Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01710

 

ШСЗДТГ-ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 257 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч ШСЗДТГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Д, Б.Ж нарт холбогдох,

3 608 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас Засаг даргын тамгын газрын 2015-2016 оны санхүүгийн баримтанд шалгалт хийж илэрсэн зөрчилд төлбөрийн акт тавигдсан бөгөөд хариуцагч нар төлбөрийг заасан хугацаанд нь барагдуулаагүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрээр манай байгууллага тухайн төлбөрийг барагдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тухайн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд байгууллагын дансыг хаах мэдэгдэл ирсэн учир оны эцэст Тамгын газар төлбөр барагдуулах арга хэмжээ авсан. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас албан байгууллагад хохирол учирсан тул дээрх хариуцагч албан хаагч нараар ногдох актын төлбөрийг барагдуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.Д шүүхэд гаргасан тайлбартаа: 

Шилүүстэй сумын Засаг дарга Д.Алтанжаргал нь Аймгийн санхүүгийн дотоод хяналт аудитын албанд хүсэлт өгч тус сумын Засаг даргын тамгын газрын 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэн шалгалтаар илэрсэн төлбөрийг Засаг даргын тамгын газрын даргаар шинээр томилогдон ажиллаж байгаа Г.Ганболд нь санхүүгийн албаны дарга С.Д миний биеийг төлбөр хариуцагчаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Миний хувьд хамааралгүй гэж үзэж байна. Тухайн үед байгууллагын 1, 2-р гарын үсэг зурж төсөв хөрөнгөө зарцуулдаг дарга, ня-бо нар нь тус онуудад шалгалтаар илэрсэн тавигдсан төлбөрийг үйл ажиллагаандаа зарцуулсан. Миний хувьд тухайн байгууллагын зарлагын гүйлгээг Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4-р тогтоолын Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 8.1, 8.4 дэх заалтуудыг үндэслэн төсөв, төрийн сангийн мэргэжилтний анхан шатны баримттай тулгаж, системд шивэн гарын үсэг зурж, тэмдгээ дарж баталгаажуулсан гүйлгээг батлах үүрэгтэй. Би энэ үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж ажилласан тул төлбөрийг миний бие хариуцахгүй тайлбараа гаргаж байгааг хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ж шүүхэд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн ШСЗДТГ-ын болон түүний төлөөлөгч Г.Ганболдын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас 2015-2016 оны санхүүгийн баримтаар шалгалт хийж акт тавигдсан ба уг төлбөрийг сумын Засаг даргын Тамгын газар төлж барагдуулсан байна. Шалгалтаар уг төлбөрийг нь миний нэр дээр гаргаагүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 257 дугаар шийдвэрээр Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Шилүүстэй сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй Б.Жадамбаас 550 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хариуцагч С.Дөөс 3 058 600 төгрөг гаргаж нэхэмжлэгч Шилүүстэй сумын ЗДТГазарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Дөөс 63 888 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 257 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч С.Дийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Монгол улсын Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Дийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх нь магадлалынхаа үндэслэх хэсэгт “...анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байхад тодруулаагүй, үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүйгээс талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг тодорхойлж чадаагүй...” гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг хангалттай тодорхойлсон бөгөөд хариуцагч тус бүрээс хэд, хэдэн төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаагаа хангалттай тайлбарлаж бичсэн. Мөн давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэг нь эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх ерөнхий үндэслэл байх ба энэ зүйл заалтаар маргааныг шийдвэрлэхэд талуудын хооронд эд хөрөнгийн бүрэн эсхүл хязгаарлагдмал хариуцлагын гэрээний аль нэг нь байгуулагдсан эсэхийг шалгаж тогтоосны эцэст ажилтанд эд хөрөнгийн ямар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үндэслэл бүрдэнэ...” гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч С.Дийн албан тушаал болох сумын Санхүүгийн албаны дарга нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10 дахь хэсэгт зааснаар Төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарч байна.

Төрийн захиргааны албан хаагч нь төсвийн шууд захирагчтай Үр дүнгийн гэрээ байгуулан, уг гэрээний дагуу албан үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар үр дүнгээ тооцуулдаг. Мөн төрийн жинхэнэ албан хаагчтай төсвийн шууд захирагч Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын болон хязгаарлагдмал хариуцлагын гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн сумын Санхүүгийн албаны даргын албан тушаал нь “Ажил олгогч эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалт”-нд байхгүй байна. Давж заалдах шатны шүүх ийнхүү хуулийг буруу хэрэглэж, Төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан хаагчийг Эд хөрөнгийн бүрэн буюу хязгаарлагдмал хариуцлагын гэрээний үндсэн дээр эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх мөн хуулийг буруу хэрэглэснээс үүдэлтэй гэж үзэж байна.

...Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийг баримталж, шийдвэрээ гарган, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн буруу хэрэглэсэн хуулийн заалт дээр дүгнэлт хийж, тухай албан тушаалын ангилал зэрэглэл, онцлог зохицуулалтыг харгалзан үзэлгүйгээр дүгнэлт хийснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлтэй эсэх, үндэслэлтэй бол яагаад үндэслэлгүй бол ямар үндэслэлээр, эсхүл ямар хуулийг хэрэглэх нь зөв байсан эсэх дээр дүгнэлт хийгээгүйгээс давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа хүчингүй болгосон үндэслэлээ хангалттай тайлбарлаж, дүгнэлт хийж чадаагүй, анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийгээгүйгээс үндэслэх хэсэг нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зэргээс шалтгаалан магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болсон боловч шүүх магадлалын тогтоох хэсэгт энэхүү шийдлийг утга найруулгын алдаатай тусгасан нь учир дутагдалтай болсон байх тул магадлалд энэ агуулгаар залруулга оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ШСЗДТГ нь хариуцагч С.Дөөс 3 058 600 төгрөг, хариуцагч Б.Жадамбагаас 550 000 төгрөг гаргуулах  шаардлагынхаа үндэслэлд Завхан аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 54 дүгээр акт, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай албан шаардлагыг заасан байна. Эдгээр баримтын агуулгаас хариуцагч нарын төлбөр хариуцах үүрэг харагдахгүй байгаагаас гадна сумын Засаг даргын Тамгын газар төлбөрийг барагдуулсан гэх нэхэмжлэлд дурдагдсан байдлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн хариуцагч нарын гэм бурууг тогтоох зорилготойгоор шүүхэд нэхэмжлэгчээс ирүүлсэн зарим баримтын хуулбар уншигдахгүй, гаргацгүй байхад шүүх тэдгээрийг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх ёстой боловч мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй юм.

Харин контрактаар ажиллаж байгаа ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлоо энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй гэж хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.-д заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3., 135.4.-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах ёстой ба ийнхүү эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.

Хариуцагч С.Д, Б.Ж  нар нь тус бүр хөдөлмөрийн ямар төрлийн гэрээтэй ажиллаж байсан, тэдгээртэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж байсан эсэхийг нийтэд илэрхий үйл баримт гэж үзэхгүй тул дээрх байдал нотлох баримтаар тогтоогдсон байх учиртай. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  гомдол үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч С.Дийн давж заалдах гомдлоор хэлэлцсэн атлаа магадлалын тогтоох хэсэгт түүний гомдлыг “хэлэлцэхгүй орхисон” гэж зааж, “давж заалдах гомдол”-ыг “давж заалдсан гомдол” гэж эрх зүйн болон хэл зүйн алдаа гаргасныг магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах шаардлагатай байна.    

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 257 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч С.Дийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж өөрчлөн найруулж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

       

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН