнгөө жил, улирал, сарын хуваарьтай төсөвтөө багтааж захирамж тушаалаа гаргаад анхан шатныхаа баримт материалыг бүрдүүлээд дарга, ня/бо нар нь 1, 2 дугаар гарын үсгээ зураад төсөв төрийн сангийн мэргэжилтэн санхүүгийн мэдээллийн системд шивсэн гүйлгээг миний бие ажил үүргийнхээ дагуу баталсан байхад хэсэг бүлэг хүмүүсийн болон шинээр томилогдон ажиллаж байгаа дарга нарын хүсэлтээр өмнө ажиллаж байсан одоо албан тушаал дээрээ ажиллаж байгаа миний нэр дээр хариуцуулж байгаа нь миний хувьд хуульд нийцэхгүй байна гэж гомдол гаргаж байна гэжээ
Хариуцагч нарын өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасантайлбартаа:
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 257 дугаар шийдвэрээр 2 хүний асуудлыг авч хэлэлцсэн. Үүнд С.*******д холбогдуулан 3580600, Б.*******ад 550000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд С.*******ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. С.******* гэдэг хүн бол Дотоод аудитын газраас шалгалт хийсэн материалыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд гардаж аваагүй. Ийм учраас гомдол гаргах нөхцөл боломж байгаагүй. Хоёрдугаарт С.******* гэдэг хүн хариуцагч мөн үү? биш үү? гэдэг асуудал яригдана. С.******* нь төрийн сангаар дамжин гүйцэтгэж байгаа мөнгөн гүйлгээнүүдийг байгууллагуудын хүсэлтийн дагуу шилжүүлж, шийдвэрлүүлдэг. Гэтэл Дотоод аудит акт тавьлаа гэж С.*******өөс 3580600 төгрөгийг *******эй сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэл муутай. Яагаад гэвэл 3580600 төгрөгийг С.******* гэдэг хүн авч хэрэглэсэн, хувьдаа авсан асуудал байдаггүй. Шалгалтын нөхцөл байдлаас харахад 3580600 төгрөгийг хариуцан барагдуулах тухай асуудал байна гэж үзэж байгаа. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй. Мөн хариуцагчийг зөв тодорхойлж чадаагүй. Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, С.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.*******ад холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Завхан аймгийн *******эй сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч С.*******, Б.*******а нарт холбогдуулан Завхан аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 54 тоот актаар тогтоогдсон төлбөр С.*******өөс 3.058,600, хариуцагч Б.*******аас 550.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч С.*******өөс 3.058.600 төгрөг гаргуулж, Б.*******ад холбогдох 550.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байхад тодруулаагүй, үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүйгээс талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг тодорхойлж чадаагүй, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох заалтыг оновчтой хэрэглээгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ямар үндэслэлээр хариуцагч нараас төлбөр нэхэмжилж байгаа эсэх үүнээс үүдээд талуудын хооронд ямар эрхийн харилцаа үүссэн талаар дүгнэлт хийлгүйгээр хариуцагч С.*******өөс 3.058,600 төгрөгийг гаргуулж, Б.*******ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт эрх зүйн дүгнэлт хийгээгүй, харин тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсгийг баримталсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэг нь эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх ерөнхий үндэслэл байх ба энэ зүйл заалтаар маргааныг шийдвэрлэхэд талуудын хооронд эд хөрөнгийн бүрэн эсхүл хязгаарлагдмал хариуцлагын гэрээний аль нэг нь байгуулагдсан эсэхийг шалгаж, тогтоосоны эцэст ажилтанд эд хөрөнгийн ямар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үндэслэл бүрдэнэ.
Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийгээгүй мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 257 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч С.*******ийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.
2. Монгол улсын Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Б.АРИУНБАЯР