Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 128/шш2022/0517

 


  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “А******” ХХК /РД:2******* /,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.О********,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Н*********,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.С*****, М.Г*******, Н.М******,

Гуравдагч этгээд “Х** ********” ХХК

Гуравдагч этгээдийн төлөөлөгч: З.З******,

Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн өмгөөлөгч: Ж.Д********* нарын хоорондын “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан тендер шалгаруулалттай холбоотойгоор тус яамны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01/**** дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийг хүчингүй болгох, тендерийг дахин хянаж, үнэлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд даалгах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С*****, М.Г*******, Н.М******, гуравдагч этгээдийн төлөөлөгч З.З******, түүний өмгөөлөгч Ж.Д*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А******” ХХК нь “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан тендер шалгаруулалттай холбоотойгоор тус яамны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01/**** дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийг хүчингүй болгох, тендерийг дахин хянаж, үнэлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд даалгуулах”-аар маргаж байна. 

2. “А******” ХХК нь “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан тендер шалгаруулалтад оролцож Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “01/**** дугаартай “гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийг эс зөвшөөрч 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О******** шүүхэд бичгээр гарсан тайлбартаа: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас захиалгаар Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы Сангийн санхүүжилттэй "Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй" төслийн хүрээнд CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ногоон хашаа дэд төсөл (Улиастай, Завхан) ХНУБУХААТ/********/**/**тоот ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дотоодын нээлттэй өрсөлдөөнт тендерийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зарлаж Азийн хөгжлийн банкны Зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын дагуу үнэлж, 2021 оны 09 дүгээр сарын 10 ны өдрийн 01/**** дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэлд "Х** ********" ХХК нь тендерийн нээлтийн үед зарлагдсан тендерийн үнэ 2,150,919,554.00 төгрөг. Тендер шалгаруулалтын үнэлгээ хийх явцад 256,818,192.00 төгрөг хасч үнэлгээг хийж, тендерийн үнэлэгдсэн үнэ 1,894,101,372.00 төгрөгөөр шалгаруулалтыг явуулсаныг мэдэгдсэн.

1. Тус яамны Тендерийн үнэлгээний хороо нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 1 дүгээр бүлгийн ТОӨЗ 7.4, 31.3 34.3, 2 дугаар бүлгийн ТОӨЗ 4.8, 12.1 ( ж), 3 дугаар бүлгийн (үнэлгээний ба чадварын шалгуур)-ын 1.5-д заасан заалтуудыг зөрчиж шалгаруулалтыг явуулсан. Үүнд: 

"Х** ********"ХХК-ийн тендерийг Тендерийн баримт бичгийн 1 дүгээр булэг "Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа"-ны 31.3, 34.2. дахь заалт болон 3 дугаар бүлэг "Үнэлгээний ба чадварын шалгуур"-ын 1.5 (Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс) -д заасны дагуу тендерийг шудрагаар харьцуулах нөхцөлийг хангах зорилгоор тендерийн унэд залруулга хийсэн тухай мэдэгдсэн.

ТОӨЗ 31.3-д Хэрэв тендерийг үндсэнд нь шаардлага хангасанд тооцсон бол захиалагч тендерийн үнэд хамааралтай, тоогоор илэрхийлэгдэж болохуйц жижиг зөрүүг засаж залруулна. Залруулга хийхдээ 3 дугаар бүлэг (Үнэлгээний ба чадварын шалгуур)-т тодорхойлсон аргачлалыг хэрэглэнэ. /Батлагдсан ТББ-ийн 19-р хуудас/,

3 дугаар бүлэг "Үнэлгээний ба чадварын шалгуур"-ын 1.5 (Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс)-ийн өртгийг доор дурдсаны дагуу тооцно:

ТОӨЗ 31.3-д заасны дагуу тоолж хэмжигдэх жижиг ээрүү эсхүл орхигдуулсан зүйлсийн зардлыг үнэлнэ. Захиалагч нь тендерийг шудрагаар харьцуулах нөхцлийг хангах зорилгоор аливаа жижиг зөрүү ба орхигдуулсан зүйлсийн зардлын талаар өөрийн гэсэн үнэлгээг хийнэ. /ТББ-ийн 33-р хуудас/,

2. Тендерийг тэгш шудрагаар харьцуулахын тулд жижиг орхигдуулсан зүйлс эсхүл тусгагдаагүй үлдээсэн ажлын зардлыг тендерийн үнэ дээр нэмж тооцно. Батлагдсан ТББ-ийн 34-р хуудас/ гэж заасныг зөрчсөн.

3. ТОӨЗ 4.8-д Ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл. "Шаардлагатай"

БА 3.2 ба эсвэл түүнтэй дүйцэх 2.3.2 Усны барилга байгууламжийн угсралт,өргөтгөл шинэчлэлийн ажил; (эсвэл БА 2.1 эсхүл түүнтэй дүйцэх 2.1.2 Цутгамал болон угсармал темер бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил)

Тендерт дангаараа оролцож байгаа оролцогч нь бүх тусгай зөвшөөрөлтэй байх. ЭРХ-1, маягт, ЭРХ-2 маягт

4. "Х** ********" ХХК нь Тендерт оролцохдоо дараах барилга угсралтын заалтуудтай тендерт оролцсон. Үүнд:

БА 4.1 Цутгамал болон угсармал төмөр бетон өрөгт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт өргөтгөл засвар шинэчлэлт тохижилтын ажил,

БА 6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах, татуургын шугам сүлжээ тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

БА 6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт.

БА 6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.

БА 6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ,гал унтраах болон галын аюулын дохиололын системийн угсралт тэдгээрийн тоног төхөөрөөмж тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.

БА 8.1 Тохижилтын заалт гэх мэт .........

Энэ нь ТОӨЗ 12.1(ж) -д заасан ТОӨЗ 4.8-д дурьдсан тусгай зөвшөөрөл ирүүлнэ.

   Тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно. 5. ТУР -1 маягтыг бөглөхөд дараахь шаардлага шаардсан.

• Сүүлийн 3 жилд (2018, 2019, 2020 он) гүйцэтгэсэн усны барилга байгууламжийн ажилтай, ижил төстэй (усны барилга байгууламж, үерийн хамгаалалтын болон замын далан, суваг шуудуу, усан сан, хөв цөөрөм, барилгын арматур бетон цутгалт) ажлын жагсаалтыг ирүүлнэ гэж заасан.

Сүүлийн 3 жилд амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мен санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 1,087,650,000,00 төгрөгөөс доошгүй байх.

Усны барилга байгууламжийн ижил төстэй (усны барилга байгууламж,үерийн хамгаалалтын болон замын далан, суваг шуудуу, усан сан, хөв цөөрөм барилгын арматур бетон цутгалт) ажил гүйцэтгэсэн гэрээнүүдийн хуулбар улсын /техникийн комиссын актуудыг хавсарган ирүүлнэ.

Дээрхи ажлын заалт БУ 2.3.2, усны барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэл, барилга угсралтын ажил хийж гүйцэтгэдэг нарийн мэргэжлийн үйл ажилагааны заалттай. Гэтэл:

"Х** ********" ХХК нь Барилга хот байгуулалтын яамнаас олгогдсон барилга угсралтын тусгай зөвшөөрлийн дугаар БУ11-823/16. Тусгай зөвшөөрлийг хүчинтэй хугацаанд Усны барилга байгууламж барих, өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй атал ТУР-1 маягтын шаардлагыг хангаж тендерт хэрхэн шалгарсан нь эргэлзээтэй төдийгүй тендерийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

БУ 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

БУ 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсаралт,өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/

Бу 2.1.4 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил/ 1-16 давхар хүртэл/

БУ 2.2.2 Барилгын дотор талын гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон аюулын дохиололын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт. 

Tender gov.mn нээс "Х** ********" ХХК -ны тендерт оролцож хийж гүйцэтгэсэн ажлын мэдээллийг шалгахад 2014 оноос хойш ажил хийж гүйцэтгээгүй байна. /Баримтыг хавсаргав/

Дээрх заалтаар "Х** ********" ХХК нь тендерт оролцохдоо ТУР-1 маягт, хүснэгт хэрхэн бөглөсөн, холбогдох баримтууд тендерийн материалд хэрхэн хавсаргасан нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн тогтоох боломжтой.

Үндсэн үйл ажиллагааны туршлагын шаардлага энгийн гэрээнд хамаарахгүй бөгөөд үндсэн үйл ажиллагааны шалгуур нь зөвхөн тендерт оролцогчийн барилгын ажлын нарийн мэргэжлийн үйл ажиллагаа (газар доогуур хонгил ухах, газрын хөрсийг бэхжүүлэх, гүүр барих)-ны туршлагыг шалгах ёстой атал уг үйл байдлыг тогтоогоогүй.

6. Санхүүгийн аудитлагдсан тайлан сүүлийн 3 жилийн хуулбар (2018,2019,2020 он)

7. ТББ-ийн 4-р бүлэгт заасан тендерийн үнийн маягт болон хуваарийн дагуу тендерийн үнийг ирүүлнэ. Энэ маягтаар тендерийн үнийг ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно. Мөн нэмэлтээр тендерын үнийг МУ-ын барилгын төсөв зохиох дүрэм (БНбД 81-95-12*/2020)-ийн дагуу бэлтгэн эрх бүхий төсөвчнөөр батлуулан ирүүлнэ.

"Х** ********" ХХК-ийн тендерт ирүүлсэн баримтад бороожуулагч машины үнэ 256,818,192.00 төгрөг тусгасан байсныг хасч үнэлгээг хийсэн тухайг Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн М.Г******* тухайн ажилд бороожуулагч машин тусгагдаагүй тул тендерийн үнээс хасч шалгаруулалтыг явуулсан гэж утсаар бидэнд мэдэгдсэн нь ТББ-ийн 1-дүгээр бүлэг "Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 34.3 дахь заалт: Захиалагч Тендерийн баримт бичгийн шаардлагад заагаагүй давуу зүйлийг нэмэлтээр тусгасан өөрчлөлт, зөрүү, хувилбарт тендерийг тендерийн үнэлгээнд үл харгалзана гэсэн заалтыг илт зөрчсөн.

8. Тендерийн баримт бичгийн 1 дүгээр бүлгийн ТОӨЗ 7.4-д тендерийн баримт бичигт шаардсан мэдээлэл баримт материалыг ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэлтэй гэж заасан. Үүнд; АЖИ-1 маягт Санал болгож буй ажилтанууд, АЖИ- 2 маягт Санал болгож буй новч намтар Батлагдсан ТББ-ийн 49-50 хуудас,

6 дугаар бүлгийн (Тодорхойлолт ба бусад шаардлага)-т заасны дагуу Батлагдсан ТББ-ийн 69-99 хуудас/,

Техникийн тодорхойлолтод: Усны эх үүсвэр, усны түвшин өргөх барилга, дөхүүлэх суваг,толгойн барилга, гол суваг, хувиарлах сув аг, салбар суваг, ус хаях суваг, ус авах хоолой, хамгаалалтын хашаа, ойн зурвас гэх мэт ажлуудыг гүйцэтгэнэ. Санал болгож буй ажилтнуудын тоо нь 16 инженер техникийн ажилчид байхаар тусгасан.

Усны барилга байгууламжийн инженер нь усны барилга байгууламж, засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн зэрэгтэй байх. Нийт ажлын туршлага 5 жил, ижил төстэй ажлын туршлага 3 жил товч намтар,

Төслийн ерөнхий инженер нь (дор хаяж усны барилгын мэргэшсэн эсхүл зөвлөх инженерийн зэрэгтэй инженер байх) ажлын туршлага нь 10 жил, ижил төстэй ажлын туршлага 5 жил /товч намтар.... гэх мэт шаардлага хангасан байх /ТББ-ийн 97 хуудас/,

Тоног төхөөрөмжийг шаардлага ТОН маягтыг бөглөнө. /Батлагдсан ТББ-ийн 99 хуудас/ гэх мэт дээрх шаардлагуудыг үндсэнд нь шаардлага хангасанд тооцсон бол захиалагч тендерийн үнэд хамааралтай, тоогоор илэрхийлэгдэж болохуйц жижиг зөрүүг засаж залруулна гэж заасныг зөрчсөн...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:  Нэг. CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Ногоон хашаа дэд төсөл (Улиастай, Завхан ХНУБУХААТ/********/**/**) тоот тендер шалгаруулалт нь Азийн хөгжлийн банкны Зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын хүрээнд явагдсан. Учир нь:

Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Vegetable Production and Irrigated Agriculture Project” олон улсын гэрээ байгуулагдсан. Энэ нь Азийн хөгжлийн банкны албан ёсны сайтад олон нийтэд ил тод байршуулагдсан байгаа. Тус олон улсын гэрээний дагуу Монгол улсад “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” L3895,L3896,G9205-MON төслийг Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы Сангийн санхүүжилтээр 2020-2026 онуудад  хэрэгжүүлэхээр болсон.

Дээрх олон улсын гэрээний 4 дүгээр хавсралтын 3 дугаар заалтад:

·   “Худалдан авах ажиллагаа: Зээлдэгч нь, Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар дамжуулан доорх заалтыг хангаж ажиллана: а) Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг Худалдан авах ажиллагааны бодлого, Худалдан авах ажиллагааны журмын дагуу тус тус явуулна” гэж заасан,

·   мөн тус гэрээний 1 дүгээр зүйлийн нэр томьёо хэсгийн 1.02 дахь заалтын  (v)-д “Худалдан авах ажиллагааны бодлого” гэдэг нь Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны бодлого-Бараа, ажил, зөвлөх ба зөвлөхийн бус үйлчилгээ (2017 онд батлагдсан, түүнд оруулах нэмэлт өөрчлөлтүүд)-ийг хэлнэ,

·   (w)-д “Худалдан авах ажиллагааны журам” гэж Азийн хөгжлийн банкны Зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журам (2017 онд батлагдсан, түүнд оруулах нэмэлт өөрчлөлтүүд)-ийг хэлнэ” гэж тус тус заасны дагуу төслийн бүх худалдан авах ажиллагаа нь “Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу явагдаж байна. Энэхүү журам нь Азийн хөгжлийн банкны албан ёсны сайтад олон нийтэд ил тод монгол хэлээр байршуулагдсан байгаа. (https://www.adb.org/mn/documents/procurement-regulations-adb-borrowers)

Мөн Азийн хөгжлийн банкны Зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын “Оршил” хэсгийн 1.26-д “Азийн хөгжлийн банкны хяналт: Худалдан авах ажиллагаа нь харилцан тохиролцсон горимын дагуу явагдаж байгаа эсэхийг баталгаажуулах зорилгоор Азийн хөгжлийн банк нь эрсдэлд суурилсан аргын хүрээнд зээлдэгчийн худалдан авах ажиллагааны горим, баримт бичиг, тендерийн үнэлгээ, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж болон гэрээг урьдчилсан ба дараах хяналт (түүврийн арга)-ыг ашиглан хянана” гэж заасны дагуу худалдан авах ажиллагааны үе шат болгонд, тухай бүрт нь Азийн хөгжлийн банк хяналт тавьж холбогдох зөвшөөрлийг олгосны дагуу худалдан авах ажиллагааны дараагийн үе шат үргэлжлэн явагддаг.

Дээрх олон улсын гэрээний 1 дүгээр зүйлийн нэр томьёо хэсгийн 1.02 дахь заалтын (ч)-д “Төслийн хэрэгжүүлэгч гэдэг нь зээлийн журмын дагуу зээлийн төслийг захиран зарцуулах байгууллага буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам юм” гэж заасан.

“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл”-ийн хүрээнд CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Ногоон хашаа дэд төсөл (Улиастай, Завхан)-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дотоодын нээлттэй өрсөлдөөнт тендерийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зарлагдсан бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/33 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийг үнэлж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан.

Хоёр. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 1 дүгээр бүлгийн ТОӨЗ 7.4, 31.3, 34.3, 2 дугаар бүлгийн ТОӨЗ-ийн 12.1 (ж), 3 дугаар бүлэг “Үнэлгээний ба чадварын шалгуур”-ын 1.5 дахь заалтуудыг зөрчиж шалгаруулалтыг явуулсан гэх тухайд:

Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг боловсруулан Азийн хөгжлийн банкаар 3 удаа хянуулж санал зөвлөмж тайлбарыг нь  тусгаж эцэслэн боловсруулж дахин хянуулсны дүнд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Азийн хөгжлийн банк нь тендерийн баримт бичгийг баталж зарлах зөвшөөрөл өгсөн. Үүний дагуу тендерийн баримт бичгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулсан.

Дээрх батлагдсан тендерийн баримт бичгийн 1 дүгээр бүлэг Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны:

·   31.3-т “Хэрэв тендерийг үндсэнд нь шаардлага хангасанд тооцсон бол захиалагч тендерийн үнэд хамааралтай, тоогоор илэрхийлэгдэж болохуйц жижиг зөрүүг засаж залруулна. Үүний үр дүнд орхигдуулсан эсхүл нийцээгүй зүйл эсхүл бүрэлдэхүүн хэсгийн үнийг тусгахын тулд зөвхөн харьцуулах зорилгоор тендерийн үнэд залруулга хийнэ. Залруулга хийхдээ 3 дугаар бүлэг “Үнэлгээний ба чадварын шалгуур”-т тодорхойлсон аргачлалыг хэрэглэнэ.” гэж,

·   34.2-т “Захиалагч тендерийг үнэлэхдээ тендерийн үнэд дараах байдлаар залруулга хийж , тендерийн харьцуулах үнийг тодорхойлно. Үүнд:

(а) ТОӨЗ-ны 32.1-д заасны дагуу арифметик алдааг шалгаж тендерийн үнийг залруулах;

(б) ажлын тоо хэмжээний нэгтгэл дэх нөхцөлт зардал болон магадлашгүй ажлын зардлын дүнг хасч, өдөр-ажлын зардлыг оруулан тооцсон тендерийн үнэ;

(в) ТОӨЗ-ны 15.5-д заасны дагуу санал болгосон үнийн хөнгөлөлтийг тооцож тусгах;

(г) ТОӨЗ-ны 31-д заасны дагуу тоогоор илэрхийлж болох жижиг зөрүүг тендерийн үнэд тусгах;

(д) ТОӨЗ-ны 37-д заасны дагуу тендер нь хэт бага үнэтэй эсэхийг үнэлэх;

(е) 3 дугаар бүлэг (Үнэлгээний ба чадварын шалгуур)-т дурдсан үнэлгээний хүчин зүйлсийг ашиглах.” гэж заасан,

·   мөн 3 дугаар бүлэг “Үнэлгээний ба чадварын шалгуур”-ын 1.5-д “Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс: Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, мөн/эсхүл орхигдуулсан зүйлсийн өртгийг доор дурьдсаны дагуу тооцно: ТОӨЗ 31.3-т заасны дагуу тоолж хэмжигдэх жижиг зөрүү эсхүл орхигдуулсан зүйлсийн зардлыг үнэлнэ. Захиалагч нь тендерийг шударгаар харьцуулах нөхцөлийг хангах зорилгоор аливаа жижиг зөрүү ба орхигдуулсан зүйлсийн зардлын талаар өөрийн гэсэн үнэлгээг хийнэ.” гэж тус тус  заасан байгаа.

Тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэг – Тодорхойлолт ба бусад шаардлага хэсэгт услалтын системийн тоног төхөөрөмж тусгагдаагүй бөгөөд тендер ирүүлсэн бусад 5 компани нь услалтын системийн тоног төхөөрөмжийн үнэ гэж тендерийн үнэд тусгаж ирүүлээгүй юм.

   Гэтэл “Х** ********” ХХК тус услалтын системийн тендерт үнийн санал ирүүлэхдээ дотоодоос худалдан авах тоног төхөөрөмжүүдийн үнэ 181,818,182, гадаадаас импортлох материал тоног төхөөрөмжийн үнэ 65,000,000, суурилуулалт, механик автоматжуулалтын үнэ 10,000,000 төгрөг гэж шаардлагагүй илүү зүйл тусгаснийг Тендерийн баримт бичгийн 1 дүгээр бүлэг “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 31.3, 34.2 дахь заалт болон 3 дугаар бүлэг “Үнэлгээний ба чадварын шалгуур”-ын 1.5 (Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс)-д заасны дагуу нийт 256,818,192 төгрөгийг хасаж тендерийн үнийг 1,894,101,372.00 төгрөг болгож залруулан үнэлсэн.

    Дээрх үнэлгээгээ тендерт оролцогч бүх компаний ирүүлсэн тендерийн иж бүрэн материалын хамт  Азийн хөгжлийн банканд хүргүүлж хянуулсан.

   Азийн хөгжлийн банк дээрх тендерийн үнэлгээг хянаж үзээд үнэлгээний хорооны зөвлөмжийг баталж улмаар 2021.09.09-ний өдөр Х** ******** ХХК-тай 1,894,101,372.00 төгрөгийн гэрээ байгуулах эрх олгосон тухай зөвшөөрөл ирүүлсэн.

Гурав. Тендерийг шударгаар харьцуулахын тулд жижиг орхигдуулсан зүйлс, эсхүл тусгагдаагүй үлдээсэн ажлын зардлыг тендерийн үнэ дээр нэмж тооцно  гэж заасныг зөрчсөн гэх тухайд:

Тус тендерийн үнэлгээний хувьд тусгагдаагүй үлдээсэн, орхигдуулсан ажлын зардал байхгүй. Харин “Х** ********”  ХХК-ийн хувьд услалтын системийн тоног төхөөрөмжийн үнэ гэж илүү зүйл тусгаж ирүүлсэн учраас үүнийг тендерийн үнээс хасаж  батлагдсан тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлгийн “Үнэлгээний ба чадварын шалгуур”-ын 1.5 (Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс)-д “Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс: Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, мөн/эсхүл орхигдуулсан зүйлсийн өртгийг доор дурьдсаны дагуу тооцно: ТОӨЗ 31.3-т заасны дагуу тоолж хэмжигдэх жижиг зөрүү эсхүл орхигдуулсан зүйлсийн зардлыг үнэлнэ. Захиалагч нь тендерийг шударгаар харьцуулах нөхцөлийг хангах зорилгоор аливаа жижиг зөрүү ба орхигдуулсан зүйлсийн зардлын талаар өөрийн гэсэн үнэлгээг хийнэ.” гэж заасны дагуу тендерийг шударгаар харьцуулах нөхцөлийг хангах зорилгоор тендерийн үнэд залруулга хийсэн.

   Нэхэмжлэгч “А******” ХХК нь дээрх асуудлаар Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газарт удаа дараа гомдол гаргаж байсан.

   Азийн хөгжлийн банкны консулар (ADB counselor) нь Тендерийн баримт бичгийн 1 дүгээр бүлэг “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 31.3, 34.2 дахь заалт болон 3 дугаар бүлэг “Үнэлгээний ба чадварын шалгуур”-ын 1.5 (Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс)-д заасны дагуу “Х** ********” ХХК-ийн тендерийн үнийг залруулсан үнэлгээний хорооны хурлын шийдвэрийг үндэслэлтэй зөв гэж үзэн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн хариуг и-мэйлээр ирүүлсэн.

Дөрөв. Тусгай зөвшөөрөл, ТУР-1 маягтын шаардлага, төсөвт өртөг, санхүүгийн аудитлагдсан тайлангийн  тухайд:

Тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэг – Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 4.8-д “Ажил гүйцэтгэхэд шаардагдах тусгай зөвшөөрөл: “шаардлагатай”.

Тусгай зөвшөөрлийн ялгах дугаар ба нэр: Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар батлагдсан суурь нөхцөл, шаардлага: (Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 дугаар тушаалаар батлагдсан суурь нөхцөл, шаардлагатай дүйцнэ),

1)               БА 3.2 ба эсхүл түүнтэй дүйцэх 2.3.2. Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил; (эсвэл БА 2.1 эсхүл түүнтэй дүйцэх 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил)” гэж тусгай зөвшөөрлийг шаардсан.

Энэ нь дээрх 2 тусгай зөвшөөрлийн аль нэг нь байхад тусгай зөвшөөрлийн шаардлага хангасанд тооцогдохоор байна.

Х** ******** ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд БА 6.1, БА 6.2, БА 6.3, БА 6.4, БА 8.1 болон  “БА-4.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажил” тусгай зөвшөөрлийг ирүүлсэн. Улсын бүртгэлийн 000226824 тоот гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг “Барилга угсралтын 2.1.1, 2.1.2, 2.1.4, 2.2.2 заалтын дагуу /2016-05-23 -2021-05-23/” гэж заасан бөгөөд үүнтэй хавсаргаж Монголын барилгын  Үндэсний Ассоциаци ТББ-ын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн.

 Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар “Дүрэм шинэчлэн батлах тухай” тушаалын 2.2-д “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал дээшлэхэд өмнөх ангиллын холбогдох төрлийн барилга байгууламжууд тухайн ангилалд шууд хамаарна” гэж заасан учир БА-4.1 тусгай зөвшөөрлийн ажлын хамрах хүрээнд БА-2.1 тусгай зөвшөөрөл нь багтаж байгаа бөгөөд БА-4.1 тусгай зөвшөөрөл нь төвөгшлийн ангиллаараа илүү өндөр учир БА-2.1 тусгай зөвшөөрлийг бүрэн орлох чадвартай юм.

Батлагдсан тендерийн баримт бичгийн ТУР-1 маягт буюу үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлагын хувьд:

Тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэг–Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 12.1(ж)-д усны барилга байгууламжийн ажилтай ижил төстэй ажлыг усны барилга байгууламж, үерийн хамгаалалтын болон замын далан, суваг шуудуу, усан сан, хөв цөөрөм, барилгын арматур бетон цутгалт гэж тодорхой зааж өгсөн.

“Х** ********” ХХК нь сүүлийн 3 жилд (2018-2020 онуудад) усны барилга байгууламжийн ажилтай ижил төстэй буюу барилгын арматур бетон цутгалтын  ажлыг гүйцэтгэсэн байна. Үүнд: 

• “Х** ********” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Герман стандарт” ХХК-тай 14 давхар барилга угсралтын ажил гүйцэтгэх 1,408,448,213.00 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж  2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт үйлдсэн байна. Тайлбар: Усны барилга байгууламжийн гол ажлууд болох толгойн барилга, түвшин өргөх далан, хуваарилах барилга болон гол суваг, хуваарилах суваг, дөхүүлэх суваг, салбар сувгуудыг бетон цутгалтаар хийх учир ижил төстэй ажлын жагсаалтанд барилгын арматур бетон цутгалтын ажил багтсан тул энэ нь ижил төстэй ажлын шаардлагад нийцэж тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан болно.

•  “Х** ********” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Тайк ДХД”  ХХК-тай дулаан, бохир, цахилгаан татаж холбох ажил гүйцэтгэх 336,440,000.00 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Тайлбар: Усны барилга байгууламжийн гол суваг, хуваарилах суваг, дөхүүлэх суваг, салбар суваг болон хуваарилах сувгийн далд хоолойн барилгын ажил нь ус дамжуулах далд сүлжээний ажилтай ижил төстэй ажлын шаардлагад нийцэж тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан болно.

• “Х** ********” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Герман стандарт” ХХК-тай барилга угсралт, үерийн ус зайлуулах системийн ажил гүйцэтгэх 2,192,162,000.00 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Тайлбар: Тус гэрээгээр уулын үерийн усыг орон сууцны хорооллын дундуур орохоос сэргийлж үерийн усны даланг байгуулж, усыг зайлуулах цогц системийг хийж гүйцэтгэсэн үерийн хамгаалалтын болон замын далан, суваг шуудуу барих ижил төстэй ажлын шаардлагад нийцэж тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасанд тооцогдсон.

Уг тендер нь цаасан суурьтай уламжлалт хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд Азийн хөгжлийн банкны журмын дагуу тухайн тендерт оролцогч компаниудын ирүүлсэн  тендерийн материалд үндэслэж тендерийн үнэлгээг хийсэн.  Энэ тендер шалгаруулалт нь цахим тендер биш учраас tender.gov.mn сайтнаас мэдээлэл авах шаардлагагүй юм. 

“Х** ********” ХХК нь санхүүгийн аудитлагдсан тайлангийн сүүлийн 3 (2018, 2019, 2020 он)  жилийн хуулбарыг өөрийн тендертэй хамт ирүүлсэн.

Мөн “Х** ********” ХХК нь тендерийн төсөвт өртөгийг мэргэшсэн төсөвчин Л.Баасангараваар батлуулан ирүүлсэн байсан.

   Тав. Тендерийн баримт бичгийн 1 дүгээр бүлгийн ТӨОЗ 7.4-д тендерийн баримт бичигт шаардсан мэдээлэл баримт материалыг ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэлтэй гэж заасан. Үүнд; АЖИ-1 маягт Санал болгож буй ажилтанууд, АЖИ-2 маягт Санал болгож буй ажилтнуудын товч намтар гэх тухайд:

“Х** ********” ХХК нь тендерийн баримт бичигт заасан ажилтнуудын шаардлага АЖИ-1, АЖИ-2, тоног төхөөрөмжийн шаардлага ТОН маягтуудыг бүрэн бөглөж ирүүлсэн нь тендерийн баримт бичигт шаардсан шаардлагыг хангасан.

   Тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэг – Ажилтнуудын шаардлагад “Усны барилга байгууламжийн инженерийн нийт ажилласан жил нь 5, үүнээс 3 жил нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх ёстой” гэж заасан.

“Х** ********” ХХК-ийн санал болгосон Нямгэрэл овогтой Нэмэхбаяр нь нийт ажилласан жил нь 13, үүнээс 10 жил нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн нь тендерийн баримт бичгийг шаардлагыг хангасан.

Ажилтнуудын шаардлагад “Төслийн ерөнхий  инженерийн нийт ажилласан жил нь 10, үүнээс 5 жил нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх ёстой” гэж заасан. “Х** ********” ХХК-ийн санал болгосон Нямсүрэн овогтой Солонго нь нийт ажилласан жил нь 20, үүнээс 11 жил нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн нь тендерийн баримт бичгийг шаардлагыг хангасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Х** ********” ХХК-ийн төлөөлөгч З.З****** шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар Азийн Хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы Сангийн санхүүжилтээр Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй" L3895 / L3896 / G9205 төслийн хүрээнд CW-6 багцын дугаартай услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил, " Ногоон хашаа дэд төслийн гүйцэтгэгч шалгаруулах дотоодын нээлттэй өрсөлдөөнт тендерийг 2021 оны 05-р сарын 31-ний өдөр зарласан.

Манай компани уг тендерт зохих журмын дагуу оролцож, ХХААХҮЯ-ны 2021/09/10 дрийн 01/**** тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл, МӨН 2021/09/28 едрийн 01/3018 тоот Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг тус тус хүлээн авч Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Завхан аймаг, Улиастай сумын Ногоон хашаа " дэд төсөлд гүйцэтгэгчээр шалгарсан билээ.

Уг тендер шалгаруулалтын асуудалтай холбоотойгоор " А*******" ХХК-ийн нэхэмжлэлд дурдагдсан дараахь асуудлуудад тайлбар хүргүүлж байна.

1. ХХААХҮЯ-ны 2021/09/18-ны өдрийн 01/3018 тоот Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийн дагуу уг тендерийн ажлыг 1,894,101,372,0 / Нэг тэрбум найман зуун ерэн дөрвөн сая нэг зуун нэг мянга гурван зуун далан хоёр / төгрөгийн үнийн дүнгээр хийж гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. / Албан бичиг хавсаргав./

2. Ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн тухайд, Барилга хот байгуулалтын сайдын 2018/01/19-ний 11 дүгээр тушаалаар батлагдсан суурь нөхцөл шаардлагад тавигдснаар Х** *******ХХК нь тендерийн хүчинтэй хугацаанд БА - 4.1, БА - 6.1, БА - 6.2, БА - 6.3, БА - 6.4, БА - 8.1 зэрэг тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байсан. Энэ заалтууд нь БХБ-ын сайдын 2013/05/07-ны едрийн 89-р тушаалаар батлагдсан суурь нөхцөл, шаардлагатай дүйцнэ /,

ТОӨЗ - 4.8 зааснаар БА 2.1 болон түүнтэй дүйцэх 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийх тусгай зөвшөөрлийн заалт нь 2018/01/19 -ний тушаалын БА-6.1 заалттай дүйцнэ. Тусгай зөвшөөрлийн хуулбарыг хавсаргав.

3. ТУР - 1 маягтыг бөглөхөд тавигдах шаардлагын тухайд, Сүүлийн 3 жилийн хугацаанд тендерийн бичиг баримтын шаардлагын дагуу 2018, 2019, 2020 онд гүйцэтгэсэн усны барилга байгууламжийн ажилтай ижил төстэй, үерийн ус зайлуулах суваг, барилгын бетон арматур цутгалтын ажил хийж гүйцэтгэсэн гэрээ, ажлын жагсаалт, улсын комиссын дүгнэлтийн хуулбарыг хавсарган хүргүүллээ.

4. ТББ-ийн 4-р бүлэнт заасан тендерийн үнийн маягт болон хуваарийн дагуу тендерийн үнийг ирүүлнэ гэсний дагуу үнийг хуваарын дагуу явуулсан. Тендерийн үнийг барилгын норм дүрмийн дагуу МУ-ын мэргэшсэн төсөвчин /472 - 05/ Л. Баасангарав бэлтгэж баталсан.

5. ТББ-ийн 1-р бүлгийн ТОӨЗ 7.4-д заасны дагуу АЖИ-1 маягт санал болгож буй ажилтанууд, АЖИ 2 маягт Санал болгож буй товч намтар зэргийг - тендерийн бичиг баримтын шаардлагын дагуу бэлтгэн хүргүүлсэн. Бичиг баримтын хуулбарыг хавсаргав.

“Х** ********" ХХК нь Тендер шалгаруулалтын журмын дагуу материал бүрдүүлж оролцож шалгарсан бөгөөд тендерт заагдсан хугацаанд ХХААХҮ-тай усалгааны ажлын гэрээ байгуулж, ажил гүйцэтгэх төлөвлөгөө батлуулан үйл ажиллагаагаа эхлүүлэн ажил явагдаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “А******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “А******” ХХК-ийн захирал Б.О******** тус шүүхэд хандаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01/**** дугаар “Гэрээ байгуулах эрх олгох  тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах, тус Яамны “CW-6.Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан ХНУБУХААТ/********/**/** тоот тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож тендерийг дахин үнэлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Азийн хөгжлийн банк болон Япон улсын  “Ядуурлыг бууруулах сан”-гийн санхүүжилтээр хийгдэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар “CW-6.Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан ХНУБУХААТ/********/**/** тоот тендер сонгон шалгаруулалтыг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зарлаж, Азийн хөгжлийн банкны “Зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу үнэлснээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01/**** дугаар “Гэрээ байгуулах эрх олгох  тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ээр ““Х** ********” ХХК нь нээлтийн үед зарлагдсан тендерийн үнэ-2 150 919 554 төгрөг, тендерийн үнэлэгдсэн үнэ-1 894 101 372 төгрөгөөр шалгарсан, бусад оролцогчдын тендерийн нээлтийн үнэ болон тендерийн үнэлэгдсэн үнэ ижил буюу “Смарт грийн девелопмент” ХХК 2 175 085 478 төгрөг, “Тэсийн бүрд” ХХК 2 100 000 000, “Велмот” ХХК 2 099 480 876, “А******” ХХК 2 083 487 179, Гээт ХХК 1 882 730 913 төгрөг гэж үнэлэгдсэн, А****** ХХК нь тендерт шалгарсан оролцогчоос 189 385 807 төгрөгөөр өндөр үнийн дүнтэй тендер ирүүлсэн...” гэж тус тус мэдэгджээ.

Уг мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан ”захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагшаа чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон...захиражилсан шийдвэр...” гэх шинжийг бүхэлд нь агуулсан, тухайлбал уг албан бичигт нэхэмжлэгчийг, шалгарсан тендерт оролцогчоос 9,99% өндөр үнийн санал ирүүлснийг, “Х** *******” ХХК шалгарсныг тус тус мэдэгдсэнээр нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар, дарамт учруулсан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул дараахь үндэслэлүүдээр  “Гэрээ байгуулах эрх олгох  тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийн “А******” ХХК болон “Х** ********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Үүнд:

1.                Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “...тендер шалгаруулалтын өгөдлийн хүснэгтийн 1 дүгээр бүлгийн холбогдох заалтыг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч дээрхи мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “Х** ********ХХК нь тендерийн үнэ-2 150 919 554 төгрөг гэж үнийн санал ирүүлсэн байхад түүний ирүүлсэн тендерийг буруу үнэлж үнийн дүнг бууруулан тендерийн үнэлэгдсэн үнэ-1 894 101 372 төгрөг гэж дүгнэн шалгаруулсан...нь хууль бус” гэж маргасан.

Азийн хөгжлийн банкны “Зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журам”-ын 3 дугаар хавсралтын 69-д “Тендерт оролцогч тендерийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерийн саналыг өөрчилж үл болно. Зээлдэгч нь тендерт оролцогчоос тендерийн саналыг үнэлэхэд шаардлагатай аливаа нэгэн тодруулгыг хүсч болох боловч тендер нээснээс хойш тендерт оролцогчоос тендерийн саналын агуулга болон үнийг өөрчлөх, эсхүл тендерийн баримт бичигт шаардсан чухал баримтыг ирүүлэхийг шаардах эсхүл зөвшөөрөхийг хориглоно.”, гэж, 90-д “Тендерийн баримт бичигт заагаагүй ажлыг гүйцэтгэхийг, эсхүл анх ирүүлсэн тендерийн саналыг өөрлөхийг тендерт оролцогчоос гэрээ байгуулах нөхцөл болгон шаардахыг хориглоно” гэж тус тус заасан.

Мөн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 1 дүгээр бүлгийн “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа” /цаашид ТОӨЗ гэх/-ны 7.4-т “Тендерт оролцогч тендерийн баримт бичгийн бүх зааварчилгаа, маягт, нөхцөл ба тодорхойлолтыг нягталж үзэх, тендерийн баримт бичигт шаардсан мэдээлэл, баримт материалыг ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл болно” гэж, ТОӨЗ-ны 29.1 дүгээр зүйлийн (а)-д “зөрүү” гэдэг нь тендерийн баримт бичигт заасан шаардлагаас өөр аливаа ялгааг хэлнэ, (б) ”болзолт нөхцөл” гэдэг нь хязгаарлагдмал нөхцөл тогтоох эсхүл тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхөөс татгалзахыг хэлнэ”, (в) ”орхигдуулсан зүйл” гэдэг нь тендерийн баримт бичигт шаардсан мэдээлэл эсхүл баримт бичгийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг нь ирүүлэхгүй байх алдааг хэлнэ” гэж, мөн 30.3-т “Шаардлагад үндсэндээ нийцсэн тендер гэж тендерийн баримт бичигт дурдсан бүх шаардлагыг том зөрүү, болзолт нөхцөл, эсхүл орхигдуулсан зүйлгүйгээр хангасан тендерийг хэлнэ. Доор дурдсан зүйлсийг том зөрүү, болзолт нөхцөл, эсхүл орхигдуулсан зүйл гэж үзнэ. Үүнд: (а)гэрээнд дурдсан ажлын хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үлэмж нөлөө үзүүлэхээр бол, (в) үнийн саналыг хүлээн зөвшөөрөх, эсвэл залруулах, эсвэл залруулах замаар шаардлагад нийцсэн бусад тендерт оролцогчийн өрсөлдөөнт байдалд шударга бусаар нөлөөлөх бол”, 30.4-т “Хэрэв тендер нь тендерийн баримт бичгийн шаардлагад үл нийцэж байвал, захиалагч уг тендерээс татгалзах бөгөөд том зөрүү, болзолт нөхцөл, эсхүл орхигдуулсан зүйлд засвар хийж замаар ийм тендерийг шаардлагад нийцсэн болгож болохгүй” гэж, 31.1-д “Хэрэв тендерийг үндсэндээ шаардлага хангасанд тооцсон бол энэ тендерийн аливаа зөрүү, болзолт нөхцөл эсвэл орхигдуулсан зүйлд том шинжийг агуулаагүй тийм жижиг зөрүүг захиалагч харгалзахгүй байж болно”, 31.2-т “Хэрэв тендерийг үндсэндээ шаардлага хангасанд тооцсон бол баримтжуулах шаардлагын улмаас тендерийн жижиг зөрүүг засах үүднээс шаардлагатай мэдээлэл эсхүл баримтыг тодорхой хугацаанд ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос хүсч болно. Гэхдээ ийм жижиг зөрүүний талаарх мэдээлэл эсхүл баримтыг хүсэх нь тендерийн үнэд огтхон ч хамааралгүй байх ёстой. Тендерт оролцогч ийм хүсэлтийг биелүүлээгүй нь уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж 31.3-т “Хэрэв тендерийг үндсэнд нь шаардлага хангасанд тооцсон бол захиалагч тендерийн үнэд хамааралтай, тоогоор илэрхийлэгдэж болохуйц жижиг зөрүүг засаж залруулна. Үүний үр дүнд орхигдуулсан эсхүл нийцээгүй зүйл эсхүл бүрэлдэхүүн хэсгийн үнийг тусгахын тулд зөвхөн харьцуулах зорилгоор тендерийн үнэд залруулга хийнэ. Залруулга хийхдээ 3 дугаар бүлэг (Үнэлгээний ба чадварын шалгуур)-т тодорхойлсон аргачлалыг хэрэглэнэ. 34.3-т “Захиалагч нь...тендерийн баримт бичгийн шаардлагад заагаагүй давуу нэмэлтээр тусгасан өөрчлөлт, зөрүү, хувилбарт тендерийг тендерийн үнэлгээнд үл харгалзана”, 3 дугаар бүлгийн “Үнэлгээний ба чадварын шалгуур” 1.5-д “...Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, мөн/эсхүл орхигдуулсан зүйлсийн өртгийг доор дурдсаны дагуу тооцно, ТОӨЗ 31.3-т заасны дагуу тоолж хэмжигдэх жижиг зөрүү эсхүл орхигдуулсан зүйлсийн зардлыг үнэлнэ. Захиалагч нь тендерийг шударгаар харьцуулах нөхцөлийг хангах зорилгоор аливаа жижиг зөрүү ба орхигдуулсан зүйлсийн зардлын талаар өөрийн гэсэн үнэлгээг хийнэ” гэж тус тус нарийвчлан заасан.

Үүнээс үзвэл “Х** ********” ХХК-ийн ирүүлсэн тендерийн үнэ-2 150 919 554 төгрөг байхад уг тендерийн үнийг үндэслэлгүйгээр бууруулж, улмаар тендерийн үнэлэгдсэн үнэ- 1 894 101 372 төгрөг гэж үнэлэн тус компанийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан нь дээрхи журмын 3 дугаар хавсралтын 69, 90-д  заасныг зөрчсөн, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 30.4, 31.2, 34.3, 3 дугаар бүлгийн 1.5-д заасантай нийцэхгүй байна гэж шүүх дүгнэв. Тухайлбал:

“Х** ********” ХХК нь  2 150 919 554 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, тухайн тендерт оролцогчийн ирүүлсэн үнэ “тогтмол үнэ” байхаар ТОӨЗ 15.8-д заасан байхад хариуцагч нь ийнхүү үнийн санал ирүүлснээс хойш тус компанийн ирүүлсэн үнээс тодорхой хэмжээгээр хасч үнэлсэн нь Тендерийн баримт бичгийн 28.1-д заасан “...ТОӨЗ-ны 32-т заасны дагуу тендерийг үнэлэх үед захиалагчийн ирүүлсэн арифметик алдааг залруулахаас бусад тохиолдолд тендерийн үнэ ба агуулгыг өөрлөхийг хүсэх, санал болгох, эсхүл зөвшөөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Тухайлбал:

“Х** ********” ХХК-ийн тендерийн үнэд оруулан тооцсон, дотоодоос худалдан авах тоног төхөөрөмжүүдийн үнэ 181 818 182 төгрөг, гадаадаас импортлох материал тоног төхөөрөмжийн үнэ 65 000 000 төгрөг, суурилуулалт, механик автоматжуулалтын үнэ 10 000 000 төгрөг, нийт 256 818 182 төгрөгийг хариуцагч захиргааны байгууллага өөрөө үндэслэлгүйгээр хасч 1 894 101 372 төгрөг болгож бууруулсан, үүнийгээ “ТОӨЗ-ны 31.3, 34.2 болон 3 дугаар бүлгийн 1.5-д зааснаар “жижиг алдаа гэж үзэж залруулж үнэлсэн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, ийнхүү тус компанийн тендерийн үнээс 256 818 192 төгрөгийг хассанаар “Х** ********” ХХК-ийг хамгийн бага үнийн саналаар шалгаруулж, улмаар нэхэмжлэгчийг “тендерт шалгарсан оролцогчоос 189 385 807 төгрөгөөр өндөр үнийн дүнтэй тендер ирүүлсэн” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн “Х** *******” ХХК-ийн дотоодоос худалдан авах тоног төхөөрөмжүүдийн үнэ гэх 181 818 182 төгрөг, гадаадаас импортлох материал тоног төхөөрөмжийн үнэ гэх 65 000 000 төгрөг, суурилуулалт, механик автоматжуулалтын үнэ гэх 10 000 000 төгрөг, нийт 256 818 182 төгрөгийг тендерийн үнээс хассан асуудал нь Тендерийн баримт бичигт заасан “жижиг зөрүү” биш бөгөөд тендерийн үнэд нөлөөлж тус компанийг шалгаруулах үндэслэл болсон агуулгаараа 30.3.в “шаардлагад үндсэндээ нийцсэн тендер гэж тендерийн баримт бичигт дурдсан бүх шаардлагыг том зөрүү, болзолт нөхцөл, орхигдуулсан зүйлгүйгээр хангасан тендерийг хэлнэ, в/ үнийн саналыг...залруулах замаар...шударга бусаар нөлөөлөх бол” гэх “том зөрүү”-нд хамаарч байх тул тус компанийн ирүүлсэн тендер нь “шаардлагад үндсэндээ нийцсэн тендер” гэж үзэхээргүй байна. 

Энэ нь Азийн хөгжлийн банкны ”Худалдан авах ажиллагааны журам”-ын 3 дугаар хавсралтын 9-д заасан “...тендерийг хүлээн авч нийтийн өмнө нээсний дараа тендерт оролцогчийг тендерийн үнэ буюу агуулгад өөрчлөлт оруулахыг шаардах эсхүл зөвшөөрөх ёсгүй” гэж заасныг зөрчсөн гэж шүүх үзэв.

2.                Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “...”Х** ********” ХХК нь тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлийн тухайд:

Уг ТОӨЗ-ны 4.8-д ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл шаардлагатай, энэ тусгай зөвшөөрөл нь БА 3.2 ба эсхүл түүнтэй дүйцэх 2.3.2-усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил, эсвэл БА 2.1 эсхүл түүнтэй дүйцэх 2.1.2-цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлтийн ажил, тендерт дангаараа оролцож байгаа тохиолдолд тухайн оролцогч нь бүх тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарджээ.

Хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс үзвэл “Х** *******” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр олгосон БУ11-823/16 дугаар барилга угсралтын тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгогдсноор уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсны улмаас  тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасны дагуу тус компанид БА 4.1, 6.1-6.4, 8.1-ээр тус тус тусгай зөвшөөрөл олгогдсон, энэ нь БА 3.2 ба эсхүл түүнтэй дүйцэх 2.3.2-усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил, эсвэл БА 2.1 эсхүл түүнтэй дүйцэх 2.1.2 цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нараас “...БА 4.1, 6.1, 6.2, 6.3, 6.4, 8.1 зэрэг тусгай зөвшөөрлийн заалтууд нь Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 5 дугаар сарын 07-ны едрийн 89-р тушаалаар батлагдсан суурь нөхцөл шаардлага, БА 2.1 болон түүнтэй дүйцэх 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийх тусгай зөвшөөрлийн заалт нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний тушаалаар тус тус дүйцнэ” гэж тайлбарлан маргасан.

Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар “Барилга хот байгуулалтын сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2018 оны 11 дүгээр тушаалаар “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрт хяналт тавих журам” батлагдаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 3841 дугаарт бүртгэгдсэнтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлагыг Барилга хот байгуулалтын сайдын “журам батлах тухай” 2013 оны 89 дүгээр тушаалаар батлагдсан ажлын төрөл, суурь нөхцөл шаардлагатай дүйцүүлсэн аргачлалыг баталсан байна

Уг аргачлалаас үзвэл тухайн тендерт шаардлагатай БА 3.2 ба эсхүл түүнтэй дүйцэх 2.3.2 нь 89 дүгээр тушаалаар батлагдсан “хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг, түүний дотор төмөр замын далан хоолой болон газар шорооны тусгай ажил” нь 11 дүгээр тушаалаар “БА-3.2 буюу усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил”-тай, БА 2.1 эсхүл түүнтэй дүйцэх 2.1.2-т заасан “цутгамал болон угсармал төмөр бетон, мод өрөгт бутээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/ нь 11 дүгээр тушаалаар “БА-2.1 цутгамал болон угсармал төмөр бетон, мод өрөгт бутээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил”-тай тус тус дүйцэхээр заажээ.

Энэ тохиолдолд “Х** *******” ХХК нь тендерийн баримт бичигт тусгагдсан дээрхи тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангахгүй ба тус компанийн авсан БА-4.1, 6.1, 6.2, 6.3, 6.4, 8.1 тусгай зөвшөөрөл нь тендерийн баримт бичгээр шаардсан тусгай зөвшөөрөлтэй дүйцэхээргүй, энэ нь ТОӨЗ-ны 12.ж “ТОӨЗ-ны 4.8-д дурдсан тусгай зөвшөөрлийг ирүүлнэ, тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасныг болон Азийн хөгжлийн банкны “худалдан авах ажиллагааны журам”-ыг тус тус зөрчсөн байхад хариуцагч захиргааны байгууллагаас тухайн компанийн тендерийг шалгаруулсан нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “...санал болгож буй ажилтнууд, тэдний товч намтраас үзвэл инженер техникийн ажилтнуудын талаархи шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлийн тухайд:

ТОӨЗ-ны 6 дугаар бүлгийн “Тодорхойлолт ба бусад шаардлага”-д зааснаар тендерт  оролцогчид нь 16 инженер техникийн ажилтнуудтай байх, Төслийн ерөнхий инженер нь усны барилгын мэргэшсэн, эсхүл зөвлөх инженерийн зэрэгтэй инженер байх, ажлын туршлага нь 10 жил, ижил төстэй ажлын туршлага нь 5 жил байх шаардлага тавьсан байхад “Х** ********” ХХК-ийн санал болгосон Н.С****** нь Усны барилга байгууламжийн барилгын инженерийн бакалавр зэрэгтэй, Усны барилга байгууламжийн зураг төслийн “Зөвлөх инженер” болох нь Н.С******д олгосон диплом болон гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдсон, энэ нь тендерийн баримт бичгт заасан, дээрхи шаардлагыг хангахгүй байна.

Иймд “Х** ********” ХХК нь тендерийн баримт бичгийн, дээр дурдсан шаардлагуудыг хангаагүй байхад хариуцагч тус компанийн тендерийг шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй, уг хууль бус сонгон шалгаруулалтын улмаас нэхэмжлэгч “А******” ХХК-ийн тендерт шударгаар өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01/**** дугаар “Гэрээ байгуулах эрх олгох  тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийн “А******” ХХК болон “Х** ********” ХХК-д холбогдох хэсгийг болон тус Яамны “CW-6.Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан ХНУБУХААТ/********/**/** тоот тендер шалгаруулалтыг тус тус хүчингүй болгож тендерийг дахин үнэлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгаж шиидвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01/**** дугаар “Гэрээ байгуулах эрх олгох  тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийн “А******” ХХК болон “Х** ********” ХХК-д холбогдох хэсгээс бусад нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул бусад этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан, Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-ын 7 дугаар хавсралтын “Шийдвэр” хэсгийн 17-д “Зээлдэгч холбогдох бүх бодит байдал, нөхцөл, бичиг баримт зэрэг энэ хавсралтын нөхцөл шаардлагын хүрээнд гарсан аливаа гомдлын агуулгыг богино хугацаанд багтаан хянах үүрэгтэй”, 18-д “Зээлдэгч болон АХБ-ны хооронд тохиролцсон тухайн худалдан авах ажиллагааны нөхцөл шаардлагын дагуу тухайн тендер шалгаруулах ажиллагааг шаардлагатай гэж үзвэл засаж залруулах, зохих журмын хүрээнд хэрэгжүүлж дуусгах зорилгоор гомдолд дурдагдсан бүхий л асуудлыг цаг хугацаанд нь шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Үүнээс үзвэл Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-д хариуцагчийн шийдвэрт гомдол гаргах, гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг нарийвчлан заагаагүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Улсын Дээд шүүхээс харьяалал тогтоосны дагуу нэхэмжлэлийг шууд хүлээн авч хэрэг үүсгэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ:

1.                Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Азийн хөгжлийн банкны ”Худалдан авах ажиллагааны журам”-ын 3 дугаар хавсралтын 9, 69, 90-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01/**** дугаар “Гэрээ байгуулах эрх олгох  тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийн “А******” ХХК болон “Х** ********” ХХК-д холбогдох хэсгийг болон тус Яамны “CW-6.Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан ХНУБУХААТ/********/**/** тоот тендер шалгаруулалтыг тус тус хүчингүй болгож тендерийг дахин үнэлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай:

2.                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН